“Хонин толгой”-д шилжүүлсэн Оюутолгой


-Чойжоо ах аа! Танайх жилд хэдэн километр тог хэрэглэдэг вэ?

@g_ganbat


          Манайхан алив тооцоог “хонин толгой”-гоор боддог уламжлалтай. Яг ч хонины толгойгоор сэтгэдэг гэх гэсэн юм биш. Өврөөс нь ламд өргөх хадаг цухуйгаад байхад л “Маарамбад очих гэсэн юм биш” гээд гүрийгээд байдаг “Сэрэлт” киноны Бумаа шиг хэлэхэд. 

     Ямар ч тоо, хэмжүүрийг хонины толгойд шилжүүлээд бодохоор л Монгол хүнд ойлгомжтой болоод ирдэг юм. БНМАУ-д богийн толгойд шилжүүлснээр 50-75 толгой малыг гэр бүлдээ үлдээхээр журамласан нь Монгол хүнд ойлгомжтой болгосон статистик. Хэрвээ үхэр, тэмээ болговол саалийн ганц нэг үнээ, ачлаганд хүрэхтэй үгүйтэй тэмээ болоод л таарна. Хонь болохоороо хамаагүй олон ч харагдана. 

    Тэр үеийн улстөрийн онигоонд ч энэ санаа туссан байдаг. “Зөвлөлт улс сансарт хиймэл дагуул нисгэсний дараа манай нам төрийн удирдагчид энэ асуудлаар хуралджээ. Сэдэв нь монголчууд пуужин хөөргөх. Захиргаадалтын үлгэр болон яригддаг Ц.Дүгэрсүрэн дарга,

-Төмрийн Заводод үүрэг өгье. Маргааш пуужин хийгээд нөгөөдөр хөөргөе гэж.

Харин Ж.Самбуу дарга,

-Байз, байз. Тооцоог нь хийх хэрэгтэй. Хэдэн хонь болохоор юм байна гээд сампин гаргаад иржээ” Сайн ч, мууч тооцоо хийх гээд байна. Гэхдээ, “хонин толгой”-гоор л бодно. Үүнээс болоод биднийг “Хонины толгойгоор тооцоолдог” гэж цаашлуулаад байдаг юм. 

    Уг нь үхрийн толгойгоор бодвол хамаагүй л том үр дүн гарна. Гэснээс, Монгол гэж үндэстний ч нэр, үхрийн ч нэр. Монгол үнээ шингэн л болохоос сарлагаас илүү сүүтэй, тэсвэртэй дөлгөөн сайхан амьтан. Ямар сайндаа л “Муухан монголоос гайгүй монгол дээр” гэж үг гарах вэ? Монгол хүн нь ямар тохиолдолд сайн үнээнээс дээр гэсэн үг байх тийм үү? За энэ ч яах вэ?

   Хонины толгой гэснээс, саяхан, улсын төсөв хэлэлцэж эхлэхэд, Эрчим хүчний Яамныхан үг андуурч будилаад “цахилгаан эрчим хүчийг километрээр хэмжсэн мэт” төсөл оруулж ирээд бөөн инээд наргиан болов оо. “Шаварт унасан шарын эзэн” гэгчээр хөөрхий Чойжилсүрэн сайд нь сошлоор баахан шоолуулав даа. Зайлуул, мань хүний ч буруу юу байх вэ, сайд ямар бүх баримт бичгийн үсгийн алдааг хянах корректор биш. Ажлын хэсэг нь л үсэг андуураад явуулчисан хэрэг. Сонинд олон жил ажилласны хувьд: “Сталин бол ард түмний хонь (хань гэж үгний “а” нь “о”-гоор солигдсон )мөн” гэдгээс болж үсэг өрөгч нь Ганц худаг руу шууд ачигдснаас эхлээд “Ю. Цэдэн ал дарга” (“б” үсэг гээгдсэн )гэж эндээд ажлаас халагдсан “Утга зохиол” сониныхны кэйс гээд үсгийн алдааны олон түүх мэднэ. 

    Хамгийн гол нь бидний тархи толгойгоос “хонин толгой” аргачлал салахгүй яваагийн гамшгийг ярих гэсэн юм. Оюутолгой төсөл ба хонин толгойн аргагчлал түүний тод жишээ юм.

    Оюутолгойн “хонин толгой”-гоор тооцоо хийсэн нь одоо ч уршгаа дагуулсаар, манай өнгөтэй өөдтэй ганц том хөрөнгө оруулалтыг муухай харагдуулах “шалтаг” болсоор байна. 

Хонин толгойн тооцооллыг ойлгомжтой харуулах үүднээс уул уурхайн төслийг хүртэл хонинд хөрвүүлэхээс аргагүйд тулав.

   Зориуд сануулахад, энэ бол “үлгэр” шүү. Хонин толгойгоор тооцохгүй бол Монгол ухаанд ойлгогдохгүй. Уул уурхайг “хонин толгой”-гоор төсөөлөхийн тулд үлгэр болгон хөрвүүлэхээс өөр аргагүй байсан юм аа.

   Үлгэрлэвээс, уул уурхай нээнэ гэдэг бол хэсэг бэлчээр дээр ер бусын нэгэн өвс ургаж байгааг нээснээс эхэлжээ. Тэр өвсийг ерийн мал идээд нэмэргүй боловч арай өөр үүлдрийн гадаад хонь авчирч бэлчээвээс төл нь торой шиг олноор гарахаас гадна өөрөө үхэр шиг, бүр заан шиг таргалаад ашиг шим гэж хачин юм болох аж. Тэр хонийг “зэсэн үүлдэр” гээд томъёолчих уу? 

        Зэсэн хонийн үр ашгийг тооцох гэхээр “хонин толгой”-н арифметикт ахдаад хэцүү болов. Монголчууд аливаа тоог хонин толгойд л шилжүүлэхгүй бол ойлгодоггүй учраас тэрбум, триллион, их наяд зэргийн хооронд гардаг ялгааг анзаарахгүй. Тэдгээр тооны нэрсийг зүгээр л “маш их, тун олон, аймаар том” гэсэн ойролцоо утгатайгаар төсөөлнө. Итгэхгүй бол гараад хар!

Цагаан хоолой барьсан хүмүүс,

-Манай энэ хулгайч зуун тэрбум төгрөг идсэн байна.

-Тиймээ, үнэн юм ярилаа. Энэ хулгайч үнэхээр зуун их наяд төгрөг хуссан юм билээ гээд л эргэлзээнгүй орилолдож байгаа.

Харин “хонин толгой”-гоор бодоод эхэлбэл бидэнд сүрхий баримжаатай болчихно.

-Энэ хүн зуун хонь тууж ирээд идсэн байна

-Үгүй ээ. Сая хонь алаад идсэн гэсэн

-Боль доо чи. Яаж тийм олон хонь идэх вэ дээ. Бодоод үз, энэ хашаанд сая байтугаа мянган хонь багтах уу ? Гээд сүрхий эрүүлээр маргана. 

    Харин Оюутолгойн ашгийг хонинд шилжүүлэх гэхээр монголын бэлчээрт байтугаа дэлхийн бэлчээр багтахгүй олон болоод тоолж байтал нойр хүрээд нүд анилдан зүүрмэглэх авай. Хоёр өөр геометр холилдоод явчих шиг болжээ. 

   Гэхдээ л аймаар их ашиг гэж төсөөлжээ. Үнэхээр ч аймшиг дагуулсан ашиг байж.

  Үлгэр цаашаа жаахан явтал тэр бэлчээрт гадаад “Зэсэн” хонь бэлчиж баймаажин үр дүнгээ өгнө гэдэг. Гадаад хонийг бид өөрснөө үржүүлж өсгөж чадахгүй нь тодорхой болов. Иймээс гадаад хоньчин зэсэн малаа тууж ирээд үржүүлэн ашгийг бидэнтэй хуваахаас өөр замгүй. 

   Гэнэт монголчуудын толгойд тэрхүү ховор нандин хонины 34 хувийг булаагаад авчих хэрэгтэй гэсэн санаа ороод иржээ. Оюутолгойд ажиллан зэс олборлоод ашиг хувааж, татвар төлөх учиртай гадаадын компанийн 34 хувийг Монгол улс үнэгүй аваад эзэмших болсныг хэлж байна.

 - Урд гарсан чихнээс хойно гарсан эвэр урт гэгчээр Чингис хааны үр ач бид өвөг дээдсээсаа хавьгүй ухаалаг, амар аргаар гадаадынхныг хөрөнгийг булаадаг болсон билээ. Чингис хаан цэрэг дайчлаад аялан байлдаж, маш их зовж зүдрэн, хүн хүчээ алдан байж бусдын эд хөрөнгийг булаадаг байв. Харин үр хойч биднүүс болбоос, гадаадынхныг “Манайд хөрөнгөө оруул” хэмээн урьж авчраад “Бид танай өмчийн 34 хувийг зүгээр авна. Өгөхгүй гэвэл бүгдийг нь авна”, “Ерөөсөө энийг гадаадынхантай хуваахгүй гэж шийдлээ, юмаа бүгдийг нь өгөөд гар” гэхчлэнгээр маш бага зардлаар, бараг сохор зоосны ч гарзгүй дээрэм хийж сурсан авай. Үе үеийн байлдан дагуулагч, тонуулчид биднийг харж гэмээнэ атаархсандаа толгойгоо шаан гаслах буй заа.

   Орд газрын биш, нөөцийн биш, бохир ашгийн биш, ердөө л Оюутолгойн уурхай дээр ажиллах компанийн өмчийн 34 хувийг авна гэхэд ухаантай хүмүүс “Занг нь ч мэдэхгүй, арчилгаа маллагааг нь ч мэдэхгүй хүний мал өмчлөөд дэмий, тэрэнд орвол бэлчээр ашигласныхаас эхлээд монгол газар цэвэр тунгалаг агаар амьсгалсны гэхчлэнгийн янз бүрийн татвар авна гэж новширч чадвал хонь авснаас хол ашигтай тусна” гэж зөвлөөд огт тоосонгүй ээ. Монгол хүн “авна л гэсэн бол авдаг” гэж зүтгэсээр байгаад санасандаа хүрэв. Цаад тал ч нэг их цааргалсангүй. Зуун хониныхоо 34-ийг хүнд зүв зүгээр өгч байгаадаа цааргалаагүйн учрыг олохын оронд “Надаас айсан байх”, “Чадаж байгаа юманд арга байхгүй”гэж хөөрөөд үлджээ.

   Ихэнх нь зүв зүгээр сууж байгаад 34 хоньтой болов гэж баярласан бол “илүү ухаалаг хонин толгойтой” гэгдэх хэсэг нь бүх ашгийн 34 хувийг зүгээр авна гэж тооцсон байна.

   Гэтэл мөнөөх “Зэс хонь” чинь ашигтайгаас гадна зардал ихтэй. Манай тал өөрт ногдох 34 хониныхоо өвс тэжээл, хашаа хороог хариуцах учиртай болоод явчихав. Ёстой, хонин толгойн тооцоонд ороогүй юм гараад ирэх нь тэр.

-Зэс хонь чулуун хороо, шургааган саравчинд байвал үхчихдэг гэнэ. Учир иймд 1000 долларын тусгай хашаа барина. Үүнээс танай талд ногдох 340 долларыг гаргах ёстой гэв. Лавлаад үзвээс, “зэсэн” хонинд тусгай хороо, хашаа хэрэгтэй нь үнэн байх аж. Манайхан зүгээр л юм аваад байх юм бодсноос биш мөнгө гаргана гэж өчүүхэн ч төсөөлөөгүй явсан тул балмагдан, мөнгө гаргахгүй булзах арга юу байгааг бодон толгойгоо гашилгав.

-Аргалах арга юу байна гээд хонин бор нүдээрээ тэднийг ширтээд байсан болтой юм. 

Дашрамд дурьдахад Монголчууд “хонин бор нүд”-ээрээ их бахархдаг бөгөөд

-Хонон өнжин ширтэн суумаар

Хонин бор нүдээрээ

Ирмэж дохиод чи минь намайгаа

Ирээч гэж дуудаад байна уу даа...” хэмээн дуулалдах бөлгөө.

Ирмэж, дохиод горьдон суух Монголчуудын хонин бор нүдэнд уярсан гадаадын хөрөнгө оруулагч,

-За яах вэ, тэгвэл бид аргалъя аа гэсэн бололтой. 

 Яаж аргалахыг асуусангүй юу, тайлбарлахыг сонссонгүй юу бүү мэд. Цаадуул нь татвар хураамж төлбөр дээрээ нэмээд Монголын өмнөөс мөнгө төлж хохиролтой биш дээ. Монголын 34 хонины өмнөөс хүүтэй зээл аваад л хашаа хороогоо барьж малаа өсгөөд яваад байж. 

Нэг талаасаа зэсэн хонь сүрхий өсөөд, төл нь ч бойжоод татвар, хураамжаар дамжуулаад ашгаа өгч эхэлжээ. Тэд манай төсвийн бараг дөчөөд хувийг бүрдүүлэх болов. Гэтэл нөгөөдүүл нь нэг өдөр,

-Та нар ингэхэд зээлээ хэзээ төлөх вэ гээд манай улсын бүх хонины толгой дээр Өвөр Монголын хамаг хонин толгойг нийлүүлснээс ч их тоо хэлжээ.

-Юун зээл,хэзээ та нараас мөнгө зээлсэн юм бэ гэж манайхан гайхсан царай гаргав.

-Яагаав, танай 34 хонины хонины хашаа хороо, өвс тэжээлээс эхлээд төл бойжуулах зардал. Та нар бид мөнгө гаргаж чадахгүй аргалаад яв гэсэн биз дээ? Бид чинь танайд татвар, хураамжаа номоор ньтөлөөд, 34 хонинд ногдох ашгийг өгөөд явж байгаа. Бид зуун хониныхоо 34-ийг зүгээр өгнө гэж тохирсон ч, түүнийхээ зардлыг даагаад явна гээгүй шүү дээ, гэрээгээ харцгаа гэж.

Энэ явдал “Монголд дахь гуравдагч этгээдийн хөрөнгө оруулалтыг эсэргүүцэх үүргийг хоёрдогч этгээдийн өмнө хүлээсэн бүлэглэл”-д сайхан идэш болов. 

-Оюутолгой биднийг өрөнд оруулсан, Оюутолгой ашиггүй байсан гэдэг суртал нэвтрүүлэг хөгжүүлж эхэллээ. Үнэн хэрэгтээ, бидний хонин толгойн тооцооны балаг, хүний юмыг үнэгүй л авч байвал араас нь юу дагалдахыг боддоггүйн балаг ажээ.

Харин өнөөдөр учрыг сэхээрч, гарлага чирж ирсэн 34 хонийг буцааж өгөөд, ялаас салах талыг ярьж эхэлсэн нь том дэвшил. Бөөн гарлага, зарлага болсон 34 хонины оронд АМНАТ буюу ашиг малтмалын нөөц ашигласны татвар гэдгээ нэмж аваад, мөрөөрөө мөөмөө унжуулсхийгээд явчихъя гэхчлэнгээр толгой дээрээ овоолсон лайгаа хөнгөлөх юм ярьж эхэлсэн нь хониноосоо дээшлээд дор хаяж “морин толгой”-гоор сэтгэж эхэлснийх гэлтэй!

Оюунтолгойд бидний бодож олсон “хонин толгой”-н аргачлал дараахь сургамжийг дагуулж байна.Үнэгүй олддог юм гэж байхгүй. Үнэгүй харагдаж байгаа болгоны ард бичихээс зайлсхийсэн өндөр үнэ нуугддаг юм байна гэдгийг ойлгов. Хүний өмч хөрөнгийг өөртөө хуваавал хариуцлага ба зардлыг бас даалцах болдгийг мэдэж авав. 

Оюутолгойд 34 хувийг нь зүгээр авчихлаа гэж хөөрөөд байсан маань,

-Тэрүүгээр явсан гайг энүүгээр дуудав гээч болсныг Монголын “хонин толгойн хичээл” хэмээн нэрлээд эдийн засгийн сурах бичгүүдэд оруулах биз ээ.

Одоо бид “хонин толгой”-ноос салж, “хүмүүн толгой”-гоор сэтгэхгүй бол өөрсдөө хүн төрөлхний хонин толгойд тоологдон үлдэх царайтай болоод явчихлаа.

2025.10.08