ХАЛАГДСАН АЛБАН ХААГЧ
“Би энэ төрд 20 гаруй жил итгэж хамаг хүчээ дайчилж ажилласан нь эцэстээ ямар ч үр дүнгүй хоосон зүйл болжээ. Энэ ялзарсан монгол төрд дахин ажилд ороод ч хэрэггүй юм байна. Монголын энэ нийгэм дарга нарын нийгэм, олигархиудын нийгэм юм байна.Бүх юм тэдэнд үйлчилдэг юм байна. Шударга ёс, хууль ёс гэж алга. Монголд хаана ч очсон адилхан заваан, ёс зүйгүй явдал ноёрхдог юм байна. Ёс зүйтэй, шударга сайн дарга өдрийн од шиг цөөхөн байдаг юм байна. Авилгал, арын хаалга, гүтгэлэг, урвалт алхам тутам таарах юм даа" хэмээн бодлоо..
ХАЛАГДСАН АЛБАН ХААГЧ
өгүүлэл
Би жирийн л нэг төрийн албан хаагч. Намайг Баатар гэдэг. Хойд хөрш улсад их сургууль төгсөж хуульч мэргэжил эзэмшээд нэгэн аймгийн гүйцэтгэх захиргаанд хуваарилагдан очоод ажилласан даа. Наяад он бол өөрчлөлт шинэчлэлт өрнөсөн содон жилүүд байв. Би төрийн албанд ороод таван жил болоод байлаа. Ажлын туршлагатай ч болов, хамт олондоо нэр хүндтэй ч болов. Би ямар архи ууж, ажил тасалж,худал хэлж,хулгай хийсэн биш. Харин албан тушаал ахидаггүй юм аа гэхэд авдаг цалин маань нэмэгддэггүй байв. Анх надад хамгийн бага цалин буюу сарын 550 төгрөг өгдөг байлаа. Энэ цалин бараг өөрчлөгдөөгүй арван жил боллоо. Аав минь нэгэн сумын төрийн албан хаагч байсан хүн. Аав минь надад “Хүү минь, цалин голж болохгүй, ажил голж болохгүй. Төрийн бүх ажлыг хийж сурах хэрэгтэй. Хамгийн гол нь хүн чанартай, шударга байх хэрэгтэй шүү” хэмээн захидаг байсан юм. Би аав ээжийнхээ үгнээс гардаггүй их дуулгавартай хүүхэд байлаа. Насанд хүрээд ч аав ээжийнхээ сургаалийг дагадаг байсан даа. Нас залуу ч байж, ямар ч ажлыг гололгүй хийсээр төрийн ажилдаа туршлагатай болов. Хуулийн хэлтэст маань хуулийн техникум төгссөн нэг залуу, нэг бүсгүй, тэгээд би гээд гурван залуу ажилладаг байлаа. Хэлтсийн даргын орон тоо эзгүй байлаа. Хуулийн хэлтсийн даргыг аймгийн дарга томилохгүй их удаж билээ. Хэнийг хүлээгээд байсан юм бол доо.
Аймгийн дарга гэж нэг хахир хатуу коммунист “би л бүхнийг дийлнэ” гэсэн маадгар амьтан байлаа. Аймгийн дарга гэнэт нэг өдөр “Хуулийн хэлтсийн даргаар төрийн ажлын туршлагатай МАХН-ын гишүүн хүн томилсон. Та нар тэр хүнд сайн тусалж ажиллана шүү” хэмээн бидэнд мэдэгдлээ.Тэр хүнтэй бид гурван сар хамт ажиллаад үнэхээр бүтэхгүй нөхөр юм байна гэдгийг ойлгов. “ХААПС төгссөн, зоотехникч мэргэжилтэй МАХН-ын тэр гишүүн бол мангар архичин мөртлөө яагаад манай хэлтсийн дарга болчихов доо, золиг гэж” хэмээн хуулийн хэлтсийн бид гурав хоорондоо ярьдаг байлаа. Тэр нөхрийг Дорлиг гэдэг байлаа. Зоотехникчийн мэргэжилтэй золигийн тэр нөхөр баруун аймагт нэгэн сум - нэгдлийн дарга байсан юм байх. Түүнд хуулийн талаар анхны мэдлэг ч алга. Аймгийн даргын захирамж боловсруулах, аймгийн гүйцэтгэх захиргааны тайлан бичих зэрэг захиргааны бүх дотоод ажлыг би хийдэг байлаа. Дорлиг дарга бол жинхэнэ хутгуур матаасчин аж. Бидний талаар аймгийн даргад элдэв худал хов зөөдөг гэдгийг нь бид гадарладаг болов. Бас ан гөрөө хийж архи дарс уух дуртай нөхөр аж. Аймгийн даргын найз юм гэнэ.
Нэгэн хавар аав минь өвдөж нийслэл хот орж эмнэлэгт үзүүлэх шаардлагатай болов. Хэлтсийн дарга Дорлигт энэ тухай хэлж 3 хоногийн чөлөө авлаа. Би өндөр настай аавыгаа дагуулж хотод эмнэлгүүдээр явж шинжилгээ хийлгэж нэг мэдэхэд 7 хоночихжээ. Хоёр гурван эмнэлгээр орж шинжилгээ хийлгэж хариуг нь сонстол хорт хавдар гэсэн оношилгоо гарлаа. Мэс засал хийлгэх нь зүйтэй гэсэн эмчийн зөвлөлгөө гарлаа. Аав минь “Мэс засал хийлгэхгүй. Нутагтаа буцаж очьёо доо” гэлээ. Ингээд гэртээ ирж би ч ажилдаа очлоо. Дорлиг дарга их ууртай байна. “Чи яагаад хугацаандаа ажилдаа ирсэнгүй вэ. Чамайг ажлаас хална шүү” хэмээн зандарч байна. Би ч гачигдал зовлонгоо тоочлоо. Маргааш нь аймгийн дарга дуудаж байна гэлээ. Өрөөнд нь ортол аймгийн дарга их л ууртай сууж байна. “Чи яагаад гурван өдрийн чөлөө авчихаад долоо хоноод ирж байгаа юм бэ” хэмээн сүрхий загнаж байна. Би ч гачигдал зовлонгоо үнэнээр нь хэллээ. Аймгийн дарга надад хандаж “Хэлтсийн дарга чинь чамайг ажлаас хална гэсэн санал гаргасан. За яахав, чамайг нэг удаа харж үзье. Чамайг гурван сарын хугацаатай цалинг чинь 20 хувиар хасах арга хэмжээ авна шүү” гэлээ. Би ч энэ тэнэг хөлдүү даргатай тэрсэлдэж хэрэлдээд ч яахав дээ хэмээн бодож дуугайхан гарч явлаа. Хүний зовлонг мэддэггүй ямар хөлдүү дарга вэ гэсэн бодол толгойд эргэлдэнэ.
Наяад оны сүүлчээр юм даг. Нэгэн удаа улсын наадам дөхөөд аймгийн чуулган дээр тавих аймгийн даргын илтгэлийг боловсруул хэмээн аймгийн дарга Насанбат манай хэлтсийн дарга Дорлигт үүрэг өгчээ. Дорлиг дарга ч яахав ямар тайлан ч бичиж чадах биш, захирамж ч төлөвлөж чадах биш, дарга нарын үгийг дамжуулагч төдий хүн тул шууд л надад тэр илтгэлийг боловсруулах үүрэг өгөв. Би ч яахав илтгэл, тайлан, захирамж боловсруулахдаа гаргуун болчихсон юм чинь. Илтгэл, тайланд голдуу л аймгийн хөдөө аж ахуйн ажлыг бичдэг байлаа. Тэрхүү илтгэлийг би сайтар боловсруулж бэлэн болгоод хэлтсийн даргад өглөө. Ер нь аливаа боловсруулсан бичиг баримтыг хэлтсийн дарга эхэлж хянаад дээш нь аймгийн даргад өгдөг журамтай юм.
Нэг удаа өрөөнд нь ортол Дорлиг дарга миний бичиж өгсөн тэр илтгэлийн төслийг хуулаад сууж байх юм. Би ч дотроо “Аан, мань хүн миний бичсэн зүйлийг хуулж байгаа нь өөрөө тэр илтгэлийг боловсруулсан хүн болж өөрийн бичгийн хэвээр хуулаад аймгийн даргад би илтгэл бичлээ хэмээн хэлэх гэж байгаа юм байна” хэмээн бодлоо. Мань хүн энэхүү миний бичсэн илтгэл дотор “Малын хашаа хороог засаж сэлбэх шаардлагатай байна” гэсэн нэг өгүүлбэрийг мань хүн хуулахдаа “Намын хороог засаж сэлбэх шаардлагатай байна” гээд буруу хуулчихжээ. Тэр буруу бичсэн зүйлийг нь бичээч яг тэр хэвээр нь машиндаж аймгийн даргад өгөөд нөгөө аймгийн дарга нь аймгийн хурал дээр илтгэл тавихдаа яг тэр хэвээр нь уншчихаж. Бөөн хэрэг мандав. Мэдээж буруутан хүнийг хайж гарлаа. Дорлиг дарга ч яахав над руу бухаж гарлаа. Аймгийн дарга намайг дуудаж “Чи яагаад ийм эсэргүү юм бичсэн юм бэ” хэмээн уурсаж байна. Би ч болсон явдлыг үнэнээр нь хэлэв. Аймгийн дарга өөрийн найзаа өмөөрч намайг буруутгаж баахан загналаа. Энэ дарга нарт ер нь ёс зүй гэж хумсны чинээ ч алга юм даа. Нэг өдрийн дараа боловсон хүчин намайг дуудаж “Баатар аа. Чамайг аймгийн даргын захирамжаар ажлаас халсан” гэв. Би уурлахын оронд харин ч баярлав. Учир нь ийм тэнэг хөлдүү дарга нараас холдоно гэдэг эрх чөлөө шүү дээ хэмээн бодлоо.
Би тэндээс халагдаад ажилгүй нэг хэсэг удлаа. Би дөнгөж гэрлээд эхнэр хүүхэдтэй болж өрхийн тэргүүн болсон тул гэр бүлээ тэжээх хэрэгтэй байлаа. Аав минь тэр зун бие нь муудаж нас барлаа. Хангай шиг түшигтэй ааваасаа хагацна гэдэг хэцүү л юм билээ. Аймгаас хот руу шилжих гэхлээр нөгөө хорон санаат аймгийн дарга аймгаас хот руу шилжүүлсэн зөвшөөрлийн бичиг өгдөггүй. Аймгаас хот шилжих хүнд цэнхэр бланк дээр бичсэн тамгатай бичиг аймгийн гүйцэтгэх захиргаанаас авдаг юм. Тэр бичгийг аймгийн гүйцэтгэх захиргааны гишүүдийн хурлаар орж аймгийн даргын гарын үсэгтэй бичиг авч байж өөр аймаг, хотод шилждэг юм. Аймгийн аль нэг байгууллагын ажилд орох гэхлээр яагаад ч юм бэ хэн нэгэн хүн миний тухай аймгийн даргад матаас хүргэж тухайн байгууллага ажилд авахгүй болдог байв. Танидаг хүмүүс ажилгүй болсон намайг танихгүй болоод ч байх шиг. Миний ажилд оруулж өгсөн зарим хүн ч эргээд намайг танихаа байжээ. Хүмүүс ямар өчүүхэн сэтгэлтэй юм бэ. Цаг цагаараа байдаггүй. Юм өөрчлөгддөг шүү дээ. Ажилгүй нэг өдөр байхад ажилтай олон өдөр байж л таарна.
Тэгсээр ерэн он болов. Монгол орон ардчилсан улс болж иргэн бүр аль дуртай газраа шилжих эрхтэй болов. Би Улаанбаатар хот шилжихээр шийдлээ. Учир нь би хөдөө аймагт арван жил ажиллаад олигтой цалин ч байхгүй, сүүлдээ мэргэжлийн ажил ч олдохгүй, ердийн ажил ч олдохгүй болов. Орон сууц олдохгүй тул ганц эсгий гэрт гэр бүлийнхээ хамт толгой хоргодож байлаа. Аймгийн даргад би жил бүр орон сууц хүссэн өргөдөл өгдөг боловч өргөдлийг минь орон сууцны дугаарт оруулдаггүй , зөвхөн аймгийн намын хороо, гүйцэтгэх захиргааны дарга нар болон тэдний авгай, хүүхдүүдэд орон сууц олгодог байв. Хоёр нүүртэй дарга нар хорвоогоор дүүрэн байх юм даа.Удалгүй би нийслэл хот шилжиж нийслэлийн нэгэн дүүргийн Засаг даргын Тамгын Газарт Хуулийн Зөвлөхөөр ажилд орлоо. Учир нь миний мэргэжил төр эрхээр мэргэшсэн хуульч тул төрийн байгууллагад мэргэжлийн ажилд орох нь тун тохиромжтой байлаа. Нийслэл хотын дүүрэгт мэргэжлийнхээ дагуу ажиллаад таван жил болчихжээ. Миний ажилладаг дүүргийн Засаг дарга нь ноён нуруутай, хуулийн хүрээнд шударга ажилладаг сайн хүн байсан тул хамтраад ажиллахад урамтай сайхан байв.
Ерээд оны дундуур Монголд сонгууль болж ардчилсан нам ялж дүүргийн хуучин Засаг дарга маань ажлаа өгч оронд нь ардчилсан намын нэг нөхөр Засаг дарга болоод гараад ирэх нь тэр. Шинэ Засаг даргыг Даваажав гэдэг байлаа. Инженер мэргэжилтэй хүн гэсэн. Энэ хүн төрийн албанд анх удаа орж дарга болж байгаа ажээ. Монгол төр ер нь юү болоод байна вэ. Гэнэт тэнгэрээс буугаад ирсэн юм шиг нэг огт танихгүй шинэ дарга төрд гараад ирэх юм. Даваажав дарга хамт олны анхны хурал дээр “Би шинэ баг бүрдүүлж ажиллана” хэмээн мэдэгдэж байлаа. Удалгүй мань хүн дүүргийн Засаг даргын захирамж гэнэт олноор нь гаргаж манай дүүргийн өмнөх Засаг даргын Тамгын газрын бүх хэлтсийн дарга нарыг ажлаас халсан захирамж гаргачихжээ. Дараа нь бүх хуучин мэргэжилтнүүдийг ажлаас халах захирамж гаргаад эхлэв. Дараа нь дүүргийн бүх албан байгууллагын дарга нарыг ажлаас нь халав. Оронд нь ардчилсан намын гишүүн баахан хүмүүсийг ямар ч сонгон шалгаруулалт байхгүй ажилд авах нь тэр. Уг нь Засаг дарга захирамж гаргахдаа Хуулийн зөвлөх надаас тухайн захирамж хуулийн үндэслэлтэй эсэхийг надаар тодорхойлуулж би захирамжийн зөвшөөрөл өгч эсхүл алдаатай зүйлийг нь засаж хуулийн үндэслэлтэй болгож захирамж гаргадаг журамтай юм л даа.
Хэн нэгэн нь намайг шинэ даргад “Энэ Баатар гэдэг нөхөр чинь МАХН- ынхантай олон жил хамт ажилласан, МАХН-ын хүн шүү” гээд матчихсан сураг дуулдлаа. Уг нь би аль ч намын гишүүн хүн биш л дээ. Учир нь төрийн албан хаагч хүн нам бус байх нь тохиромжтой хэмээн би үздэг юм. Ер нь төрийн ажилд нам ямар хамаа байхав дээ. Шинэ Засаг дарга надаас нуугаад элдэв олон элий балай захирамж гаргаад л байлаа. Шинэ Засаг дарга надад тун таагүй хандаж байлаа. Бодвол би “дайсны талын хүн” болж таараад байгаа бололтой. Би нэгэн өдөр зориуд шинэ Засаг даргатай өрөөнд нь орж уулзлаа. Би өөрийн мэргэжил, ажилласан байдлыг танилцуулаад шууд “Та гаргах гэж байгаа захирамжаа надад үзүүлж хянуулах ёстой. Хэрэв хуулийн үндэслэлгүйгээр олон ажилтанг ажлаас халвал та шүүхэд дуудагдаж баахан хэрэг төвөг гарна шүү” гэлээ. Даваажав дарга над руу таагүй харснаа: - “Би шинэ баг бүрдүүлж ажиллана. Одоо бид өөрчлөлт шинэчлэлтийг хийнэ. МАХН-ын хуучин хоцрогдсон хүмүүсийг бүгдийг нь өөрчлөх болно” гэлээ. Би ч хуулийн ямар ч мэдлэггүй шинэ даргад хандан “Төрийн албаны хуулинд төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх ёстой” гээд заачихсан байдаг. Та ямар ч хуулийн үндэслэлгүйгээр төрийн ажилтнуудыг олноор нь хоморголон халах нь буруу шүү” хэмээн хэлээд өрөөнөөс нь гарлаа.
Маргааш өглөө нь намайг ажлаас халсан захирамж гаргажээ. Захирамжийг нь үзвэл ямар ч хуулийн үндэслэл байхгүй, үг үсэг утга найрлагын өчнөөн алдаатай, ажлаас гэнэт халагдсаны тэтгэмж олгох заалт ч байхгүй, бөөн эрхийн зөрчилтэй захирамж гаргажээ. Дүүрэг хууль зөрчсөн захирамж гаргавал дээд шатны Засаг дарга буюу нийслэлийн Засаг дарга тухайн дүүргийн захирамжийг хүчингүй болгох эрхтэй байдаг юм. Нийслэлийн Засаг даргад нөгөө хууль зөрчсөн дүүргийн Засаг даргын захирамжийг хавсаргаад би өөрийн өргөдлөө нийслэлийн Засаг даргад өглөө. Гэтэл нэг сарын дараа манай дүүргийн Засаг даргад хариу иржээ. Бичгийг нь үзтэл хуулиа мөрдсөн би буруутай болж, хууль зөрчсөн дүүргийн Засаг дарга зөв болжээ.Нийслэлийн Засаг дарга бас ардчилсан намын хүн болсон гэнэ. Тэгээд нэг ардчилсан намын гишүүн дарга нөгөө ардчилсан намын гишүүн даргаа зөвтгөж байгаа юм гэнэ. Ардчилал бол эрх чөлөө, хариуцлага, хууль ёс, шударга ёс хэмээн би ойлгодог. Гэтэл хууль зөрчих нь зөв гэсэн үг болоод явчихав. Шударга ёс, хууль ёсыг уландаа гишгэсэн энэ төр бүр завхарч дуусчээ. Надад Шүүхэд өргөдөл өгч дахин заргалдаж ажилдаа эргэн орж, ажилгүй байсан бүх хугацааны цалингийн төлбөрийг төлүүлэх эрх байсан л даа. Би гэнэт дургүй хүрч: “За, энэ хууль нь гууль болсон Монголд хэдхэн төгрөгний цалинтай ажлын төлөө Шүүхэд гомдол гаргаж зарга хийгээд ч яахав дээ. Адгийн зарга арав хоног гэдэг дээ. Зарга хийвэл баахан цаг алдах юм байна. Нэг хаалга хаагдвал нөгөө хаалга нээгддэг гэдэг.Би мэргэжлийн дагуу хугацаа алдалгүй шууд нэг ажилд оръё” хэмээн бодлоо.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт миний мэргэжлийн ажлын орон тоо байна гэсэн мэдээлэл сонслоо. Нийслэлийн Тамгын Газрын Хуулийн хэлтсийн дарга Гюльнарт өөрийн байдлаа танилцуулж ажилд орох талаар хүсэлт гаргалаа. Гюлнар дарга ч намайг дүүрэгт мэргэжлийнхээ дагуу Хуулийн Зөвлөхөөр ажиллаж байсныг сайн мэдэх тул “Манай хэлтэст хуульчийн нэг орон тоо гарсан. Таныг би ажилд авахад татгалзах зүйлгүй” гэв. Дараа нь Гюлнар дарга “Та манай нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Болдтой уулзаж саналаа хэлээрэй. Тэр хүн эцсийн шийдийг гаргана” гэв. Би ч дотроо баярлаж “За ямар ч байсан надтай хамт аймагт хамт ажиллаж байсан миний найз эдүгээ нийслэлийн Тамгын газрын дарга болсон Болдтойгоо уулздаг хэрэг. Тэр намайг сайн мэднэ.Одоо би мэргэжлийн дагуу ажилд орох нь зайлшүй боллоо” хэмээн бодов. Тэгтэл юү болсон гэж санана.Аймагт хамт ажиллаж байсан Болд найз маань “Манай нийслэлийн Тамгын газарт орон тоо байхгүй. Өөрт чинь ажил өгөх боломжгүй” гэдэг байгаа. Хүн гэдэг ямар сонин амьтан бэ. Тэр хүнийг анх аймагт төрийн ажилд ороход нь би төрийн ажлын талаар туршлагаа хуваалцаж төрийн ажлыг сайтар зааж их л тусалдаг байж билээ. Одоо тэр намайг бараг танихгүй болжээ.
12 сар би ажилгүй явав. Тэгж тэгж нийслэлийн нэгэн дүүргийн Прокурорын газар хуульч мэргэжилтэй хүн авч прокуророор ажиллуулна гэсэн мэдээлэл авч дүүргийн прокурортой уулзаж анкет, бусад бичиг баримтаа өглөө. Тэрхүү прокурорыг би таньдаг байсан юм. Тэр ерөнхий прокурор намайг судалж ажилд авах болно гэв. Тэндээсээ гараад төв талбайгаар алхаж явтал Удирдлагын академид хамт сурч байсан одоо нийслэлийн мэргэжлийн хяналтын ахлах мэргэжилтэнээр ажиллаж байсан Сүрэнтай таарав.Сүрэн бид хамт сурч байхдаа найзууд болж билээ. Би түүнд болсон явдлаа ярьж “Одоо би ажилгүй 12 сар боллоо. Сая л нэг юм ажил олж орох гэж байна. Нийслэлийн дүүргийн Прокурорын газар орон тоо гарч би дүүргийн прокурорын газар ажилд орох гэж анкетаа өгөөд байна” гэлээ. Бид хоёр жаахан ярьж байгаад явцгаалаа. Би 7 хоногийн дараа прокурор дээр очиж ажлын тухай асуутал дүүргийн Ерөнхий прокурор Цэнд гуай надад: “За, Баатар аа. Уучлаарай. Саяхан Улсын ерөнхий прокурор Ганбаярын албан бичигтэй Баяраа гэдэг хуульч залуу чиний ажилд орох гэсэн орон тоон дээр манайд ажилд ороод байна. Би Улсын ерөнхий прокурорын бичигтэй хүнийг яаж ч чадалгүй ажилд авлаа” гэх нь тэр. Сүрэн миний мэдээллийг ашиглаж тэрхүү Баяраа гэдэг найзаа ажилд оруулна гэж хэн санахав дээ. Ёстой нэг новшийн урвагч юм даа. Нэгэн удаа би Сүрэнтэй тааралдаж “Чи мөн ч хүн муутай амьтан юм даа. Миний орох гэсэн ажилд чи өөр хүн оруулчихсан байна лээ” гэхэд тэр “Өө тийм үү. Би чамайг тэр прокурорын ажилд орохгүй хэмээн ойлгосон юм шүү” гээд буруугаа хүлээсэн шинжгүй хээв нэг хэлээд яваад өгч билээ. Хүний чанар ямар их муудаа вэ. Итгэдэг найз нөхөд урвана гэдэг тун муухай сэтгэгдэл төрүүлдэг юм байна лээ.
Орон сууц байхгүй би1991 онд анх нийслэлийн Засаг даргаТэрбишд өргөдөл өгөв. Нийслэлийн Засаг дарга Тэрбиш “Таныг орон сууцны дугаарт орууллаа, та 888 дугаарт байгаа шүү” гэлээ. 2000 онд би нийслэлийн Тамгын газрын орон сууцны асуудал хариуцсан ажилтан Сувдтай уулзаж “Орон сууцны дугаар маань дөхөж байна уу” гэж асуулаа. Сувд “та одоо орон сууцны 45 дугаарт байгаа. Одоо мөд төрийн албан хаагчдын 200 айлын орон сууц Азийн хөгжлийн банкны зээлээр баригдаж ашиглалтад орно.Тэр сууцнаас танд хуваарилж өгнө.” гэлээ.Хэд хэд уулзаж баримт бичгээ сайн бүрдүүлэв. Гэтэл нэг өдөр тэрхүү орон сууцыг хуваарилж өгсөн гэсэн мэдээ дууллаа. Яаран очтол нөгөө Сувд байдаггүй. Яасан бэ? гэтэл өрөөнийх нь үүдэнд сууж байсан нэг авгай “Сувд өөртөө 3 өрөө байр 2 ширхэг, нэг “Ланд” автомашин аваад бүгдийг нь зараад АНУ руу явчихсан” гэв. Юү болсныг сайтар тодруулсан чинь тэрхүү 200 айлын сууцыг нийслэлийн ерөнхий менежер Бадамжав болон ажилтан Сувд нар авилгал авч хэн их мөнгө өгсөнд нь хуваарилан өгч дуусгажээ. Бадамжав өөртөө 52 орон сууц хувьдаа авч завшжээ. Сувд өөртөө авсан 3 өрөөтэй 2 орон сууц, нэг “Ланд” автомашинаа зарж АНУ руу зугтаажээ. Удалгүй Бадамжав үлэмж их хэмжээний валют хувьдаа авч гадаад руу зугтаажээ. Миний огиудас хүрч зэвүүцэл ихэд төрж нийслэлийн Засаг дарга Энхбаттай уулзаж хууль бус энэхүү явдлын тухай хэлье хэмээн бодож туслахад нь уулзах учраа хэлтэл “Дарга ажил ихтэй тул нэг ч хүнийг хүлээж авахгүй” гэдэг байгаа. Даан ч яав даа, монгол төр минь. Миний итгэж явсан монгол төр ингээд өчүүхэн ч итгэл үлдэлгүй хоосон орон зай болон хувирав. Хайран монгол төр, Хайран ард түмэн. Хайран итгэл найдвар.
“Би энэ төрд 20 гаруй жил итгэж хамаг хүчээ дайчилж ажилласан нь эцэстээ ямар ч үр дүнгүй хоосон зүйл болжээ. Энэ ялзарсан монгол төрд дахин ажилд ороод ч хэрэггүй юм байна. Монголын энэ нийгэм дарга нарын нийгэм, олигархиудын нийгэм юм байна.Бүх юм тэдэнд үйлчилдэг юм байна. Шударга ёс, хууль ёс гэж алга. Монголд хаана ч очсон адилхан заваан, ёс зүйгүйявдал ноёрхдог юм байна. Ёс зүйтэй, шударгасайн дарга өдрийн од шиг цөөхөн байдаг юм байна. Авилгал, арын хаалга,гүтгэлэг, урвалт алхам тутам таарах юм даа. Би ерөөсөө багын мөрөөдөл болсон Америк явах гээд үзье. Англи хэл бага сага гадарладагийн хэрэг юү билээ” гэсэн бодол толгойд зурсхийлээ. Гэртээ ирж гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлдлөө. “Би энэ монголын төрд хориод жил ажиллаад олигтой цалин авч байсангүй, албан тушаал ахиж байсангүй, та нарыгаа амьдрах тохитой орон сууцтай ч болгож чадсангүй. Нас гучин ес хүрлээ. Гэхдээ одоо надад дахин 10 жил гадаадад ажиллаж мөнгө олох хугацаа байна даа. Америк улсад очиж ажил хийхэд цалин нь манай эндэхийгээс олон дахин их юм байна. Америк явж ажиллах санаа надад төрлөө” хэмээн тэдэндээ хэллээ. Эхнэр маань зөвшөөрч байна. Ээж маань эргэлзэж байна. Хоёр хүүхэд минь бүлтэлзээд аавыгаа гайхсан харцаар харах аж. Эх орондоо би чадлаараа л ажилласан. Хэрэв төр маань зөв шударга тогтолцоотой, сонгон шалгаруулалтыг шударгаар явуулдаг байсан бол надад аль нэг яам, тамгын газарт ажиллах бүрэн чадвар байсан. Гэвч тийм боломж олдсонгүй. Монгол мөрөөдөл маань биелсэнгүй.
Би гадаад руу явахаар хатуу шийдлээ. Би гадаад паспорт авч гадаадын виз авахаар бэлтгэж эхэллээ. Сарын дараа АНУ-ын Элчин Яамны консулын ярилцлаганд орж Сан - Франциско хотын англи хэлний төвд сурахаар явах урилга, холбогдох бичиг баримт, банкинд зохих хэмжээний мөнгөн хадгаламжтай гэсэн баталгаа бичиг авлаа. Ярилцлаганд орсны дараа нэг сар болоод визний хариугаа сонсвол надад америкийн виз гарчээ. Америк мөрөөдөл надад төрөөд эхэллээ. Америк мөрөөдөл маань биелэх болов уу.
2021.12.20
/Доржийн СҮХБААТАРЫН “ ХУВИРСАН МОНГОЛ ХҮН” номноос авав /
Зочин
Зочин