Өмнөх хэсгийг эндээс  уншина уу.


Логикийн хувьд зөв л бол Шагжамүнийн сургаал мөн

Багш:
За одоо нөгөө “Яагаад их хөлгөний буддизм үүссэн юм бэ?” гэдэг яриа   руугаа орцгооё. Авидармын буддизм бий болсноос хэдэн 100 жил өнгөрсний хойно,   нийтийн тооллын эхлэл цагаар буюу одоогоос 2,000 гаруй жилийн өмнө, 20-иод   урсгал болон салаад байсан буддын ертөнцөд дараагийн том хувьсгал өрнөнө. Тэр   нь Их хөлгөний буддизм байсан юм.

Их хөлгөний буддизмын эх үндсийн тухайд олон янзын судалгааны таамаг   байдаг. 50-д жилийн өмнө бол их хөлгөнийг Авидармын буддизмтай ямар ч   холбоогүй газраас бий болсон гэсэн таамаг голлох байр суурьтай байлаа. Тэр   нь, их хөлгөний буддизм бол санга (буюу хуврагын чуулган) дотроос үүсээгүй,   сахил хүртээгүй хар хүмүүс дундаас үүсч бий болсон гэх таамаг л даа. Яагаад   тэгж үздэг байсан гэхээр, анхнаасаа цор ганц сургаал номлодог байсан буддын   ертөнц дотроос тэс өөр их хөлгөний номлол ар араасаа төрөн гарах нь яавч байх   боломжгүй гэж боддог байсантай холбоотой. Гэвч, сүүлийн үед их хөлгөний   буддизмыг Авидарын буддизмын урсгалуудын хаа нэгтээгээс үүссэн гэх таамаг   эсрэгээрээ хамгийн түгээмэл болж ирээд байгаа.

Сурагч:
Багш та өөрөө их хөлгөний буддизмыг хаанаас үүссэн гэж боддог вэ?

Багш:
Сая ярьсанчлан, миний олж тогтоосон “Хуврага салгах үйлийн тодорхойлолт   өөрчлөгдсөн” гэх явдал дээр суурилаад бодвол, буддын ертөнц дотроос төдийг   хүртэл огт байгаагүй санаа төрөн гарах нь бүрэн боломжтой болж ирнэ. Тийм   болохоор, миний хувьд их хөлгөний буддизмыг мэдээж хэрэг Авидармын буддизм   дотроос төрөн гарсан гэх таамгийг дэмждэг. Миний төсөөлөл таамгаар бол их   хөлгөний үүсэл дараах процессоор өрнөсөн болов уу.

Хуврага салгах үйлийн тодорхойлолт өөрчлөгдөөд төд удаагүй байсан   авидармын буддизмын үед, сургаалд хандах үл ялиг тайлбарын зөрүү байсан   боловч, цоо шинэ номлол гаргаж тавих хөдөлгөөн хараахан байгаагүй байж   таарна. Гэвч, түүхийн урт өрнөлийн хаа нэгтээ “Эртнээс уламжлагдаж ирсэн   сударт бичигдээгүй ч гэлээ, логикийн хувьд зөв байвал түүнийг Шагжамүнийн   сургаал гэж үзэхэд болох биш үү?” гэх хандлага төрөөд ирж. Энэ нь нэг ёсондоо   “Өнөөг хүртэл байгаагүй цоо шинэ судар бичээд, түүнийгээ Шагжамүнийн сургаал   гэж нэрлээд түгээж болно” гэсэн үг тул, энэ санаа нэг л зөвшөөрөгдөж орхивол   түүнээс цааш бүх юм шуударч, тэрийг зогсоох ямар ч боломжгүй болно. Төдийг   хүртэл огт байгаагүй шинэ санааг Шагжамүнийн сургаал гэж зарласан хүмүүс ар араасаа   гарч ирсээр, нэг мэдэхнээ тэс хөндлөн буддын шашин (их хөлгөний буддизм)   төрөөд гараад ирчихжээ, гэсэн үг юм.

Сурагч:
Гэхдээ, өмнөх судруудад бичигдээгүй юмыг санаанаасаа зохиож бичнэ гэдэг   чинь, яаж ч бодсон хориотой үйлдэл байлгүй дээ? Тийм ёс бус хөдөлгөөн   ажиглагдсан тохиолдолд, тухайн үеийн буддистуудаас ямар нэгэн хориг шүүмж   байсан л баймаар юм...

Багш:
Хуврага салгах үйлийн тодорхойлолтыг өөрчилснөөр эхний дэгээ мултарсан   нь гарцаагүй баримт боловч, түүнээс хойш нэг хэсэгтээ бол тодорхой түвшинд   хэм хэмжээ гэдэг юм сахигдаж байсан нь дамжиггүй биз. “Тайлбарт бага сага   ялгаа байхад асуудалгүй ч гэлээ, бүр сууриар нь сургаалыг өөрчилж арай   болохгүй.” гэж олон хүн бодож байсан байж таараа. Гэвч он цаг улираад ирэх   дунд, нэг мэдэхнээ нөгөө хэм хэмжээ алдагдаж, гэв гэнэт салаалалт огцом   өрнөсөн. Тэр үед лавтайяа хамгийн чухал хөшүүрэг болсон нь тэрхүү “Учир   утгатай л байх юм бол Шагжамүнийн сургаал гэж үзэж болно” гэх санаа төрөн   гарсан явдал болов уу. Мэдээж тийм нөхцөл байдлыг хараад түгшиж эмзэглэсэн   хүмүүс байсан л байх. Гэлээ гээд нэгэнт далан сэтлээд сад тавьсан усны өөдөөс   хэн ч эрсэлж чадахгүй шүү дээ. Их хөлгөний буддизмаас хамаагүй өмнө бичигдсэн   “Махапаринирвана” судрыг (Их хөлгөний буддизмд ч ийм нэртэй өөр судар байдаг)   харахад л бодитоор тийм өрнөл болсон болох нь харагддаг. Энэ судрын эртний   Пали хэлээр бичигдсэн болон ханзаар бичигдсэн хоёр хувилбар байдаг ба, Пали   хэл дээрх хувилбарт “Сургаалын үнэн зөвийг нягтлахын тулд Шагжамүнийн үгтэй   тохирч байгаа эсэхийг шалга!” гэж бичсэн байхад, ханзаар бичигдсэн хувилбарт   үүн дээр нэмээд “Учир утгатай байвал түүнийг Шагжамүнийн сургаал гэж үзэж   болно” гэх утгатай өгүүлбэр байдаг. Тэгэхээр ийм үзэл санаа бага багаар   бүрэлдэж ирсэн тэр явц ажиглагдаж байгаа биз?

Ямартай ч, “Хуучны сударт бичигдээгүй байлаа ч, учир утгатайн дээр   Шагжамүнийн сургаал гэж үзэхэд ямар нэгэн зөрчил үүсэхээргүй байвал тэр   сургаал зөв” гэж тооцдог болсноос болж хамаг юм эхэлсэн нь маргаангүй болов   уу. Энэ цаг үеэс их хөлгөний буддизм төрөн гарах хаалга үүд цэлийтэл нээгджээ   гэж хэлж болно.

Сурагч:
Гэхдээ л ер нь тэр их хөлгөний буддизмыг зохиосон хүмүүс чухам ямар   санаатайгаар төдийг хүртэл огт байгаагүй сургаал номлох болсон юм бол оо?   Шагжамүнийн сургаалыг эсэргүйцэх гэсэн амбиц ч гэх юм уу, муу санаа байсан юм   биш биз дээ?

Багш:
Яалаа гэж тийм байх вэ. Их хөлгөний буддизмыг зохиосон хүмүүс   санаатайгаар Шагжамүнийн сургаалыг мушгин гуйвуулъя гэж огт бодоогүй нь   лавтай. Их хөлгөний буддизмын сургаал дотор төдийг хүртлэх Шагжамүнийн   сургаалтай яагаад ч авцалдахгүй зүйлс ч байдаг л даа. Гэхдээ тэд бүгд   хуврагуудын өөрсдийн даяанчлалын туршлагаас нь төрөн гарсан зүйлс юм.   Даяанчлах явцдаа “Энэ л яг бурхан Буддагийн хэлэхийг хүссэн чухам санаа байж   таараа. Би буддагийн сургаалыг зөвөөр таньж чадлаа” гэх мэт онгод, гойд   мэдрэмжүүд төрсөн учраас л баттай итгэл үнэмшлээр “Шагжамүнийн жинхэнэ   сургаал энэ юм” гэж өгүүлцгээсэн учиртай.

Сурагч:
Зохиосон хүмүүс нь өөрсдөө ташаа номлол хэлж буйгаа ч анзаараагүй   байсаан гэсэн үг үү? Тийм бол одоо яалтай. Ингэхэд тэгвэл, авидармын буддизм   дотроос их хөлгөний буддизм төрөн гарсан юм гэвэл, авидармын буддизмын чухам   аль урсгал нь манлайлж их хөлгөний буддизмыг зохиосон болох нь харагддаг   болов уу?

Багш:
Их хөлгөний сургаалуудын тухайд, олон урсгалуудын аль нэг газраас нь төрсөн   бус, энд тэндээс зэрэг зэрэг төрөн гарч бүрэлдсэн болов уу, гэж би   таамагладаг. Янз бүрийн урсгалуудын янз бүрийн хүмүүс өөр өөрийн онгод   туршлага дээрээ суурилан шинээр судар ном зохиосон юм гэвэл, гарцаагүй тэгж   үзэхээс өөр аргагүй.

Тухайн үед хараахан их хөлгөний буддизм гэх нэршил ч байгаагүй,   зохиосон хүмүүс нь ч өөрсдийгөө уугуул буддизмаас өөр юм өгүүлсэн гэдгээ   анзаараагүй явсан байж таарна. Тэгээд бүс нутаг бүрээс, цаг үе бүрээс шинэ   шинэ буддын сургаал номууд төрөн гарч, тэдгээр бяцхан салаанууд нэгдэж   томорсоор, нэг анзаарахнээ тэр нь их хөлгөний буддизм гэсэн нэгэн томоо   урсгал болон тогтсон, тиймэрхүү өрнөл байсан болов уу.


Их хөлгөний буддизмы эцсийн зорилго бол “Будда болох явдал”

Сурагч:
Их хөлгөний буддизм бий болсон түүхэн процессийг нь ерөнхийд нь   ойлголоо. Гэхдээ нэг асуулт байна. Яагаад их хөлгөний буддизм гэртээ байгаа   хар хүнийг ч бас гэгээрэлд хүрэх боломжтой гэж үзэх болсон юм бол? Тэгснээр   өөрсдийн шашны босгоо намсгаж, аль болох олон хүнийг сүсэгтнээр татах гэсэн далд   санаа байсан байж болох уу?

Багш:
Шууд тэгж хэлж бас болохгүй. Өмнө хэлсэн шүү дээ, шагжамүнийн буддизм   дахь даяанч амьдрал гэдэг нь ямар ч ажил орлого байж болохгүй, зөвхөн бусдын   өглөг барьцанд л түшиглэхгүй бол болдоггүй ээ, гэж. Даяанч хүмүүс амьдрахын   тулд тэднийг дороос нь дэмжиж тулж өгөхүйц тогтвортой нийгэм зайлшгүй   шаардлагатай.

Их хөлгөний буддизм үүсч байх тэр цаг үеэр Энэтхэгийг нэгтгэн зангидсан   Мауря гүрэн мөхөж, үймээн самуунт цаг үе эхэлж таардаг. Ялангуяа хойд   Энэтхэгийн Гандара хавиар зүсэн зүйлийн гадны үндэстнүүд урсан орж ирж,   ширүүн тэмцэл зөрчил өрнөдөг байж. Мэдээж хэрэг тийм орчин нөхцөлд юу ч   болоогүй царайлан даяанчлаад суух нь хэцүү болж ирнэ. Гэлээ гээд, тэрнээс   болж даяанчид гэгээрэлд тэмүүлэх зорилгоосоо буцна гэхээр бас хэцүү. 

Хэрвээ чи даяанч байсан бол тийм нөхцөл байдлыг даван туулахын тулд юу   хийх байсан бэ?

Сурагч:
Харин ээ, даяан хийлгүйгээр гэртээ байнгаа гэгээрэлд дөхөх арга чарга   сүвэгчлэх гэж оролдох юм болов уу... Гээд бодохоор, нээрээ л их хөлгөний   буддизм тухайн цаг үеийн нөхцөл байдлаас зайлшгүйгээр төрөн гарчээ гэж үзэж   бас болох л юм.

Багш:
Ийм эрт балрын явдал болохоор баталж нотлох зүйл юу ч үлдээгүй хэдий ч,   иймэрхүү нөхцөл байдал үүссэн байхыг байг гэх газаргүй болов уу. Мэдээж хэрэг   энэ бол нэг л таамаг төдий, их хөлгөний буддизм хар хүмүүст үүдээ нээх болсон   өөр шалтгаанууд байсныг ч үгүйсгэхгүй. Энэ талаар өнөөгийн буддизм судлал   нарийвчлан судлаад явах биз ээ.

Ямар ч байсан, гэгээрэлд хүрэх боломжийг даяанч хуврагаар   хязгаарлалгүй, хар хүмүүст ч тэлэн дэлгэрүүлэх гэсэн хандлага газар авч, тэр   нь их хөлгөний буддизм төрөн гарах хөдөлгөгч хүч болсон гэдэг нь маргаангүй   байгаа юм.

Түүнээс гадна их хөлгөний буддизмын үүслийг тунгаахад бас нэг чухал   асуудал бий. Шагжамүнийн буддизмд, энэ ертөнцийн даяанчлалаар гэгээрлийг   зорих хүмүүсийн хүрч чадах зэргийг Архад гэдэг. Архад гэдэг нь   Шагжамүни багшийн сургаалд төгс суралцаад гэгээрлийг олсон хүн юм. Гэгээрсэн   гэж байгаа ч, тэр нь Шагжамүни шиг буддатай харьцуулахад хамаагүй доогуур   түвшний гэгээрэл. Шагжамүнийн буддизмд бол хэн бүхэн тэрхүү архадыг зорин   даяанчилдаг бөгөөд, будда болохыг зорьдог хүн гэж үгүй. Будда гэдэг бол   Шагжамүни багш шиг онцгой тусгай авьяас чадвартай, нэгэн төрлийн суут   хүмүүсийн л хүрч чадах өндөрлөг юм. Харин их хөлгөний буддизмд бол   гэгээрлийг чиглэх хүмүүсийн эцсийн зорилго нь будда болох явдал байдаг.   “Бурхан болох” гэдэг үгийн үүсэл нь эндээс улбаатай. Бурхан болох гэхээр   ихэнх хүмүүс, нас бараад энэ хорвоогоос өөр хаа нэг амар амгалан газар очих   тухай төсөөлдөг байх. Гэвч тийм бус, уул утга нь хүн гэгээрлийг олоод будда   болно гэсэн санаа. Нэг ёсондоо, шагжамүнийн буддизмд бол төсөөлж ч байгаагүй   “хэн бүхэнд нээлттэй буддад хүрэх зам” гээч юм их хөлгөний буддизмд боломжтой   болсон учиртай юм.

Сурагч:
Будда гэдгийг хоёргүй цор ганц оршихуй, ерөөсөө Шагжамүнийг л Будда гэж   нэрлэдэг гэж ойлгодог байлаа...

Багш:
Аан, чиний наад хэлж байгаа чинь чухам яг “Шагжамүнийн буддизм”-ын   санаа. Шагжамүнийн буддизмд “Нэг цаг үед нэг л будда байдаг” гэж үзээд, тэр   будда нь нас барвал хэдэн сая жилээр тоологдох урт удаан будда үгүй үе улирч   байж дараагийн будда төрөн гарна, гэсэн цикл давтагддаг гэж үздэг байж.   Өөрөөр хэлбэл, Шагжамүни бол тэрхүү хэдэн сая жилд л ганц төрдөг тэр онцгой   будда нь байсан хэрэг.

Харин их хөлгөний буддизмд болохоор, энэ хорвоод хэд хэдэн будда байдаг   бөгөөд, хичээж мэрийх л юм бол хэн ч тэр будда нарын нэг болж болно гэж үзсэн   байна. Яагаад “Бид ч бас будда болмоор байна”, эсвэл “Будда болох боломжтой”   гэсэн санаа төрсөн тухайд, түүний тодорхой шалтгаан тайлбар хараахан тодорхой   болсон юмгүй боловч, магадгүй сая өгүүлсэн “хар хүн ч бас даяан хийх   боломжтой” гэсэн санаатай хамтдаа гарч ирсэн болов уу. Энэ хоёр санааг   нийлүүлээд харвал “лам хар ялгаагүй, хэн бүхэн оройн дээд зэрэгт хүрэх   боломжтой” гэсэн цоо шинэ үзэл санаа болж байгаа юм.


Ертөнцөд хэд хэдэн будда байдаг?

Сурагч:
Нэгэнтээ л гэгээрлийг зорьж байгаа бол түс тас шууд будда болъё гэж   хүсэх нь нээрээ л аргагүй биз. Тэгвэл их хөлгөний буддизмд яавал будда болж   чадна гэж сургадаг юм бэ?

Багш:
Энийг тайлбарлахад яриа жаахан хүндэрч мэдэх тул, алхам алхмаар тайлбарлаж   өгье. “Будда болохын тулд яах ёстой вэ?” гээд бодоод үзвэл, юун түрүүнд   толгойд орж ирэх нь “Шагжамүни багш будда болж чадсан. Тийм бол бид ч бас   Шагжамүни багштай ижил замаар замнавал будда болж чадах бус уу? Шагжамүни   багшийн амьдрал замналыг сайтар судалбал учир нь олдож таараа” гэх санаа   болов уу.

Нээрээ ч санадаг л санаа. Шагжамүнийн амьдрал, амьдралдаа хийсэн   бүхнийг нэг бүрчлэн хөөгөөд явбал будда болж чадах ч юм шиг санагдаж болно.   Гэвч, Шагжамүни багшийн амьдралыг тэмдэглэсэн ном судрыг хичнээн уншиж   судлаад, хаана нь ч Шагжамүни багшийг будда болгосон тийм онцгой тусгай арга   мэх бичигдээгүй байдаг.

Эндээс тухайн үеийн хүмүүсийн анхаарлаа хандуулсан нь, Шагжамүни   багшийн “өмнөх амьдрал” байв. Буддизм сансрын хүрд болон үйлийн үр гэсэн механизм   бүхий ертөнцийн төсөөлөл дээр суурилдаг тухай өмнө ярьсан шүү дээ. Тэндээс   “Шагжамүни багшийн өмнөх амьдралд ямар нэгэн зүйл тохиосон учраас л түүний   дам нөлөөгөөр будда болж чадсан байх” гэж бодсон хэрэг. Буддизмд будда   болохын өмнөх хуврага буюу будда болохыг горьлогчийг Бодьсадва гэдэг.   Тэгэхээр хүмүүс Шагжамүни багшийн бодьсадва байсан тэр үеийнх нь амьдралаас   буддад хүрэх сэжүүр эрж хайсан гэсэн үг.

Сурагч:
Тэглээ гээд, Шагжамүни багшийн урьд насандаа хэзээ бодьсадва болсон,   болоод юу хийсэн энэ тэрийг хэн ч мэдэж чадахгүй биз дээ?

Багш:
Энэтхэгийн цаг хугацааны төсөөллөөр бол бүх юмс хязгааргүй өнгөрснөөс   хязгааргүй ирээдүй рүү үүрд үргэлжилдэг болохоор, Шагжамүни багш хэзээ хаана   будда болохын төлөөх бодьсадвагийн үйлд шамдаж эхэлснийг мэдээж хэн ч   мэдэхгүй. Гэсэн ч ингээд мэдэхгүй гээд орхичихвол Шагжамүнийн замаар замнаж   чадахгүйд хүрнэ. Үүн дээр будда болохыг хүссэн хүмүүс дараах байдлаар тунгааж   гэнэ.
Шагжамүни багш ч бас анхандаа бидэн шиг л эгэл хүний хувиар адгуус тамд   унахдаа унан сансрын хүрдээр эргэлдэж байсан байж таараа. Тэгж явах зуураа   нэг удаа нэгэн буддатай учирсан завшаанаар, төдийг хүртлэх ердийн эгэл хүний   амьдрал болох сансрын хүрдийг төгсгөж, өөрийгөө будда болгох тусгай   амьдралаар замнаж эхэлсэн болов уу, гэж.

Сурагч:
Яриа ч бүр томроод явчлаа шүү. Яасан гэнэ ээ? Шагжамүни багшаас өмнө   заавал хэрэг болгож өөр будда гаргаж ирэх шаардлага байсан юм уу? Тэрийг сайн   ойлгосонгүй...

Багш:
Шагжамүни багшаас өмнө өөр будда байсан гэж үзээд “тэр буддатай   Шагжамүни багш урьд цагт учирсан байж таарна” гэж тунгаах нь нэг бодлын учир   утгатай яриа юм. Жишээ нь, мэргэжлийн хөл бөмбөгчин болохыг хүсдэг жаалхүү   байж гэж бодъё. Тэр хүү яагаад хөл бөмбөгчин болъё гэж бодсон юм бол?

Сурагч:
Бодвол телевизээр ч юм уу мундаг мундаг тамирчдыг хараад “Гоё юм аа. Би   бас ийм болох юмсаан” гэж л бодсон байлгүй.

Багш:
Яг тийм. Бид нар ийм тийм болох юмсан гэж хүсэх үед, гарцаагүй түүнийх   нь модел болох оршихуй байж байдаг. Юу ч байхгүй газраас гэв гэнэт “Хөл   бөмбөгчин болмоор байна” ч юм уу, “Будда болмоор байна” гэж боддог хүн гэж   байхгүй. Тиймээс их хөлгөний буддизмд, Шагжамүни багш урьд цагт өөр буддатай   учраад “Би ч бас ийм болох юмсан” гэж бодсоноос бүх юм эхэлсэн гэж бодсон нь,   тэгтлээ гайхаад байхаар жигтэй санаа биш юм. Цаашлаад тэд дараах байдлаар   төсөөллөө хөврүүлсэн байна.
Лавтайяа өмнөх цагийн буддатай учирсан Шагжамүни багш “Би ч бас тань   шиг болохын тулд хичээн шамдана” хэмээн, тэрхүү буддад андгай өргөсөн байж   таарна, гэж. Тэгэхэд нь нөгөө будда нь “Чи ирээдүйд заавал будда болж чадна   аа. Сайтар хичээгээрэй” хэмээн Шагжамүнийн ирээдүйг нь тэгшитгэн адислаж   өгсөн байх учиртай. Тэгээд энэхүү “андгай, адис”-ын ачаар Шагжамүни багш   буддаг горьлогч бодьсадва болж, түүнээс хойш дахин дахин үхэж төрөхийн   эргэлтэнд даяанаа үргэлжлүүлж явсаар, эцэстээ будда болжээ гэж тунгаасан нь,   их хөлгөний буддизмын суурь үзэл нь болж өгсөн юм.

Сурагч:
Айхтар ургуулан төсөөлжээ. Тэгвэл тэр Шагжамүни багшийг адисласан   анхдагч будда ямар ном судар дээр гарч ирдэг юм бэ?

Багш:
Их хөлгөний буддизм үүсэхээс өмнө байсан нэгэн үлгэрт Дипанкара гэдэг   будда гарч ирдэг. Эртээ урьд цагт Шагжамүни багш эгэл хүн байхад нь тэрхүү   Дипанкара гарч ирээд “Чи ирээдүйд гэгээрлийг олсон будда болно” гэж зөнгөсөн   тухай гардаг. Магадгүй “андгай, адис” гэх санааг энэ үлгэрээс авсан байх   талтай. 

Цаашлаад энэ санаагаа улам гүнзгийрүүлж, Шагжамүни багш урьд төрөлдөө   олон олон буддатай учирч, олон удаа адислуулсан байхаас зайлахгүй, хэмээн   үзэх болсон байна. Сансрын хүрдээр явбал хичнээн ч буддатай учирсан байж   болно шүү дээ. Шагжамүни багш анх буддатай учирч, андгай өгсний дараа үхэж   төрөн явах дундаа ахиад өөр буддатай учирч, ахин адислуулж, ахиад олон олон   буддатай учирч инерги хураасаар, эцэстээ өөрөө будда болжээ, гэсэн үг.

Сурагч:
Шагжамүнийн буддизмд болохоор будда нь хэдэн сая жилд ганц удаа л гарч   ирдэг гэсэн байх аа? Бодоод үзэхээр, буддатай тийм олон дахин учраад байна   гэдэг тийм амар зүйл биш гэж санагдах юм...

Багш:
Тэгэлгүй яах вэ. Шагжамүнийн буддизмын үзлээр бол үхэж төрөн үргэлжлэх   дундаа буддатай учрах магадлал гэдэг бараг 0-тэй тэнцүү шахуу. Шагжамүни багш   төсөөлөшгүй урт хугацааг элээн байж буддатай учирч чадсан боловч, хэрэв бид ч   бас Шагжамүни багшийн замаар замная гэвэл төдий чинээ урт удаан хугацаа   хөдөлмөр шаардлагатай болно. Тэгж бодох нь арай дэндүү гачлантай. Эндээс арай   өөр зам, илүү хялбар дөт зам, мөхөс бидэнд ч боломжтой тийм зам гэж үгүй   болов уу, хэмээн элдэв янзаар төсөөлөн бодсоны үр дүнд, төрөл бүрийн их   хөлгөний буддизмууд төрөн гарсан байдаг юм.


Учрах боломжгүй буддатай учрах арга сүвэгчилсэн нь

Сурагч:
Их хөлгөний буддизмын ертөнцийн төсөөллийг ерөнхийд нь ойлголоо. Гэхдээ   нэг л сэдвээсээ зөрөөд явчих шиг санагдах юм. Би уул нь “Хэрхэн яаж хар хүн   чигээрээ будда болж чадах вэ?” гэж асуусан юмсан.

Багш:
Тийм ээ, саналгүй яах вэ. Одоо эндээс гол сэдэв рүүгээ оръё. Сая би,   Шагжамүни багш урьд насандаа өөр буддатай учирч андгай өгснөөр бодьсадва   болж, сансрын хүрдээр эргэлдэн амьдарсан гэж хэлсэн шүү дээ. Гэтэл сансрын   хүрдээр эргэлдэн төрөх болгондоо заавал хүнээрээ байх албагүй. Тэнгэр төрөлд   бурхан болж төрж ч болно, эсвэл адгуус төрөлд унаад амьтан болох тохиолдол ч   гарахыг байг гэхгүй. Гэхдээ жишээ нь туулай болж төрлөө ч гэсэн, урьд   насандаа буддад андгай өгсөн бол тэр нь туулайны дүрээр бодьсадва болжээ   гэсэн үг. Туулай даяанчлаад байж чадахгүй учир, тэр насандаа туулайны хувиар   зөв амьдралыг туулах нь буддад тэмүүлэх бодьсадвагийн үйл болно. Ингэж   тунгаавал их хөлгөний буддизмд яагаад даяанчлал хийхгүй байсан ч будда болох   боломжтой гэж үзсэн бэ гэдэг нь харагдаад ирж байгаа биз?

Сурагч:
Өөрийгөө нэгэнт бодьсадва гэж бодох л юм бол, амьтан ч болдог бай хүн ч   болдог бай зөв амьдралаар амьдрахыг л хичээгээд байхад тэр нь даяанчлал болно   оо, гэсэн үг юм биз дээ. Гэхдээ Шагжамүни багш эцсийн мөчид будда болсон   процессийг харвал, явж явж даяан хийх шаардлагатай л юм биш үү?

Багш:
Тийм л дээ, Шагжамүни багш даяан хийх хэлбэрээр гэгээрэлд хүрсэн нь   үнэн. Гэхдээ тэр бол ердөө л төгсгөлийн ганц алхам төдий л зүйл байсан. Уртын   урт үргэлжилсэн түүхтэй нь харьцуулбал, тэр нь дөнгөж мөсөн уулын үзүүрт   болсон л явдал. Түүний дор аварга том урьд насны түүх бий. Шагжамүни багш ч   бас төрөл бүрийн амьтны дүрд хувилангаа зөв амьдралаар даяанчлал үйлдэж ирсэн   цаг үе байсан болоод л гэгээрэлд хүрч чадсан гэж тунгаах юм бол, бид нар ч   бас хэдий хар хүн ч гэлээ Шагжамүни багштай ижил замналаар явж байж болох шүү   дээ.

Сурагч:
Ммм.. Гэхдээ л “Зөв амьдрал даяанчлал болно” гэх нь надад бас нэг л   бууж өгөхгүй байна. Их хөлгөний буддизмд ингэж ингэж амьдар гэсэн илүү   тодорхой юм зааж сургадаггүй юм уу?

Багш:
Өмнө цухас дурьдаад өнгөрсөнчлөн, буян хураах (сайн үйл хийх) нь будда   болохын төлөөх даяанчлал болно гэж их хөлгөнд үздэг. Бүр тодорхой хэлбэл   “бусдыг гэсэн энэрэнгүй сэтгэлээр үйлд” гэсэн үг. Мэдээж шагжамүнийн буддизмд   ч бас “энэрэл” гэх ухагдахуун байдаг. Гэхдээ тэр нь “өөртөө тусалснаар бусдыг   энэрэх” гэсэн хэлбэртэй. Өөрөө түүчээлэн хүнд хэцүү даяанд шамдах төрхөө   үлгэрлэснээр, зовж шаналах бусад хүмүүст “Ийм авралын зам бас байдаг юм   байна” гэсэн анзаарга төрүүлэх нь шагжамүнийн буддизм дахь энэрэл юм. Нэг   ёсондоо, сайн үлгэр жишээ болж бусдыг манлайлан хөтлөх хэлбэрээр бусдыг   энэрнэ гэсэн үг. Үүнтэй харьцуулахад их хөлгөний буддизм дахь энэрэл нь арай   шууд утгатай буюу “өөрийгөө золиослоод ч болов бусдад тусал” гэсэн хэлбэртэй.

Энэ хоёрын ялгааг амьтдын үйлдэлтэй зүйрлүүлэн харвал илүү ойлгомжтой   болов уу. Шувуу дэгдээхэйнхээ нүдэн дээр хоол олж идэхэд, түүнийг нь харсан   дэгдээхэй нь эхийгээ дуурайн өөрөө хоол олж иддэг болно. Өөрөөр хэлбэл хоол   олж идэж байгаагаа дэгдээхэйдээ үзүүлэх нь явж явж дэгдээхэйд нь тус болж   байна гэсэн үг. Энэ бол шагжамүнийн буддизмын тунгаах энэрэл. Харин их   хөлгөний буддизм дахь энэрэл гэдэг нь, жишээ нь өлсгөлөн барыг аврахын тулд   “намайг идээд тэнхрээд ав” гээд баранд өөрийгөө тавьж өгөх явдлыг хэлнэ.

Сурагч:
Энэрэл гэвэл, ердийн үед бол их хөлгөний буддизмын энэрэлийг л төсөөлөх   юм байна.

Багш:
Тэгэлгүй яах вэ. Яагаад гэвэл Япон бол их хөлгөний буддизмын орон шүү   дээ. Тиймээс шагжамүнийн буддизмын “өөртөө тусалснаар бусдыг энэрэх” гэдэг   санаа тийм ч амар толгойд орж ирэхгүй. Их хөлгөний буддизмын “өөрийгөө   золиослох” энэрэл нь, бусдад туслахын тулд эхлээд бусдад гараа сунгах ёстой   гэдгээрээ илүү гайхамшигтай гэж санагдаж магадгүй ч, бүр уг үндэс рүү нь хөөж   харвал тэр нь өөрөө бурхан болохын төлөөх өөрийн тусын тулд үйлдэж буй энэрэл   учраас “бусдыг энэрэх → өөртөө туслах” гэсэн бүтэцтэй юм.

Ингээд, “өдөр тутмын амьдралдаа үйлдэх буян нь будда болохын төлөөх   чухал даяан болно” гэж үзсэн их хөлгөний буддизм яваандаа “туйлын дээд   буян”-ыг эрж хайх болно.

Сурагч:
Тэр нь юу юм бол?

Багш:
“Буддатай учирч, түүнийг тахин шүтэж, залбирал үйлдэх нь буддад хүрэх   дөт зам” гэж тунгаах болсон байгаа юм.

Сурагч:
Айн? Наадах чинь юу гэсэн үг вэ?

Багш:
“Өдөр тутамдаа үйлдэх буян буддад хүрэх инерги болно” гэдэг ч, уул   утгаараа бол тэр нь ойр хавийнхаа амьтан хүнд энэрэнгүй сэтгэлээр туслахыг   хэлдэг учиртай. Гэвч, “өдөр тутмын буян”-ыг арай өөр үйлээр орлуулан солих ч   бас боломжтой. Жишээ нь, бид нар сүм хийдэд очиж алга хавсран мөргөл   үйлдэхийг “буян” гэж боддог шүү дээ (үнэндээ хэн нэгэнд шууд тус болохгүй).   Үүнтэй адилаар буддаг тахин шүтэж, залбирал үйлдэх нь буян гэх санаа төрөн   гарах болж, тэр нь явсаар эцэстээ “Бид бүхэн буддад залбирал үйлдсэнээр будда   болж чадна” гэсэн үзэл болон тогтсон байдаг.

Сурагч:
Буддатай учирч, түүнийг тахин шүтэх нь будда болох дөт зам гэж байгаа   ч, энэ ертөнцийн хаанаас тэр буддаг нь олж уулзаж болох юм бэ?

Багш:
Наадах чинь яг асуудлын гол байгаа юм. Их хөлгөний буддын сургаалд   хамгийн том зангилаа болдог нь, “бодитоор буддатай уулзах боломжгүй” гэх   явдал. Тиймийн учир их хөлгөний буддизмд уулзах боломжгүй буддатай хэрхэн   яаж уулзах вэ, үнэндээ бол уулзах учиргүй буддатай уулзсан гэдгээ хэрхэн яаж   бусдад батлах вэ гэхчлэн янз бүрийн арга ухаан сүвэгчлэх ёстой болдог. Тэр нь   их хөлгөний буддизмын сонирхолтой тал бөгөөд, үндсэн төрх нь ч бас мөн юм.

Өнөө үед “Билиг барамидын судар”, “Цагаан лянхуа судар”, “Аватамсака   судар”, “Нирвана судар” гэхчлэн олон олон их хөлгөн судрууд өвлөгдөн ирж, цаг   үе улирах тоолонд ар араасаа ялгаатай судрууд бүтээгдэж ирсний цаад шалтгаан   ч бас үнэндээ үүнтэй холбоотой. Эдгээр судруудын онцлог хийгээд ялгааны тухай   дараа дараагийн лекцээр нарийвчлан ярилцацгаая.


Үргэлжлэл бий...