Монгол Улсын гаалиар хоёр жилийн өмнө каннабисийн төрлийн их хэмжээний мансууруулах бодисыгоруулж ирэхийг завдсан хэрэг гарсныг Гаалийн байгууллагын ажилтнууд илрүүлж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн талаарх мэдээлэл тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан боловч холбогдох байгууллагууд тодорхой мэдээлэл өгөхгүй байсан билээ. Гэвч дээрх байгууллагууд энэхүү мансууруулах бодисын “цаад эзэн”-ийг эрж хайх, илрүүлэх ажиллагаагаа үргэлжлүүлж шалгасаар үр дүнд хүрчээ.

Тухайлбал, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтан Францын Парис хот дахь Монгол Улсын ЭСЯ-ны Консулын газрын нэг ажилтны хамт Испани улсаас Монгол Улс руу гашиш хууль бусаар илгээдэг байсан Монгол Улсын иргэн А-г эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх хэлэлцээрийн хүрээнд биечлэн авчирчээ. Энэ ажиллагаа 2021 оны гуравдугаар сарын 17-24-ний өдрүүдэд Барселон-Парис-Сөүл-Улаанбаатар чиглэлийн дагуу тусгай үүргийн нислэгээр явагдсан байна. Шалгалтын дүнд Испани улсад оршин суудаг Монгол Улсын иргэн А их хэмжээний мансууруулах бодисыг илгээсэн “эзэн” байсан бөгөөд олон улсын шуудан илгээмжийн зүйлд нууж хил давуулан оруулж ирдэг байсныг тогтоожээ.

Ингээд Испанийн Цагдаагийн газартай хамтран ажиллаж уг этгээдийг Франкфуртаас авчрах гэсэн боловч Германы Засгийн газар “Монгол Улс урьд нь манай улсаар дамжуулж хүн хулгайлсан хэрэг гарч байсан тул зөвшөөрөхгүй” гэсэн аж. Тиймээс Испанийн цагдаагийн байгууллага, Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага ИНТЕРПОЛ-той хамтран Францын чиглэлд ниссэн каргогоор авчрахаар зохион байгуулснаар Монгол Улсын ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнууд Испани улсаас Монгол Улс руу их хэмжээний мансууруулах бодис гашишийг удаа дараа шуудан илгээмжийн зүйлд нууж оруулж ирдэг байсан иргэн А-г биечлэн баривчилж эх орондоо авчирчээ.

Мөн 2021 оны гуравдугаар сарын 19-ний өдөр хууль сахиулах байгууллагын ажилтнууд DHL дэх хяналтын бүсээр иргэн Б-ийн нэр дээр Сьерра Леоне улсаас илгээгдсэн илгээмжид нууж 160 мг метафины агууламжтай “мөс” гэх нэршил бүхий сэтгэцэд нөлөөт бодис илгээснийг илрүүлсэн бөгөөд одоогоор хэргийг шалгаж байгаа юм байна.

Түүнчлэн “Испани улсад бүртгэлтэй Монгол Улсын далбаа тээгч хөлөг онгоц газар дундын тэнгист тээвэр хийхдээ их хэмжээний марихуан тээвэрлэсэн хэрэг тус улсад илэрч шалгагдаж байна. Энэ талаар манай интерполын албанаас “Манай далбааг албан ёсоор мандуулах эрхтэй байсан эсэх талаар” олон улсын шугамаар асуулга явуулсан” гэв. Харин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн алба болон интерполын шугамаар манай улс руу Францаас хар тамхи нэвтрүүлэхийг завдсан үйлдэл илрүүлж шалгаж байгаа зүйл байхгүй” хэмээн албан бусаар мэдэгдсэн юм.