ХӨДӨӨЖСӨН ХОТЖИЛТ
Нийслэлийн энэ их гайн дийлэнхи нь хөдөөдөө идэгдэж, нийслэл нь тэр чигтээ хөдөөжчихсөний хор уршиг юм. Ерөөсөө хөдөөгөө орхиод нийслэлд ирээд шигдчихсэн. Дуртай газраа овоохойгоо босгоод төвхнөчихсөн, тэгээд амьдарч гийгүүлсэн юмгүй ядуурал, ажилгүйдэл, архидалт, түгжрэл, утаажуулалт авчраад нийслэлдээ овоолчихсон зураглал бууж байна.
Үерийн өнгөн дээр дахин хөндөх эмзэг сэдэв!
Яг одоо Улаанбаатар хот маань гамшгийн байдалд, хэд хэдэн удаа үерт нэрвүүлсэн, ерөөсөө бороо орох тоолонд үерт үйх үйл лайтай, хог, утаа, машин нь савнаасаа хальсан, хүн амынх нь тоо даацнаасаа хэтэрсэн, явган зам, саад цэцэрлэг байхгүй, амтай болгон шүүмжилсэн нэг тиймэрхүү. Энэ талаар хотын захиргаа, хот төлөвлөгчид санаа сэдэл авмаар шинэлэг санаа олныг дэвшүүлж байгаа нь сайшаалтай. Гадаадын зарим улсад, жишээ нь өндөр хөгжилтэй барууны улсуудад нийслэлд оршин суух эрхтэй, эрхгүй хүн гэсэн зааг, шалгуур байдаг ба тэр шалгуураар бид нийслэлчүүдээ сонгож суулгадаг загварыг манайд хэрэглэбэл ямар вэ хэмээн олон жилийн өмнөөс дуугарч бичиж байснаа дахин буулгая.
Дэлхийн хандлага
Хүн амын суурьшлын тухайд, хотжилт хэрээс хэтэрч, хотуудад хүн ам өсөлтөө дийлэхгүй үзэгдэл ганц Монголынх бус, дэлхий нийтийнх юм. Хэдхэн тоо дурдахад, эдүгээ хотжисон хүн ам Энэтхэгт нийт хүн амын 30 хувь, АНУ, Орост тус бүр 80 хувь, Индонезид 45 хувь, Бразилд 85 хувьд хүрч, хөгжиж буй орнуудад хүн амын бараг тал хувь нь хотод суурьшжээ. 2025 онд энэ тоо 57-60 хувьд хүрнэ. Латин Америк нь тэр чигтээ хамгийн их хотжисон бүс нутаг болж буй. Тэндхийн хүн амын 85 хувь нь хотын иргэд байх бол Африкт 58 хувь, Азид 53 хувь нь хотод суурьшина гэх тооцоо хийжээ.Хүн ам нь хэт өссөн дэлхийн 20 том хотын 17 нь хөгжиж буй ертөнцийнх байна. Заяанаасаа тариaчин удамтай Хятадад гэхэд л 2000 онд хотжисон нь хүн амынхаа 36.8 хувьтай байсан бол 2002 он гэхэд 39.1 хувь болж, тэгснээ 2003 онд 100 саяар огцом нэмэгдэж 40 хувиасаа давсан ба энэ үзэгдэл саадгүй урагшилсаар буй. Ийм нөхцөлд манай нийслэлийн хүн ам нэг сая хагаст хүрлээ гэхэд гайхах зүйл ердөө ч алга гээд сэтгэлээ тайвшруулчих уу?
Гэхдээ гол ялгаа нь гадаад орнуудад хотжилт нь жам ёсоороо явж байна. Гэтэл манайд жам ёсны бус этгээд үзэгдэл болчихсон. Хорвоо дэлхий хувирч, хөгжил гэрлийн хурдаар урагшилж байна, харин бид түүнтэй эвлэрч, хүлээн зөвшөөрөх ёстой гэдэг зүй тогтол олон монгол хүнд айдас аранга байж болно, гэвч гарцаагүй нүүрлэж байна. Эдүгээгийн Улаанбаатарыг нүүрлэсэн энэ их гамшиг бол хот нь хөдөөжсөний сонгодог жишээ, хөдөөжилттэй тэмцээгүйн хор уршиг гэхээс өөрөөр дүгнэх аргагүй. Улаанбаатарын хүн амын 70 гаруй хувь нь хотжоогүй (хөдөөнөөс шилжин ирэгсэд) дундад зуунаараа утаатай бор гэртээ үерийн аман дээр хоног төөрүүлж байна гэдэг бол нэг ёсны нийгмийн тамлалт гэлтэй.
Хөдөөдөө идэгдсэн миний хот
Манай нийслэлийн хувьд өнөөх “нүүдлийн уламжлалт соёл иргэншил” гэгч маань орших, эс оршихын их сонголт, сорилт Улаанбаатарын хотын энэ зуны угсраа олон үер, өвөл нүүрлэх их утаа, экобохирдол, хогны хуримтлал–“хог үйлдвэрлэл”, ядуурал, ажилгүйдэл, архидалт, гэмт хэргээс өлхөн харж болохоор байна. Хараажаар яг бидний нүдэн дээр нүүдлийн аж төрөл, нүүдэлчин малчны ёс суртахуун, амьдралын нугачааг даах тэсвэр тэвчээр яалт ч үгүй унан доройтож байгалийн эрхшээл дор сөхөрч, хөгжлийн хурдны аяыг даахгүй нурж байгаа нь өнөөгийн Улаанбаатар биш гэж үү?
Нүүдэлчин ба нүүдэлчин байгсадын (малчид ба тэдний үр хүүхэд) эрүүл мэнд, боловсрол, ариун цэвэр, хүүхдийн хүмүүжил, ерөнхийдөө амьдралын эрсдэл нь хотжисон (хотын унаган) ямар ч иргэнээс олон дахин доогуур байгааг эрдэмтэд, сэтгүүлчид зоригтой хэлж тэмдэглэдэг. Шүүх цагдаа, хүчний байгууллагуудын бүртгэлд буй гэмт хэрэгтнүүдийн дийлэнхи нь хөдөөнөөс ирэгсэд байна. Шилжин ирэгсдийн 80 хувь нь нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх гэх мэт захын дүүргийн гэр хороололд ирдэг. Гэмт хэрэгт холбогдогчдын 80 хувь нь гэр хорооллынхон байдаг тухай цагдаагийн газраас мэдээлдэг. Хөдөөнөөс шилжин ирээд их хотод амьдралаа эмхэлж цэгцлэх нь бүү хэл гэмт хэрэг үйлдэж нохойн замаар орж буй ганцхан баримт нь энэ 80 хувь гэх тоо бус уу?
Өмнөх Ерөнхийлөгчийн өнгөн дээр шиг санагдана. ҮАБЗ-өө шинээр байгуулаад анхны хуралдаанаа “Ажилгүйдэл, ядуурлыг дайны хэмжээнд авч үзье” гэсэн сэдвийн дор хийж байв. Нийгэмд үйлдэгдэж байгаа цочирдмоор хэргийн дийлэнхинь ажилгүй, ядуу, маргаашдаа итгэлгүй иргэдтэй холбогдож гарах болсон учраас ажлын байр бий болгож, иргэдээ орлоготой болгоход Засгийн газар онцгой анхаарал хандуулан ажиллах шаардлагатай хэмээн зөвлөмждөө тэмдэглэж байв. ОХУ-ын Сангийн сайд асан, Путины дотно найз А.Кудрин Орос дахь ядуурлыг «шившгийн дээд» түвшиндээ хүрлээ хэмээн эх орноо баалан шүүмжилснийг ч би Монгол руугаа татаж авчирч наамаар санагдсан.
Өмнөх ҮАБЗ-ийн “Ажилгүйдэл, ядуурлыг дайны хэмжээнд авч үзье” гэсэн сэдвийг эргэж сануулахын хамт «дайны хэмжээнд авч үзэгдсэн» тэрхүү «шившгийн дээд»-ийн эздийг нь шууд заачихъя.Чухамдаа гэмт хэрэгтэй нүүр тулъя гэвэл ихэнхдээ хотын зах, гэр хороолол, чухамдаа нөгөө хотжоогүй дундад зуунаараа яваа хэсэг чинь энэ нийгмийг эрүүгийн шинжтэй болгож, хотын агаар, ус, хөрсний бохирдол, хог шороо, бүхий л муу муухайгаараа хөлдөө чирч ямагт дарамтлан байна гээд шууд хэлчихье. Тийм учраас тэдний тархинаас ХӨДӨӨ гэдэг ойлголтыг хуу арилгах хэрэгтэй. Тэгээгүй цагт хот хөдөөнөөсөөогт салахгүй.
Хөдөөгийн ядуурал хотод
Нийслэл хот урьд хожид байгаагүйгээрээ хогонд дарагдаж, агаар ус нь бохирдлоо гэж ярих нь амны уншлага болж, хэн бэ гуай ч дөжрөхөө больжээ. Хөдөөнөөс шилжин ирэгсдийг хязгаарлаж, нүүдэллэх хөдөлгөөнийг зогсоох хэрэгтэй гэж үзэж байгаа хүн шоргоолж шиг олон болж байна. Гэхдээ ийм хязгаарлалт хийх гэхээр Монгол Улсын Үндсэн хуульд хүн хаана амьдрахаа сонгох эрхтэй гэж заачихсан нь саад болоод байдаг. Нийслэл хотын хүн ам хэт олширч, хот ачаалал ихтэй байгаа ч Үндсэн хуулиараа бид амаа таглуулдаг. Хоноц хоноцоо таалахгүй, хонуулсан хүн хоёуланг нь таалахгүй гэдэг л боллоо.
Хэдэн жилийн өмнө ийм нэг тооцоо явж байсан. Жилд дунджаар 15 000-30 000 хүн Улаанбаатарт хөдөө орон нутгаас шилжиж ирдэг гэх тооцоо буй. Тэдний 49 хувь нь шилжилт хөдөлгөөнөө бүртгүүлдэг, 51 хувь нь огтын бүртгүүлдэггүй. Бүртгүүлээгүй шалтгаан нь ердөө л ядуурал. Санхүүгийн боломжгүйгээс гэсэн.
Социалист нийгмийн үед хүн амын шилжилт хөдөлгөөн гэж бараг байдаггүй байсан нь одоо цагийн өнцгөөс бол дэвшил байжээ. Тэр ч бүү хэл Улаанбаатар, аймгийн төв орох гэж сумын удирдлагаас "Зам явах хуудас" гэх зөвшөөрлийн бичиг авдаг, хэзээ яваад хэзээ ирэх нь хүртэл хяналттай байсныг санаж байна. Нэг хэсэг нийслэл рүү шилжиж байгаа хүн бүрээс 40 000-50 000 төгрөг, хүүхдээс 25 000 төгрөг авч, санхүүгийн хязгаарлалтаар хотын их өсөлтийг барьж байсан. Гэтэл үүнийг хүний эрх зөрчигдөж байна гэж үзээд болиулж, шилжин ирэгсдээс маягтны мөнгө гэх мэт 10-аад мянган төгрөг л шаарддаг болсон. Тооцоолсноор шилжин ирэгсдийн 30 орчим хувь нь суралцахаар, 40 гаруй хувь нь амьдралаа дээшлүүлэхээр, бусад нь орчноо өөрчлөх, хамаатан садандаа ойртож амьдрах гэх мэт шалтгаанаар нийслэлийг зорьдог гэнэ лээ. Нийслэлд нүүдэллэн ирэгсдийн 40 орчим хувь нь аймгийн төвөөс, 44 хувь нь сумын төвөөс ирцгээж байна. Шилжин ирэгчид нь амьжиргааны түвшингээр ч нэг их сайнгүй, олны хөлийн газарт ирж, ажил олж хийгээд амиа тэжээх хүсэлтэй. Тэдний олонхи нь захын зөөгч, хувийн хэвшлийн цайны газар бэлтгэгч, угаагч, барилгын туслах ажилчин, хэрэв нь олдохгүй бол хулгайгаар л аж төрж байгаа. Нэгэнтээ хотжоогүй, бас боловсрол, мэргэжилгүйн гайгаар гар хөлийн үзүүрт зарагдах төдийхөн ажил хийдэг.
Нүүдэллэн ирэгчдийн тоог нэмж бүртгэсээр Улаанбаатар нэг сая давсан иргэнтэй болж, дэлхийн хэмжээний хот боллоо гэж цээжээ дэлдэж байсныг би тухайн үед нь бахархал гэхээсээ эмгэнэл гэж нэрлэсэн.
Нийслэлийн энэ их гайн дийлэнхи нь хөдөөдөө идэгдэж, нийслэл нь тэр чигтээ хөдөөжчихсөний хор уршиг юм. Ерөөсөө хөдөөгөө орхиод нийслэлд ирээд шигдчихсэн. Дуртай газраа овоохойгоо босгоод төвхнөчихсөн, тэгээд амьдарч гийгүүлсэн юмгүй ядуурал, ажилгүйдэл, архидалт, түгжрэл, утаажуулалт авчраад нийслэлдээ овоолчихсон зураглал бууж байна.
Хөдөөгөө эхэлж хөгжүүл!
Ингэхэд хөдөөнөөс шилжин суурьчигчдын энэ их цувааг тогтоон барих арга чарга алга уу? Уламжлалаа дагаад тэд цэнгэг агаартаа мал хуйгаа адуулаад аж төрж болохгүй хэрэг үү? Орчин үеийн соёлжсон ертөнцийн сайн сайхан, ядаж тав тухыг хөдөөдөө эдэлж болохгүй хэрэг үү? Энд улс төрчид, эрдэмтэд элдэв санаа сэдэл хувилбар гаргасаар байна.
Хөдөөнөөс шилжин ирэгсдийн бүдүүлэг, соёлгүйг шагшрахаасаа өмнө Улаанбаатар хотыг зорих нүүдэлчдийн цувааг сааруулахын тулд нүүх хүсэл сонирхлыг нь бууруулах хэрэгтэй. Хөдөө орон нутаг эзэнгүйдэж, сумаас аймгийн төв рүү аймгаас нийслэл рүү иргэд тэмүүлдэгийг нь зогсоох хэрэгтэй. Одоо дээр доргүй “Эрчимжсэн мал ахуй”, “Фермерийн аж ахуйн” тухай ярьцгаан, тэр ч бүү хэл өөр сонголт байхгүй гэж нотлох болсон нь гарцаагүй нүүрлэсэн бодит байдлын өмнө нүүдлийн тэр уламжлалт соёл иргэншил гэгчийн мөхлийг нэг мөр болгоё гэсэн санаа гэж би үздэг.
“Нүүдлийн” гэдэг тодотголын дор манайхны уран сайхны сэтгэлгээ нийгэмд ихээхэн чөдөр тушаа болж ирсэн, одоо ч болж байна.Агуулга хэлбэр хоёрыг энд холиод байгаад эсрэг гол бухимдал байх шиг санагддаг. Нүүдлээ халъя гэсэн ниймгийн сэтгэхүй төлөшиж байна, нийгмийн хөгжил өөрөө тулгаж байна.Гэвч нөгөө цагаан сарын ууц, найр наадам, тааврын барьцаа болчихоод буй нөгөө бөх морь, яндашгүй их ардын урлаг, монгол дээл, жанжин малгай, хөөрөг энэ тэр нь нүднээ буугаад тэрийг нь булаан авч устгах гэж буй мэт хардлага үүсдэг бололтой. Жилийн 4 улирлын хэдхэн өдөрт (наадмын гурван өдөр, цагаан сарын битүүн, шинийн 1-3-н, балжинням дашнямтай хурим, хааяа нэг цэнгүүн гэх мэт) “нүүдлийн” гэх энэ ид шидийг амсаж, торгон дээл, дэгжин тоорцог, ганган бүс, угалзтай гутлаар гоёчихоод, чамин хөөргөөр золгож, халамцахаараа нийтийн дуу аялаж яваагаа нүүдэлчин яваа гэж сэтгэж байгаа бол энэ маань зүгээр л нэг зугаа цэнгэл, гоёл чамирхал шүү дээ.
Энд “бодгаль хүн” гэдэг утгаар өргөн хүрээнд сэтгэх хэрэгтэй. Ядуурал, гуйланчлал, гэмт хэрэг, хотын их утаа, үертэйгээ холилдоод цэнгээд явах тухайд бус, монголчууд бид бултаарааXXIзууны даяршлын эриний их давалгаа дунд амьдралын наад захын баталгаатай, мөнгөтэй, наад захын соёл, боловсролтой, дэлхийд би хэн бэ гэх мэдрэмжтэй явах тухайд хотжилт, бүрэн хотжилт хэмээн ярьжболно. Иймд нийслэлийнхээ энэ их хөдөөжилтийг нэн даруй халах хэрэгтэй, хөдөөжсөн тэр чигээрээ хотод орж ирж суурьших гэвэл үл зөвшөөрөх хэрэгтэй.
Гадаадын зарим улсад, жишээ нь өндөр хөгжилтэй барууны улсуудад нийслэлд оршин суух эрхтэй, эрхгүй хүн гэсэн зааг, шалгуур байдаг ба тэр шалгуураар нийслэлчүүдээ сонгож суулгадаг загварыг манайд хэрэглэж болно. Энд ардчилал, хүний эрхийн асуудлыг хутгаж болохгүй, гол нь Таны мэргэжил, мэдлэг чинь нийслэлд заавал Таныг оршин суулгах нөхцөл мөн үү гэсэн асуултад хариу өгөх явдал гэнэ. Хөдөөнийхнийг нийслэлд оруулж гаргадаг цагийн хуваарь, эсвэл 7 хоногийн тодорхой нэг өдөр байдаг туршлагаас бид суралцаж бас болно.Ер нь нийслэл бол дуртай болгон нь нүүж ирээд зайдлаад байдаг газар биш гэсэн дэлхийн жишгийг мөрдөж яагаад болохгүй гэж.
Хоёр нийслэлтэй (жишээ нь засаг захиргааны, бизнес-эдийн засгийн,Вашингтон - Нью Йорк, Нью Дели – Мумбай, Хаага-Амстердам, Пүтра Жаяа-Куала Лумпур, Бээжин-Шанхай, Бразил-Сан Паулу, Канберра-Сидней гэхчлэн) байх олон улсын жишгийг нэвтрүүлж, эхлээд Зуунмодыг засаг захиргааны нийслэл болгоод Улаанбаатарыг бизнесийнх болговол, дараа нь Хархорумдаа жинхэнэ смарт жижигхэн нийслэлээ босговол гарц байх шиг. Гэхдээ хэтдээ.