Хөгждөггүйн тухай тэрс үгэндээ нэмэрлэе
Садан олон ахан дүү нараа сайхан цагийн эхэнд хүргэж амар жимэр жаргаж гэнээ
Сэдэвт шууд биш, дам хамаарах нэг эшлэл авъя. Путины найз, Сангийн сайд асан Алексей Кудрин эх орноо дэлхий дээр хамгийн муу үзүүлэлттэй орнуудтай нэг түвшинд нэг үзүүлэлтээрээ зэрэгцлээ, Орос орон ядуурлын «шивгийн» түвшинд явж байна, ДНБ-ий түвшин ядуурлын түвшин хоёроо харьцуулбал бүр «шившгийн» хэмжээнд байна. Энэ бол Оросын гамшиг сүйрэл хэмээн айлджээ.
Монгол Улс яагаад хөгжихгүй байна, эсвэл яагаад удаан хөгжиж байна, юу нь болдоггүй юм, хэн буруутай юм гэх яриа ер тасрахгүй. Өөрсдийнхөө арчаагүйгээс болоод ардчилал эрх чөлөөгөө ядууралтайгаа хослуулж эдэлсэн 28 жилийн үр дүнг ардчилалтай холбоод гол буруутнаар нь түүнийг нэрлэчихжээ. Социализмыг халаад 28 дахь жилдээ ядуурч, бачуурч, гуриатаж яваа хүн маш олонтой тул ардчиллын нэр хүнд навс унасан л даа. Нийтээрээ зөвшөөрнө.
Монголчууд дайнд нэрвэгдээгүй, байгалийн гамшигт сэхэшгүй болтлоо сүйтгүүлээгүй, шашин-үндэстний мөргөлдөөн алга, тэгээд чухам яагаад зовоод байдгийг нь гадаадынхан олж тайлах гээд тархиа гашилгана. Бөөн зовлон дунд байгаа үндэстэн бол монголчууд бид яах аргагүй мөн л дөө. Монголын захын иргэн тэгж хэлнэ. Харин зовлонгийн шалтгааныг олж тайлж чадахгүй. Нэртэйгээр нь “76” нөхөр, тэдэн шиг хэдэн хүмүүс рүү заачихна. Өөрсдөө ямар ч буруугүй. Үнэндээ өөрөө өөрийгөө, өөрсдөө өөрсдийгөө сайн сайхан энэ цагт зовоож дууссан ганц үндэстэн бол Монгол яалт ч үгүй мөн. Засгийн газрын нийгмийн халамжийн сайдынх нь хэлснээр ядуурал 47 хувьд хүрэхэд нэн ойрхон байсан, халамжийн бодлогоор л түүнээс сэргийллээ гэсэн байх юм. Хэн монголчуудыг ядууруулсан юм бэ?
Ядуурч ханадаггүйн талаархи дараагийн тайлбараа эвлүүлэн буулгахыг хичээе. Монголчуудын ядуурлыг би Кудрины хэлсэнчлэн «шивгийн» түвшинд яваа гээд нэрлэчихье. Худал биш, бүү эмзэглэ. Харин миний энэ бичдэгийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан дэмжсэн бололтой “55 мянга хүнийг ядуурлаас гаргах нь чамлалттай, ичмээр юм” гэснийг тархиндаа суулгаач төр баригчид минь гээд уриалаадахъя. Орос, монгол хоёр улс төрчөөс «шивгийн», «ичмээр»гэсэн хоёр чухал үг гараад ирж шүү.
Монгол хүний унаган төрх, унаган хүмүүжил, унаган соёл, нүүдлийн иргэншил рүү нь орж ядуурал, бачуурал, гуриатлынх нь шалтгааныг зоригтой хайя.
Улс төрийн шалтгаан хайхын эсрэг байна. Хайгаад ч нэмэргүй. Монголын түүх бэлхнээ хэлээд өгч байна. Нүүдлийн гэх тодотголтой тэр аугаа “соёл иргэншил”-д чинь л бүтээдэггүй, бүтээлгэдэггүй, бүтээж босгохын эсрэг налгар, амар амгалангийн уриа дуудлага, ятгалга оршсоор ирсэн болов уу. Жишээ татъя.
Таныг өглөө ажилдаа ирэхэд чинь “Та сайхан амрав уу?” гэж мэндчилж угтдаг даа. Мэндчилгээ гэж Та эндүүрэв зээ, энэ бол монгол хүний, нөгөө нүүдлийн “соёл иргэншил”-ийн тань философи явж байгаа нь тэр. Ажил хийхийн эсрэг мэндчилгээ гэх үү дээ. Та амарч амарч жаргаж яваад ирлээ, одоо Та жаргах цаг чинь дууссан гэсэн утгагай үг юм шүү дээ.
Монголчуудын жирийн ярианд гардаг даа, бид бараг анзаардаггүй, эсвэл тэгж ярьж байх ёстой гэсэн шиг. “Хэд хоног ёстой сайхан амарлаа”, “Хэдэн жил ээлжийн амралт аваагүй, одоо нэг хэд хоног амрах минь”, “Ёох, одоо нэг амрая байз”, “Хэд хоног сайхан амраад ир” гэхчлэн. “Сайхан” гэх үгс л дэвсгэрлээд байх нь тэр. Эсрэгээр юу хэлдэг гээч. Хөмсгөө зангируулж байгаад л “Завгүй”, “Ойрдоо ажил ихтэй л байна”, “Ажил тун ихтэй” – энэ нь би зовсон амьтан гэх санааг илэрхийлнэ.
Монголчуудад хавтгайдаа байдаг уламжлалт сэтгэхүй – аз жаргал нь ажлын бус цагт байдаг гэсэн ойлголт. Эндээс ямар логикт хүрэх вэ гэвэл “Ажил бол зовлон. Ажил хийхгүй бол жаргал”. Аль ч байгууллагад очоод үз. Ажил тарахын өмнөхөн хөл нь хөнгөрөөд, хормойд нь бөөн салхи.Сайхан ааштай охид бүсгүйчүүл гүйлдээд л. Ажлаасаа тарна гэдэг ихээхэн аз жаргал. Хийх ажлаа олж явсан гиюүрсэн хүмүүс. Баасан гаригийн орой, ажил тарахын үе – монголчуудын аз жаргалтай цаг үе нь. Нүд нь гэрэлтээд л, ямар сайндаа “Баасан ахын төрсөн өдөр” гээд нэрлэчихэв. Уяанаасаа алдуурсан ноход шиг дур дураараа, өнөө оройг хэрхэн яаж өнгөрөөхөв гэсэн бөөн бодол, хүсэл, цаг зав.
“Та сайхан амрав уу?”, эсвэл “Сайхан амраарай” гэх ерөөл социализмын үед лут хэрэгжиж байсан даа. Тэр үеийн монголчуудын хамгийн ихээр хүсэн хүлээдэг нь ээлжийн амралт гээч байв. Өнөөгийн залууст мэдүүлэх үүднээс бяцхан түүх сөхье.
Бидний ба бидний өмнөх үеийнхний чинь аз жаргалаа эдэлдэг, хүслэн болсон ганц газар чинь амралтын газрууд л байлаа даа. Ээлжийн амралтаа аваад амралтын газар очиж аз жаргалаа эдэлдэг байжээ. Ойрхоноос “Оргил”сувилал, “Сонгино”, “Тэрэлж”, “Жанчивлан”, холхон нь “Сөгнөгөр”, “Тарина”, цаашаа улсын хэмжээний амралт байхгүй. Албан байгууллагын Үйлдвэрчний эвлэлийн хороодод амрах эрхийн бичиг-путёвкийг квотоор хуваарилна. Тэргүүний сайчуулдаа өгнө. Эсвэл арын хаалгадна. Оюутнууд бол дан ар өврийн хаалгаар, зарим нь туулайчлан явна. Туулайчлана гэдэг нь путёвкгүй оччихоод өрөө дамжиж хоноглоод хоол залилаж идэхийг хэлж байна.
Нэг сонин зүйл бол, монгол хүүхнүүд маань амралтанд явахдаа л хамаг алт мөнгө, гоёлын хувцасаа авч явна. Бараг л уламжлал болсон зүйл. Учир нь тэд тэр их гоёлоо өөр хаана, хэндээ гэж өмсөж, эдлэх вэ дээ? Амралтанд нь гайхуулж явахаас ямар гадаадад явна, гадны хүнтэй уулзана гэж байх биш. Монголын олон зуун гэр бүлийг чухам Монголын амралтууд л уулзуулж учруулж аз жаргалтай нь золгуулсан гэдэгтэй маргах хүн байхгүй. Амралтаас олдсон хүүхэд гэхэд л бүр тоогоо алдана. Хууль бус хайртууд (нууц амрагууд гэдэг байх аа) ээлжийн амралтаа тохируулж аваад ларилж өгнө шүү дээ. Чемоданы баяр, хөнжлийн 3 хоног, хэлд ордог хөлд ордог 3 хоног, галзуу ганц гээд амралтынхаа өдрүүдийг ангилж байгаад л аз жаргалаа эдэлдэг байж дээ. Амралтын газраас өөр зугаацах газаргүй ийм л хаалттай, гачлантай, хөгийн нийгмийг бид туулж өнөөг хүрсэн. Эндээс ганц дүгнэлт хийе. Ажиллах бол зовлон, амрах бол жаргал.
Монголчуудын налгар амар амгалан нь зусангаа үргэлжилнэ, намрын дунд сар хүргэнэ. Ерөөсөө зун бол ажиллаж, яарч, гялалзаж болохгүй гэсэн бичигдээгүй хуультай. Юу бүтээчихээд, ямар диваажин байгуулж босгочихоод түүнийхээ үр шимийг үзэх гээд хөөрцөглөж байгааг нь харийнхан бол ойлгохгүй. Наадам найр, овоо тахилгын ба аймаг сумдын, байгууллагын төдөн жилийн ойн баяр, наадам, хурим, өргөн айлсалтууд үргэлжлээд байх нь тэр. Төр-засаг нь наадмаа багасга, өвс хадландаа гараач гэж мянга гуйж гувшиж, тогтоол гаргаад нэмэргүй. Зуны гурван сарыг хамгийн үр бүтээлгүй, бүтээмжгүй өнгөрөөдөг улс үндэстнээр Монголыг маань тодруулчих вий гэхээс би үнэхээр их айдаг.
Байгаль дэлхий амар амгалан бол ан амьтан, ургамал ногоо аз жаргалтай байдагчлан байгалийн энэ хуулийг монголчуудын амьдрал руу яг копидчихсон. Ерөөсөө л амар амгалан налайж суух. Энэ налгар байдал нь зан харьцаанд тусчихсан. Монголчууд дүлгэнүүр, бөөрөнхий, “эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй”, буруу ч бай аливаа асуудлыг хурцатгахгүй намжаах зантай байдаг, ихэнхдээ: “Болно доо”, “Бүтнэ дээ”, “Хөөрхий яахнав дээ”, “Яарвал даарна” гэхчлэн аливаа асуудлыг аргалах дуртай. Шударга, шударга бусын хооронд илт маргаан дэгдээд байхад бөөрөнхийлөөд л, эвлэрүүлэх гээд л үзээд байх нь тэр.
Бөөрөнхий дүлгэнүүр байсны гай заримдаа тэсрэхдээ туйлшрал руу гэнэт хүргэнэ. Ядуурал, мөнгөгүйтэл дээрээ “76”руу ял тохчихоод суугаад байна. Энэ бол туйлшралын нэг хязгаар, нөгөө хязгаар нь “76”-уулаа эвлэлдэн нэгдээд ахай ижий болоод ард биднийгээ жаргуулаач гэх зарим хөгшчүүлийн хүсэл, ерөөл.
Амар амгалан хотлоороо жаргах тухай философи нь аман зохиол, дуу хуур, найрагт нь олон зуун жилээр (мянганаар) хэвшээд тогтчихсон. Оюун ухаан, мэдлэг, хөдөлмөрийг магтан дуулсан дуу шүлэг бараг зохиогдож байгаагүй. Ардын үлгэр туульсад нь “Саад бүхнийг даван туулсаар садан олон ахан дүү нараа сайхан цагийн эхэнд хүргэж амар жимэр жаргаж гэнээ” хэмээн магтан дуулна. Ажил хийлгүй амартаа жарга гэх уриалга ч гэлтэй.
Бидний гайгүй мэддэг болсон япон, герман хүмүүст бол ажлаасаа кайф авах нь аз жаргал нь юм. Хийсэн бүтээсэн, хөдөлмөрлөснөөрөө соёлт хүн төрөлхтөнийг манлайлж яваа хоёр ард түмнийг би нэрлэж байна л даа. Тэр улсад ажил бол аз жаргал нь. Тиймдээ ч тэтгэвэрийн насыг уртасгахыг хууль тогтоомждоо баримтлана. Хятад, Орост ч ялгаагүй дээ. Ажил албанд тэгшрэх нас 60-аас дээш гээд бараг хуульчилчихсан.
Тэтгэвэрт гарсан монголчуудыг нийтээр нь хар даа. Нэг их дайн байлдаанд яваад, дааж давшгүй хүнд зовлонгоос ирсэн юм шиг ялархаад төрөөсөө элдэв мөнгө, халамж нэхээд хэвтчихнэ. “Тэтгэвэр” гээд зүгээр нэрлэчихэж чадахгүй “гавьяаны амралт” гэх гоё чамин нэр бодоод олчихсон. Гавьяагаа төр засгаараа үнэлүүлнэ хэмээн байнга нэхнэ, үргэлж горьдоно. Гавьяаныхаа амралтад гарна, гарлаа хэмээн ярьж хэлж, ойлгоод хэвшчихсэн. Үр хүүхэд ач нараа зовоох нь энүүхэнд. Учир нь их зовсон, зовлон туулсан учраас тэр санж.
“Та сайхан амрав уу?” гэх мэндчилгээтэй монголчууд бид “Ажил бол зовлон” гэх философитой явсаар өнөө хүрсэн, тэр хэрээрээ соёлт ертөнцөд очиж чадаагүй явна. Монгол хүн хөгжингүй орнуудын жишгээр нийгмийн харилцаанд ортолоо мөн удахаар байна. Тэглээ гээд монголчууд бодох санах юм байхгүй. Мэндчилгээнээс цаашаа явдаггүй ээ.
Ийм ёс заншил, уламжлал, дадалтайн гайгаар Монголд хэзээ ч мөнгө босдоггүй, мөнгө бүтээдэггүй явсаар ирсэн мэт. Үеийн үедээ (хулгай хийж авилга л авахгүй бол) амьдрал ахуй нь ердөө сайжирдаггүй.
Францын соён гэгээрүүлэгч, ёс суртахуунч Франсуа Де Ларошфуког эшлэмээр санагдчихлаа. Тэрээр “Хэл зүрх тархи гурав чинь тосгоныхоо акцентаар үүрд үлдэнэ” гэжээ.Махчлан орчуулбал “Таны тосгоны аялга чинь ганц Таны хэлэнд чиньбус, зүрх тархинд чинь үүрд үлдэнэ”. Түүн лугаа амар амгалан хотлоороо жаргах үзлээсээ (Ажил бол зовлон!) салж, ядуурлаасаа гарч хөгжилдөө жигдэртлээ Франсуа Де Ларошфуког хуулбарлавал ямар вэ?
“Хөгждөггүйн тухай тэрс үг минь” гэж гарчиглаад энэ сэдвээр нэг нийтлэл “Засгийн газрын мэдээ”-ндээ хэвлүүлээд дараа нь сайтад тавьчихсан чинь сэтгэгдэл хөвөрч өгсөн. Лав 70-аас даваад явчихсан. Тэр олон сэтгэгдэл дотор “чимхлүүр” гэхээр ийм нэг сэтгэгдэл байна билээ.
- Ер нь хөгжөөд яах гээд байгаа юм бэ? Хөгжилтэй ардчилсан гээд байгаа Америк, Япон, Сингапур, хөгшин Европыг хар л даа. Байгалиа сүйтгэж үгүй хийсэн, үхэр хонийг зөвхөн зоопаркт үзэж болно, уламжлалт эр эмийн хүйсээсээ уйдаж сахалтай эмэгтэй дуучинг шүтэж байна, манин хүмүүс моодонд орж байна. Яахав, цааш нь үргэлжлүүлэх үү? Тиймээс хөгжөөд хэрэггүй, ингээд л “хоцрогдсон” чигээрээ л байж байя. Хаашаа ингэтлээ яараад байгаа юм бэ? Монгол таалагдахгуй байвал элдэв долоон юм чалчилгүй тэр хөжилтэй гэх улс руугаа тонилж болно шүү гэжээ.
Үүнд хариулт бодож ол доо. Миний бичсэн Танд таалагдах албагүй шүү.