Тоост хорвоод 80 жил шороо хөдөлгөхөд эхний 50-д нь ардын дайсан, хар шар феодал, нударган, залгуулаад японы тагнуул, сэхээтний төөрөгдөл, намын эсрэг бүлэг гэх мэтийг нам засаг даран сөнөөснөөр би жаргаж явна гэж хүмүүжлээ. Ардын дайсны нэрс балчир насанд маани мэгзэм шиг цээжлэгдэв. Одоо ч цээжинд бэлэн. Бодоо Данзан Лосол Догсом Гэндэн Дэмид Лхүмбэ Амар гээд хөвөрнө. Сүүлийн 30 жилдээ гэмгүй хөөрхийсийг хилсдүүлжээ гэж дахин хүмүүжив. “Хэлмэгдүүлжээ” гэх нь алжээ яргалжээ гэснээс айдас арай бага хүргэнэ.

Ухсан нүхний ирмэг дээр бөөнөөр нь бохируулаад араас нь дагз руу нь буудаж онхолдуулаад булахад дутуу үхсэн зарим шороон дор тийчилдэг байжээ. Шороо пөмбөлзүүлэх цэгүүд рүү нэг бүрчлэн буудаж гүйцээгээд, амрааж байсныг сонсоод би “хэлмэгдэл” гэх үгийг дутуу ухаарч явснаа мэдээд өөртөө гутарч билээ. Орос Долгор гэгч хөөрхөн бүсгүй цусаа татаад үхэж өгөхгүй зовоов гэх хууч 90-ээд оны салхиар сонсогдож өр өмлөв. “Зовоов” гэдэг нь цусаа татаад гол нь тасрахгүй Долгорын зовлон бус түүнийг гүйцээх гэж “зовсон”-оо илэрхийлж буй царайгаар хөөрсөн шүү. Орос хэл сайн сурсан эмэгтэй байсан тул орос Долгор нэр авчээ. Алуулахдаа орилж чарлаагүй сайн бүсгүй байсан гэх яриа ч бий. Лам нарыг хүлж байсан хүвэрхий уран уяагаа ногоон малгайт явсан өвгөн телевизээр үзүүлж бахархсаныг яалтай. Энэ аймшгийг яагаад дурсав гэвэл өдөрт олонтаа сонсдог “хэлмэгдэл” гэх үгний цаадахь аймшгийг би төсөөлж яваагүй балай аж. Алах яргалах гэлгүй “хэлмэгдэл” гэж миний дүнхүү тархийг нам засаг балайруулав уу яав гэж 80 хүрч байж л эргэлзэх ухаан төрөв. Цаазлуулах уу, хэлмэгдэх үү? гэвэл хэлмэгдье л гэнэ. Гэвч хэлмэгдсэн 40-50 мянга маань бүгд буудуулсан. 

Улаан оросын дохиогоор цаазалж байв. Энэ бол нотолгоотой үнэн. Гадны тушаал холдсон тохиолдолд өдгөө хэлмэгдэл дахин гарвал монголчууд биенээ нухдаг “амьтад” болохоо батална. Улаан оростой ХХ зууны их яргаллыг хуваалцах монголчууд байсан, одоо ч бий. Цус нэгтэй цөөхөн монголчуудад нэг нь нөгөөгөө хөнөөх шалтгаан уг нь баймгүй. Харин хулгай луйвар авилга хээл хахууль бол задарчээ. Ганц манайд бус улс бүхэнд шахам дийлдэхгүй гаарав. Энэ гамшиг угаасаа хүн төрөлхтөний ланчиг байх. Сүүдрээсээ зугтаагаад түрүүлэхгүй. Шинж чанарынхаа тусгалыг монгол хүн сүүдрээ гэж зүйрлээд “сүүдрээ харж биеэ зас” гэжээ. Сул талаа хүн сайжруулах чадвартай тул хүмүүждэг. Энэ эерэг өгөгдлөөс хүн төрөлхтөний дэвшил үүдэлтэй биз.

Чоно борооноор дайрдаг. Сайн муу дээр дороо орж, ана мана ач тач тэмцэх бужигнаанд хэлмэгдэл идэвхждэг гай. Хэлмэгдлийн нэг тал хэлмэгдэгч нөгөө тал хэлмэгдүүлэгч. Хэлмэгдэгч нараа бид хайхрахгүй явснаа олон жилийн хойно цагаадахаар нь гэнэт харамсдаг. Улирсан баларсанд харамсах нь өнгөц мэт сэжиг төрүүлэх нь бий. 9-р сарын 10-нд хэлмэгдэгчдийн өдрийг тэмдэглэж буйгаа хар. 50 юм уу 100 юм уу мянган хүний халуун амь. Сэтгэл гаргалгүй оромдсон дурсгалын хөшөө нь ичмээр. Харин хэлмэгдүүлэгч нараа бид амьдад нь долигоноод үхэхээр нь хараадаг. Бид дийлсний талд орж дэлдийснээ элбэж барьдаг ноход. Ямар шинж чанартай хүн нөхрөө хэлмэгдүүлдэг вэ? Мунхаг тэгээд харгис этгээд нөхрөө хэлмэгдүүлдэг. Атаа хорсол голлодог. Эрх мэдэлд хүрэх өрсөлдөөнд өөрөөс нь илүүрхсэн, дураараа дургихад нь ичээж гутаах зовхи нь өөдөө нөхрөө зайлуулах, бүр намнахын төлөө увайгүй жигшүүрт үйлдлээр ч хамаагүй хорлодог. Нийтлэг шинж нь ийм. 

Ц.Элбэгдорж Ч.Сайханбилэг хоёрыг гэм хийгээгүй л юм бол эх орондоо ирээд хэргээ шалгуулаач гэж хэлэх зөв. Гэвч хилс хэрэгт унагая гэж хатуу шийдсэн хүчирхэг бүлэглэл өөрийнхөө хүүхэлдэй-хуулийн байгууллагаар хэлмэгдүүлээд олныг мэхлэх эрсдэл буйг бат мэдэрсэн хүмүүс хэсэг хугацаанд сонгууль өнгөртөл ч юм уу нутагтаа очихгүй гэх болгоомжлолыг буруутгах өрөөсгөл. Нам засаг хэлмэгдүүлснээ 50 жил нуусныг бид мэдээгүй биз дээ. Дахиад далдуур хэлмэгдүүлэхийг ор тас үгүйсгэх өнөөдрийн байж буйгаар гоомойдно. Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг. Миний хувьд ирэх нь ч зөв, ирэхгүй байх нь ч зөв юмшиг. Вакцинд илааширсан хижиг дахивал вирус нь илрэхгүй улам нууцлаг агаад маш дархлаатай сэргэдэг. Дахисан хэлмэгдэл ч тэгж сэдрэх нигуртай. Үнэнийг хараат бусаар тогтоодог шүүхтэй бол айлтгүй. Тийм шүүх прокурор байгаа юм уу?

Хэлмэгдэл устсаныг итгэе гэхэд яллах зүйл заалт нь дэндүү сүрдэм, айшигтай нь хэлмэгдүүлэх гэж хорхойсоод буй мэт. Муу гэрээ хийсэн, хахууль авсан энэ тэр бол танил гэмт хэрэг. Эх орноо худалдсан, хорлон сүйтгэх терор гэх нь ухаан алдам. Тийм аймшигт зүйл ангиар яллахаа сүр бадруулан тунхаглаад байгаа нь айдас дуудаад буй. Хүзүүгүй тарвагыг дүүжил, 6,7 тэрбум тонн нөөцтэй ордоо хятадад 100 жил зүгээр өгсөн хужаагийн эрлийзийг бууд, Дубайн гэрээ хийсэн урвагчийг шоронд хатаа, Эрдэнэтийн 49-ийг хулгайн мөнгөөр оруулж ирсэн луйварчныг шонд өлгө гэх сэтгэгдэл өдөрт хэдэн зуугаараа интернетээр шаагина. Яасан олон хүн, яасан их үзэн ядалт вэ? Үзэн ядалтын давалгаа Монголыг бүрхжээ. Үзэн ядагчдын зөв гэлтэй. Яагаад гэвэл эх орноо харьд худалдсан, ард түмнээ хорлон сүйтгэхийг завдсан дайснуудыг АТГ, УЕПзарласан хойно зүхэж хараах бага хэрэг. Эх оронгүй болоод хорлон сүйтгэх терорт сүйрэх гэж буй ард олон яаж дуугүй байх юм. Хүлцэнгүй залбирч суугаад сөнөх үү. 

Эх орноо худалдах, хорлон сүйтгэхээр завдсаныг зөвхөн АТГ, прокурор зарлаад зогсоогүй энэ тухай Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан ухуулж өгдөөгөөд байхад ард түмэн дайснаа дарахаар босохоос өөр яалтай. Унаж яваад морио, ханилж яваад нөхрөө гэдэг. Заавал хорлон сүйтгэх заалтаар яллаж буй нь шоронд хийх бус цааш харуулах санаа. Энэ цэвдэг санаа их хэлмэгдлийн нээлтийг хийж байна. Ардчилал гэж сэвсэн адгийн монголчуудад ад нь хөдөлсөн гадныхан мэдээж алга ташна. Манайдаа ардчиллын лидер гэгдэх хэдийн маань толгойг мулт няслах хэлмэгдэл айсуй. Ирсэн замаараа сурсан онолоо мандуулаад хуучин руугаа буцах болж байх шиг. Алах ялаа түдгэлзүүлсэн тул ардын дайсан америкийн тагнуулуудыг даруй 10-20 жилээр яллахгүй бол улс даяар самуун дэгдэх бухимдал ассаныг троллуудын чинь хараалаас мэдлээ. Уншихын аргагүй. Ямар их уур хилэн бэ бурхан минь. Ийм олон хүний тийм их хорсол цус үзэж магад. АТГ, прокурорын мэдэгдэл ямар их хүчтэй вэ. Бүр байлдан дагуулжээ. Эрхэм шүүгчид минь шийдвэрээ түргэлээрэй.

Эх орон ард олноо хорлон сүйтгэхийг санаархагч нартай харьцуулахад төрсөн дүү, төрсөн эгчийнхээ хүүгээр өөрийгөө тагнуулаад Засгийн эрх хууль бусаар авагч, тэрбум тэрбумаар хуссан жидүчид маань бурхны элч ажээ. Тэднийгээ дахин сонгох минь. Гашуун сухайтын төмөр замыг 10 жил гацааж 30 тэрбум долларын ашиг хаасан, 280 сая доллар шороонд булсан Х.Баттулгыг яллагдагчаар татагдсан ч гэлээ гэм буруутай нь шүүхээр шийдвэрлэгдээгүй хэмээн Ерөнхийлөгчөөр өргөмчилсөн юм чинь жидүчдээ дахин сонгоход юу нь эвгүй гэж. 

Эсэргүү Элбэгдорж Энхсайхан Баяр Сайханбилэг Баярцогт Бат-Үүл Баабар Ганболд Бямбасайхан гээд өтөл би цээжилж дөнгөмөөргүй олон нэр хөврөх янзтай. Түрүүчийн зууны базаахгүй жишгээр хожим тэднийг цагаатгалаач өвөөгийн нь нас наана нь төгсөх тул цагаатгалын баярт мэдээг мэдэхгүй дуусна. Тиймээс хэлмэгдүүлснээ цагаатгаж новшрохгүй зөв шүүгээрэй гэж гуйя. 

Ардын хувьсгалын анхны 7-г янзалсан туршлага МАН-д бий. АН-ын анхны хэдийн бодийг хөтлөхөөр Л.Оюун-Эрдэнэ нэрмэж эхлэв. Таван толгой-Зүүн баянгийн төмөр замын санхүүжилтыг нууж байсныг З.Энхболд задруулсны хонзонгоор харвасан сум Элбэгдорж Сайханбилэг хоёрыг хайж бөмбөрцгийн нөгөө тал руу тэнэж яваа нь тэр. Оюун-Эрдэнэ АН-ын олон ноцтой хулгайг нотолсноо зарлаад Эрдэнэтийн онц дэглэм цуцлагдмагц дэлгэхээ амлав. Дан нотолгоогүй дуулиан сонссоор залхсан би баримтаар батлагдсан хулгай сонсохоор чих тавьж сууна. УИХ-ын дарга М.Энхболдыг чирж гаргах гэж хутаг тулгаж асан хурц үед Оюун-Эрдэнэ “Хуулийнхан М.Энхболдыг хамгаалахаар УИХ-ын гишүүдийн гэр бүлийнхнийг баривчилж, гишүүдийг дуудаж, хэрэгт холбогдуулна гэж заналхийлж эхлэв” гэж гүжирдсэн. Хэлсэн үгнийхээ үнэн худлыг заавал нотолдог зарчимч улсад бол тэр баларсан. Үнэн худлыг бид ялгах хүмүүжилгүй учраас гүтгэлэг Монголд эрх мэдэлд хүргэдэг үнэт зүйл билээ. 

Мөнх бусыг хэтлэх гүн бодолд унасан буурайд зарим жиргээчийн зүхэл өхөөрдөм гэнэн агаад бас харамсал төрүүлдгийг хэлье. Больчимгүй хүүхэд зангаа орхиж гэгээрвэл буйр сууна. Хорвоог ухаарах хурдаа нэм. 80 насны үг ийм болдог аж. Анхны хараацайнууд нүдэнд орсон шороо болсонд ардчиллын үнэт зүйлсийг дэмждэг зохиолч харамснам. Алсыг үүрд зориход төрсөн нутгаа байн байн эргэж хардаг шиг насны хугацал ирэхэд хойч үеэ бие биеэ бүү хэлмэгдүүлээсэй гэж залбирсаар нүд аньдаг болтой. Энэ үүднээс бичив.

2020-03-09