Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Катарт үргэлжилж байгаатай холбогдуулан Катар руу даян дэлхийн нүд бэлчээд байгаа билээ. Тэнд ямар нэгэн диваажин, аз жаргал буцлаж байгаа мэт монголчууд төөрөлдөх явдал байх тул энэ улсын талаар, дэглэмийнх нь талаар тэр улсад хавсран суух Элчин сайдаар томилогдож байсны хувьд, Арабын ертөнцөд хэдэн жил амьдарсаны хувьд үнэн мөнийг өгүүлэхээр шийдэв. Энэ тухай 2013 онд хэвлүүлсэн номд минь ингэж оржээ.

Катар Улс 2003 онд манайхаас Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын VI бага хурал-ын даргалагч улсын сонгуульт албыг шилжүүлэн авч байсныг бид сайн мэднэ. Ардчиллын цөн түрсэн буюу хөрс нь бэхжсэн лалын, арабын цорын ганц улс нь Катар, лалын хатуу дэглэмтэй харгис оронд тооцогдохгүй юм байна гэх ойлголтыг дэлхий дахинд төрүүлчихээд өнөөдөр байж байгаа нь?!

2013 оны 6 дугаар сарын 25-нд Дохад болсон нэгэн үйл явдал Арабын ертөнц, улмаар лалын ертөнцийг бужигнуулах түүхэн үйл явцын эхлэл болсон байхыг үгүйсгэхгүй. Сирийн босогчдыг дэмжээд, Египетийн Мурсийг утсан хүүхэлдэй болгоод, Булангийн эмирт улсуудыг хошуучлаад байсан шейх Хамад бин Халифа аль–Тани гэгч амбицтай нөхөр Хааны суудлаасаа татгалзаж 33-тай хүү шейх Тамим бин Хамад аль–Танидаа хаан ширээгээ шилжүүлжээ. Өнгөц харвал хаант засагтай улсад байдаг л нэг ёслол. Харин оросын судлаач Дмитрий Мининий ажигласнаар, Эмирийн сүүлийн 3–4 жилийн бодлогод, ялангуяа Сирийн талаархи бодлогод нь Эмирийн гэр бүлийнхэн цэг тавьсан нь тэр үйл явдал гэнэ. Британийн эх сурвалжийн таамагласнаас үзвэл, Ойрхи Дорнод ба Баруун Азид элитүүдийг халж солих хоёр дахь давалгааны сэжүүр нь Сири дэх үйл явдал болж байна уу гэлтэй. Катар эхний жишээ нь, Таксимын талбайд өрнөсөн залуу түрэгүүдийн тэмцлээр Эрдоганыг дараа нь огцруулахыг үгүйсгэмгүй. Эмир огцрох зөвшөөрлөө Вашингтон, Лондонгоос очиж авлаа. Эмир Хамад бин Халифа 1997 онд бөөрөө солиулж байнгын диализад ордог байсан нь ажлаа өгөх шалтгаан биш. Тодорхой хэлбэл Сирийн Кусейр хотод зэвсэгт босогчид ялагдаж, Катарын асар их мөнгө салхинд хийссэнд хамаг учир оршиж байна. Босогчдоор энэ хотыг эзлүүлж аваад хийн хоолойг Катараас Европ руу Кусейрээр дамжуулан Газар дундын тэнгис хүргэх ёстой байтал нь тэр баларсан юм байна. Салафитуудыг дэмжээд лалын шашнаа мандуулна гэдэг нь ч худал болж таарлаа. Энэ бол Эмирийг огцруулах эхний шалтгаан; Дараагийн нэг шалтгаан нь Эмирийн нэр хүндийн уналт; Cирийн авантюрт зарцуулсан Катарын зарлага 3 тэрбум ам.доллар хүрсэн явдал бас нэг шалтгаан.

Арабын хавар-ыг хошуучлах гэсэн биш, Доха ийм их мөнгө салхинд хийсгэжээ. Хайран мөнгө минь гэх харуусал жирийн катарчуудын амны уншлага болжээ. Катар нь 2 сая хүрэхгүй хүнтэй, тэдний 12 хувь нь уугуул катарчууд (уугуул иргэд нь 300 000, 1.5 сая гаруй нь гадаадын хөлсний ажилтан, ажилчид), уугуул катарчууд онцгой эрхтэй, тэдний дуу хоолой Эмирийн ордонд хүрчээ. 

Эмирийн араас түүний нэг дүү Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд, бас нэг амбицтай шейх болох Хамад бин Ясим аль–Тани огцров. Энэ нөхөр Арабын хавар-аар дэндүү их дагнасан юмсанж. Тэрээр бүр “Арабын хавар-ын мотор” гэх хоч нэртэй болсон. Шашинжаагүй ба хагас шашинжсан араб нийгмүүдэд Лалын ахан дүүс-ийг дэндүү их тулгасан. Саудын Арабтай өрсөлдөж дээр нь гарахын тулд Иракт террорист боевик суннитуудыг дэндүү их санхүүжүүлсэн. Оросын судлаач Виктор Титовын үзэж байгаагаар, Дохагийн аэропорт дээр ОХУ-ын Элчин сайд В.Титоренког зодож дарамтлахыг санаачлагч нь Хамад бин Ясим гээд түүнд тохох ял зөндөөн. Засгийн газарт нь үл бүтэх, хахуульд идэгдсэн олон сайд байсан учраас бүрэлдэхүүнийг нь үлэмж өөрчилжээ. 

Энэ жижиг улс, цөөхөн хүн ам дэлхийн байгалийн хийн гуравны нэгийг хянаж, хий экспортолдогоороо дэлхийг гайхшруулдаг. ДНБ нь 183 тэрбум ам.доллар, хүн ам тутамд нь хуваавал нэг хүнд 100 000 ам.доллар ногдох нь дэлхийн дээд үзүүлэлт. Гэвч Сири дээр мөнгө гамгүй урсгаж байгаад катарчууд шүүмжлэлтэй хандах эрхтэй. Сириэс халдварласан уу, катарчууд улс төрийн эрх шаарддаг болж байна. Улс төрийн нам, ҮЭ, элдэв эвлэл холбоод, ТББ, жагсаал цуглаан бүгд хориотой боловч орон нутгийн сонгууль хийхээ зарлалаа. 2004 онд Эмирийн зарлигаар байгуулагдсан Зөвлөлдөх зөвлөл буюу парламент нь байна, гэвч сонгууль хийнэ гэсэн чимээ одоогоор алга. 

Катарын төрийн мэдлийн Al Jazeera ТВ-ийн сувгаар үг хэлэх эрх чөлөө гэдгийг бүх дэлхийд цацаж өгдөг, нутагт нь түүний үнэр ч байхгүй. WikiLeaks сайтад тавигдсан америкийн дипломат мэдээллээс үзвэл, Катарын эрх баригчид Al Jazeera ТВ-ийг бусад улсууд руу дарамтлах зэвсэг болгон ашигладаг бололтой. Сирийн тухай жирийн мэдээ цацаж байсныг нь 2011 оны 4 дүгээр сараас дээрээс нь хэргээр өөрчлүүлжээ. Al Jazeera ТВ-ийг тойрсон хэл ам, хэрүүл тасрахгүй. “Худалч камер” гэсэн хоч нэртэй ч болсон. 

Египетэд өөрийнх нь хэвлэл телевизүүдээс илүүтэй Al Jazeera л исламистуудыг дэвэргэн сурталчилдаг. Египетийн олон нийтийн мэдээллийн бүх хэрэгсэл Лалын ахан дүүс-ийн эсрэг байхад ганцхан Al Jazeera өөр өнцгөөс харж мэдээлдэг гэх баримтыг (гомдлыг гэвэл илүү ононо) эл хөдөлгөөний нөлөө бүхий лидер Иссам Арьян 2013 оны эхээр гаргаж тавьсан. Мурсийг хүчээр огцруулсны дараахи үйл явдлууд Арьяны зөв байсныг нотлосоор байна. Сумаар ганц л хүнийг алж болно, харин худалч камераар бүхэл бүтэн ард түмнийг алж болно гэсэн бичээс бүхий лоозон барьсан олон зуун хүн Каир дахь Al Jazeera ТВ-ийн байр руу халдсан билээ. Иракт мөн ялгаагүй суннитын талынхныг хэт сурталчилдаг 10 сувгийг 2013 оны 4 дүгээр сарын 28-нд хаасны дотор Al Jazeera-гийн нэр цохиж явав. Хүчирхийллийг дэвэргэдэг, ардчиллын үйл явцад харш, хуурамч мэдээллээр дүүрэн сектант ТВ гэсэн ял зэмтэйгээр Иракаас хөөгдөв. 

“Худалч камер” гэсэн хоч нэртэй болтлоо дэлхийн мэдээллийн зах зээлийг залхтал нь эзэгнэх мөртлөө Катартаа ам үдээтэй. Илүү дутуу үг яриа гаргавал Эмир ба түүний гэр бүлийг доромжилсон хэргээр нэг сая риалын (275 000 ам.долллар) торгууль төлөх нь өлхөн. Катарын нэг эрдэмтэн “Катарт хүмүүс мөн л реформыг хүсч байна” гэсэн гарчигтай нэг ном бичээдэхсэн чинь тас хориглогдож, өөрөө гадагшаа дүрвэж, катарын яруу найрагч нэг нөхөр чөлөөтэй сэтгээдэхсэн чинь 2011 онд бүх насаараа хорих ял сонссон гэх мэт жишээ буй. Сири дэх ардчилал, эрх чөлөөний төлөө тэмцэгч Катарын Эмир Арабын хавар-ыг элдвээр хөхиүлэх хэрнээ Катартаа тийм явдал гаргуулахгүйн төлөө үхэн хатан тэмцэнэ.

Булангийн орнуудын эдийн засгийн өсөлт, хангалуун амьдрал нь өрнөдийнхний хүний эрх, ардчиллын шахалтаас өөрсдийг нь улам бүр баталгаатай хамгаална гэдгийг Катар ёстой нотлох шиг болно.

Катарын гадаад бодлого, байр суурь хөршүүдэд нь төдийгүй, ойрын холбоотнуудад нь ч тодорхойгүй, барьцгүй байна. Катар нь Бахрейны Хааныг элдвээр дэмжинэ, учир нь тэр суннит, гэтэл шиит–алавитууд төр барьж буй Сирийн БНУ-ыг нураахын төлөө ажиллана. Саудын Араб, АНЭУ, Оманы монархууд катар коллегоо хоёр нүүрт гэж нэрлэнэ. Тэр ч бүү хэл Саудынхны оролцоотойгоор 2012 оны 4 дүгээр сард төрийн эргэлт хийх оролдого гарч бүтэлгүйтсэн. Al Arabiya ТВ-ээр тэр үед үзүүлж байснаар бол, Эмирийн торгон цэргийн 30 офицер Эмирийнхээ ордон руу зэвсэглэн дайрах гээд илчлэгдсэн.

Тодорхойгүй, барьцгүйн дээр ихээхэн амбицтай нь Египет дээр бүр ч тод томруун харагддаг. Ерөөсөө Эмирийг огцруулсан явдал Лалын ахан дүүс-ийн төлөөлөгч Мурсийн бүтэлгүйтэлтэй холбоотой гэх дүгнэлт англи нийтлэлч Саймеон Керр хийжээ. Мурси огцорсон нь Катарын улайрсан гадаад бодлогын нэр хүндэд том цохилт боллоо хэмээн тэр нийтлэлч бичжээ. Мубаракаас хойш Египетийг дэмжих явдал хэрээс хэтэрч, Умард Африк дахь исламистуудыг Доха бүхэлд нь санхүүжүүлж, санхүүжилтийн төв нь Каир болж хувирсан аж. Персийн булангийн баян орнуудаас хэн нь ч тэгж санхүүгийн өгөөмөр тусламж Египетэд үзүүлээгүй байтал Лалын ахан дүүс-ийг ялуулах гэж, ялсных нь дараа тогтоож байх гэж 8 тэрбум ам.доллар Катар урсгажээ. Мурсийг ашиглан Египет–Газын хилээр Катарын Эмир 400 сая долларын буян үйлдчихсэн нь одоо өр болон түүнийг огцруулах шалтаг болжээ. Палестиныг өөд татах гэсэн тэр сайхан сэтгэл салхинд хийслээ. “8 тэрбум+400 сая доллар=Үр дүн байхгүй”. Мурси улс төрөөс зайллаа. ХАМАС дэмжлэггүй хоцорлоо. Египет хилээ хаалаа. Ганц Египетийг угжаад байсан юм биш, 7 тэрбум доллар Ливи, Сири, Газын зурвас дахь исламистуудад очсон. Гэлээ гээд Арабын автократ дэглэмүүдийн суларсан орон зайг катарын улс төрийн ислам мөн л эзлэн авч чадсангүй.

Египетийн шейх Юсуф аль-Кардави гэгчээр Катарын Эмир 10 гаран жил утсан хүүхэлдэй хийж, тэр нь ч улс төрийн исламынхаа гол баазыг Булангийн орнууд гэж үздэг болчихсон байснаас үүдэн Египетийн нөлөө орж ирэхээс болгоомжлох явдал Катарын хөршүүдэд аяндаа бий болсон. Тахрирын талбайд ялалтын баярын мөргөл удирдаж ном тавьж явсан шейх Юсуф аль-Кардави бол хүчирхийллийг уриалан дууддагаараа зартай нэгэн. 2011 оны хавар Каддафийг шууд устгахыг уриалан дуудсан ба лалын ертөнц тэр чигтээ Каддафийн эсрэг эргэжээ гэх ойлголт төрүүлэхээр Al Jazeera ТВ тэр ламын уриалгыг шүүрэн авч мэдээлж байв. “Боломж л олдвол гох дараад Каддафийг шууд буудаж алахыг цэрэг нэг бүрт уриалж байна” гэж тэр шейх бүр шууд хэлж байжээ. 

Ардчиллыг хүсэгч араб либералууд Катарыг “теократ трояны морь” хэмээн хочлож Катараас зай барьсан. АНЭУ одоо Лалын ахан дүүс-тэй үг хэлээр байлдаж, далимд нь Юсуф аль-Кардавийг дэмждэг өөрийн исламистуудаа нухчин дарж эхэллээ. 2012 оны Египетийн Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд Мурситай өрсөлдөн багахан хувийн зөрүүгээр ялагдсан Ахмед Шафик (Мубаракийн нэг сайд) сонгууль дуусмагц Абу Даби руу дүрвэж очсон нь цаагуураа Катарт дургүйгээ АНЭУ илэрхийлсэн хэрэг гэж үзэж болохоор юм. Нэг үгээр бол 300 мянгахан катарчууд олон зуун сая хүн ам бүхий энэ улсуудад, тухайлбал Египет, Алжир, Сири, Иракт идэвхтэй гадаад бодлого явуулах гээд бүтэлгүйтэж байна. Хөрш бөгөөд Арабын хойгийн хамгийн хүчирхэг, “G-20”-ийн гишүүн Саудын Арабтай мөчөөрхөөд түүндээ ороогдлоо.

Барьцгүй, амбицтайн дээр үрэлгэн гадаад бодлогоо засахаас шинэ Эмир Тамим бин Хамад аль–Тани ажлаа эхлэх нь тодорхой. Ялангуяа гадаад бодлогоосоо авантюр бодлогыг нь салгаж, зөөлрүүлэх, улмаар хасах чиглэлээр ажиллана. Тэгэхдээ сууриар нь өөрчлөнө гэж байхгүй, тэгэх ч боломжгүй. Хөршүүддээ, араб ертөнцдөө халгаатай энэ жижиг орныг Ойрхи Дорнод дахь стратегийн ашиг сонирхлынхоо гинжин урвалд АНУ хав барьчихаад байгаа тул Эмирийн засаглал хүчтэй, бат бөх оршин тогтноод байгаа юм. Катар дахь цэргийн хоёр баазад америкийн 13 000 цэрэг байрлаж байна. Абу Наклах аэропортын ойролцоох Аль-Удейд баазад АНУ-ын зэвсэгт хүчний Төв командлалын агаарын ба сансрын операцыг удирдах 609-р төв бий. Хилийн чанад дахь америкийн цэргийн иймэрхүү төрлийн 4 том төвийн нэг нь. Гэхдээ энэ баримт Катар–АНУ-ын хооронд мөнхийн найрамдал байх болно гэсэн үг биш. Огцорно, хаан ширээгээ хүүдээ шилжүүллээ гэдгээ Эмир Вашингтон, Лондонд өргөн мэдүүлж, зөвшөөрөл авч тохиролцсон ч гэлээ шинэ Эмирийг нэг л өдөр ардчилсан бус, дарангуйлагч гэсэн пайз наагаад ардын бослого сэдээд аваад хаяхыг хэн ч хорихгүй. Учир нь 2016 оноос Катар, АНУ хоёр занарын төлөөх өрсөлдөөнд шууд халз орж явчих ажгуу. 

Хөндлөнгийн нэгэн жишээ. Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын VI бага хурлын дарга Катарт төрийн мэдлийн ганц их сургуульд нь Засгийн газрын шугамаар анхныхаа монгол оюутныг манай улс 2010 онд илгээв ээ. Миний Элчин сайд байхдаа хөөцөлдөж бүтээсэн ажил байв. Монгол ганц оюутныг эхний нэг жилд нь ёстой тансаглуулав. Зүйрлэвээс 4 одтой буудал шиг дотуур байр, зарц үйлчлэгчтэй, өдрийн гурван хоол цаанаасаа, дээр нь сар бүр 400 ам.долларын ханшаар гарын мөнгө гэж тэтгэлэг олгоно. Жаргасан тэр монгол оюутан 1-р курсээ төгсгөөд нутагтаа амраад эргээд очтол хэрэг бишдэв. Сургалтын төлбөр гээд арван хэдэн мянган ам.доллар тавьчихаж. Хоол хош байхгүй, оюутны байрны хөлс өндөр. Учрыг нь олохоор хөөцөлдвөл мусульман биш учраас 2-р курсээсээ төлбөртэй сургалт руу яв гэдэг хуультай гэнэ. Нөгөө оюутны аав нь өр тавьж төлбөр (30 гаруй мянган ам.доллар) хийчихээд сурч байтал Деканы газраас дуудуулжээ. Энэ их мөнгөний гачлангаас гарах ганцхан мэргэн арга байна: Даруй л мусульман болчих, тэгээд л бүх жаргал буцаж ирнэ гэв. Тэр ч бүү хэл ойролцоох мечетийн хамба нь цоо шинэ жиип машин бэлэглэхээр амлаж бүр цонхон дор нь авчирч тавьчихаад мусульман болчих миний хүү хэмээх ятгалгаа бүтэн жил үргэлжлүүлэв. Мань хүн тэр ятгалга дарамтаас залхаад хичээлээ хаяад эргээд ирэв ээ. Засгийн газрын тэтгэлэг өнгөрөв. Катарын төрийн мэдлийн толгой ганц их сургуулийн чин хүсэл (эрхэм зорилго нь?) нь: мусульман биш гадаадын ганц гэлтгүй оюутныг лалын суннитын шашинтан болгож, катарын соёлд элсүүлж, исламын хамтын нийгэмлэгийн сайн сайхны төлөө сэтгэдэг ажилладаг болгох, медрес мечетьдээ давхар шавдан суралцуулах явдал юм болов уу. Энэ ч гэсэн Катарын гадаад бодлогын нэгээхэн хэсгийн нотолгоо нь гэж ойлгоорой!