БАГА ХӨРШИЙН ХЯМРАЛ БА СУРГАМЖ
Эдийн засгийн ядуурал, нийгмийн тэгш бус байдал, авилга, хээл хахууль газар авч, нийгмийн шударга ёс алдагдснаар олон нийтийн дургүйцэл өрнөдөг нь Казахстанд ч тэр, манайд ч тэр адилхан илэрч буй үзэгдэл ажээ.
БАГА ХӨРШИЙН ХЯМРАЛ БА СУРГАМЖ
Монголчууд бид 1932 онд тухайн үеийн удирдлагын алдаатай бодлогын эсрэг зэвсэг бариад боссон түүхийн гашуун түүхтэй улс. Төр, засаг нь алдаа, нугалаатай бодлогоо засахгүй явснаас олон мянган хүн амь насаа алдсан байдаг. Тухайн үед монголчууд бие биедээ маш хэрцгий хандаж, нэгнийхээ зүрхийг нь сугалж, гэдсийг нь хүүлэн, амийг нь хороож байжээ. Цус нэгэнтээ урсаад эхлэхээр бие биенээ үзэн ядаад аймшигтай байдал үүсдэг гэдгийг түүх харуулсан байдаг.
Яагаад энэ асуудал санаанд оров гэхээр 2022 он гарсаар манай хамгийн ойрын гурав дахь хөрш Казахстан улсад удирдлагынхаа эсрэг эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, хүчирхийлэл газар авснаас гадны цэрэг, зэвсгийн тусламж авахад хүрч байна. Тэгэхээр энэ орны хувь заяаны асуудал нэн ээдрээтэй болж байна.
Тэгээд хүн бүхэн өөр өөрийнхөөр дүгнэж, нэг хэсэг нь Казахстаны эрх баригчид, дарангуйлагчдыг, нөгөө хэсэг нь “гадаадад бэлтгэгдсэн террористууд”-ыг үзэн ядаж, талцан мэтгэлзэж эхэллээ.
Тусгаар улсын хөгжил нь гуравхан аравнаар тоологдох богинохон түүхтэй энэ орны хувьд төр улсын цаашдын хөгжил нилээд төвөгтэй байдалтай тулгарчих шиг.
Энхийг сахиулагчдын хүчин туслалцаатай улс төрийн нөхцөл байдал тогтворжлоо ч гэсэн цаашид энэ орны хөгжлийн чиг хандлага хэрхэн өөрчлөгдөх бол?
Тусгаар тогтнолоо хадгалж, биеэ даасан бодлоготой улс орон байж чадах болов уу?
Эсвэл Беларусь адил Их хөршийнхөө салшгүй дагуул улс (satelite) болон үлдэх үү?
Олон эрх ашгийн төгсөшгүй сөргөлдөөн дунд харийнхны ашиг сонирхлыг хамгаалсан бүлэглэлийн мөргөлдөөнд автан хөл толгойгоо олохоо байсан Сири, Ливи, Афганистан лугаа орон болох уу?
Энэ бол ХХI Зуун гарсаар Ойрхи Дорнод, Арабын ертөнц, Зүүн Европт өрнөсөн, төгсгөл нь үл ажиглагдах “Хаврын”, “Улбар шар” гэх мэт өнгөт хувьсгалуудын нэгэн феномен болж буй асуудал яах аргагүй мөн.
Казахстаны үйл явдлыг Монголд хуулбарлах гэсэн санаа оноо ил тод цухалзаж, Засгийн Газрыг огцруулах суулт, хөдөлгөөнүүд гарч эхэлж байна.
Тиймээс үнэхээр Казахстаныг даган дуурайж, төр, засгаа солих цаг Монголд тулж ирсэн гэж үү? Казакстаны адил нийгмийн эрэлт, олон нийтийн дургүйцлийн туйл нийгмийн хувьсгалд хүргэж буй үйл хэрэг үү? Монголын ардчилал өөрийн хүч нөөцийг бүрэн барж, нийгмийн хүчирхийлэл зайлшгүй болов уу? зэрэг олон асуулт гарч, хүмүүс тодорхой хариу эрцгээж, сошиалоор аялаж, олон янзын байр сууриа илэрхийлсээр байна.
Энэ тохиолдолд улс төр судлаач эрдэмтэн, гадаад харилцааны ажлын туршлагатай хүний хувьд өөрийн байр суурийг илэрхийллээ.
Ижил төстэй, гажуу содон зүйлс
Казахстан Монгол хоёр орны хувьд социалист систем задран унахад тухайн тогтолцооны хөдөө аж ахуй, түүхий эдийн хавсрага болсон, хоцронгуй хөгжлийн гараанаас гарснаараа ижилсдэг.
Монгол улс ЗХУ-ын “16 дахь Республик” гэж хочтой ч гэсэн НҮБ-ын бүрэн эрхт гишүүн, ЭЗХТЗ-ийн гишүүн байснаараа Казахстантай харьцуулахад бие даасан, тусгаар улсын түүхийн илүү туршлагатай орон байв.
Энэ ч утгаараа монголчууд Зүүн Европын ардчилсан өөрчлөлт, шинэчлэлийн үзэл санааг тууштай хүлээн авч, “Азийн ардчилалыналтан хараацай” болж, ардчилал, зах зээлийн эдийн засагт тайван замаар шилжин орсон давуу талтай. Гадны хэнээс ч асуухгүйгээр яг 30 жилийн өмнө Шинэ Үндсэн Хуулиа баталж, Парламентын ардчилал, зах зээлийн эдийн засгийг сонгосон түүхтэй.
Гэхдээ Монголд нийгмийг ардчилах, эдийн засгийг зах зээлд шилжүүлэх үйл явцад гажуудал гарч, эрх мэдэлд хүрсэн цөөнх ардчиллыг ашиглан эрх мэдлээ нэмэгдүүлж, нийгмийн баялагийн тэгш бус хуваарилалтыг бий болгосноор шударга ёс алдагдаж, баян ядуугийн ялгаа арилахгүй, нийгмийн гол хөдөлгөгч хүч болох дундчуудын эзлэх хувь хэмжээ дорвитой нэмэгдэхгүй байсаар байна.
Харин Казахстанд ардчилал хумигдаж, нэг хүний ноёрхол тогтож, түүний гэр бүл, тойрон хүрээлэгчдийн хязгааргүй эрх мэдэл нийгмийг эвлэршгүй хоёр хэсэгт хуваасан байна. Энэ нь тухайн орны өнөөгийн улс төрийн хямрлын гол шалтгаан болсон нь тодорхой.
Тэгэхээр эдийн засгийн ядуурал, нийгмийн тэгш бус байдал, авилга, хээл хахууль газар авч, нийгмийн шударга ёс алдагдснаар олон нийтийн дургүйцэл өрнөдөг нь Казахстанд ч тэр, манайд ч тэр адилхан илэрч буй үзэгдэл ажээ.
Гагцхүү Монголд ардчиллын нэг салшгүй хэсэг болох хүний эрх, эрх чөлөө Үндсэн хуулиар хамгаалагдаж, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө илүүтэй хөгжсөн тул нийгмийн шүүмжлэлт уур амьсгал хэвийн үзэгдэл болж, нийгмийн бүлэг, хэсгийн бухимдал, уур хилэнг саармагжуулах хүчин зүйл болж байдаг.
Харин Казахстанд хувь хүний эрх чөлөө хязгаарлагдмал байдаг нь энэ удаад нийгмийн бухимдлыг хүчирхийлэл болгон дэвэргэх гол хүчин зүйл болж өгчээ.
Үүнтэй холбоотой Өвөрлөгч ах дүүсийн ярьдаг нэг онигоог саначихлаа. Замын Үүдийн өлсгөлөн, ноос ноолууртаа баригдсан золбин нохой явж байгаад Эрээн орчихжээ. Тэнд Эрээний тарга цатгалан, өнгө зүстэй тэжээмэл нохойтой танилцаад хэд хоног хоёулаа нутгаа сольж амьдрахаар болсон байна. Хэд хоногийн дараа эргээд уулзжээ. Эрээний нохой “Танайд үнэхээр хэцүү юм байна. Өлсөж үхэх шахлаа. Танай эзэд чинь өөрсдөө идээд байгаа мөртлөө маньд юм хялайлгахгүй юм.” гэжээ. Гэтэл Замын Үүдийн золбин нохой “Танайд үнэхээр сайхан юмаа. Идэх юм элбэг. Эзэд чинь хаялага сайтай юм. Гэхдээ ганцхан зовлон байлаа. Ерөөсөө чөлөөтэй хуцаж болохгүй юм. Хаанаас нь мэдэгдэхгүй буудаж алчих гээд. Цатгалан үхэж байснаас, өлсгөлөн хуцаж явсан нь дээр юм байна.” гэсэн гэдэг.
Нээрээ бид ядуу, буурай ч шударга ёсны төлөө, нийгмийнхээ сайн сайхны төлөө өөрийн дуу хоолойгоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөтэйдөө баярлах учиртай аж.
Энэ удаа ч гэсэн би чөлөөтэй “хуцаж” байгаа хэрэг. Казахстанд бол “буудуулах” байсан бизээ. Тиймээс өнөөдөр Казахстаны “Ард түмний цаад зорилго бол парламентын засаглалтай болох. Хүн бүр тэгш эрх эдэлдэг, хүн бүр үзэл бодлоо хэнээс ч айлгүйгээр илэрхийлж чадахуйц тийм эрх чөлөөний төлөө тэмцэж байна.” гэж тэнд амьдарч буй Монголын иргэн М.Бауржан ярьсан байна билээ.
Сургамж, гарц
Дэлхийн түүхэнд хоёр ч удаа Их Гүрэн байгуулж явсан өөрийн баялаг түүхтэй, туурга тусгаар орны хувьд харьцангуй их туршлагатай манай орны хувьд бага хөршийнхөө улс төрийн хямралаас сургамж авч, хөгжлийнхөө бодлого, чиглэлд засал, засвар хийгүүштэй болж байна.
Эрх баригч улс төрийн хүчний зүгээс нийгмийн өмнө тулгамдсан асуудалд нухацтай хандаж, нам, бүлгийн явцуу эрх ашгийг огоорч, нийтийн эрх ашигт нийцүүлэн шийдвэрлэх нь чухал болж байна. Үүнд:
Нэг. Нийгмийн баялагийн хуваарилалтад эрх баригчдын гаргаж буй алдааг эн тэргүүн засах ёстой. Үүний үндсэн нөхцөл бол парламент, гүйцэтгэх засаглалын үйл ажиллагааны заагыг хатуу тогтоож, хууль боловсруулах, батлах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий УИХ-ын эрхэм гишүүдийг мөнгөний эрх мэдлээс холдуулах бодитой алхам хийх хэрэгтэй байна. Сонгодог парламентын тогтолцоотой ардчилсан орнуудад ийм зүйл байж болохгүй хууль бус үйлдэл гэдгийг манай Эрхэм гишүүд өөрсдөө ойлгох ёстой. Тиймээс шинэчлэлийг өөрсдөөсөө эхлэх эр зориг гаргах цаг болжээ. Эн тэргүүн 2022 оны төсөвт суулгасан “Тойрогын 4 тэрбум” гэгддэг 304 Тэрбумыг төсвийн тодотголоор хасаж, Хэнтий аймагт олгосон хэт ялгавартай хөрөнгө оруулалтын төсвийг зохист хэмжээнд хүртэл танах, гишүүдийн лоббидсон хөшөө, байгууламжуудыг төсвөөс хасах нь эхний тодорхой алхмууд болох учиртай.
Цаашид Улсын нэгдсэн төсөвт болон УИХ-ын гишүүдийн төсөвт оролцох оролцоонд Төрийн Аудитын зүгээс хатуу хяналт тавьдаг болох нь зүйд нийцнэ.
Энэ бол улс төрийн тогтолцооны шинэчлэлтийн зангилаа асуудал болно.
Хоёр. Нийгмийн тэгш байдлыг хангаж, дундчуудын нийгэмд эзлэх хувийн жинг мэдэгдэхүйц нэмэгдүүлэхийн тулд нийгмийн баялагийн тэгш хуваарилалтын гол зарчим болсон боловсрол, эрүүл мэндийн салбарын шинэчлэлт, санхүүжилтэд эргэлт гаргаж, бүх шатны боловсрол, эмнэлэгийн үйлчилгээг үнэ төлбөргүй болгох эхлэлийг тавих нь зүйтэй.
Хүүхэд бүрт нийгмийн гарал үүсэл, нас, хүйснээс үл хамаарч чанартай боловсрол эзэмших боломжийг тэгш олгох нь нийгмийн шударга ёсыг хэрэгжүүлэх гол нөхцөл гэдгийг мартах учиргүй.
Гурав. Ардчилал өөрөө төгс тогтолцоо биш. Нийгмийн тэгш байдалд хүрэх арга замын нэг төдий. Түүний гажуудал эргээд хүчирхийллийг төрүүлэх аюултай. Тиймээс эрх баригчид эрх мэдэл, ололт амжилтдаа эрдэлгүйгээр бодлого, шийдвэр бүхнээ олон нийтийн хяналт байгаа гэж ойлгож ажиллахгүй бол Назарбаевын алдааг давтахгүй гэх газаргүй.
Дөрөв. Хэт улс төржих, намчирхах, нутагархах, бүлэгэрхэх үзэгдэл төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хамгийн хор хохирол үзүүлсээр байгааг таслан зогсоох нь эрх баригчдын хийж эхлэх ёстой ажлын нэг болно.
Аливаа зөрчил, мөргөлдөөн, хямрлыг шийдвэрлэхэд түүнд оролцогч талуудын харилцан ойлголцлыг бий болгох, улмаар харилцан хүлээн авахуйц тохиролцоо, консенсуст хүрч байж асуудлын ард гардаг.
Монголчууд бидний хувьд Казакстаны үйл явдлаас эртхэн сургамж авч, Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар шат шатандаа үнэлгээ дүгнэлт гаргаж, гарц гаргалгааг олон нийтэд ойлгомжтой байдлаар тайлбарлах эхний алхам чухал байна.
Харин жагсаж, цуглаж, сууж эхлээд буй залуусын хувьд улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, нийт олонхийн эрх ашгийг урьтал болгож асуудалд хандаасай хэмээн зөвлөхийн ялдамд “хоточ нохой дүйвээнээр” гэдэг шиг юм болох вий хэмээн сэрэмжлүүлэх юун.
21-р Зуун гараад Ази, Африк, Зүүн Европын улс орнуудад өрнөсөн иргэний дайн, өнгөт хувьсгалуудын байдалд орохгүйн тулд монголчууд ухаанаа уралдуулах, бие биенээ ойлголцон нэгдэх, сайн муугаа ил тод ярих, ард түмнийхээ эрх ашгийг дээдлэсэн нэгдмэл бодлогодоо захирагдаж, нийгмийн харилцан ойлгоцлыг бий болгох гарцыг олж авах хэрэгтэй санагдана.
ОББЭЭ, Доктор Б.Энхмандах
2022 оны 01 сарын 7.
Зочин
Зүчи
Зочин
.
Зочин
АН- н гишүүн
бат
Зочин
Зочин
galuut
Tugs
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
гол юмыг дурьдсангүй
Зочин
Зочин
зочин
Зураач Лондон
Ш.Батхүү
Zochin
Оноч
Үнэнхүү
Зочин
Зочин
Ондор мэргэн
Зочин
Зочин
Бек
чулуун
Баатар
Баатар
Зочин
Зочин