Эрхэлсэн чиг үүрэг, эрэмбэ, статусын хувьд төдийлөн ил гараад байдаггүй Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн даргын албан тушаалыг Ж.Энхбаяр саяхныг хүртэл хашиж байв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хамгийн ойрын хүрээллийг бүрдүүлдэг улстөрчдийн тэргүүн эгнээнд явж ирсэн тэрбээр 2021 оны зургаадугаар сараас эл албанд томилогдсон ч шинэ оны өмнөхөн өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэж өгсөн юм. Уг шалтгаан нь тодорхой. Ерөөс УИХ-ын сонгуульд нэр дэвших Төрийн албан хаагч бол зургаан сарын өмнө ажлаа хүлээлгэн өгөх Сонгуулийн хуулийн заалт түүнийг ийм шахалтад оруулсан хэрэг. Үүгээрээ тэр нийт ард түмнээс сонгогддог, басчхүү нам бус статустай Ерөнхийлөгчийн өөрийнх нь бүрдүүлсэн багаас ирэх сонгуульд нэр дэвшихээ албан бусаар зарласан анхны хүн болов.

Улмаар Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, улс төрийн бодлогын зөвлөх гэсэн нэн шинэхэн “дүр”-ээр Байнгын хорооны хуралдаанд Элчин сайд нарын томилгоонд холбогдох асуудлаар танилцуулга хийснээр гарч ирэв. Үндсэндээ ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргын албанд очсон хоёр жил хагасын хугацаанд загас мэт дуугүй явсан тэрбээр Ерөнхийлөгчийн Зөвлөх нэрийн дор нээлттэй ярих эрхээ олж авлаа.

Үе үеийн Төрийн тэргүүнүүд өөрт олгосон эрх ямбын хүрээнд тухайлсан асуудлыг хариуцсан Зөвлөхүүдийн орон тоонд салбар, салбарын мэргэжилтнүүдийг томилж, түүгээрээ дамжуулан байр сууриа илэрхийлж ирсэн нь Монголын улс төрд тогтсон жишиг. Түүнд нь улстөрч ч багтдаг. Улс орны хэмжээнд танигдсан эрдэмтэн, судлаач, бүр залуу үеийн төлөөлөл орсон нь бий. Онцлог нь тэдгээр орон тоонд очсон Зөвлөхүүд зөвхөн өөрийн хариуцсан салбарын хүрээнд ярих үүргийг давхар хүлээдэг. Учир нь, тэр бүгд нь Ерөнхийлөгчийн байр суурь болж нийгэм, улс төрийн хүрээнд ойлгогддог учраас.

Гэхдээ Үндэсний аюулгүй байдал, улс төрийн бодлогыг нь хоршуулж, нэг дор хариуцсан Зөвлөхийг тусгайлан томилсон тохиолдол өмнөх таван Ерөнхийлөгчийн үед байсангүй. Үндэсний аюулгүй байдал нь ч тэр, улс төрийн бодлого нь ч мөн адил тусдаа, салангид байдлаар явж ирсэн түүхтэй. Харин энэ удаад ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга асанд л зориулж, захиалсан гэмээр Зөвлөхийн орон тоог шинээр бий болгосон нь түүнийг сонгууль угтсан улс төрөө албан ёсоор эхлүүлж буйгаа зарласнаас өөрцгүй юм. Өөрөөр хэлбэл, үндэсний аюулгүй байдал гэхээсээ ирэх сонгууль хүртэл Монголын улс төрд болж өрнөх процесстой холбогдуулж Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс дуугарах, байр суурь илэрхийлэх эрх нь Ж.Энхбаярт ийнхүү нээгдэв.

UZEG.INFO