Хоёр хөршийн сонгууль ба Монгол
Манай хоёр хөршид сонгууль болж, энэ хоёр орныг ойрын жилүүдэд хэн удирдах нь тодорхой боллоо.
Манай хоёр хөршид сонгууль болж, энэ хоёр орныг ойрын жилүүдэд хэн удирдах нь тодорхой боллоо. Энэ сарын 18-нд болсон ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиар В.В.Путин сонгогчдын дийлэнх хувийн саналыг авч дахин 6 жилийн хугацаагаар ОХУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллах нь байна. Үүнээс ердөө нэг өдрийн өмнө Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын 13 дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулганаар Си Зиньпин БНХАУ-ын Даргын албан тушаалд санал нэгтэйгээр сонгогдлоо.
Манай хойд хөршийн хувьд энэ сонгууль маш чухал. Яагаад гэвэл ОХУ нь ерөнхийлөгчийн, бүр нарийн ярьвал хүчтэй ерөнхийлөгчийн засаглалтай орон. ОХУ-ын Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч нь Засгийн газрын гишүүд, Төв Банкны дарга, Дээд шүүхийн болон Үндсэн хуулийн шүүхийн гишүүд, Ерөнхий Прокурор, Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүн зэрэг төр, засгийн гол гол албан тушаалтнуудыг томилдгоос гадна Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн үүргийг гүйцэтгэж, улс орныхоо гадаад бодлогыг чиглүүлэн удирддаг. В.В.Путин энэ албан тушаалд 4 дэх удаагаа сонгогдоод байна.
БНХАУ-ын Даргаар 2 дахь удаагаа сонгогдсон Си Зиньпин нь эрх баригч ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Цэргийн Төв Зөвлөлийн даргын үүргийг давхар гүйцэтгэдэг. Энэ утгаараа БНХАУ-ын Дарга Си Зиньпин нь хүчтэй ерөнхийлөгчийн засаглалтай орны төрийн тэргүүнээс дутахааргүй эрх мэдэлтэй гэж хэлж болох юм. Саяын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын чуулганаар БНХАУ-ын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар тус улсын даргын албан тушаалд нэг хүн тав таван жилээр 2-оос дээшгүй удаа сонгогддог байсныг хэдэн ч удаа улиран сонгогдох боломжтой болгов. Ингэснээр Си Зиньпин 2023 оноос хойш ч БНХАУ-ын Даргын албан тушаалыг хаших боломжтой болж байгаа юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай оронд 2000, 2009 (Засгийн газрын тэргүүний хувьд), 2014 онд айлчилсан, манай төр, засгийн тэргүүнүүдтэй олон удаа уулзаж байсан учраас Монгол орныг сайн мэднэ. Өнгөрсөн 2017 оны сүүлийн хагаст гэхэд л манай Ерөнхийлөгч Х.Баттулгатай 2 удаа уулзав.
БНХАУ-ын Дарга Си Зиньпин ч Монгол орныг сайн мэднэ. Манай оронд хэд хэдэн удаа айлчилсны дээр манай төр, засгийн тэргүүн нартай байнга уулздаг. Энд нэг зүйлийг онцолж тэмдэглэхэд Си Зиньпин Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хуралд энэ удаа Өвөр Монголын Өөртөө Засах Орноос сонгогдов. Өөрөөр хэлбэл сонгогдсон “тойрог” нь Өвөр Монгол. Монгол Улс БНХАУ-тай олон мянган километр хиллэдэг ч дийлэнхдээ Өвөр Монголтой хиллэдэгийг санах хэрэгтэй. Монгол – Хятадын худалдааны ихэнх хувь нь мөн л Өвөр Монголд оногддог. Си Зиньпин дарга мэдээж сонгогдсон “тойргийнхоо” хөгжилд анхаарал тавьж таарна. Тэгэхээр Монгол Улс энэ “тойргийнх” нь гадаад худалдааны гол түнш учир манайд ч ач холбогдолтой гэж үзэж байна.
Манай гурван орны төрийн тэргүүнүүд 2014 оноос хойш жил бүр уулзаж тулгамдсан асуудлуудыг хэлэлцдэг уламжлал тогтоод байгаа. Тухайлбал, 2016 онд Ташкентэд болсон уулзалтын үеэр Монгол – Орос – Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт гарын үсэг зурсан. Ийм уулзалт энэ жил ч болно байх. Уулзалтын үеэр яригдах гол сэдвийн нэг нь энэхүү хөтөлбөрийн биелэлтийн явц байна гэдэгт эргэлзэх зүйлгүй. Тэгэхээр манай Гадаад харилцааны яам төдийгүй холбогдох бусад байгууллага хоёр орны түншүүдтэйгээ холбогдож сайтар бэлтгэж байгаа гэж найдаж байна.
Эцэст нь юу хэлэх гээд байна гэхээр манай хөрш орнуудыг Монголыг сайн мэдэх, мөн манайханд танил болсон хоёр хүн нилээд удаан хугацаагаар удирдах боллоо. Иймээс бид хоёр хөрштэйгээ эдийн засгийн харилцаагаа гүнзгийрүүлэх, гурван орныг хамарсан томоохон мега төслүүдийг ажил хэрэг болгох таатай нөхцөл бүрдээд байна. Үүнийг цаг алдалгүй бүрэн дүүрэн ашиглана гэж найдах л үлдлээ.
Зочин
Зочин
Zochin
Сүх
Зочин
Зочин
Зочин
Зочин