Халдвар
Манай Монголын засаглал дандаа ямар ч үзэл санаагүй буруу номын халдвар, халдлагыг дуртай шүүрч авах юм даа...Дээр өгүүлсэн вирусын болоод суртаалын халдварыг уухайн тас шүүрэн авч мунхаглалд идэгдэн эрх мэдэл, ноёрхлын гаж дон тусаад эдгэрэхээргүй болжээ.
Вирус (virus) гэдэг үг анхандаа тун ч зөрчилтэй утга санаа агуулсан үг байжээ. Ромын эзэнт гүрний үеэс л үгсийн санд нэвтэрсэн энэ үг нэг талаар могойн хор, нөгөө утгаараа эрэгтэй хүний үрийн шингэн гэсэн утгатай байсан байна.
Хүн болж төрөх үхэхийн шалтгаан нь ганцхан үгээр илэрхийлэгддэг байжээ. Эрин зуун ээлжлэн өмнөхөө мөхөөж, дараа үе нь нээгдэхийн дагуу вирус гэдэг үгийн утга өөрчлөгдөн олон хүн амьтныг хамарсан халдварт өвчин үүсгэгч бүхнийг нэрлэдэг болсон байна.
“Вирусын ертөнц” Карл Циммер (орчуулагч Э.Пүрэвдаваа) эндээс аванхайлан бодох аваас үхлийн аюултай халдварт өвчин үүсгэдэг вирусүүд орчлон дээр амьдрал шинээр үүсэх үргэлжлэх хамгийн чухал шинэчлэл болсон байх юм. Яг үнэндээ вирус гэдэгт устгаж сөнөөх, бүтээн босгох гэсэн хоёр утга зэрэг агуулагджээ.
Хүн төрөлтөн хяссан ч, эс хяссан ч вирусний бүслэлтэнд өнө мөнх байдаг. Хаа сайгүй л вирус бий. Өөрийгөө хамгаалаад өвчин тусах эсэх, туссан ч эдгээх боломж хамгийн түрүүнд хувь хүнд өөрт нь л буй. Аврал өөрт байнга байдаг юм. Цэвэрхэн, цэгцтэй ариун байхаас өгсүүлээд бүхий л боломж хувь хүний өөрийнх нь уураг тархи ухаан мэдлэгт бэлэн бий. Маш олон вирус эмгэг согогийг 7.5 тэрбум хүнтэй нь ачаалаад дэлхий нарыг тойрон эргэсээр л...
Хүн төрөлтөнтэй хамт буюу бараг төрөлсөн ижилсэх хэмжээнд шувуу, сармагчин, сарьсан багваахай зэргээс дамжин халддаг гоц ба гоц бус халдвартай папиллома, эбола, СДХВ, рино, зика, ХДХВ, SARS, MERS,Covid-19 зэрэг олон төрлийн вирус хүнийг өвчин эмгэгт өртүүлэхээс гадна бидний амьсгалдаг хүчилтөрөгчийг үүсгэхэд, дэлхийн халуун дулааныг тохируулахад ч вирусүүд тусалж байдгийг бид мэдэж авах нь зөв буй за.
ЗХУ-ын эрдэмтэд цагаан цэцгийн вирусний аюултай омгийг гарган авч, биологийн зэвсэг үйлдвэрлээд, цөмийн цэнэгт хошуунд хийж дайсан гэж тооцсон улс орнуудын нутаг руу харвахаар зэхэж байжээ. ЗХУ задран унаж биологийн зэвсэг үйлдвэрлэж байсан лаборатори нь ямар ч хяналтгүй орхигдон хаягджээ. Энэ бол бодит баримт. Ингээд бодохоор ковид-19 санамсаргүй алдагдав уу? Санаатайгаар хүн төрөлтөнд заналхийсэн биологийн зэвсэг үү? Энэ асуултын хариу удахгүй шийдэгдэж л таарна.
Үүнээс гадна “хаан сэнтий”-ний халдвар хэзээ ч эдгэдэггүй ужиг урхагтай юм байна. Социалистууд хувь хүний эсрэг юуг ч сэдэж чадах “цуснууд” л даа.
Дэлхий даяарх зүүнтнүүд, тэдний засгийн газрууд яаж ийгээд л хүний оюун санааг буртаглаж, эдийн засгийг сүйрүүлж, зөвхөн өөрсдөө хаанчлан суух бодлоготой нь нууц биш. Жишээ нь: НҮБ 17 настай Грета Тунберг охиноор (хүний гараар могой бариулж) сурталчилгаа хийж байгааг хүн бүхэн харсан байх.
Дэлхийн дулаарлаар хүн төрөлтнийг айлган сүрдүүлж, авилгалаар бизнесээ цэцэглүүлдэг, чихэн дүлий билгийн мэлмий нь эдгэрэхээргүй вирустчихсэн эрдэмтэд нэртэй сэхээтэнцрүүд шинжлэх ухааны нэрийг барин ололт амжилтыг нь гуйвуулан, хүчирхийлэгч засгийн газруудтай нийлж мунхруулгын суртаал хийдэг нь ил боллоо.
Дэлхийн түүхээс анзаарахад хэт хүйтэрсэн үед илүү олон хүн үхэж үрэгддэг баримт ч байна. АНУ-д 1993-2006 оны хооронд хэт хүйтнээс болж нэг сая тутамд 2.2, дэндүү халуунаас шалтгаалж нэг сая тутамд 1.3 хүн нас баржээ. Дулаанаас биш хүйтнээс айх болгоомжлох хэрэгтэй нь харагдаж байгаа биз. Дулаан уур амьсгалтай байх нь харин ч илүү хөгжиж цэцэглэн, улам их ургац авах боломжтойг түүхэн үйл явц нотолж байна.
Эдийн засгийн үр нөлөөгүй салхин сэнс, нарны хавтангуудаас цахилгаан гаргах тухай үзэл суртлын халдвар МУ-д халдаад эхэлчихсэн. Энэ нь гамшиг болно. Нарны хавтан гээч нь 1836 онд зохион бүтээгдээд хоцрогдсон эд. Түүнээс гадна 170-н жилийн туршид эрчим хүч үйлдвэрлэх гээд амжилт олоогүйн шалтгаан нь нарны гэрлийн нягтрал бага, үр нөлөө муутайгаас л тэр юм байна. Бичиг үсэгтэй хүн та (Н.Хасар-ын орчуулга) Иэн Плаймер-ын ”Сургуулиасаа хэрхэн хөөгдөх вэ?” номыг уншаад оюун санаандаа хургасан буртгаа арилгачих.
Вирусын халдварыг эмч, эрдэмтэд шинжлэх ухаанд бодитой ханддаг чадвартнууд учрыг нь олчих нь. Бас хувь хүн өөрөө ч өвчин тусахгүй байх, өвчилбөл бүрэн эдгэрэх бололцоо эзэн биед үргэлж л байдаг. Гэхдээ бие махбод дархлаа сул дорой хүн л халдвараас маш сайн хамгаалж, олны дунд орохгүй биедээ ариг гамтай байхад болоод явчихна. Яаж амьдрах, эдийн засгаа унагаахгүй байх зорилго чинь хувь хүнээс маш их хамаарна гэдгийг бүү март. Өөрийгөө хамгаалж өөрийнхөө төлөө тэмцэх эр зоригтой байя!
Харамсалтай, гамшигтай айхтар хэцүү нь тухайн үндэстний засаглал ямар замаар хөгжих хөлжихөөс л их зүйл шалтгаална. Манай Монголын засаглал дандаа ямар ч үзэл санаагүй буруу номын халдвар, халдлагыг дуртай шүүрч авах юм даа...Дээр өгүүлсэн вирусын болоод суртаалын халдварыг уухайн тас шүүрэн авч мунхаглалд идэгдэн эрх мэдэл, ноёрхлын гаж дон тусаад эдгэрэхээргүй болжээ.
АНУ-ын 78 настай социалист ерөнхийлөгчийн халдвар (Гретаг гэртээ урьдаг) манай 50 гарсан нөхөрт угаасаа төрөлхийн хүчирхийлэгч нян дээр нь хурдацтай наалдав. Тэрээр хүйтэн цуст капиталист сэтгэлгээ хэмээн баялаг бүтээгчдийг зүхэж, улаан өнгөө тодруулав. 2023 он гэхэд дэлхийг нэг удирдлаган дор оруулна, хувийн өмчийг үгүй хийнэ, төрийн өмч л ноёрхоно гэсэн санаархалтай Клаус Швабын толгойлдог “Давос”-ын коммунист халдвар миний нөхдийн толгойг эргүүлсээр...түрэмгийлсээр...
Дэлхийн дулаарал айлгалтын зэвсэг болж, ковид-19 хүний эрүүл мэндээс гадна эрх чөлөөнд түрэмгийлэн халдаж, улс үндэстний эдийн засгийг сүйрүүлж, зарим нэгэн заримдгуудыг сэтгэцийн эмгэгтэй ч болгож амжлаа. Энэ бүхнийг улс төрчид шамдамгай ашиглаж, сонгогдох ажлаа амжуулж, суудал сэнтийгээ зузаалж, хамсан нийлж, улс төрийн бохир савраар хувийн өмчид халдаж, дээрэм тонуул хийж байна. Улс төржилтийн болоод эрх мэдэлтний гаж халдвар хүн төрөлтөн болоод хувь хүнд заналхийлэх аюултай. Уг нь өнөөдөр 21-р зуун юмсан.
Манай улс төрчдийн хуйвалдаан хэрээс хэтэрч хүн зоныг талцуулан оюун санааг нь улам бузарлаж, хүний билгийн мэлмийг сохолж байна. Ард түмэн гэдэг үг чихэнд чийртэй сонсогдох боллоо. Ард гэдэг үг уг нь хууч ард үлдэх, ар талд байх гэсэн утга санаа юм билээ. Социалистууд ард+түмэн=ард түмэн болгож сурталдсаар зуун жил улиран оджээ. Ядуу ард гэх ялгаварлан гадуурхалт ч эндээс эхтэй. Ард түмэн гэж байдаггүй, хувь хүн гэж л бий. Хувь хүнээс л тэр нэр бүрддэг юм.
2021 оны ерөнхийлөгчийн сонгуулийн синдромын түймэр асаад улс төрчид бие биенийхээ нууцыг дэлгэж, нэг нь нөгөөгөө гүтгэн доромжлох хорт арга барилаа үргэлжлүүлсээр...
Өнөөгийн “нялх” ерөнхий сайд нь Ого Чавес болчихвол энэ улс Монсуэл болох аюул ойрхон байгааг сануулсу! Данхар төрийн гай их гэдгийг хэлсү!
Жич: Халдварт өртөөгүй аймаг сумдад танхимаар хичээллэхийг хорьж юугаа хийнэ вэ? Хүүхдүүдийнхээ сурах эрхэнд халдвараар далимдуулан халдаж хоёр жил шахам ертөнцийн хөгжлөөс хоцроож байгаагаа зогсоо!
2021 оны 02-р сарын 14
DR. MANIPAL
DR. MANIPAL
Зочин
ЗҮРХМОНГОЛ1989
zochin
Rq T1
mgl
Зочин
Б
Батбаяр
ЗҮРХМОНГОЛ
Зочин
Зочин
Зочин
Zochin
Dalannergui@gmail.com
Зочин
Зочин
сүрэг
УБ иргэн