Хүмүүний эрх, эрх чөлөөг үл тоон дэвсэлж байгаа нь коммунист арга, социалист заль, фашист сүрдүүлэг, националист туйлшралд автагч төрийнхөн эрх мэдэлдээ эрдэж, өс хонзонгийн чөдөр зангидаж, үнэнтэй нүүр тулахаас айсандаа элдэвлэж, хий хөөрцөглөж, эмгэнэлийн хаалгаа чахруулсаар... Яг үнэндээ өнөөгийн улстөрчинцөрүүд бүгдээрээ гэмт хэрэгтнүүд-Хадгаламж банкны 14 тэрбумаас хөвөрнө дөө... 01-ээсээ өгсүүлээд гэмт хэргийн сэжигтнүүд... Дээрэм тонуулын зүйл ангитнууд... Хуулиар тонуул хийж хөрөнгө зувчуулагсад хэрэг хамуудаа яллана, яллуулна гэж ямар юм байх вэ дээ? Эдний талаар хэлэх муу үг эрээд эрээд ч олдохгүй. Далан жил дарлуулж, гучин жил хулхидуулж хууртжээ. Эрх баригчид тун сайн ажиллаж байгаа: - Энд тэнд тууз хайчилна; хаа хамаагүй цай, хадаг булна; нийслэлийнхээ төв замд малын хашаа барина; бургас шугуй огтолно; татвар төлөгчдийн мөнгөөр дураараа дургина, тургина. 

Гадаад ертөнцөд хар тамхи бас бус хэрэг явдлуудаараа дипломат нэртэй зальтангуудаараа алдаршина. Гуйлга гуйна, буцалтгүй туслаад аль гээд л дундаас нь мяндагтнууд тонуул хийнэ. Тэгсэн хэрнээ зарим гадны хөрөнгө оруулагчдыг хөөнө, үргээнэ, дарамтална, гүтгэнэ, элдвийг нь үзнэ... Төрд өмч байх нь, байлгах нь тонуул хийх аргачлал. Төр данхайх суурь шалтаг, шалтгаан нь энэ шүү дээ. Дарга мяндагтнуудад ёс жудгийн нандин үнэ цэнэ хуруун чинээ ч алга. Ёс зүйн байнгын хороо гэж өөрсдийгөө аврах хорооныхоо мухарт 60 тэрбумтан, ЖДҮ-чидээ хашиж, хамгаалж бас дарамталж байна... Хуулиар хуягласан тонуулчид хөөн хэлэлцэх хугацаа дууссан ч гэх шиг гоё гоё ёо ёо хийнэ. Тэднийхээ заримыг нь золионы ямаа болгоно. Нэг ямаа нь яаж ч майлаад нэмэргүй шууд дампуурч хадгаламж эзэмшигчдийг гуд татав.

Байнгын саад, шоронгийн дарга, буяны үйлстэн, тагнуулч, шахааны нэрт наймаачин, орондоо юу яангаан хууль засагч, (ш)гударга ёс дээдлэгч, хэнтэй ч нөхцөж, хаашаа л бол хаашаа хамаагүй урваж шарвах “мэнгэт” Дүлзэнг хамсаатнуудтай нь цуг улстөрөөс зайлуулаагүй цагт улс төр тогтворжихгүй, улс үндэстэн үймэрч үйсэрсээр л байх нь дээ... Дүлзэн дүлзэндсээр яваад “Улаан Дарьбазарууддаа” барьцаалагдах бий вий дээ...? Улаан, ногоон, цэнхэр улстөрчинцөрүүдийг шинэ хуучин, хөгшин залуу гэлтгүй орвонгоор нь төрөөс зайлуулж байж төрийг авсаархан чадварлаг багаар бүрдүүлэх тохироо бүрдэх байх. 

УРИЛГА

Өөрийгөө хүндэлдэг, өөртөө итгэлтэй, өөртөө үнэнч, өрөөлд садаа гай болдоггүй, мэдлэг боловсролтой, онцгой сэтгэлгээтэй, хэний ч хараат бус хувь хүмүүс даруухан зангаа үлдэн хөөж, гарч ирэх цаг боллоо... Эрх, эрх чөлөө чинь та нарыг сэр гэж дуудаж байна. Эрсдлээс айхгүй, зоримог шийдвэр гаргадаг, тууштай, төрмөл жудагтай бизнесмэнүүд төрийн араг ясны сийрэгжилтийг анзаарч судлах юм биш үү? Бизнест ямар гай гамшиг болж байгааг харж байгаа байх аа. Сайн анзаар. Дээрэм тонуул хийх хормойн дон туссан төрийн гол хамсаатан, татвар төлөгчдийн мөнгийг шимэгч зарим заримдаг компаниуд аа, өөрсдийг чинь илүү эрх эдлүүлэгч засаг төр чинь дампуурч (засаанаасаа цус алдаж байгааг хараач, та нар) байна. Энэ бол данхар төрийг зусардагч та нарын дүнхүүрэл, жудаггүй авирынчинь ялзрал, авлига өгөгчдийн зусардал бас авагчдын үйрэл. Буруу үйлдэл бүхэн чинь та нарыг бугуйлдаж бооно... залхаана... зовооно... нураана... Хар аяндаа хаана унахаа мэдэхгүй ёроолгүй там руу жингүйдэнэ...

Сайн цаг айсуй. Өөрийгөө бодох ариун үйлсийг өөгшүүлнэ, би. Төрийг бузарлаж, төрийн нэрээр татвар төлөгчдийн мөнгөөр бизнес хийгчдийг шоолно, би. Мулгуу төрийг эсэргүүцнэ, би. Төр цомхон, чадварлаг болохыг дэмжинэ, би. Төрийн дээр сандайлах намыг зөвшөөрөхгүй, би. Татвар авсаархан болж, бизнесийн таатай орчин бүрдэхийг итгэж хүлээнэ, би. Хойч үеэ сайхан амьдарна гэж найдаж байна, би. Монгол хүн бүрийг боловсролтой, жудагтай, тууштай байг гэж ерөөж байна, би. Өөрийнхөө баялгийг өөрөө бүтээж, бүтээснээрээ бахархаж, таашаалтай амьдрахыг захиж, урьж байна, би. 

Өөрийнхөө нөөц бололцоо, хүч чадал, үнэ цэнэ, амь амьсгалаа хамгаалдаг, зогсолтгүй урагшилдаг, урам зоригтой, өөрөөсөө уравдаггүй, цэгцтэй, нямбай, холч ухаантай, баялаг бүтээгч, сэтгэгч бизнесмэнүүд ээ, хүний мөс чанар, жудгийг дээд төвшинд аваачдаг капитализмыг өмөөрч, оюун санааны эрэлттэй эргэлт хийх цагийн сэрүүлэг дугарч байна, сайн сонсож мэдрээрэй... Уураг тархи, ухаан бодол, эрдэм чадлаа цэнэгжүүлээрэй, урьж байна... 

Эрсдлийг давж, бэрхшээлийг сөрж, хүний эрх, эрх чөлөө, өмчийн эрхээ хамгаалж, эдийн засгийн хараат бус гольдролыг цэгцлэн эмхэлж, хүнд сурталтай данхар төрийн авилгын түймрийг цурманд шахъя. Хамгийн гол нь өөрийнхөө төлөө хүн бүр гэгээрэх л чухал. Амьдралыг гэгээтэй хардаг ажилсаг хүнтэй улс үндэстэн болох юмсан...?!? Яая даа, байз!!! Заль мэхтэн, хэлсэндээ байж чаддаггүй, сэм бээсэн мөлхөө худал хуурмагаас; ач мэддэггүй; бач санадаг бэрдүүдээс А бол А; Б бол Б гэдэг Айн Рэндийн үзэл санааг нотод хамгаална, би. 

Өнөөдөр хүний эрх, эрх чөлөө, хараат бус, эдийн засгийн тусгаар тогтнолыг хангахгүй, хамгаалахгүй улам цэвдэгшиж, төр данхайж томорсоор байгаа ньдампуурлын гол шалтгаан нь юм шүү. Бодит үнэнтэй нүүр тулж хүн өөрийнхөө мөн чанарыг нээх л юм бол ач холбогдол, үр дүнг нь амсах, эдлэх л болно. Жудаг, хүний ариун мөс чанар нь амьдралын үйл явц; шилэх сонгохыг бодитой тодруулж байгаа үнэ цэнийн зөв хэв хэмнэл мөн. Энэ нь хүнийг өөрийнхөө амьд байхын утга учир, амьдралын үйлс, мөн чанарыг тодорхойлно. Жудаг (ёс зүй) нь бүхэл бүтэн шинжлэхүй ухааны цогцыг нээн төлөвшүүлэх учиртайг Айн Рэнд тодорхойлон нотолсон байна билээ. Ж.Нэргүйн орчуулсан “Капитализмыг өмөөрөх нь”, Т.Ариунсанаагийн орчуулсан “Өөрийгөө бодох нь ариун үйлс” энэ хоёр номыг уншваас оюун санааны хөлх чинь онгойно доо. 

Хоёулаа ханьсан нийлж данхар төрийг зохиогчид нь МАНАН биш ээ. Ардчилсан нам, Ардын нам. АН, АН-ууд нь халамжийг эрхэмлэж төрийн оролцоог дөвийлгөсөн түүхэн гай гамшигтай, төрийн завхайрлын дэн буудлыг барьжээ. 

ТУСГААР ТОГТНОЛ

Хүн оюун ухаант бодьгал гэдгээ хатуубаримталж, хэнд ч хамааралгүй, хэнийг ч дуурайхгүй, өөрийгөө тоож, өөрийнхөө эрдэм чадал, сэтгэх цар хүрээ, сэтгэлгээнийхээ ач үр дүнд зөв амьдрах учиртай. Жудаг гэдэг энэ л дээ. 

Хэн нэгэн буянтай төрхтэй, инээмсэглэсэн, эс бөгөөс хөмхий зууж хөмсгөө зангидсан хүн замнах зам чинь биш. Хүн зөвхөн өөрийнхөө төлөө, үнэ цэнэтэйгээр, өөрийнхөө дуурайллыг дуурсгаж, тусгаар тогтнолоо өөрөө хамгаална. Ажил үйлс, хайр дурлал, үнэ цэнээ өөрөө удирдан чиглүүлж, тасрашгүй зөв жимээр амьдралаа үргэлжлүүлэх нь хүний оршин буй орон зай юм. Энэ хил хязгаар руу хэн ч довтлох эрхгүй. Ялангуяа завхай төр. 

Сэтгэж бүтээж биш, тонон дээрэмдэж, хууран мэхлэж, сүрдүүлэг далайлтаар амьдардаг хүн амьд явж, тансаглаж дөнгөнө л дөө. Гэвч дээрэмдүүлэгчдийнхээ өмч хөрөнгөөр л сүүдэртэн сүүтгэнэж, айн бэмбэгнэж, шорон орон зүүдэлж амь дүйнэ. Ухааны хазайшгүй тэнхлэг, оюун санааны арвин их мэдлэгтэй тэнхээгээр биш, биеийн хүчээр амь зуугчдыг араатантай адилгахад ч ахдана. Жаргал, зовлон хоёрын нийлбэр нь хүмүүний амьдрал. Хүслэн, хяслан хоёрын хяр дээгүүр унахгүй оршин тогтнох ёстой. Аливаад хандах цар хүрээний шалгуур эндээс эхтэй. Дэлхий дээр хамгийн том үнэ цэнэ бол хүний эрх; халдашгүй, халдуулшгүй тусгаар тогтнол бол хүний амь. 

01, 02, 03-ууд тоодгоруудтайгаа хамсаж ховоор хоол хийж, оюун бодлоо бохирдуулж, сургаар аливаад ханддаг, дам үгэнд намнуулдгаасаа болж төрийг цуугиулж байна. Төрийг улам л данхайлгаж, хувь хүн, хувийн өмч рүү дайрч довтолсоор л бсйна. Социалистуудын хуарагнал хаяагаа тэлж, марксист философиор тархиа утсаар харанхуй бүдүүлгийн ёроол руу живж байна. Эндээс өндийж гарах гарц нь үнэ чөлөөлж, бизнес эрхлэгчдээ, хувийнхныгаа зөнд нь орхих; хүн, өмч хоёрыг хамгаалсан хуулиа нягтлан батлах; хуурамч халамжит төрхтэй төрийн оролцоог зогсоох явдал л эн тэргүүнд тавигдах учиртай. 

СУРТААЛ

Күнз: - Та ёс суртахууны талаар юу хэлэх вэ? Биеэ зөв авч явах сайн журмыг хүн өөртөө яаж хэвшүүлэх вэ гэж Лаоцыгоос асуув.

Лаоцы өгүүлрүүн: - Юу хэвшүүлэх вэ, юу яриад байгаа юм бэ гээд тас тас инээснээ “Зөвхөн ёс жудаггүй, хүний үнэргүй хүмүүнд л ёс суртахуунаа засах, залруулах шаардлага; муу муухайгаа арилгах хэрэг гарна л даа. Өөрийгөө байнга зөв авч явдаг хүмүүн тийм журам, дэг байдаг гэдгийг мэдэх ч үгүй, ойлгох ч үгүй. Өөрийгөө хүмүүжүүлэх гэж бүү тэнэглэ. Зөв бай, үнэн бай, жирийн бай, байгаагаараа бай” гэжээ. 

Сүүлийн жилүүдэд Монгол төрийн оройд худалдагдсан сонгогчдынхоо түлхээсээр өргөмжлөгдсөн этгээдүүд хууль, шүүх дуудахад нь цагт нь очиж мэдүүлэг, мэдээллээ өгнө билээ. Гутлаа тослоод, зангиагаа зүүгээд очно билээ, хөөрхийс. Зийхэн ч гэсэн жудгийн тасархай, эрийн хугархай байна аа. 2000-2009 оны хооронд 01, 02, 03-ыг угсруулан дээрэмдэж хашсан, өмнөх 01-ээсээ “Урт шар дээлтэй хүнээс болгоомжил” цол хүртсэн нэг нөхөр гэрээрээ дүүрэн хамсаатнуудаа цуглуулж, гаднаа тэжээврүүдээ уйлуулж, дуулуулан ТВ09-өөрөө орон даяар 24 цагийн турш зугаацан байж хөлөө гозолзуулан эрхлээгүй юу. Хэзээ ч мардагдахгүй явдал болсон. Харин мартагдаж болох, мартуулж ч магадгүй нэг гэмт үйлдэл нь “Ногоон гэрлийн компани” гэж авилагчдыг амь оруулж, онцгой давуу эрх эдлүүлж, төр данхайх суурийг эндээс эхэлж босгосон. Тэр үед л Авилгатай тэмцэх газар байгуулсан нь далд санаатай... 

2012 оноос хойш овоо удаан хугацаатай засаг тэргүүлсэн 02 самбар дээр “Хонгилын схем” гэдэг шинэ нээлт хийж, өвчин туссан нь даамжирсаар байна. Өмнөх 01-ийнхээ “амин найз” өнөөгийн 01 нь хорвоогийн хамгийн бяртангуудаар хүрээлүүлээд л байсан... Би ч бас өөрөө өмөөрч тэнэгтсэн л дээ... Дээд зэргээр... Тэгэхдээ би харамсдаггүй... Хэлмэгдэх нь л гэж бодсон... М.Энхтайван гэж дүү минь “Со ах минь дээ, таны засрашгүй алдаа чинь хүн бүхнийг өөр шигээ боддогт байгаа юм шүү” гэж сургав. Дүүгээсээ сурах л учиртай юм байна. Зөв хэлсэн. “Амин найзууд”-аас хагарсан толины тусгал шиг олон дүр төрх олж харсан. Тавин естэй байхад тэнэг байжээ, би. 

2000 оноос хүний эрх, эрх чөлөө, ардчилал, зах зээл, чөлөөт өрсөлдөөний амьсгалыг түгжрүүлж, данхар төрийг сүнс сүүдэртэй нь өндийлгөж, амь бөхтэй болгосон гол буруутан нь дээр дурьдсан нөхдүүд баг бүрэлдэхүүнээрээ мөнөөс мөн. Шоронд явбал бүгдээрээ явах учиртай. Ямар нэгэн арга мэхээр гэмт хэргээс амь зулбах биш, үнэнээ хэл ээ... Хэн маань ч 01, 02, 03; тэднийг дагасан дайвар булчирхай байгаад нэмэр алга. Энэ данхайсан тогтолцоог л нураая гэж гэм нүглээ нимгэлэх зүрх зоригтон байна уу? Ёс жудаг л хайгаад бас шаардаад байна л даа, би бээр. Төрд өмч төвлөрүүлэх өвчин чинь социалист схем, коммунист нөлөө, фашист хяналт, нацист туйлшралын эмгэг бодол сэдлийн бугшсан өвчин шүү. Улаан зоогонд дуртай марксистуудын эрэмдэг үзэл санаагаар өнө удаан жил хэвтэрт ортлоо тархины тураалд идэгдсэн үндэстэн их удаан сэхээрэх бололтой. Усан дээр зурсан зурагнууд аа! Урсаад алга бол...


2019.07.12