Хоёр хөрш байгалийн хийн хоолойгоор холбогдлоо. Харин одоо энэ төслийн хоёрдугаар шат өрнөхөөр бэлтгэл ажилдаа орсон бөгөөд Монголоор дайруулах хувилбарыг эрчимтэй ярьж, судалж байгаа юм. Энэ талаар ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан Л.Хангайтай ярилцлаа.



- ОХУ, БНХАУ-ыг холбосон байгалийн хийн хоолойн бүтээн байгуулалт дуусаад энэ өдрүүдэд нээлтээ хийх гэж байна. Үүнийг Монголоор дайруулах боломж ер нь байсан уу?

- Энэ хийн хоолойг Монголоор дайруулах гэж байсныг нь болиулчихлаа гэж хэвлэл мэдээллээр маш их явсан. Гэвч бодит байдал нь өөр юм. 2014 онд ОХУ БНХАУ-тай гэрээ байгуулсан. Эхний ээлжинд ОХУ зүүн тийшээгээ хийн хоолой тавих “Сибирийн хүч-1” төслөө хэрэгжүүлнэ гэж төлөвлөсөн юм. Хятадын зүүн хойд нутагт, цаашлаад Ази Номхон далайн орнуудад хий нийлүүлэх зорилготой. Түүнээс биш санаатайгаар Монголыг тойруулна гэх бодлого байгаагүй юм билээ.

Description: D:\OD\KHANGAI\НИЙТЛЭЛ\ХИЙН ХООЛОЙГ МОНГОЛООР ДАЙРУУЛБАЛ\foto_press-sluzhba_gazprom_transgaz_tomsk_00025.jpg

- “Сибирийн хүч-2” төслийг хэрэгжүүлэх нь тодорхой болсон. Үүнийг Монголоор дайруулах боломж нь хэр вэ?

- ОХУ-ын хий нийлүүлэлтийн хэрэгцээг зөвхөн ганц төсөл хангаж чадахгүй. Цаашлаад “Сибирийн хүч-2”, магадгүй гурав, дөрөв гээд үргэлжлэх байх. Хятадын өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангахын тулд богино хугацаанд, дөт замаар тавих арга замыг хайж байна. Үүний гаргалгаа нь Монголоор дайруулж тавих шийдэл гэж харагддаг. Тиймээс Монголын төв хэсгээр, дэд бүтцэд нь тулгуурлан шулуунаар хийн хоолой татах нь зөв шийдвэр гэж олон удаа ярьж байсан. Одоо энэ хувилбар бүр эрчимтэй хөндөгдөж байна.

- Хэрэв Монголоор дайруулан өнгөрөх бол манайх хүртэх өгөөжийг та хэрхэн харж байна вэ?

- Монголоор дамжуулах бол хүртэх өгөөж мэдээж их. Мянган шоо метр хийг 100 км хоолойгоор дамжуулахад 2.5 ам.доллар байдаг. Хэрэв Монголын нутгаар төмөр замыг дагуулаад тавибал нийт мянга гаруй км үргэлжлэх юм. Одоо ашиглалтад орохоор яригдаж байгаа хийн хоолойтой адилхан жилд 38 тэрбум шоо метр хий нэвтрүүлнэ гэвэл манайд тэрбум орчим ам.долларын орлого орно гэж таамаглаж болно. Украин гэхэд хийн хоолой дамжуулсныхаа төлөө жилд гурван тэрбум ам.доллар олдог.

- ОХУ-аас татаж буй хийн хоолойг зөвхөн зүүн хойд Хятадад хүргээд зогсох биш, Зуүн өмнөд Ази руу, Шанхай руу татах сонирхол байгаа. Үүний эдийн засгийн нөлөө мэдээж их байх?

- Хятадад ч байгалийн хийн хоолойн ашиг тус их бий. Аж үйлдвэржсэн бүс нутагтаа хүргэх, байгаль орчны эмзэг асуудлаа шийдэх зэрэг тулсан хэрэгцээ байгаа тул аль болох хурдан хийн хоолойгоор холбох нь чухал байгаа юм. Хийн хоолойн салбарт нэг ажлын байр бий болбол бусад салбарт 4-6 ажлын байр бий болох бололцоотой гэсэн судалгаа байдаг.

- Хэрэв Монголоор дайруулах бол монголчууд энэ бүтээн байгуулалтад оролцож эхэлнэ. Энэ хэрээр ажлын байр нэмэгдэж, эдийн засгийн өгөөж дагаад бий болно доо?

- Монголоор дайруулах юм бол 3-4 жилийн дотор барина гэсэн судалгаа байдаг. Оргил үедээ 3700 хүртэл хүн ажиллана, ашиглалтад өгсний дараа 1500 орчим хүн байнгын ажлын байртай болно гэсэн тооцоо бий.

- Хоёр улс Монголоор дайруулахаар тохиролцвол манай зүгээс хийх алхам юу байх вэ?

- ОХУ-ын “Газпром”, Хятадын CNPC хоёрын хамтын ажиллагааны үр дүнд хийн хоолойн эхний төсөл амжилттай дууслаа. Одоо дараагийнхыг Монголоор дайруулах бол мэдээж Монголын нэгэн компани оролцох шаардлагатай болно. Гэхдээ өчигдөр байгуулагдсан жижиг компанитай энэ хоёр аварга тоож хэлэлцээ хийхгүй. Тиймээс “Эрдэнэс Монгол” ХХК хамгийн боломжтой хувилбар. Засгийн газарт шууд харъяалагддаг төрийн өмчит томоохон компани л энэ ажлыг явуулж чадах байх. Түүнээс биш нэг яам, агентлаг хариуцаж чадахгүй.


Г.АНУ
“Засгийн газрын мэдээ” сонин
2019.12.03