Хоосон чалчигчдын ярианы сэдэв болдоггүй сингапур чадвар
Сингапурын хөгжлийн эцэг гэгдэгч Ли Куан Ю гэх эрхэм бол ам ажлын нэгдлийг чухам хангахын биет, түүхэн үлгэр жишээ мөн билээ. Түүний цогтой үгсийг дахин эшлэе. Ер нь хэд ч эшлэсэн утга агуулга нь өнө мөнхөд хадгалагдан үлдэх үгс аж.
Aлбaны мэдээ: Монгол Улсад нэн тэргүүнд анхаарах олон асуудал байгааг Дэлхийн банкны төлөөллүүд онцолж байна. Юуны өмнө цар тахлын дараагийн эрсдэл, хямралд Монгол Улс бэлэн байх нь хамгийн чухал болохыг онцлоод, эдийн засгийн аюулгүй байдлаа хангахын тулд хангалттай хэмжээний хуримтлал үүсгэж, тогтвортой байдал бий болгох хэрэгтэйг санууллаа. Ажлын байрыг нэмэгдүүлж, тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдээ дэмжиж, хүнийхээ капиталыг бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй хэмээн онцгойлон анхааруулсан юм. Мөн авлигатай тэмцэж, шүүхийн системээ шинэчлэхэд анхаарах хэрэгтэй гэв. Өнөөдрийн байдлаар Монгол Улс хүний хөгжлийн үзүүлэлтээр дэлхийн 177 орноос 92, эдийн засгийн өрсөлдөх чадварын индексээр дэлхийн 140 орноос 99, бизнесийн орчны индексээр дэлхийн 190 орноос 74, авлигын индексээр 93 дугаар байрт жагсаж буй гэжээ.
Монгол Улсын хөгжил жигдэрч өгдөггүй, эвэндээ ордоггүй, хөрөнгө оруулалт гацаж, санхүүгийн гачаал амсаж, энэ бүхний шалтгаан нь хоосон чалчигч олширсных хэмээн ярих шүүмжлэх хүн захаас аван байх тул Сингапурын туршлагаас дахин эшлэхээс аргагүй болж байна. Хоосон чалчих, хийж бүтээх хоёрын хооронд ямар их зөрүү байдаг, хоосон чалчигчдад ямар хариулт өгдөг тэр сургамжийг Сингапур гэх энэ жижиг улс дэлхийд үлгэрлэх хэмжээнд гаргаж тавьжээ.
Сингапурын хөгжлийн эцэг гэгдэгч Ли Куан Ю гэх эрхэм бол ам ажлын нэгдлийг чухам хангахын биет, түүхэн үлгэр жишээ мөн билээ. Түүний цогтой үгсийг дахин эшлэе. Ер нь хэд ч эшлэсэн утга агуулга нь өнө мөнхөд хадгалагдан үлдэх үгс аж.
- Өөр хэнд ч, өөр ямар ч бүлэг хүмүүст энэ улсын төлөө илүү ихийг хийх хүсэл эрмэлзэл, хүчин чадал байхгүй. Би Сингапурын сайн сайхны төлөө бүх амьдралаа зориулсан.
- Намайг Ерөнхий сайдын тушаалаа хүлээлгэж өгөхдөө бүрмөсөн тэтгэвэрт гарна гэж бодож байгаа бол санасны чинь гарз.
- Энэ бол миний эх орон, миний амьдрал, миний ард түмэн. Биднийг амьд байгаа цагт биднийг хэн ч дийлэхгүй. Бид хэзээ ч бууж өгөөгүй. Шүдээ зуун байж улс орноо босгосон.
Cингапур гэдэг бол олон үндэстэн, олон шашинтны нэгдмэл нэг улс. Энэ олон үндэстэн ястан, хэлтэн, шашинтныг нэгдсэн нэг үндэстэн болгож чадсан нь чухам Ли ноёнтны түүхэн гавьяа яах аргагүй мөн. Үндэс угсаа, шашин, соёлоороо зааглан холдож хүнийсэх, тэр ч бүү хэл дайтах явдал өнөө цагт түгээмэл болсон Ази, Араб ертөнц, лалын ертөнцийн хувьд Ли Куан Ю чухам багшилмаарсан.
Аливаа нэг улс орон тусгаар тогтнолоо олж авах эгзэгтэй эрсдэлтэй алхмыг Сингапур сонгож, тэр үйлсийг Ли Куан Ю удирджээ. Тэрээр Малайзаас тусгаарлах гэрээнд гарын үсэг зурсан мөчийг эргэн дурсах болгондоо сэтгэлийг нь ямар их түгшүүр эзэмдэж байсныг эргэж санадаг. Тэр тухайгаа ч сургамж болгон ярьдаг. “Миний хувьд их түгшүүртэй үе байсан. Яагаад гэвэл миний хамаг амьдрал? Хамаг ухамсартай амьдралынхаа туршид би Малайз, Сингапур гэх энэ хоёр газар нутгийн нэгдмэл байдалд итгэж ирсэн. Ирээдүйгээ хамтдаа цогцлуулна гэж боддог байсан. Хоёр ард түмэн маань газар зүй, эдийн засгийн холбоотойгоос гадна төрөл садны холбоотой байсан хэрэг” хэмээн тэрээр хэлдэг.
Нэгдмэл нэг улсаас нэг хэсэг нь салан тусгаарлана гэдэг ямар нарийн, эмзэг, эрсдэлтэй үйл болох, тэр нь уруудан доройтох, мөхөх, эсвэл сэхэхийн зааг үе байдгийг 1960-аад оны Сингапур харуулсан юм. “Уруудаж доошлох цагт хэзээ ч сэтгэл санаагаар бүү уна, хэзээ ч битгий бууж өг” хэмээх зарчмаар Ли Куан Ю ажиллан бух шиг л зүтгэжээ. Үүнийгээ тэрээр “Бид юу ч болоогүй юм шиг чимээгүй өнгөрөөгүй. Үймээн самуун дэгдсэн нь үнэн. Бид байгаа юмыг байгаагаар нь хүлээн авдаг. Байгаа юмыг байгаагаар нь харах гэсэн эрмэлзэл Сингапурын давуу талын нэг яах аргагүй мөн” хэмээн хожим зөвтгөн тайлбарлажээ.
Сингапурчуудын уруудсан гашуун үе нь 1964 онд дэгдсэн хоёр удаагийн үймээн самуун байв. Ой тэмдэглэхээс үүдэн хоорондоо зөрчилджээ. Юу гэвэл “8 дугаар сарын 9”-ний баярыг тэд 6 дугаар сарын 3-нд тэмдэглээд дасчихсан, бас “9 дүгээр сарын 16” гэж өдөр бий. Тэр нь Малайз улсыг тунхагласан өдөр. Бас “8 дугаар сарын 31” гэж нэг өдөр бий. Энэ өдрийг тэд бүх нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг. Нэмээд “8 дугаар сарын 9” гэж өдөр байх ёстой. Энэ өдрийг бол тэд хүссэндээ биш, энэ өдрийг дайрч өнгөрсөн учраас тэмдэглэдэг гэхчлэн. Энэ олон тэмдэглэлт өдрүүдээс үүдэн зөрчил тэмцэл 1964 онд хурцдаж байжээ.
Жил бүрийн “8 дугаар сарын 9”-ний тэр өдрийг тэд ирээдүйд олон жилийн турш ёслон тэмдэглэж, эв нэгдлээ илэрхийлдэг болгожээ. Урагшлан хөгжиж,хамгийн гол нь тэдний бүтээсэн болон өвөг дээдсийнх ньүлдээсэн тэр улс оронд найдвартай ирээдүйг бүтээх гэдэг утгар тэмдэглэдэг болгожээ.
Тэр “8 дугаар сарын 9” гээд байгаа нь тус улс юуны өмнө үндэстэн байх хүсэл зоригоо илэрхийлсэн өдөр болох аж. Хэрэвзээ бүлэг хүмүүс хамтдаа үндэстэн болж оршин тогтнох хүсэл зориг байхгүй л бол ямар ч дээд хүч тэднийг нэгтгэж чадахгүй гэдгийг тэр өдөр сингапурчууд илэрхийлдэг байна.
“Хамтдаа үндэстэн болж оршин тогтнох хүсэл зориг” гэдгээ Ли Куан Ю англичуудаар жишээлэн ярих дуртай. Тэрээр 1970.08.15-нд ингэж ярьж байв.
- Бидний өмнө янз бүрийн бэрхшээл тулгарах бүрт англичууд бидний өмнөөс шийдчихнэ гэж хүлээх хэрэггүй. Хэн ч бидний төлөө тэмцэж, бидний оронд амиа өгөхгүй.
Их гүрнүүдийн тоглоом болохгүй, өмнөөс нь дайн байлдаанд орохгүй,, нутгаа эзэгнүүлэхгүй хэмээн аль 1960-аад оноос л мэдэгдэж, арга хэмжээ авдаг байснаа тэрээр бахархан ярьдаг.
- Олон жил өнгөрсөн ч австраличууд, шинэ зеландчууд, бас британичууд, хамтын нөхөрлөлийн орнуудын цэргүүд америкчуудын Вьетнамд хийсэн шиг дайнд оролцохгүй. Ийм төрлийн дайн бидний өмнө тулгарч болзошгүй байна. Бид үүний эсрэг шууд арга хэмжээ авна. Ингэснээр бид энэхүү үүсч болзошгүй терроризмын аюулын эсрэг тэмцэх болно. Бид үүнийг том аюул занал болохоос нь өмнө сэргийлэн зогсоох ёстой. Бид Сингапурыг маш сайн зохион байгуулж ямар ч хууль бус, хориотой цагаачлал, хориотой алан хядагчийг таслан зогсооно. Бид хорлон сүйтгэгчдийг илрүүлэх ёстой.
Нэгэнтээ л цус нулимс дагуулан улс орноо Малайзаас салган тусгаарлаж чадсан учраас тэр гашуун туршлагадаа тулгуурлан аюулгүй байдлаа анхнаасааа хатуу гарт авч, хатуу хянаж хэвшүүлсэн нь харагддаг.
- Tа нар болон танай хүүхдүүдэд сайнаар хандахын тулд заримдаа бид зэвсэг ашиглахаас өөр аргагүйд хүрдэг. Зарим хүн дээр очиж үүнийг битгий хийгээч ээ гэж гуйдаг. Үгүй бол зэвсэгээ ашиглах ёстой. Харамсалтай нь, мөнгө болон бусад зорилгоор тэд биднийг зэвсэг ашиглахаас өөр аргагүйд хүргэж байна. Гэхдээ үр дүнд нь та нарын байдал сайжирна. Учир нь хэн ч энэ газрыг эрхэндээ оруулна гэж найдаж чадахгүй. Бид үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй. Бидэнд өмнө үзэгдээгүй зүйлс хангалттай тулгарч байна. Бид хүнд нөхцөлийг туулж гарсан.
Ли Куан Югийн хатуу чанга, гүргэр чанар, эр зориг эндээс харагдах мэт. Тэрээр өөрөө болон хамтрагчид нь ард олны санаанд нийцэж байхыг хүсдэг, хүн бүр л найрсаг, тааламжтай, зөөлөн, өгөөмөр, тусч сайд байхыг хүсдэг, Ерөнхий сайд хүртэл сайн хүн шүү гэж хэлүүлэхийг хүсдэг боловч чанга үедээ чанга, буулт хийхгүй тал дээрээ хатуу зогсдог байх ёстой хэмээн ухуулах аж.
Сингапурын хөгжлийн замд тэр улсын коммунистууд ихээхэн хөндөлсөж, ажил хийлгэхгүй зовоох үе бишгүй байсан ба тэдэнтэй хийсэн тэмцэл нь хатуу ширүүн, хайр найргүй үеийг туулж байжээ. “Коммунистууд бол маш хатуужилтай хүмүүс гэдгийг та бүхэн мэднэ. Коммунизмыг дэмжигч Лим гэдэг залуу банзан дээр унтдаг байсан. Ямар их хүчин зүтгэл, хатуужил тэсвэртэйгээ харуулахыг хүсч байгаа нь тэр. Банзан дээр унтаж байна гэж бодоод үз дээ. Түүнд зөөлөн дэвсгэр хэрэгтэй биздээ. Гэтэл зөөлөн юм хэрэггүй гэнээ. Гэхдээ түүний буруу. Ийм учраас бид түүнийг Англи руу явуулж нягтлан бодох бүртгэлд сургаж байгаа” хэмээн бодит жишээ татан ярьсан нь буй.
Түүний ярьснаар бол хөрөнгө мөнгөний төлөө хүмүүсийг хэзээ ч барьцаалах ёсгүй, харин тийм барьцаалагсад нь коммунистууд байж таарсан ба коммунистууд нь энэ улсын аюулгүй, амгалан тайван байдлыг үймүүлж байсан байх юм. “Коммунизм” гэж дөвчигнөхгүйгээр тус улсад хүмүүс залхуурч хойргошихгүй байх нөхцөлийг л Засгийн газар бүрдүүлэх ёстой, тийм нөхцөлд тэр өөрөө албан ажлаа өгье гэж санал гаргахгүй, ажлаа хийсээр байх болно, хамтрагчид нь ч бас энэ талаар бодох хэрэггүй, учир нь тэдний ажил ямар өндөр хариуцлагатай, таагүй байлаа ч тэр,улс орноо л бодож болгоох ёстой хэмээн гүрийтэл зүтгэжээ.
Коммунистуудын амладаг үнэгүй зүйл гэдгийг Ли Куан Ю ёстой нэг үзэж чаддаггүй байв. Үнэгүй зүйл байдаг гэдэгт хэзээ ч итгээгүй, зөвхөн өөртөө тулгуурлах ёстой хэмээн зүтгэнэ. “Бидэнд бурханаас өгсөн зүрх зориг, овсгоо самбаа байхгүй байлаа ч өөрсдийнхөө төлөө босох хэрэгтэй. Хэдэн жилийн хугацаанд амар тайван байна гэдгийгмарт. Үгүй бол бид бүтээж босгосон бүхнээ алдахад хүрнэ” гэх түүний цогтой үгс олон зүйлийг бодогдуулахаар. Үнэгүй зүйл байхгүй бол хэрхэн өсч өндийх вэ гэдэг дээр сингапурын туршлагын бүр аргачлал хүртэл байна. Юу гэвэл зөвхөн идэвхи чармайлт, хичээл зүтгэлийн хүчээр хэсэг бусаг хүмүүсийг үндэстэн болгон нягтруулж чаддаг тэр туршлага, эр зориг нь ажгуу.
Нэгэнтээ Сингапурын туршлага гэж ярьсных түгжрэлийг хэрхэн шийддэгээс нь эшлэе. Нийслэл маань машиндаа хахаж, алтан цаг, эрүүл мэнд, мөнгө, хамаг байдгаа (явж явж үндэсний аюулгүй байдлаа!) түгжрэлд алдаж байгаа бол Сингапур шиг алга дарам газарт тэр их машины бөөгнөрлийг хялбархан шийджээ. Замуудаа үнэлчихнэ. Хотын төвийн гол замууд өндөр үнэтэй тул төлбөртэй зорчино. Төлбөр төлүүлдэг счёчик хайрцаг кабинд нь явна. Гэрэл асна, дохио өгнө, мөнгөө төлнө, замын уулзварын камерууд бичлэг хийнэ. Төлбөргүй зорчвол торгууль. Зогсоолууд бүгд төлбөртэй. Счёчик ажиллана. Мөнгөн дүн гүйгээд байх нь тэр. Бас нэг туршлага. Замууд нэг урсгалтай байна. Жишээ нь Энхтайвны гүүрэн дээгүүр гардгийг нь зөвхөн урагшаа явдагаар, цаана Төмөр зам дээгүүрх шинэ гүүрээр хойшоо явдагаар зохицуулаад өгнө. Энхтайвны өргөн чөлөөгөөр зөвхөн баруун тийш, Нарны замаар зөв зүүн тийш зорчих урсгал буй болгочихвол ямар вэ? Сингапурын алга дарам газрын туршлагаас суралцая гэвэл шүү дээ?
– Үргэлжлэл бий