Карантинд өнгөрүүлсэн өдрүүд - Хоёр дахь өдөр
Гадаадад байгаа Монголчуудаа авч ирэх үйл ажиллагаа эрчимжиж, олон мянган хүмүүс ирж байгаа тул 3 сард карантинд байхдаа бичиж байсан өдрийн тэмдэглэлүүдээ оруулахаар шийдэв. Эх нутагтаа ирэх гэж хүмүүст бага ч болов мэдээлэл болох байх. Гэхдээ аль 5 сарын өмнөх мэдээлэл гэдгийг анхаараарай.
Засаг төрийн буянаар Санзайд “сайхан” газар иржээ. Битүү цас, модон дунд цонхоор үлгэрийн юм шиг л харагдаж байна. Даанч хаалгаараа хамраа ч цухуйлгах эрхгүй л дээ. Хоёр дахь өдрөөс хоол нь халуун болоод чанар нь илт сайжирч байна. Гоё гоё хоол ирвэл нүүр номны Тэйст ит групп дээрээ орууламз:) Жаахан байхад ээжийн хийж өгдөг байсан сүүтэй цагаан будаа өглөөний цайнд ирэв. Гоё хоолонд нь баярлаад, дулаацаад карантинд байгаагаа цухас мартах шахаж байна лээ. Жижигхэн юманд баярладаг хачин хүн шүү би нээрээ. Өрөөний хэд маань гэр оронтойгоо утсаар ярьж, мэдээлэл аван, эргэлтээр дулаан гутал, хувцас, хөвөнтэй дээл, ойр зуурын юмаа захиж байна. Дагаад ах руугаа ярьж ахуйн хэрэглэл авчруулав. Өдөр манай өрөөний бүх хүмүүс рүү Халдвартаас ээлжлэн залгаж, хаашаа явж, ямар маршрутаар ирсэн тухай, хэд хоносон, юу хийсэн тухай нарийвчлан асуув. Мэдээлэлгүй орчинд орж, гадаад ертөнцөөс таслагдахаар хүн бие биенийхээ ярианд сонголтгүй итгэж, тэр хэрээр ярианд нь дэм эрч өгөөд хуйлруулж явдаг юм байна. Энэ хэрээр баталгаат бус мэдээлэл, хов жив тархах эрсдэлтэйг би мэдрээд авав. Энэ янзаар удвал хов живэнд учиргүй дуртай болох шинжтэй кккк.
Орой анх удаа эмч нар орж ирээд халуун хэмжив. Манай өрөөнийхөн бүгд зүгээр гарсан ч дотроо аа чи Японоос ирсэн, аа чи Солонгосоос ирсэн жаахан бие биенээсээ сэжиглэх маягтай хэвээр л байна. Ядаж байхад Халдвартын эмч бүгд рүү нь утсаар ярьж хаашаа яваад хаагуур дамжаад Монголд ирснийг утсаар бие биенийхээ хажууд ярьсан болохоор өөөө чи чинь голомттой газраар бүр явж өгсөн байна шүү дээ гээд маскаа гаргаад зүүнэ билээ хажуу орныхон хэхэ. Эхний өдрийн тэмдэглэл уншаад чатаар таньдаг, таньдаггүй хүмүүс нэлээд олон зүйл асуусан байсан. Ажиглалтанд хаана, яаж оруулахыг мэдэхгүй. Гэхдээ хөгшин настай, жаахан хүүхэдтэй хүмүүс миний байгаа газар байхад хүнд. Даарна, ханиад хүрэх эрсдэлтэй, халуун усгүй олон хоног байвал шууд зутарна. Үүнийг бол энд байгаа хүний хувьд баттай хэлж чадна. Тийм хүмүүсийг өөр газар хуваарилах байх гэж бодож байна. Ор дэр, цагаан хэрэглэл нь цаанаасаа байсан. Бүр даараад болохгүй бол гэрээсээ зузаан хөнжил захиж болно гэж эмч хэлсэн. Манай өрөөнийхөн бүгд хувцастайгаа бүхлээрээ унтаж байгаа. Гэртээ байгаа юм шиг хувцасгүй унтвал хөлдөнө.
Манай онгоцны 20 гаруй хүмүүс бүгд нэг байранд нэг давхарт байрласан бололтой. Дараагийн онгоцоор ирсэн 50 гаруй хүмүүсийг маргааш нь авч ирэн хажуу байранд тусгаарлажээ. Тэр 50 гаруй хүмүүсийн 10 гаруй нь нийлээд бослого гаргаж байгаа тухай тагнуулын мэдээ өрөөнд маань нисээд л ороод ирж байна. Гэртээ харина гээд хэдэн намбагүй ах, эгч нар хальт зохион байгуулалтад ороод бужигнуулж эхэлсэн бололтой. Хурдан хариу өгөхгүй бол тэмцлийн дараагийн хурц хэлбэрт шилжинэ гэсэн юм уу даа бас. Ямар азаар тэр хүмүүстэй нэг байр, нэг давхарт ороогүй юм. Хайртай хүмүүсээ, улс орноо боддоггүй, эрсдлээ тооцож мэддэггүй ийм хүмүүс бидний дунд ийм олноороо байгаа нь тун харамсалтай. Тэр дундаа залуус бидэндээ үлгэрлэх ёстой ах, эгч нар ийм орк зан авир гаргахаар уур хүрэхээс илүү гомдох юм.
Бид өрөөнөөсөө ч гарах эрхгүй. Зөрчлийн хуулиар өчиггүй торгуулна. Тийм юман дээр ирсэн оройноо гарын үсэг зурсан. Энд зургийг нь хавсаргав. Өрөөнөөс гарахгүй учраас хоол дандаа зөөж авч ирнэ. Хоол авч ирж байгаа эгч заримдаа маскгүй орж ирэх юм. Бид ч маскгүй өрөөндөө хааяа байх үед таараад уучлаарай бид маскаа зүүхээ мартжээ, та маскаа зүүж байгаарай гэхэд “Заа тусахаа тусбал дороо тусна даа, та хэдээс одоо сэжиглээд яах билээ” гэх. Тэрийг нь сонсоод сэтгэлийн сайхныг нь бишрэн хүндлэх ч нөгөө талаасаа хэнэггүй монгол зангийн илрэл гэж ойлгогдоно. Бид нарыг халууныг үзэн ажиглаж байгаа, хоол хийн зөөж өгч буй тогооч эгч, бүсгүйчүүд бүгд бид нартай адил 14 хоног энд хорионд ажиллахаар томилогдсон байна. Бүгд л бас гэртээ харих эрхгүй, нөхөр, хүүхэд нь гэртээ хүлээж байгаа. Ялгаа нь бид бэлэн хоол зөөлгөөд, гэдсээ илээд хэвтэж байгаа бол тэд өдөр шөнөгүй ажиллан, бидний хоолыг бэлдэн, ажиглалтаа хийн борви бохис хийлгүй хөдөлмөрлөж байна. Тэдний ажилд дараа болохгүй, аль болох дэм болоод энэ хоногуудаа өнгөрөөх юмсан даа гэж чин сэтгэлээсээ хүсэн каринтийлж байна даа. Хайр хүрээд заримдаа тогооч эгч мэгчтэй сэльфи ч хиймээр санагдаад тэнэг зан үе үе хөдлөх гээд байх юм ккк.
Үе үе тоглоом наргиа хийж өрөөний хэдээ инээлгэж аваад өөрөө хамгийн түрүүнд орондоо ороод унтаад өгсөн. Манай хэд шөнө 12 хүртэл буу халж хоносон гэнэ лээ. Овоо бие биенээсээ сэжиглэхээ бага багаар больж л байх юм шиг байна. Сэжиглэхээр чи одоо юун сүртэй юм гээд уурлах гээд бас хэцүү юм. Умгар өрөөнд бие биенээсээ зугатаад угаасаа хаа ч холдох билээ дээ.
Цаг ашиглаад Токиод хийсэн Синдикат ярилцлагаа шивээд дуусгалаа. Нэвтрүүлэг ирэх даваа гарагт Боловсрол ТВ-ээр цацагдсаны дараа сайтуудад текстээ өгөхөд бэлэн болсон. Уг нь нэг цагийн яриаг буулгахад 10 орчим хуудас болдог бөгөөд би шивэхдээ дунджаар 3-4 цаг зарцуулдаг. Каринтинд байгаа болохоор цагаа хурдан өнгөрөөхийн тулд ярилцлагаа хайрлан хайрлан хамаг удаанаараа тухтай гэгч нь шивлээ. Японы тэрбумтан гэгддэг, Монголд хэдийнэ хөрөнгө оруулсан, жинхэнэ утгаараа нийгмийн энтрепренер эрхэмтэй сонирхолтой яриа өрнүүлсэн байгаа шүү. Доорх холбоосоор орж үзэж, бас уншаарай.
http://baabar.mn/article/nuluulliin-khurungu-oruulalt
Удахгүй KDDI-д ажиллаж буй Монгол залуусын яриа, Токио хотын хамгийн том дүүргийн даргын яриагаа шивээд бага багаар сайтын булан дээрээ оруулна аа. 14 хоногт бүх ажлаа жигд хуваарилахгүй бол уйдаад үхэх юм байна. Энэ ярилцлагуудыг дараах холбоосоор орж үзээрэй, бас видеогоор нь үзэж болно.
http://baabar.mn/article/zaluu-khun-orchnoo-solij-uuriiguu-sorij-uzekh-kheregtei
http://baabar.mn/article/mongol-zaluusiin-dawuu-tal-bol-khurd-ene-bol-khugjliin-khurd
Гэснээс бид нараас мөнгө авахгүй гэж эмч хэлсэн. Бид нарын өдрийн төсөв 50000 төгрөг орчим гэсэн мэдээллийг бас хажуу орны хүн хэлнэ билээ. Халуун усгүй л хэцүү байна даа. Халуун баннд хэвтэхээ болъё оо гэхэд ядаж сэгсийтэл сайхан шүршүүрт орох юмсан даа. Үзлэг хийх гэж орж ирсэн эмч бүсгүй би ч бас усанд ормоор л байна. Энд ажиллаж байгаа бид хэд та нартай яг адилхан нөхцөл байдалтай байгаа шүү гээд цаагуураа намайг битгий жон жон гээд бай гэж буй бололтой хэлчихээд гараад явсан. Дахиж жон жон хийхгүй ээ. Хуучин хөдөө гадаа явахдаа ганц ширхэг нойтон сальфеткаар бараг л усанд ороод хамаг юмаа болгодог л байсан даг. Усаа халаагаад бүх юмаа болгоно доо. Чадах юм чинь:)
Гэснээс нүдний шил арчдаг нойтон сальфеткаа задлангуудаа нүдний шилээ, хажуугийн хүний нүдний шилийг, гар утсуудаа, комьютерээ бүгдийг нь арчиж дуусаад, хатахаас нь өмнө өөр юу арчих уу гээд энд тэнд арччих юм хайгаад муухай депресстэй тэр муу шилний нойтон цаасыг задалдаг болсон байна лээ. Гар салгалаад л хаха. Хатчихсан байхад л амаараа хаа хааааа гээд чийгшүүлмэр аядаад дахиад юугаа ч арчих гээд байгаа юм. Энэ муу нябо зан ерөөсөө тавигдаж өгөхгүй юм аа хааяа. Юмыг яаж мэдэх вэ гээд зочид буудлаасаа гарахдаа авсан цай, кофе аминд орж байна даа харин чиг нэг. Ингэж бодохоор нябо зан маань хэрэгтэй ч юм шиг.
Маргаашнаас энэ газраа улам бүр ээнэгшин дасах бололтой.
Үргэлжлэл бий...
Уншигч
Иргэн
zochin