Х.Нямбаатар гишүүн “хуулийн ченж” биш, “барилгын ченж” байсан байх нь уу?
Хоёр 7 хоногийн өмнө нийгмийн сүлжээнд “Эх оронч гишүүн Х.Нямбаатар Оддын хотхон дахь орон сууцаа барьцаалж, ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл авчээ” гэсэн мэдээлэл тавигдсаныг санаж байна уу?
Хоёр 7 хоногийн өмнө нийгмийн сүлжээнд “Эх оронч гишүүн Х.Нямбаатар Оддын хотхон дахь орон сууцаа барьцаалж, ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл авчээ” гэсэн мэдээлэл тавигдсаныг санаж байна уу? Дараа нь Ж.Батзандан гишүүний эхнэр И.Дэлгэрмаагийн дансанд эх үүсвэр нь тодорхойгүй (ЖДҮХС-гаас зээл гаргаж өгсний төлбөр гэж бичигдээд байгаа) 200 сая төгрөг орсон тухай мэдээ мөн л нийгмийн сүлжээнд тавигдсан.
Үүний дараа манай нөгөө тав “Шударга байхаар элдвээр гүтгэж байна. Шантрахгүй, зогсохгүй” гэсэн юм яриад өнгөрсөн. Нэг нь ч “Би ЖДҮ-гээс зээл аваагүй” гэж хэлээгүй шүү. Тиймээс Х.Нямбаатар гишүүн ЖДҮХС-гаас зээл авсан нь үнэн үү? Авсан бол уг зээлээ юунд зарцуулсан байж таарах вэ? гэдэг асуултад хариулт өгөх гээд үзье.
Түүх ингэж эхэлсэн
Одоогоос бараг гурван сар шахмын өмнө миний бие “Веритас Партнерс” хуулийн фирмийн хуульч, өмгөөлөгч Б.Мэргэнтэй хамтран УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын ХОМ-ийг шалгуулахаар АТГ-т хандсан. Үүнээс таван сарын өмнө буюу өнгөрөгч зургадугаар сарын 27-нд тус сайтад “У.Хүрэлсүхийн Засгийн газар унах нүхээ өөрөө малтав” гэсэн гарчигтай нийтлэл тавигдсан байлаа. “Захиргааны ерөнхий хуулийг өөрчилбөл Засгийн газрын (мөн түүний харьяа байгууллагуудын) шийдвэрүүд шүүхийн хяналтаас гарах гээд байна” гэсэн утгатай нийтлэл.
Уг нийтлэлд, тэр үед Засгийн газрын өргөн барьсан төслийн замыг засч, “захиргааны шүүх хэрэггүй” хэмээн гүйж явсан Х.Нямбаатар гишүүний тухайд “Гишүүдийнхээ дунд хуулийн ченж нэр авсан, Ц.Нямдорж гишүүний утсан хүүхэлдэй болсон Х.Нямбаатар нь гишүүн болохоосоо өмнө гэр бүлийнхээ хамт 30 саяын орлоготой, 25 саяын машинтай, 15 сая төгрөгийн малтай, нэг байртай, иргэн бүрийн адил “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцаатай байснаа гишүүн болоод жилийн дотор орлого нь 160 сая болж, 50 саяын малтай, 90 саяын Lexus 570 машинтай, хоёр байртай, 100 хувь эзэмшдэг гурван компанитай болжээ” гэсэн билээ.
"Дүрмийн дагуу" Х.Нямбаатар гишүүн “гүтгэсэн” хэргээр намайг цагдаад өгч, “дүрмийн дагуу” цагдаа 2.000.000 (хоёр сая) төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байдаг юм. Нямбаа гишүүнээс цагдаагийн алба хаагч “Та яагаад өөрийгөө гүтгүүлсэн гэж үзэж байгаа юм бэ?” гэж асуухад мань хүн “Энд бичигдсэн “Бест дриллинг”, “Стар кетринг”, “Хамаг Монгол групп” ХХК-иудыг би 2008, 2010, 2011 онуудад өөрийн төрсөн дүү Нямаа (ЖДҮ-гийн асуудал дээр ч гэсэн нэр нь хамт яваа), эхнэр Баярмаа (төрсөн дүү Баярбат нь бас л ЖДҮ-тэй холбогдсон) нартай хамтарч байгуулсан юм аа. Өнгөрсөн жил байгуулсан юм биш ээ” гэж мэдүүлсэн байдаг. Ингээд би гэдэг хүн Зөрчлийн хуулийн дагуу 2.000.000 (хоёр сая) төгрөгийн торгууль дээр уналаа. Хоёр шатны шүүхээр давж заалдаад барсангүй ээ, Х.Нямбаатарыг.
Уг нь бол энэ тоонуудыг Х.Нямбаатар гэдэг хүний Сонгинохайрхан дүүрэгт ИТХ-ын дарга байхдаа болон УИХ-ын гишүүн болсноосоо хойш АТГ-т гаргаж өгсөн ХОМ-ээс авсан хэрэг л дээ. Надаас өмнө Б.Мэргэн гээд хуульч үүнийг гаргаж яриад, эрхэм гишүүнээс хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлахыг шаардсан байдаг юм. Мэдээж Нямбаа гишүүн ямар нэг тайлбар хийгээгүй л дээ.
Тиймээс аргагүйн эрхэнд өнгөрөгч арваннэгдүгээр сард анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа АТГ-т хандаж, “Х.Нямбаатар гишүүн нь дээрх компаниудыг 2008-2011 онд байгуулсан нь үнэн юм бол АТГ-т мэдүүлсэн 2015, 2016 оны мэдүүлэгтээ мэдүүлээгүй байгаа нь Авлигын эсрэг хуулийн холбогдох заалтыг (10.2.Мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. 10.4.Мэдүүлэг гаргагч энэ хуулийн 10.3-т заасан хугацаанд мэдүүлгээ мэдүүлсний дараа хөрөнгө, орлого нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу түүнээс дээш хэмжээгээр өөрчлөгдсөн бол түүнийг тухай бүр 30 хоногийн дотор мэдүүлнэ) зөрчсөн байх тул энэ мэдээллийг шалгаж өгнө үү” хэмээн мэдээлэл гаргасан билээ.
АТГ сарын дотор хариу өгнө гэсэн боловч өгөөгүй. Хоёр сар өнгөрсний дараа явж очоод асуухад “УИХ-ын гишүүдийн ХОМ-ыг бид шалгадаггүй. Ёс зүйн дэд хороо шалгах үүрэгтэй. Та тэндээс очиж хариултаа ав” гэлээ.
Харин Ёс зүйн дэд хороо яаж ажилласныг бид мэднэ. ЖДҮХС-гийн зээлтэй холбогдсон гишүүдийн асудлыг хэлэлцэх гэтэл “ирц хүрэхгүй байна” гээд бүтэн хоёр сар хуралдаж чадахгүй гацаж байна. Энэ асуудлаар хуралдаан зарласан цагаас хойш дэд хорооны есөн гишүүнээс ганц дарга нь л хуралдаа ирсэн байдаг юм.
"Шинээр илэрсэн" нөхцөл байдал буюу Х.Нямбаатар гишүүний "оффшор!!!"
“Шударга иргэдийн” ирүүлсэн мэдээллийн мөрөөр Сонгинохойрхан дүүргийн 19-р хороо, Сонгинохайрхон дүүргийн нэгдсэн эмнэлгийн хашаанд баригдаж буй 16 давхар орон сууцны барилгыг олж очлоо. Доороо гаражтай, 1-3 давхар нь үйлчилгээний зориулалттай, дээшээ 13 давхар нь орон сууцны барилга баригдаж байна. Хоёр орцтой, 156 айлын 16 давхар, төмөр бетон карказан хийцтэй, бүрэн цутгамал орон сууцны барилгын өөрийн өртөг хэд болох вэ?
Барилгын инженер хүний хэлснээр м.кв нь хамгийн багадаа 800 мянган төгрөгөөр босдог гэж байна. Зөвхөн барилгын өртөг нь шүү дээ. Барилгын суурь 800м.кв гээд тооцохоор 800х800.000х16=10.240.000.000 (арван тэрбум 240 сая) төгрөг болж байна. Энэ бол УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга байхдаа авсан газар дээр баригдаж буй “Хамаг Монгол” хотхоны ирэх долдугаар сард ашиглалтад орох барилгын өөрийн өртөг. Борлуулалтын захиалга аваад эхэлчихсэн, м.кв-ын үнийг 1.700.000-1.850.000 төгрөгөөр тогтоосон байна лээ.
Улаанбаатар хотын ерөнхий архитектор Н.Нацагдоржийн баталж өгсөн архитектур төлөвлөлтийн даалгавар дээр “Хамаг Монгол групп ХХК-ийн захирал Ц.Нямбаяр” гэж бичсэн байгаа нь Х.Нямбаатар гишүүнтэй ямар холбоотой болохыг хэлж мэдэхгүй ч барилга барьсан газар бол Х.Нямбаатар нь дүүргийн ИТХ-д байхдаа авсан газар юм мөн гэдгийг эх сурвалж хэлж байна.
Ганц энэ барилга ч биш, “Хамаг Монгол групп” 2015 онд одоо баригдаж байгаа 16 давхар барилгын урд найман давхар 63 айлыг хоёр орон сууц барьж ашиглалтад оруулсан байдаг юм билээ. Мишээл хотхоны 41Б байр, 108-р байр тус бүр 63 айлтай. Тухайн үед м.кв-ыг нь 1.650.000 төгрөгөөр үнэлж худалдсан байна. Тэгэхээр эрхэм гишүүний аль 2008-2011 он байгуулсан “Хамаг Монгол групп” ХХК яагаад 2015, 2016 оны ХОМ-д нь бичигдээгүй, 2017 оны мэдүүлэгтээ орлого дутуу мэдээлсэн талаар хуулийн өмнө биш юм гэхэд ядаж л Ёс зүйн дэд хороонд тайлбарлах хэрэгтэй болж байна даа. Тэр үед би ч гэсэн бүхэл бүтэн "барилгын ченж" хүнийг “хуулийн ченж” хэмээн гүтгэсэндээ хүлцэл өчиж болно.
Мэдээж Х.Нямбаатар гишүүн “Энэ бол миний барилга биш. Надад ийм их мөнгө байхгүй” гээд л хашгирах байх л даа. Гэхдээ “газар бол бизнес” гэдгийг бид өнгөрсөн 20 жилд эрхбиш мэдэхтэйгээ болсон. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгээс нэлээд хэдэн жилийн өмнө “Та одоо барилга бариад байгаа энэ их газрыг хэзээ яаж авсан юм бэ?” гэж асуухад “Надад нэг ч газар байхгүй. Би газрын эздэд барилгынхаа 1-3 давхрыг өгөөд газар дээр нь байшингаа барьдаг” гэж хэлсэн. Төв цэнгэлдэхийг тойруулаад бариад байгаа газар л гэхэд УИХ-ын гишүүн, А.Сүхбат аваргын газар байх жишээтэй.
Эндээс үзвэл Х.Нямбаатар гишүүний АТГ-т гаргаж өгсөн ХОМ ч гэсэн ихээхэн хуудуутай, багагүй дарж тавьсан тоо болох гээд байна.
ЖДҮ яасан бэ гэж үү?
Нийтлэлийн эхэнд дурьдсан ЖДҮХС-гийн зээлийн асуудал руугаа эргээд орьё.
Далай хүртэл усаар дутдаг гэж үгтэй хойно ЖДҮ-г яаж зүгээр орхих вэ. ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл авсан “Өгөөдэй Ази” компанийн зээлийн баталааг хангуулахын тулд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ХУД-ийн “Оддын хотхон” дахь 4 өрөө 126м.кв байраа барьцаалуулсан байдаг юм. (Барьцааны гэрээ болон ЖДҮХС-тай байгуулсан зээлийн гэрээг хавсаргав) Ингэхдээ Х.Нямбаатар гишүүн ганцаараа ч биш, “Хамаг Монгол групп” ХХК-ийг хамтран байгуулсан түүний дүү Х.Нямаа (Арилдий овогт Хишгээгийн Нямаа ЦА8501****), Х.Нямбаатарын эхнэр И.Баярмаагийн төрсөн дүү И.Баярбат нар (Чонот овгийн Ишбалдангийн Баярбат РД:ЧА8210****) нар үлдсэн барьцааг гаргасан байдаг юм. Үүнээс үзвэл “Өгөөдэй Ази” компанийн авсан зээл Х.Нямбаатар гишүүнийх байх магадлалтай. Магадлалтай л гэж байгаа юм шүү. Мөн, бишийг хуулийн байгууллага шалгаж тогтоох биз.
ERLEG CHIN BN
Зочин
Зочин
Эмгэн
Бүтэд
Зочин
Зочин
Зочин
hulgaich zaraitai huvsgalich
Зочин
иргэн
Ганаа
baagii
26 r horoonii irgen
Bat
Zochin