Ж.Мөнхбат: Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тооны хулгайгаар амташч гаршсан байна
УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн лхагва гаригт хуралдаж, 2019 оны төсвийн төслийн эргэн тойронд нэлээн ширүүхэн маргаан өрнүүлжээ. Хурлын дараа УИХ-ын гишүүн Ж.Мөнхбаттай уулзаж ярилцлаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгч чуулганд хэлсэн үгэндээ системийн шинэчлэлд УИХ-ыг уриаллаа. Та Ерөнхийлөгчийн уриалгыг дэмжиж байгаа юу?
-Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёр хоёулаа хэлсэн үгэндээ Үндсэн хуулийг өөрчлөх, тогтолцооны шинэчлэл хийх санал гаргасан. Би алга ташин дэмжиж хүлээж авсан. Парламентыг төлөөлөх эрхтэй спикер, ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч хоёр ингэж ижил байр суурь илэрхийлснийг Монгол Улс 28 жилийн туршид улс төрийн гацаа түгжээнд явсан системийн хямралт байдлаас гарах итгэл найдварын эхлэл гэж харж байгаа. Олонхийг бүрдүүлж байгаа намын дарга-Ерөнхий сайд ч Үндсэн хуулийг өөрчлөх саналыг дэмжих байх. Миний бие Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа хоёр жилийн өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөл боловсруулах үүрэг бүхий эрдэмтэд судлаачдын Ажлын хэсгийг анх байгуулж, ахлан ажиллаж байлаа. Ж.Эрдэнэбатын танхим Засгийн газрын нөөцөөс гурван удаа хөрөнгө шийдэж судалгаа хийх, хэлэлцүүлэг, зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах зэргээр нэлээд ажил хийсэн. Тэр үеэр эрдэмтэд судлаачид, аливаа улс орон Үндсэн хуулиа 15-16 жилийн цикльтэй өөрчилдөг, эмчилдэг нь дэлхийн дундаж жишиг гэж ярьж байсан. Гэтэл манайх 26 жил боллоо. Цаг хугацааны энэ хэмжүүрээс гадна Үндсэн хуулийг өөрчлөх амьдралын зайлшгүй шаардлага, улс орны хөгжлийн амин эрх ашиг өдөр бүр гарч байна. Тэгэхээр Үндсэн хуулийн өөрчлөлт явна гэж найдаж байгаа.
-Үндсэн хуулийг өөрчлөх амин чухал шаардлага гэдэгт юу юу багтаж байна вэ, хамгийн түрүүнд юуг өөрчлөх шаардлагатай вэ, таныхаар...?
-Олон зүйл хэлж болно. Өнөөдөр Монгол Улсад, монгол төрд хөгжлийн стратеги гэж алга. Сүүлийн 28 жилд ямарч үнээр хамаагүй сонгуульд ялах гэсэн намын мөрийн хөтөлбөр нэртэй мөрөөдлийн жагсаалт, эрх баригч намыг төлөөлдөг хэсэг бүлэглэлүүдийн улс төрийн ашиг сонирхлыг дөрөв, дөрвөн жилээр илэрхийлдэг тоглолтын талбар болж ирлээ. Хувь хүн, айл гэр ч амьдралаа төлөвлөсөн, түүнийхээ төлөө зорьж чармайж амьдардаг. Гэтэл бүхэл бүтэн улс оронд төрийн тогтвортой, урт хугацааны бодлого, алсын хараа, залгамж чанар байхгүй болсон. Ямар ч улс төрийн нам ялсан төрийн бодлого нь тогтвортой, залгамж чанартай үргэлжилдэг болох ёстой. Хоёрт, Монгол Улс системийн хувьд хямралд орсон нь үнэн. Дэлхийд дөрөвхөн улсад байдаг хагас Ерөнхийлөгч, хагас парламентын засаглалтай явлаа. Эрх мэдэл, хариуцлага хуваагдсан учраас Ерөнхийлөгч, парламент, Засгийн газар гурав ихэнхдээ мөргөлдөж ирлээ. Улс төрийн шинжлэх ухаан, сонгодог онолоор нь авч үзвэл Ш.Л.Монтескье, Ж.Локк нараас үүдэлтэй засаглал хуваах онол, зарчим нь хууль тогтоох, гүйцэтгэх засаглал, шүүх гурав дээр тулгуурладаг. Гэтэл манайд хувь хүмүүсийн эрх ашигт тааруулж, гурван даргын эрх мэдлийг тэнцвэржүүлж байна гээд дэлхийд байхгүй ойлголт бий болгосон, хуульчилсан. Ганцхан жишээ гэхэд, хуулийн байгууллагуудын томилгоог Ерөнхийлөгч нэг хэсгийг нь, нөгөө хэсгийг Ерөнхий сайд хувааж хийдэг, УИХ-ын дарга, УИХ бас оролцдог. Энэнээс нь болоод бие биедээ саад тээг тавьдаг, тэр хэрээр хариуцлага хуваагддаг. Өөрөөр хэлбэл, гурван толгойтой могойн үлгэр шиг л болсон. Эцэст нь, ард түмний өмнө Ерөнхийлөгч, УИХ, УИХ-ын 76 гишүүн бүгд хариуцлага хүлээдэггүй, тэгсэн хэрнээ ард түмний өмнө очихоороо хариуцлагын тухай хамгийн их ярьдаг. Хийсэн нь бус, хэн сайхан ярьсан, хэн сайн попорсон нь сонгогддог, дээшээ явдаг болсон. Хариуцлага хүлээдэг эзэн энэ улсад байхгүй болсон байна. Нэг л их сайхан амласан, шүүмжилсэн улс. Тэгэхээр үүрэх эрх, хүлээх хариуцлагыг ойлгомжтой тодорхой болгож өгөх хэрэгтэй. Эрх мэдлийг задалж шилжүүлж болно, харин хариуцлагыг төвлөрүүлж, тодорхой эзэнтэй болгох ёстой. Тийм учраас дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн төрийн, засаглал хуваах сонгодог зарчим руу орсон нь, одоо асуудалтайгаа нүүр тулж, сонгодог засаглалын аль нэгийг төгс сонгосон нь дээр.
-Системийн шинэчлэл гэхээр таны ярьж байгаа шиг засаглалын аль нэг хэлбэрийг төгс сонгохыг Ерөнхийлөгч хэллээ гэж ойлгосон. Таныхаар засаглалын аль хэлбэрийг сонгох нь Монголд тохирох вэ?
-Үндсэн хуулийг өөрчлөх бүрэн эрх мэдээж парламентад хадгалагдаж байгаа. Гэхдээ яг юу юуг, яаж өөрчлөх нь улстөрчдийн, УИХ-ын 76 гишүүний эрх ашгийн төлөө байж болохгүй гэж би бодож байгаа. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсон зүйл хийхгүйн тулд өөрчлөх ёстой нэмэлт өөрчлөлтүүдийнхээ сайн мууг, Монголын онцлог, үндэсний уламжлалтай хэрхэн тохирохыг мэргэжлийн төвшинд судалж, мэргэжлийн хүмүүс, эрдэмтэн судлаачдын санаа оноог нийгмийн өргөн хүрээнд маш сайн сонсох хэрэгтэй. Тэгээд ард түмний хүсэлт, хүлээлт, нийгмийн шаардлагад нийцсэн олонхийн дэмжлэг авсан өөрчлөлтийг л хийх хэрэгтэй. Хойшлуулж цаг алдаж болохгүй.
-Үндсэн хуулийг өөрчлөхөд улс төрийн эрсдэл гэж бий. Танай нам тэр эрсдлийг тооцож байгаа юу. Тэр тусмаа засаглалын хэлбэр сонгох системийн хэмжээний шинэчлэл хийх чадамж энэ УИХ-д бий юү?
-Яг засаглал сонгоно гэхээр өнөөдөр зарим айдас байх шиг байна. Парламентын засаглалтай байвал дахиад л намууд ноёрхоно, Ерөнхийлөгчийн засаглалтай болбол нэг поп нөхөр гарч ирээд дарангуйллаа тогтооно гэх мэт. Гэтэл дэлхийн нийтийн чиг хандлагыг харахад, сонгодог парламентын, эсвэл Ерөнхийлөгчийн засаглалтай улс орнууд хэрхэн хөгжиж байгааг бид бүгд мэднэ. Тийм учраас өнөөдрийн цаг үе, намуудын өнөөдрийн өнгө, зарим хувь хүний ааш араншинг харж Үндсэн хуулийн өөрчлөлтөд хандаж болохгүй. Харин ч өнөөдрөө, өнгөрснөө хаяж, аль болох ирээдүйг харсан, ирээдүйд үр өгөөжөө өгөх, Монгол Улсыг хөгжүүлэх, монголчуудыг сайн сайхан амьдралд хөтлөх нэмэлт өөрчлөлтүүдийг хийх ёстой. Эрсдлээс ч айх хэрэггүй, харин болгоомжлох ёстой юу, ёстой. Хэрвээ Үндсэн хуулиа өөрчилбөл хэрэгжилтийг нь 2020 онд бүрдэх шинэ УИХ-аас, Ерөнхийлөгчийн эрх мэдэлтэй хамааралтай хэсгийг 2021 оноос мөрдөхөөр зохицуулж болно. Энд гарц гаргалгаа, цаг хугацаа, хувилбар, боломж бол бий. Одоо бидэнд айх эрсдэл биш, харин хийх зориг, сэтгэл л хэрэгтэй. Бидэнд гашуун туршлага бол бий. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Үндсэн хуулийг өөрчилнө гэж олон удаа ярьсан. Тэр үед намуудын суудал харьцангуй ойролцоо, АН нь 37, МАН 26, МАХН 10 гаруй суудалтай, бие даагчийн төлөөлөл байсан. Тэр үед хийвэл хийчихээр байсан ч болоогүй. Болох ч үгүй юм байна гэдгийг бүгд ойлгосон. Одоо МАН 64 суудалтай байгаа энэ үедээ өөрчлөх бүрэн боломжтой бөгөөд УИХ тийм эрхтэй. Гагцхүү иргэний зориг, улс төрийн эр зориг л гаргах хэрэгтэй байна. Гэхдээ нэг зүйлийг хатуу хэлэхэд, зөвхөн нэг намын эрх ашгийг харж Үндсэн хуулийг өөрчилж болохгүй. Улс орны том эрх ашиг, нийгэм ард түмний хүсч хүлээж байгаа шударга ёсны үнэлэмж, улс орноо ийм болгоод өгөөсэй гэсэн олон түмний хүлээлт, олон улсын жишиг хандлага, стандартад нийцүүлж өөрчлөх ёстой гэдэг дээр миний бие хатуу зогсож тууштай байр суурь баримтална.
-Одоо тэгээд цаг хугацааны хувьд амжих уу, энэ ондоо?
-Би хувьдаа хувьд амжина л гэж харж байгаа. Үндсэн хуулийг өөрчлөх асуудал тусдаа хууль эрх зүйн зохицуулалттай. Хуулийн заалтаар Үндсэн хуулийг хэлэлцээд эхэлбэл нэг сарын хугацаанд УИХ Үндсэн хуулиас өөр юу ч хэлэлцэхгүй дэгтэй. Мөн арваннэгдүгээр сарын 15 гэхэд төсвөө баталж дуусах хуультай. Төсвөө баталчихаад залгаад шууд Үндсэн хуулийн өөрчлөлтөө ярилаа гэхэд арванхоёрдугаар сарын 15-20 хүртэл хуралдах боломж байгаа.
-Одоогийн байдлаар Үндсэн хууль хэлэлцэнэ гэсэн төсөөлөлтэйгөөр төсвөө хэлэлцэж байх шиг байна. 2019 оны төсвөө батлахад ганцхан сарын хугацаа үлдлээ. Гэтэл нэг ч удаагийн хэлэлцүүлгээ хийгээгүй байна. Юун дээр гацаа үүсээд байна вэ?
-Төсөв дээр олон асуудал бий. Сангийн яам маш хариуцлагагүй төсөл оруулж ирсэн. Төсвийн төсөлд дээр Үндэсний аудитын ерөнхий газар дүгнэлт хийдэг. Тэр дүгнэлтэд, төсвийн орлого талыг эрсдэлтэй гэж дүгнэсэн. Нэгд, манай улсын төсвийн гол орлого нь татвар болон уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос хамаардаг. Уул уурхайн гол түүхий эдийн үнэ ханш ирэх онд буурах олон улсын чиг хандлага байгаа юм билээ. Гэтэл Сангийн яамныхан хэт өөдрөгөөр бодоод оруулж ирсэн. Өнөөдөр Тавантолгой, Гашуунсухайт дээр нэг тонн нүүрс уурхайн аман дээрээ хамгийн дээд тал нь 60 гаруй ам.доллар байгаа. Гэтэл 2019 онд нэг тонн нүүрсийг 80 ам.доллараар зарна гэж тооцсон. Монгол Улсын 2018 онд 28 сая тонн нүүрс экспортлох төлөвтэй байгаа. Авто зам, төмөр замаа бариагүй, 50-100 км урт үргэлжилсэн түгжрэл нь хэвээрээ байгаа. Хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал сайжраагүй. Гэтэл энэ жилийнхээс харьцангуй их, 42 сая тонн нүүрс экспортолно гэж оруулж ирж байгаа нь мөрөөдөл юм. Үүний оронд Засгийн газар цаашид 42 сая, түүнээс ихийг экспортлох дэд бүтцээ байгуулахад санаа тавих хэрэгтэй. Гэтэл өвөл хаяанд ирлээ, одоо бидэнд цаг хугацаа байхгүй, сонгууль болоход ганцхан зун үлдлээ, төмөр зам, авто зам барих боломжгүй гэсэн юм хэлж байна лээ. Улс орны амьдралд, төсөв санхүүд нь ингэж явуулын хүн шиг хүйтэн сэтгэлээр хандаж, сонгуулийн цаг хугацаагаар харж хэмжиж болохгүй л дээ. Бидний сонгуульт хугацаа дуусч байж болно. Харин энэ улс орны амьдрал дуусахгүй, адаглаад л нүүрсний экспортоос төсвөө бүрдүүлдэг он жилүүд маань дуусах болоогүй юм байгаа биз дээ.
Хоёрт, төрийн албан хаагчдын цалин, ахмадуудын тэтгэврийг нэмж байгааг дэмжиж байгаа. Харин жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд нэг ч төгрөг тавиагүй нь учир дутагдалтай. Ажлын байр бий болгож, төрд ачаа дарамт болголгүйгээр амиа авч явж байгаа, дээр нь татварын орлогын 80-аас илүү хувийг бүрдүүлдэг жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд нэг ч төгрөгийн дэмжлэг байхгүйг гишүүд шүүмжилж байгаа. Төрийн албан хаагчид бол нийт хүн амын зургаан хувь. Тэтгэвэр болон төрийн албан хаагчид нийтдээ хөдөлмөр эрхлэгч нийт хүн амын 20 орчим хувийг эзэлдэг. Цаана нь үлдсэн 80 хувь хувийн хэвшлийнхэн. Нөгөө “30-хан гэр бүлийн эрх ашиг” гэдэг шиг улсын төсөв нь хөдөлмөрийн чадвартай нийт хүн амынхаа 20 хувийг дэмжээд, үлдсэн 80 хувийг нь хөсөр хаясан бодлоготой байж болохгүй.
Гуравт, төсвийг дагасан бизнесийн, шахааны шинжтэй арга хэмжээнүүд олон байна. Жишээ нь, утааг бууруулах нь үнэхээр тулгамдсан асуудал мөн үү, мөн. Ажил хийх ёстой юу гэвэл хийх ёстой. Нэг хэсэг олон зуун тэрбумын өртөгтэй олон мянган зуух тараасан. Утаа буураагүй харин ч улам нэмэгдэж, нэг компанийн бизнесийн ашиг болоод л өнгөрсөн. Гэтэл одоо харин яндангийн шүүлтүүрийг нь зарах төсөв оруулж ирж байна. Нийт 200 тэрбум төгрөгөөр гэр хорооллын айлуудад яндангийн шүүлтүүр шахах юм гэнэ. Энэ бол зуух тарааснаасаа дор, үр дүнгүй ажил. Зүгээр л төсвийн шахаа. Тодорхой бүлэглэлийн захиалгатай ийм цайрсан төсвийн хулгайг дэмжих ямар хэрэгтэй юм бэ. Шүүлтүүр тавилаа гээд утаа багасахгүй, үүнийхээ оронд 200 тэрбум төгрөгөө орон сууц барихад, ипотекийн зээлдээ зарцуулах хэрэгтэй. Дөрөвт, жижиг асуудал юмшиг хэрнээ маш их хэл ам дагуулж байгаа нь хөрөнгө оруулалтын шударга бус хуваарилалттай төсөв болсон. Эрх мэдлээ хэтрүүлсэн, ашиг сонирхлын зөрчил бий болгосон, хууль зөрчсөнт үйлдэлтэй олон гишүүн эвлэрэхгүй байгаа. Гишүүдийн тойргуудыг нэгтгээд харахад зарим нэг аймагт 5-7 тэрбум төгрөг хуваарилсан. Гэтэл Сангийн сайд өөрийнхөө аймагт 51 тэрбум, үүнээс зөвхөн өөрийн сонгогдсон тойрогтоо 26 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавьсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, Сангийн сайд өөрийнхөө аймагт бусад аймгаас 5-10 дахин их, өөрийнхөө зөвхөн тойрогт бусад гишүүнийхээс 4-5 дахин их хөрөнгө оруулалт хуваарилсан байна. Энэ ариун явдал уу, шударга зарчим мөн үү?
-Сангийн сайд өөрийнхөө тойрог дээр 26 тэрбум төгрөг гэдгийг яаж гаргаж ирж байгаа вэ?
-Орон нутаг очиж байгаа хөрөнгө оруулалтын төсөв бүгд задаргаатай. Жишээ нь, манай Архангай аймагт тавьсан хөрөнгө оруулалтын хэд нь Мөнхбатын, хэд нь Баатарбилэгийн, хэд нь Тэмүүлэнгийн тойрогт хамаарах хөрөнгө оруулалт вэ гэдгийг сум, багийн нэрээр нь хөөгөөд гаргачихаж болно. Аймаг болгоныг ингэж УИХ-ын гишүүний тойрог тус бүрээр харах боломжтой. УИХ-ын гишүүн бүрийн тойргийг ингэж задлаад харахад Сангийн сайдын аймагт нь 51 тэрбум, сонгогдсон тойрогт нь 25-26 тэрбум төгрөгийн төсөвтэй байх жишээтэй. Түүнийгээ мөрийн хөтөлбөрт туссан, Засгийн газрын хэрэгжүүлэх, төсвийн ерөнхийлөн захирагчдаас зайлшгүй хийх шаардлагатай гэж ирүүлсэн гэх мэтээр задалж нуух гэж оролдсон байгаа юм. Үүнийг бид төсвийн хулгай, эрх ашгийн зөрчил, албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлсэн хуулийн зөрчил гэж харж байгаа. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тооны хулгайгаар амташч гаршсан байна. Гэхдээ нэг юм хэлье. Орчин цагт чинь тооны хулгай баригддаг болсон. Хуучин цагт, гурилын хулгай баригддаг, тооны хулгайч баригддаггүй гэдэг байсан юм гэнэ лээ. Орчин цагт тооны хулгайч бол гурилын хулгайч шиг ил танигддаг, харагддаг болсон байна. Тооны хулгайгаа нуухад нь тусалдаг хүмүүс Сангийн сайдад байж болно, түүнтэй адил тооны хулгайг нь задлаад уншихад туслах мэргэжлийн хүмүүүс УИХ-ын гишүүн бүрт байдгийг мартаж болохгүй. Адилхан сонгогдсон гишүүдээ басаж, адилхан сонгосон ард түмнээ аймгаар нь ялгаварлан доромжлох эрх Сангийн сайдад байхгүй. Японд, баруунд Сангийн сайд нь ийм юм хийсэн бол аль хэдийнэ ард түмнээсээ уучлалт гуйгаад огцорч байгаа. Шударга ёсны, хууль эрхзүйн, ёс суртахууны ийм л хэм хэмжээтэй зүйл. Өөр нэг зүйл бол Засгийн газар, Сангийн яамнаас хөдөө орон нутагт хийх хөрөнгө оруулалт нь заавал зураг төсөл, ТЭЗҮ-тэй, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, төсвийн ерөнхийлөн захирагч, тухайн салбарын сайд нь заавал саналаа ирүүлсэн байх ёстой зэргээр шаардлага тавьсан. Гэтэл яг эсрэгээрээ эдгээр шаардлагыг хангаагүй, зураг төсөл, ТЭЗҮ-гүй төслүүдэд хөрөнгө оруулалтын зардал тооцсон байна. Үүнийг нь хөөгөөд харахаар дандаа сайд нарын тойрог байна. Үүнийг авлигын шинжтэй ашиг сонирхолын зөрчил гэдэг юм. Гэтэл жинхэнээсээ мөрийн хөтөлбөрт туссан, төсвийн ерөнхийлөн захирагч нараас зайлшгүй хийж хэрэгжүүлэх шаардлагатай гээд хоёр жил дараалан жагсаалтын нэгдүгээрт саналаа бичиж хүргүүлсэн, Засгийн газрын тогтоолоор Сангийн яаманд шийдвэрлэхийг үүрэг болгосон, зураг төсөв, ТЭЗҮ хийгдсэн, байгаль орчин болон улсад амин чухал хэрэгтэй ажлууд хоёр жил дараалан хасагдаж байх жишээтэй. Энэ мэтчилэн олон зүйлийг бүлгийн хурлаар хэлэлцэх үед шүүмжлэлтэй хандсан гишүүний нэг нь би.
-Бүлэг дээр тантай ижил байр суурьтай олон гишүүн байсан уу?
-Олон гишүүн бий. Бүлгийн талаас илүү нь энэ талаар шүүмжилж байгаа. Зарим нь алдаагаа засах байх гэж хүлээж, найдаж байгаа. Зарим нь асуудлыг хэрүүл уруул болгоод яах вэ гэж харж байгаа. Сангийн сайдын энэ үйлдэлд маш олон гишүүд эгдүүцэн бухимдаж байгаа.
-Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гишүүдэд тойрогт нь тав таван тэрбум төгрөг хуваарилсан байна. Харин АН-ын есөн гишүүнд хуваарилаагүй байна гэсэн. Ийм зүйл байгаа юм уу?
-Гишүүдэд тав, таван тэрбум төгрөг хуваариллаа гэдэг бол буруу яриа. Хөдөө орон нутагт тавьж байгаа хөрөнгө оруулалтыг тухайн аймаг сумаас сонгогдсон гишүүнд хувьд нь төсвөөс мөнгө өгч байгаа мэтээр ярих нь буруу ойлголт. Энэ бол хөдөө орон нутагт тавьж байгаа хөрөнгө оруулалт. АН-ын гишүүд сонгогдсон аймгийн хөрөнгө оруулалтыг хассан зүйл байхгүй, тэдний сонгогдсон аймаг нь биднийхтэй буюу УИХ-ын бусад 64 гишүүнийхтэй ижил хэмжээнд, харин Сангийн сайдын сонгогдсон аймгийнхаас 5-10, түүний сонгогдсон тойргийнхоос 4-5 дахин бага хөрөнгө оруулалттай л байгаа. Бүр нарийн задалбал, Архангай аймгаас УИХ-ын гурван гишүүн сонгогдсон. Архангай аймгийн хөрөнгө оруулалтаас АН-ын хоёр гишүүн сонгогдсон Завхан аймгийн хөрөнгө оруулалт илүү байгаа. МАН-ын нэг гишүүн сонгогдсон Булган аймгийн хөрөнгө оруулалтаас АН-ын ганц гишүүн сонгогдсон Дундговь аймгийн хөрөнгө оруулалтын төсөв өндөр байгаа. Тэгэхээр АН-ын гишүүдийн төсөв хассан, ялгаварласан гэдэг нь худлаа.
-Та асуудлыг шударга зарчим, шударга бус хуваарилалт талаасаа хандаад байна уу, эсвэл Сангийн сайд та хоёрын дунд үүссэн үл ойлголцлоос үүдэлтэй байна уу?
-Би тэгж бусдад таалагдах гэж, ингээд хэлчихвэл бусад хүн юу гэх бол гэж бодож амьдардаг хүн биш ээ. Би өөрийнхөө амьдрал, хэлсэн үг, хийсэн үйлдлийн гол дүр нь, эзэн нь байхыг хичээдэг л хүн. Сангийн сайд аймагтаа бусад аймгаас 5-10 дахин, тойрогтоо бусад гишүүнээс 4-5 дахин их мөнгө тавьсан байна гэдгийг би хувьдаа шударга бус хуваарилалт, эрх ашгийн зөрчил, албан тушаалаа хэтрүүлж хууль зөрчсөн үйлдэл гэж харж байгаа. Үүнийг маань юу гэж ойлгох, хүлээж авах нь таны л эрх, тэр надад хамаагүй. Миний хувьд Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай хувийн өс хонзон байхгүй ээ. Тэр хүн Архангай аймгаас сонгогдсон Ж.Мөнхбат гэдэг хүний бүх ярьсан зүйлийг, хийх гэсэн ажлыг унагаадаг, хасдаг, зогсоодог юм. Би тэрэнд нь юм бодоод байдаггүй. Миний ярьсан зүйлүүд бодитой баримттай учраас тэр хүн надад гомдож явдаг юм байлгүй дээ. Гэхдээ би Ч.Хүрэлбаатар гэдэг хүний гомдохоос айгаад бодитой зүйлийг ярихгүй амаа хамхиад явж чададхгүй л дээ.
-Хотгор шанагын ордыг Сангийн сайд ах нар, туслах зөвлөхүүдийнхээ оролцоотойгоор зарсан гэдэг асуудлыг та анх ярьсан. Эндээс улбаатай үл ойлголцол байж болох уу?
-Хотгор шанагын ордыг би эхэлж яриагүй юмаа. Ерөнхийлөгчийн институцээс эхлээд нийгмийн цахим сүлжээ тэр чигээрээ л шуугисан, бичсэн. Үүнийг нь би чуулганы танхимд хэлсэн юм. Ах нар нь, туслах зөвлөхүүд нь зараад олон тэрбум төгрөг авсан нь үнэн ш дээ. Баримт нь цахимаар зөндөө л явсан ш дээ. Хотгор шанагын ордыг бас л тооны аргаар хулгай хийж зарсан үнэнийг, цагаан дээр хараар хүмүүсийн бичсэнийг, бас бодит зураг, дансны хуулгатай баримтыг л би ярьсан. Хэрвээ би худлаа хэлсэн, гүтгэсэн бол тэр хүн намайг шүүхэд өгөөд нэр төрөө шүүхээр цайруулна биз ээ. Өөрийн томилуулсан зарим хүнээр худлаа албан бичиг хийлгэж, тэрийгээ хэвлэлд төлбөртэй өгч байхаар шүүхийн танхимд яг энэ асуудлыг ярьсан хүмүүстэй уулз л даа. Хотгор шанагын ордыг зарсан учраас Сангийн сайдаар томилуулахгүй гээд хориг тавьж байсан Ерөнхийлөгч Х.Баттулгыг шүүхэд өг л дөө. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, өглөө болгон Монгол Улсын нууцтай танилцаж, хүссэн мэдээллээ баттай эх сурвалжаас авч байдаг улсын Ерөнхийлөгч арай худлаа хэлээгүй л байлгүй дээ. Манай улсын парламентын түүхэнд улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь шүүхэд дуудагдаж байсан, бүр ялагдаж байсан тохиолдол бий шүү дээ. Хотгор шанагын наймаанд шууд бусаар орооцолдсон өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан сая 15 жилийн хорих ял авлаа. Аймгийнхаа ард түмэнд очих ёстой Хотгор шанагын баялгийг зарж ах дүүс, хувьдаа завшсан гэмээ төсвийн хулгайгаар нөхөж, улсын төсвөөр цайруулах гэж байгаа бол эндүүрч байна. Монгол Улс ганцхан Увс гэж аймагтай, Улаангом гэж ганцхан хоттой биш гэдгийг мартсан байна.
-Огцорсон, сайдын суудлаа алдсаны хорсол яваад байна гэж зарим хүн харах, зориуд ийм үг гаргаж тараах л байх даа?
-Юундаа ч хорсох вий дээ. Авч, өгч л байдаг төрийн албан тушаал шүү дээ. Би өгсөн, өнөөдөр Ч.Хүрэлбаатар сайд байгаа ч удахгүй өгөөд л явна ш дээ. Эзний алба ээлжтэй, хааны алба халаатай гэж үг бий. Үүнийг би мэдэж байгаа. Хамгийн гол нь Сангийн сайд нь улсын мөнгийг компанийнхаа мөнгө шиг, орд зарсан ашгаа хувааж байгаа мэт илт шударга бус зарчмаар ашиг сонирхлын зөрчилтэй хуваарилж, хандаж байгаад л шүүмжлэлтэй хандаж, үүнийг нь зогсоох нь УИХ-ын гишүүний үүрэг мөн гэж бодож байна. Түүнээс бус, Мөнхбат хувьдаа байшин бариулах гээд Хүрэлбаатар сайдын хувийн мөнгөнөөс булаацалдаагүй ш дээ. Миний бухимдаад байгаа бас нэг зүйл нь малчидтай холбоотой асуудал юм. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед УИХ-ын гишүүд санаачилж малчдын тэтгэвэрт гарах насыг 5 таван жилээр наашлуулсан. Нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадаагүй малчдыг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс нөхөн төлүүлэх хуулийг УИХ-аар батлуулсан. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсантай холбоотойгоор нэг жилээр хойшлуулъя гээд 2019 оны нэгдүгээр сарын 1 болгосон. 2019 оны эхний өдрөөс Монголын 300 гаруй мянган малчдын тэтгэвэрт гарах төрийн бодлогын үр шимийг хүртэх боломж бүрдсэн байсан. Гэтэл харамсалтай нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дахиад нэг жилээр хойшлуулж 2020 он болгох санал оруулж ирсэн. Үүнийгээ чуулган дээр өмнөх Засгийн газар ингэж шийдсэн гэж яриад байгаа. Ингэж гүтгэж, худлаа ярьж болдог юм уу. Хүрэлбаатар сайдын зөвхөн өөрийгөө хамгаалсан өчүүхэн эрх ашгийнхаа цаана хэдэн зуун мянган малчдын эрх ашгийг уландаа гишгэж байна. Эдгээр зарчмын хувьд ёс зүйгүй асуудлыг нь ярьсан.
-Хэрвээ бүлгийн гишүүд бүгдээрээ дэмжихгүй байгаа бол Сангийн сайд үүнийгээ засах байлгүй дээ?
-Засна гэж найдаж байна. Засч чадахгүй бол асуудал илүү хурцаар яригдана.
-Сангийн сайд өөрөө хүсэхгүй байлаа гэхэд Ерөнхий сайдаас чиглэл өгч зас гэж байгаа юу?
-Ерөнхий сайд энэ асуудлуудыг Ажлын хэсэг дээрээ яриад зохицуулаад шийдээрэй гэсэн чиглэл өгсөн. Ерөнхий сайд бол асуудлыг ерөнхий том багцаар нь, улсын хэмжээнд бүхлээр нь харж танилцаж байгаа болохоос биш, тооны ард нуусан хулгайг тэр бүр ухаж харах боломжгүй л дээ. Гоё чамин тайлбараар өнгөлөн далдлалт хийгээд л Ерөнхий сайдад итгүүлчихсэн байх.
-Ярилцсанд баярлалаа.