“Хэрэв итгэл хүлээлгэвэл Хангайн бүсийн менежер хийж болно” гэдгийг Ерөнхийлөгч асан Х.Баттулга намынхандаа дуулгажээ. Олон нийтийн өмнө ил хэлээгүй ч АН-ын Тэргүүн дэд дарга С.Баярцогтын амнаас унасан үг нь ийм. УИХ-ын сонгуулийн тойргийг бүсчилсэн байдлаар явуулахаар хуульчилсан энэ үед хаана, хэнийгээ нэр дэвшүүлж, өрсөлдүүлэх нь улс төрийн намуудын амжилт үзүүлэх эсэх гол хэмжүүр болсон цаг. Тойрог нь том, тэгэхдээ гурваас дөрвөн аймаг дамнаж сонгогчдоос олонхийн санал авна гэдэг бэрх. Танигдаагүй нэгний барах даваа биш. Бараг боломжгүй. Тэдгээрт нь шинэ залуу үеийнхэн хамаарна. Гэлээ гээд цагаан тугаа өргөөд, одоогийн эрх баригч МАН-ынхан “ногоон гэрэл”-ээр дахин засаглах уу? гэвэл үгүй.

Сонгуулийн сурталчилгааны тачирхан хугацаанд сонгогчдод хэн өөрийгөө сайн таниулж чадна, тэр 126 гишүүнтэй нэн шинэхэн парламентын бүрэлдэхүүнд багтах магадлал нь өндөр. Ерөнхий сайд, намын даргын хувиар Л.Оюун-Эрдэнэ л нүүрээ улалзуулан байж системийн шинэчлэлийг тугаа болгож, тэмцэж буйгаас бүх шатанд тасралтгүй найман жил үнэмлэхүй засагласан МАН-аас, үр шим, өрмийг нь хүртэж ирсэн “ах нар”-аас нийтээрээ уйдаж, бүр залхах хандлагатай болсон нь энэ нийгмийн бодит дүр зураг. Хаана хулгай байна, тэнд Ардын Намын шошготой албан тушаалтнууд тэргүүн эгнээнд яралзаж байна. Гар дүрээгүй газар, хулгай хийгээгүй салбар ч гэж алга. АН төдийгүй ХҮН тэргүүтэй гуравдагч хүчинд байгаа том боломж нь энэ. Тэрхүү орон зайг нөхөх, “таанц эргэж” чадах эсэх нь тэдний л асуудал.

Яг энэ өнцөг агуулга талаас нь харвал “Хангайн бүсийн менежер хийе” гэсэн Х.Баттулгын боловсон санал зүгээр ч нэг оргүй үг биш. “Итгэл хүлээлгэвэл” гэж зөөлчилсөн болохоос ирэх сонгуулиар Архангай, Баянхонгор, Өвөрхангай гэсэн гурван аймгийг хамарсан Нэгдүгээр тойргийг бүхэлд нь зангидах, бас хянах Х.Баттулгын амбийц, улс төрийн дараагийн нүүдэл гэдгийг төвөггүйхэн ойлгож болохоор.

Өнөөдөртөө Х.Баттулга АН-аас, намын даргаасаа итгэл хүлээж, “виз” даруулах хэмжээний жижиг дүр мөн үү? мэдээж биш. Дээд шүүхэд бүртгэлтэй албан ёсны дарга нь Л.Гантөмөр ч АН-д хамгийн нөлөөтэй, их гарын тоглогчийн эрэмбэтэй нь Х.Баттулга. Хүсвэл тэр хэнээс ч зөвшөөрөл авахгүйгээр улс төр хийх хангалттай эрх мэдэл нь АН-д хадгалагдаж байгаа гэсэн үг. Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбоогоо л авч чадаагүй болохоос Залуучуудын холбоо, хотын намын хороо нь түүний “халаас”-нд бий. 15 дэд даргын долоо нь тав дахь Ерөнхийлөгчийн нөмөр нөөлөгт өсч, “бойжсон”, улс төрд танигдах гэж хичээж буй хэсэг.

Оны өмнөхөн Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон Э.Одбаяр гэхэд бас л Х.Баттулгын хүн. Үндсэндээ Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн сэнтийгээс буусан нь л үнэн болохоос бусдаар Ардчилсан Намыг “Загалмайлсан эцэг”-ийн хувиар залуурдаж, чиглүүлж эхэлсэн нь аль 2021 оны нэгдүгээр сараас эхтэй юм. Гагцхүү Хангайн бүсийг хариуцсан менежер хийе гэдгээ хэлээд зогсохгүй Өвөрхангайд зохион байгуулсан уулзалтад өөрөө хүртэл оролцсон Х.Баттулгын гол зорилго юу вэ?

Нэгдүгээрт, Хангайн бүсэд хамаарах Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн хөгжлийн загварыг өнгөрсөн сард зохион байгуулсан “Бүсчилсэн хөгжил форум”-аар тодорхойлсон. Ингэхдээ хөдөө аж ахуй, хөнгөн хүнсний үйлдвэрлэл, байгаль, түүх соёл, археологи, рашаан сувилал, шашны жуулчлал, гадаад, дотоод худалдаа, тээвэр ложистикийн төвийг байгуулах урьдчилсан тооцооллыг гаргасан байдаг. Эрхэлж асан албан тушаал, хийж, хэрэгжүүлж байсан туршлагын хүрээнд аль, аль нь Х.Баттулгад хамгийн ойр бас мэдэх сэдэв. Салбарын сайдын хувиар “Шинэ сум” төслийг хэрэгжүүлж, Хөдөө аж ахуйн биржийг санаачилсан автор нь тэр. Хятадаас “харшилтай” юм шиг аягладаг, сурталчилдаг, бараг хүн бүрийн ой тоонд хадсан “эх оронч” сэтгэлгээ нь ч хүнсний үйлдвэрлэл, хөдөө ахуйн аж ахуйн чиглэлээр бүсчилж хөгжүүлэх үзэл баримтлалд яг цав тохирно.

Хоёрдугаарт, Орхоны хөндийд “Шинэ Хархорум” хотыг байгуулж, шинээр суурьшлын бүс бий болгох ажил эрчимтэй яваа цаг үед түүгээр дамжуулж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй дахин ойр түншлэх Х.Баттулгын боломж нь энэ байж болох. Өөрийнх нь хэлснээр Хангайн бүсийг хариуцаж, сонгуулийн Нэгдүгээр тойрогт АН олонхи болсон тохиолдолд шүү дээ. Бүрэн эрхийн хугацааныхаа тэн хагасыг өнгөрүүлж буй одоогийн Төрийн тэргүүний тухайд үлдсэн он жилүүдэд хамгийн хүч хаях, хөрөнгө шийдвэрлүүлэх ажил нь “Шинэ Хархорум” суурьшлын бүс байх нь ойлгомжтой. Тэгэхийн тулд Хангайн бүсээс сонгогдох УИХ-ын гишүүдийн дэмжлэг хэрэгтэй, бас дэмтэй. Харин тэрхүү орон зайг Х.Баттулга нөхөх үү? эсвэл өөр нэгэн байх уу? гэдэг нь цаг хугацааны л асуудал, УИХ-ын сонгуулийн үр дүнгээс шууд хамаарна.

Гуравдугаарт, саяхныг хүртэл гурван мандаттай явж ирсэн Архангай аймгийг өдгөө УИХ-д ганцхан гишүүн төлөөлж суугаа нь Х.Баттулгад байгаа давуу тал. Нэг нь нүүрсний хулгайд сэрдэгдэж өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ татгалзаад буусан бол нөгөөх нь Хөгжлийн банкны хэрэгт холбогдож, шүүхээс ял сонсчихсон яваа. Хувь улстөрчид дөрөөлсөн улс төрийг хамгийн сайн хийдэг хуучны “танил технологи” нь түүнээс эхтэй учраас хоосон хоёр орон зайд хэрхэн акц өрнүүлэх, магадгүй гурвууланг нь авах хэмжээний улс төр Х.Баттулга, түүний багийнхнаас л гарна.

Дөрөвдүгээрт, Өвөрхангайг эс тооцвол Баянхонгорт АН “олонхи”, парламент талаасаа. Санаж байгаа бол 2016 оны сонгуулиар Х.Баттулгыг багаар нь унагаасан МАН-ынхан 2020 онд далаараа цэвэр тавиулсан. Г.Занданшатар УИХ-ын даргын “давхар дээл”-тэй тулдаа л намаасаа ганцаараа гарч ирсэн түүхтэй. Авлигын хэрэгт холбогдсон ч өнөөдрийг хүртэл халдашгүй эрхийнхээ халхавчинд яваа УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн Х.Баттулгын очсон газар бүрд шадар туслах шиг нь дагалдах болсон нь дахин нэр дэвших сонирхол байгаагийн илрэл. Гэхдээ Ерөнхийлөгч Х.Баттулгын дэмжлэг, иргэн Х.Баттулгын дэмжлэг хоёр өөр хоорондоо эрс тэс ялгаатай.

Ямартай ч “Хангайн бүсийн менежер хийе” хэмээн намынхандаа дуулгасны цаад шалтгаан, үндсэн зорилгыг дүгнэхэд иймэрхүү дүр зураг бууж байна. Үүссэн нөхцөл байдал, өнөөгийн дүр зургаас харахад хот гэхээсээ хөдөө, орон нутаг, Хангайн бүсэд тодорч, тойрч тойглохыг тэрбээр илүүд үзэх болсны ард мэдээж том шалтгаан бий. Гол нь хэзээ албажих нь нэр дэвшигчдийн сунгаа албан ёсоор эхэлж, намынх нь дотоод уур амьсгалд хэрхэн шуурга дэгдэхээс хамаарч таарна. "Монгол ялна" уриагаа "Хөх Монголын хөх туг" болгон өөрчилж, "Нам хамаагүй монголчуудын цугларалт шүү. Та нарыг дэмжинэ байх гэж бодож байна. Баялагтаа бид эзэн байх ёстой" хэмээн ярьж яваа нь үүний эхлэл, бас тандал бүхий бие халаалт юм.

UZEG.INFO