АРДЧИЛСАН ТОГТОЛЦОО ХҮН ТӨРЛӨХТНИЙ

ТҮГЭЭМЭЛ ҮЗЭГДЭЛ МӨН ҮҮ?

Ардчилсан тогтолцоо гэдгийг оролцогчдын тэгш нөлөө бүхий хамтын шийдвэр гаргах аргад суурилсан улс төрийн систем гэж тодорхойлдог. Хэдийгээр энэ тогтцыг нийгмийн аль ч том жижиг инстүүцэд салангид нь хэрэгжүүлж болох ч, өнөөдөр хамгийн чухал хэрэглээ нь төр юм. Учир нь хаана ч хэзээ ч төр л асар их эрх мэдэлтэй байдаг. Иймээс ардчиллын тодорхойлолтыг ихэвчлэн дараах зүйлсээр нарийвчлан тодорхойлдог.

1.Төрийг удирдаж буй хүмүүс нь шударга, өрсөлдөөнтэй сонгуулиар томилогддог.

2. Ард түмэн бол засаглалын цор ганц хууль ёсны эх үүсвэр мөн. 

3. Нийгэм нь нийтийн сайн сайхны төлөөх нийтлэг ашиг сонирхлыг хангахын тулд өөрөө удирдах үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.

Нийгмийн ардчилсан тогтолцооны анхны санаа эртний Герег, Ромд үүсжээ. Тиймээс дэмократиа гэсэн нь δῆμος «ард түмэн» + κράτος «засаглал» гэсэн герег гаралтай “ард түмний засаглал” утгатай нэршил. Ардчилсан тогтолцооны үзэл санаа анхнаасаа иргэншсэн европ хүмүүсээс гарсан, цаашаа ч загалмайн шашинт иргэншсэн европчууд хөгжүүлснээр өнөөгийн төвшинд хүрсэн. Хүний соёл иргэншлийн бүх түүхэнд үүссэн, байсан, байгаа иргэншлүүдээс хамгийн залуу нь Дахин сэргэлтийн үед Европт үүсэж хэлбэршсэн Өрнийн иргэншил буюу эдүгээ нийтээр нэрлэдгээр “орчин үеийн иргэншил” юм. Энэ иргэншил богино хугацаанд Дахин сэргэлт, Реформац, Гэгээрлийн эрин, Үйлдвэржилтийг дамжин улам төлөвшсөөр 200 гаруй жилийн өмнөөс анхны нийгмийн ардчилсан тогтолцоог бий болгосон билээ. Ардчилсан тогтолцоо гэж чухам юуг хэлэх, ямар категориор үнэлэх, шалгуур нь юу байх, төр хийгээд ард түмний харилцаа хэрхэн илэрхийлэгдэх талаар үе үеийн суутнууд маргалдан ухаан зарж онолын хувьд асар их үүрэг гүйцэтгэсэн юм. Аристотэл, Жон Локк, Монтэскю, Дэвид Хүм, Жан Жак Руссо, Алэксис дө Токвил, Жон Милл… гээд олныг нэрлэж болно. Бүгд европчууд шүү. Эд ардчилсан төрийн тогтолцоо ба ардчилсан нийгмийн шалгуур юу болох талаар хоорондоо зөрөөтэй олон янз тодорхойлолт санал болгосон ч Карл Поппэрийн санал өдгөө хамгийн бага маргаан дагуулдаг. Тэрээр ардчилсан тогтолцоог “нээлттэй нийгэм” гэж нэрлээд, “нийгмийн гишүүд нь өөрсдийнхөө оюун ухаан, шүүмжлэлт сэтгэхүйн үндсэн дээр, мөн хэлэлцүүлгийн үр дүнд байгуулсан тохиролцоондоо тулгуурлан элдэв хорио цээрийг ил тод шүүмжилдэг нээлттэй нийгэм юм” гэжээ.

Франц ба Америкт гарсан хувьсгалаар төрийн ардчилсан тогтолцоо анх удаа амьдралд хэрэгжиж эхэлсэн. Гэхдээ Европ тивийг ардчилах явц хүнд хэцүү зам туулжээ. Наполеон энэ асуудлыг дайнаар шийдэх гэж зүтгээд муухай ялагдлаар төгссөн. Франц өөрөө тогтвортой бат бэх төрийн ардчилсан тогтоцтой болох хүртлээ 80 жил зарцуулсан.

Төрийн ардчилсан тогтолцоо протэстант шашинт Умард Европт богино хугацаанд амжилттай бүтсэн, яагаад гэдгийг нь Макс Вэбэр “Протестант ёс зүй ба Капитализмын мөн чанар” бүтээлдээ үнэмшилтэй тайлбарласан. Харин Католик Европт их удаашралтай, эргэж буцсан маягтай алхам алхмаар урагшилсаар хэрэгжсэн бол, Европын дөрвөн том аугаа шинэчлэлээс гадуур явсан Үнэн алдарт шашинт орнууд энэ их өөрчлөлтөөс холуур өнгөрчээ. Испани, Португалын колони байсан, католик шашинтай төв ба өмнөд Америкт төрийн ардчилсан тогтолцоо нь шатрын морины нүүдэл шиг ардчилал, дарангуйлал хоёрын дунд ээлжлэн сэлгэсээр өнөө хүрлээ. Эдэн дунд ардчиллын эсрэг найдвартай зогсдог хэдэн орон бий. АНУ-ын дараа уг тивд хоёр дахь тусгаар тогтносон орон болох Хаити байна. Дэлхийн нэг ноймрын ядуу улс, үргэлжийн ээлжлэн солигдох дарангуйлагч нарын хувийн өмч. 230 жилд энэ улсын өөрснөө үйлдвэрлэсэн бүх баялгийн нийлбэр нь гаднаас авсан тусламжаас бага. Болив байна, 200 жилд бараг 200 удаа төрийн эргэлт гарсан байхаа. Парагвайг өвөө, аав, хүү нар буухиа гүйлтийн мод дамжуулж байгаа юм шиг биендээ дамжуулан захирна. Карибын тэнгисээр дүүрэн ийм орнууд.

Төрийн ардчилсан тогтолцоо Үнэн алдарт шашинт орнуудад тун бүтэл муутай явагдсан. Ямар нэг хэмжээгээр Английн хараанд байсаар ирсэн Герег улс одоо ч Европын хамгийн хоцрогдсон орны нэг. Хар хурандаа нар ч нэг хэсэг, коммунистууд нэг хэсэг ноёрхож байлаа. Чаушэскогийн Румын дарангуйллын тогтолцоот коммунист орнууд дотроо ч хамгийн харгис нь байлаа.

Үнэн алдарт шашинт Орос, түүний шууд залгамжлагч коммунист ЗХУ-нь бүх түүхэндээ дарангуйллын тогтолцоотой байсан. ЗХУ-ын дараах Орос орон хорин жил ардчилсан тогтолцоотой байж үзсэн ч иргэд нь үүнийг хүлээж аваагүйгээр барахгүй энэ системийг үзэн ядаж байлаа. Нийгмийн тогтолцооны шилжилтийн үеийн аргагүй хүндрэлийн бурууг зөвхөн ардчилсан тогтолцоонд тохох үзэгдэл нийтийг хамарсан. Польшийн Ерөнхийлөгч Квашнэвскитэй уулзахдаа Путин түүнд “Ардчилал Орос оронд, Оросын ард түмэнд огт тохирохгүй систем. Та нар ардчилсан болж тоглох нь манайд огт хамаагүй” гэж хэлсэн гэдэг.

Төрийн ардчилсан тогтолцоо байгуулсан анхны загалмайн бус шашинт нийгэмтэй улс нь Түрэг. Үүнийг Ата Түрк дарангуйлал хүчирхийллээр лалын Түрэгт тулган хүлээлгэсэн. Дараагийнх нь хинду-буддизм-лал шашинт нийгэм болох Энэтхэг. Өнөөдөр 1.5 тэрбум хүн амтай энэ аварга орныг дэлхийн хамгийн том ардчилал гэж нэрэлдэг. Ер нь Английн колони байсан орнуудад төрийн ардчилсан тогтолцоо харьцангуй амархан бүтэж байсан. Үүний тод жишээ нь Африкт Ботсвана. Өмнөд Америкт Ямайка, Азид Сингапур гэх мэт. Мэйжийн шинэчлэлийн дараагаас Япон улс феодалын харилцааг халж Европ Америк маягийн төрийн тогтолцоонд шилжсэн боловч баттай ардчилсан тогтолцоо хожим Дэлхийг II дайны дараа тогтсон билээ. 

Хятад нь хэдэн мянган жилийн иргэншлийн түүхтэй өөрийн тогтсон төр барих арга барилтай. Нүүдэлчдийн төр болох Юань, Манж Чинг эс тооцвол хятадууд энэ урт түүхэндээ гадагшаа халдаж дайн хийж байгаагүй. Тэгсэн мөртөө дотроо үргэлж тэмцэлдэж байсан. Өмнөх династиудын туршлага дээр үндэслэн уламжлалт арга барилаа цааш хөгжүүлдэг. 1911 онд Хаант засгийг унагаад төрийн ардчилсан тогтолцоотой болох гэж оролдсон ч тэр нь бараг 40 жил үргэлжилсэн иргэний дайн руу түлхжээ. Хятад ардчилсан тогтолцоотой байж үзээгүй ч өөрийн засаглалын загварыг бусдад тулгаж, даган дуурайхыг шахдаггүй.

1948 онд НҮБ-аас Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлахад 48 улс нэгдсэн ба ЗХУ, дагуул коммунист орнууд хүлээж аваагүй. Тунхаглалд нэгдсэн орнуудад ердөө 4-5 лалын орон байсан ч хэзээ ч үүнээ баримталж байгаагүй. Одоо бараг 200 шахам орон НҮБ-ын гишүүн боловч дийлэнх нь хүний эрхийн тунхаглалд заасан гол баримтлал болох 1. үг хэлэх эрх чөлөө, 2. шашин шүтэх эрх чөлөө, 3. айдсаас ангид байх эрх чөлөө, 4. хүслээс ангид байх эрх чөлөө-г бүгдийг нь ба заримыг нь мөрддөггүй. Хүний эрхийн түгээмэл тунхаглал бол төрийн ардчилсан тогтолцооны гол тулгуур баримтлал. Өрнийн орнуудын үзэл баримтлалаас эхтэй энэ гол зарчим өнөөдөр бүх дэлхийд хэрэгжин мөрдөгдтөл яагаад ч үгүй байна. Өнөөгийн хүн төрөлхтөн нийтээр ийм төвшинд очтол хол байна. Уугуул Африк руугаа буцах хүсэлтэй боол асан нигерүүдийг америкчууд баруун Африкт байгаль орчны нэн тааламжтай газар худалдан аваад тийш нүүлгэсэн. Очсон иргэд өөрсдийгөө америк-либерчууд гэж нэрлэнэ, учир тэдэнд Бүгд найрамдах улс байгуулж, Үндсэн хуулийг нь Америк маягаар цогцлоож, улс оронд нь Эрхчөлөө (Либэриа) гэсэн нэр өгсөн, үндэсний далбаа нь хүртэл АНУ-ынхтай төстэй. Харин очсон боол аснууд дороо нутгийн уугуулуудыг америк маягаар боол болгоод өөрснөө газрын эзэн болцгоов. Тэрнээс хойш бараг 200 жил өнгөрлөө, юун ардчилсан тогтолцоо, юун хүний эрх? Өөдлөөгүй дээ. Яагаад?

Өрнийн ардчилсан орнууд, түүний дотор голлох хүчин болсон АНУ нь хүйтэн дайны үед Тайвань, Өмнөд Солонгос, Өмнөд Вьетнам, Чили, Индонез, Пакистан зэрэг харгис дэглэмт улс орнуудыг дэмжиж байсныг тухайн цаг үеийн аргагүй байдал зэрэгтэй холбон зөвтгөж болох олон тайлбар бий. Ийм дэмжлэгийг хүний эрхийн түгээмэл тунхаглалыг илт зөрчдөг Латин Америк, Африк, Азийн олон орон, ялангуяа тунхаглалыг илт эсэргүүцдэг лал шашинт зарим орнууд хүртэж байсан. 

Өнөөдөр НҮБ-ийн гишүүн бараг бүх оронд төрийн эрх барих бүлэг болон хүнийг бүх нийтийн сонгуулиар тодруулдаг боллоо. Энэ бол хүн төрөлхтний нийгмийн дэвшлийн асар том амжилт, ялалт билээ. Гэхдээ одоо өрнийн ардчилсан зарчмын шалгуураар төрийн ардчилал бүрэн тогтсон улс орон ердөө 20-30 орчим байна гэж судлаачид тодорхойлдог. Орон болгонд бүх нийтийн төрийн сонгууль болдог ч ихэнхэд нь ардчилсан зарчмыг баримталдаггүй. Тэр байтугай Хятад зэрэг оронд дээрээс шалгаруулан томилогдсон цөөн бүлэг хүний дотроос төрийн эрх баригчдаа сонгодог. Тиймээс Хүний эрхийн түгээмэл тунхаглал ч, өрнийн ардчилсан төрийн тогтолцоо ч манай гаригийн нийт хүн ам, төр улсад хэрэгжихэд дэндүү хол байна. Холбоо мэдээллийн хувьд дэлхий даяаршин хавтгай болноор Өрнийн баян ардчилсан орнуудыг хөдөлмөр зүтгэл, шинэ ололт, хувьсгал, туршлагаараа өдий зэрэгт хүрснийг үл зөвшөөрөн гагцхүү колоничлол, дээрэм тонуулаар өөрсдийг нь мөлжин баяжсан, тэгээгүй бол өдийд бүхий л хөгжиж буй орнууд харин ч илүү баян тансаг байх байлаа гэсэн хоцрогдсон орнуудын хүн амын дуу хоолой улам тод, илэн далангүй сонсогдох болжээ. Энэ нь юун түрүүн Хүний эрхийн түгээмэл тунхаглал ба төрийн ардчилсан тогтолцооны эсрэг үзэл бодлыг нь чиглүүлж байна. 

Иргэншил үүссэн цагаас хойших зургаан мянган жилд бүх дэлхий даяараа ямар ч дайн тулалдаангүй байсан он жил тун цөөхөн хугацааг хамарч байгааг судлаачид тоолсон байдаг. Ингэхээр хүний иргэншлийн түүх бол дайн байлдааны түүх. Ялангуяа галт зэвсэг бий болсноос хойш хүмүүсийг олноор нь устгах технологи бий болсон. Дайн илүүтэй техник технологид тулгуурлах боллоо. ХХ зуунаас атомын бөмбөг бий болсноор хүмүүсийг болон эд баялгийг үй олноор сөнөөн устгах технологи бий боллоо. НҮБ-ийн байнгын хорооны байнгын гишүүн, цөмийн зэвсэг бүхий таван гүрэн хэдийгээр хоорондоо бүх талаар зөрчилтэй боловч чухамдаа атомын бөмбөгний хүчээр дэлхийг хамарсан дайн гаргалгүй бүгд биенээсээ айн хоорондоо эв учраа олсоор ирсэн. Хүйтэн дайны бараг 40 жил үргэлжилсэн үе хүн төрөлхтний хамгийн энх тайванч, намжмал үе байсан юм. Харин хүйтэн дайны дараа цөмийн зэвсэг агссан арав гаруй оронтой болсон төдийгүй, хэн нь ч хэндээ захирагдахгүй тогтолцоо бий болж эхлэв. Дэлхий нийтээрээ төгс төгөлдөр нийгэмтэй (жишээ нь ардчилсан) болох уу, эсвэл дэлхий нийтээрээ дайн байлдаангүй эмх амгалан орших уу гэсэн хоёр үзүүртэй асуулт хүн төрөлхтөнд тулгарч байна. ХХ зуунтай харьцуулахад өнөөгийн XXI зууны эхний 25 жилд зэвсэглэл бүр ч аймаар болсон. Украин дахь дайн, Израилчуудын террористуудад өгч буй цохилт зэргээс харахад дайны технологи шинэ шатанд гарчээ. Хамгийн гол нь дэлхий даяар тоолох аргагүй террорист бүлгүүд мэндэлсэн, нөгөө талаас хамгийн орчин үеийн зэвсгүүд хяналтгүй болсон. Дэлхий галзуурч байна. 

Ардчилсан тогтолцоо, хүний эрх зэргээс илүү чухал юм бол манай гариг дээрх энх тайван. Эгзэгтэй орнууд өөрийн нутаг дээрээ хүний эрхийг хүндэтгэж, нийгмээ ардчиллаж байна гэдгээс үү, эсвэл уг дарангуйлагч ямар нэг үнэ цэнээр өөрийн хамаарах газар нутгаа бүрэн хянаж чадаж байна уу гэдгийн аль нь илүү чухал вэ? Саддам Хусайн, Муамри Каддафи, Хосни Мубарак… хичнээн аймшигт муухай дарангуйлагч байсан ч, юутай ч Пандорын авдрыг олон жилийн турш таг цоожтой байлгаж чадаж байсан. Афганистан хаант улс байхад, Иранд Рэза Пахлавын дэглэм ноёрхож байхад Өрнөдийн соёл нэвтэрсэн номхон даруу улс орнууд байлаа. Өмнөд Еэмэнь зөвлөлт маягийн социализм байгуулж байхдаа өнөөгийнх шиг мангас байгаагүй шүү дээ. Эцэг хүү Ассадын бараг 60 жилийн Сири дахь дарангуйллыг түлхэн унагалаа, дэлхий даяараа баяр хөөр болж байна, харин дэглэмийг түлхэн унагаагчид нь ердөө саяхан Аль Каида, ISIS зэрэг дэлхийг донсолгосон террорист, алан хядагч байгууллагын салбар нь байсан шүү дээ. Парис, Лондонд дүрвэгсдийн дуу шуугиантай сүрт цуглаан дээр “Энэ хотыг бид шариатын хууль ноёрхсон газар болгоно” хэмээн чанга дуугаар орилолдохыг “Үг хэлэх нь хүний эрх” хэмээн тэсвэрлэн сонсож,чадаж байгаа англи, франц хүмүүс танд ямар сэтгэгдэл төрүүлдэг вэ? 

2024. 12.09