Хэцүү нэрт Ясүкүнид
Японоороо 靖國神社(эх орны энх тайвны сүм) гэж нэрлэдэг Ясүкүни 1869 онд цэргийнхний мэдэлд анх байгуулагджээ. Тэр үеийн генерал, адмиралууд энд мөргөл үйлддэг, 1874 онд анх Эзэн хаан энд морилж, тэгэхдээ бурханд биш, амь үрэгдсэн дайчдын сүнсэнд мөргөжээ.
Хэцүү нэрт хэмээн сүржин нэрлэсэн нь Хятад, Солонгосын зүгээс байнга эсэргүүцэл илэрхийлдэгтэй холбоотой. Амь үрэгдсэн япон цэрэг дайчдын сүнсийг тайтгаруулах синто шашны сүм хэмээн япончууд үздэг, бүр үр хүүхэд хойч үедээ ч тэгж ойлгуулдаг бол японы милитаризмын бэлгэдэл, хэрэв улс төрчид нь тийшээ зочлон очиж эргэл мөргөлийн ёслол үйлдвэл дэлхийн II дайны үед японы түрэмгийлэлд хэлмэгдсэн бусад улс үндэстний гэгээн дурсгалыг доромжилсон хэрэг хэмээн Хятад, Солонгост Японыг шүүмжилдэг юм билээ.
Би яг тэр сүмд нь хүж асаагаад мөргөчихөөгүй тул энэ төрлийн шүүмжлэлд өртөхгүй. Гадаадын жуулчин аятай эргэн тойрныг нь тольдоод гол нь дайны музейг нь олон улсын харилцааны түүхчийн өнцгөөс үзэж сонирхоод ирснээ буулгаж байна.
Японоороо 靖國神社(эх орны энх тайвны сүм) гэж нэрлэдэг Ясүкүни 1869 онд цэргийнхний мэдэлд анх байгуулагджээ. Тэр үеийн генерал, адмиралууд энд мөргөл үйлддэг, 1874 онд анх Эзэн хаан энд морилж, тэгэхдээ бурханд биш, амь үрэгдсэн дайчдын сүнсэнд мөргөжээ. Эзэн хааныхаа төлөө амиа өргөсөн цэрэг дайчдын дурсгалыг анхлан энд ийнхүү мөнхжүүлжээ. Тэр нь яг хэвээрээ явсаар өнөө хүрсэн бололтой.
Дэлхийн II дайны үед Япон, японы арми гэдэг манайхны сэтгэлд хар бараанаар буудаг байх. Үнэхээр аймшиг мэт ойлгож яваа монголчууд олон буй. Би өмнөх нийгэмд тийм л төсөөлөлтэй явсан. Харин энэ музейд японы тэр алагдсан олон сая цэрэг, түүний ард үлдсэн гэр орон, эцэг эх, үр хүүхдийнх нь энэлэл шаналалыг хамтад нь мэдэрч, заримдаа нүдэндээ итгэмгүй зураг хөрөг үзмэртэй ч танилцлаа.
Би японы талд ганц ч зөвтгөл өгөх гээгүй, бас эсрэг талынх нь улс орнуудыг энд өмгөөлж хамгаалах гээгүй. Тэнд тийм үзмэр байна шүү л гэж хэлж байна. Бололцооны хэрээр гэрэл зураг авлаа. Байгаагаас нь л энд тайлбаргүй үзүүллээ.