-Танай сургуулийн 100 жилийн ой болж байна. Өндөр түүхтэй газар юм. Яг одоо энэ сургуулийг удирдаж байгаа захирлын хувьд таныг зочноороо урьж ярилцахыг хүссэн юм. Ректор гэдэг бол том эрх мэдэл, том нэр хүнд. Би олон ректортой ярилцаж байсан. Гэхдээ эмэгтэй ректор таарч байгаагүй. Энд хүртэл явж ирсэн таны замнал надад сонин байна. Хоёулаа эндээс яриагаа эхлэх үү?

-Сургуулийн ойн үеэр ярилцаж байгаагийн хувьд өргөн утгаар харъя. 1921 онд ардын хувьсгал ялснаас хойш бидэнд буюу манай улсад бусад улс оронд  тохиолддог бүхэн тохиолдсон. Хамгийн эхлээд улс гэрээ төвхнүүлж авах нь чухал болж үүний тулд улс орноо удирдан авч явах хүмүүсийг бэлтгэх шаардлага хамгийн эхлээд үүсэж таарсан. Энэ ч үүднээс Намын төв хорооны тогтоол 1924 оны 4-р сарын 1-ны өдөр гарч, тогтоолын дагуу Монгол Улсын өнцөг булан бүрээс 68 залууг 1924 оны 4-р сарын 05-ны өдөр цуглуулж анхны хичээл орж эхэлсэн түүхтэй. Яг тэр өдрөөс хойш тоолбол өнөө жил 100 жилийн маань ой тохиож байгаа юм. Тэр утгаар нь харвал Монгол улс төрийн албан хаагчдаа сургаж бэлтгэх албан ёсны тогтолцоо үүссэнээс хойш 100 жил болж байна гэсэн үг.

-Манайд ноёд, түшмэдүүдээ гэрийн боловсролоор бэлтгэж байсан асар баялаг түүх бий.

-Тиймээ. Архивт асар олон үнэ цэнтэй баримтууд бий. Бичгийн түшмэдүүдээ хэрхэн яаж бэлтгэж байв, бүр хаадын үеэс сургалт яаж явж байв гээд. Сонирхоод судлаад байвал үнэхээр гайхалтай. Үүний дотор бичгийн түшмэдийг бэлтгэхээр гэрийн сургууль байгуулж байсан түүх 1914 онтой холбогдох баримт бас бий. Бүр цаашлуулж үзвэл Их монгол улсын үед ч төрийн хүнээ сургах, сонгох, шагнах, шийтгэх гээд дэлхий дахинаа гайхагдах түүх билэнд бий. Бид ойн жилээ угтаж Монгол төрийн уламжлал үнэт зүйлийн талаар судалгаа хийсэн юм. Бид дэлхийд гайхагдах төрийн уламжлалтай. Бахархах бодит түүхтэй улс. Бид үүнийг баримтжуулж судалгааныхаа үр дүнгээр 13 улсын 39 эрдэмтэн оролцсон шинжлэх ухааны баримтат кино бүтээхээр хичээж ажиллаж байгаа.

-Танай сургуулийн 100 жилийн ой гэхээр үнэхээр олон мянган хүмүүсийн баяр байж таарна. Төсөөлөхөд л нүсэр санагдаж байна.

-Төрийн албаны сургалтын байгууллага учир аргагүй. Гэхдээ түүхийн энэ урт хугацаанд өөр өөр нэртэй байж, тухайн цаг үеийнхээ нийгмийн хэрэгцээг хангахаар ажиллаж ирсэн түүх биднийх. Тэр бүх хүний баяр гэж ойлгож болно. Яг энэ үед буюу 100 жилийн ой тохиож буй энэ цаг үед миний бие энэ сургуулийг удирдан ажиллаж байгаагаа нэг талаасаа маш их аз, хувь заяаны хэрэг гэж хүндэтгэн бодож байгаа ч нөгөө талдаа асар өндөр хариуцлага гэж ойлгож байгаа. Энэ 100 жилийн түүхэнд ажилласан захирлуудыг тухайн үед сургууль ямар нэртэй байхаас шалтгаалаад ректор, захирал гэх мэт янз бүрээр нэрлэж байсан ба нийт 30 гаруй захирал ажиллажээ. Эдгээр захирлын дотор би анхных нь эмэгтэй захирал юм.

-100 жилийн түүхэндээ анх удаа эмэгтэй захирал удирдаж байна гэхээр бас л олон талын юм бодогдож байна шүү.

-Энэ талаасаа ч, бас бусад олон талуудаас ч өндөр түвшинд хүрч ажиллахыг надаас шаардсан. Тэр хүвшинд хүрч, хүмүүсийн хүлээлтэд дүйцэхийн тулд үүрсэн ачаа, даасан хариуцлага талаасаа харахад амар биш ээ. Би захирлаар ажиллаад дөрвөн жил болох гэж байна. Үүрэг хариуцлага, ажлын ачаалал, өөрийгөө шахаж зүтгэсэн агуулгаараа амар биш цаг хугацаа байлаа. Гэхдээ хамт олонтойгоо цугтаа өнөөдрийг хүрсэн дээ. Ер нь зуун жилийн түүхийг бүтээсэн хамт олныг удирдана гэдэг их хариуцлага.

-Таныг багаасаа л манлайлагч охин байсан гэж сонссон.

-Томчуудын түүхтэй харьцуулахад юу байхав дээ. Гэхдээ зарим хүн сонсоход сонирхолтой юм уу гэмээр зүйлс миний амьдралд олон болж байсан. Би айлын том хүүхэд юм. Доороо эрэгтэй дүү нартай. Сурагч байхаасаа эхлээд л би жирийн сурагч гэдэг нэртэй байж үзээгүй (инээв). Ахлах ангид орсон үед хааяа зүгээр л жирийн сурагч байж үзэх юмсан гэж боддог үе байдаг байсан. Хүүхэд л юм чинь ачаалалдаа түүртэх үе гардаг байсан байх. Дунд сургууль төгсөхдөө би Улсын тэргүүний бүлгэмийн зөвлөлийн дарга байлаа. 1980-аад он бол социализмын үе. Шалгуур өндөр. Бүх юмаараа шилдэг, тэргүүний хүүхэд байх ёстой. Би 12 дугаар дунд сургуульд 10 жилд сурч төгссөн. Таван шарын хүүхэд дээ. Манай сургууль хоёр мянган сурагчтай байв. 1948 онд байгуулагдсан гээд бодохоор академийн маань барилга баригдаж байсан цаг үетэй давхацдаг. Энэ жил сургууль маань сургуулийн шинэ барилга барьж байгаад нь дотроо их баяртай байгаа. Сургууль төгсөхөд улаан шугам татдаг байсан. Би хоёрдугаарт жагсаж байж билээ. Тэр үеийн систем өөр байлаа. Би Москвад сурна, Горькийн нэрэмжит утга зохиолын их сургуульд орно гэж мөрөөдөж байсан.

-Горькийн сургууль гэж өвөрмөц мөрөөдөл байна. Дунд сургуулийн төвшинд хуваарь бараг ирдэггүй байсан юм биш үү?

-Сургуульдаа хоёрдугаарт жагсаж байгаа хүн сургуульдаа ирсэн хуваариудаас хүссэнээ авах боломжтой л доо. Тэгээд би МУИС-д 1а группээр шалгалт өгөх эрх авсан. Тэр бол гадаадын их дээд сургуульд өрсөлдөх хэсэг нь байсан. Тэр жил Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн хоёр хуваарь дээр 67 хүүхэд өрсөлдөж билээ. Би хоёрдугаарт орсон. Би хүссэн сургуульдаа орчихлоо гэж бодсон. Тэгээд Москва явж сурна гээд байж байтал өнгөрсөн жил шалгалт өгөөд нэгдүгээрт орсон хүүхэд гадаадад сурах нас нь хүрээгүй учир жил хойшлуулсан, хүлээгдэж байсан учраас урдуур чинь орж явах болсон гэж билээ. Би тэр үед үнэхээр цочирдсон. Миний дээр жагссан хүүхэд бид хоёрын хооронд бүтэн онооны ч зөрүү байгаагүй. Тэр үеийн систем л тийм байж дээ. Гэхдээ тэр үедээ хүүхэд юм чинь системийн золиос болж байгаагаа мэдэхгүй шүү дээ. Хамгийн дээд тал нь 50 оноо авах боломжтой. Би 47,6 орчим, миний дээд талын хүүхэд 47.7 орчим оноотой. Гэтэл миний найзууд Анагаахад ч юм уу, Багшийн дээдэд сурч элссэн хүүхдүүд 26-27 оноотой гадаадад сурахаар явж байлаа. Тэрийг харьцуулахаар үнэхээр аймаар л даа. Хэндээ гомдох билээ, өөртөө л их гомдсон. Тэгээд шууд л ажил хийнэ гэж шийдсэн.

-Ажил хийнэ гэдэг шийдвэр шаралхалт уу. Монголын бүх сургуулиудаас дуртайгаа сонгох эрх байна биз дээ?

-Өрсөлдөөд тийм өндөр оноотой байгаа хүүхэд гомдлоо гаргахад юу болох байсныг хэлж мэдэхгүй байна. Гэтэл би шууд Октябрийн район дээр очоод “Би шалгалтандаа тэнцээгүй, ажил хийнэ” гэж хэлсэн юм. Тэгэхэд Наран гэдэг хүн эвлэлийн ажилтан байсан. Манай үеийхэн бараг бүгд мэднэ дээ. Наран гуай дээр бүх төгсөгчдийн хувийн хэрэг байсан юм. Тэгээд “За, миний охин чи ийм цочмог байж болохгүй. Энэ чинь амьдрал. Дөнгөж шалгалтын л хариу гарч байна. Энэ чинь явсаар байгаад хэн нэгэн нь өвддөг, энд тэнд онгорхой гардаг. Чи дараагийн боломжуудыг хүлээ” гэж билээ. Тэр үед би өөртөө шаралхчихсан байсан хүн, ажил хийе, 3-р эмнэлэгт ажиллая гээд зогсчихсон. 3-р эмнэлэг дөнгөж шинэ баригдсан байсан. Манайх таван шард байдаг болохоор хотын төвөөс харих замд дүнхийн харагдана.

-Танд мэдээж асар их гомдол байсан байж таарна. Та гэтэл өөртөө гомдсон гэх үгийг хоёр ч удаа хэллээ. Яагаад өөртөө гомдсон гэж?

-Арван жил онцоос өөр дүн авч үзэлгүй сурчихаад, тэр үеийнхээр техникумд ч орох боломжгүй хоцорч байгаадаа өөртөө гомдсон хэрэг. Тэгээд нөгөө улсын тэргүүний бүлгэмийн зөвлөлийн дарга энэ тэр гээд байдаг мундаг хүн сургуульд орж чадаагүй гээд хүүхэд болгон гайхаж байсанд өөртөө л бухимдсан хэрэг л дээ. Өөр хэндээ ч гомдох билээ дээ.

-Тэр үед ажиллаж байж ахин шалгалт өгөх эрх нээгддэг байсан.

-Тиймээ. Би 3-р эмнэлэгт асрагч хийе гэхэд амьдрал мэддэг Наран дарга тэгж болдоггүй юм, амьдрал чинь ганц нэг өдрөөр дуусдаггүй юм гээд халгаадаггүй ээ. Би үүдэнд нь суучихсан. Та надад томилолт бичиж өгөхгүй бол би танай өрөөнөөс гарахгүй гээд. Тэгсээр байгаад томилолт бичүүлж аваад би 3-р эмнэлэгт очсон доо. 3-р эмнэлэгт очсон чинь боловсон хүчний дарга нь их сайхан хүн байлаа. Хөөх, ийм оноотой хүүхдийг ингээд нааш нь явуулчиж байгаа юм уу, болохгүй, авахгүй гээд дараагийн дарга халгаадаггүй. Тэгэхээр нь тэр боловсон хүчний даргыг “арын хаалгадах” хэн байж болох вэ гэж бодлоо. 3-р эмнэлэгийн лабораторид манай бэр эгч ажилладагийг санаад эгч дээрээ гүйж очлоо. Би ийм болчихсон гээд. Аавын маань бага ахын эхнэр. Аавын бага ах Монгол Улсын засгийн газарт хамгийн олон жил тасралтгүй ажилласан хүн гэгдэн тэтгэвэртээ гарч байж билээ. Тийм хүнийг дүүгийнхээ ганц охиныг техникумд ч болох нь ээ оруулаад өгөөч гэвэл болох л байсан байх даа. Гэхдээ тэгээгүй ээ.Тэгж болдог гэсэн төсөөлөл ч байгаагүй ээ. Манай бэр эгч өөрөө их зарчимч хүн. “Одоо зун цаг шүү дээ. Та энэ хүүхдийг авчих. Гэхдээ хамгийн хэцүү тасагт ав. Энэ нөхөр хоёр сар ч болохгүй өөрөө хашраад явна биз. Тэгэхээр нь л та явуулчих” гэж ятгаад боловсон хүчний даргыг зөвшөөрүүлж билээ. Тэгээд би наадмаас өмнө ажилд орсон юм. Би 3-р эмнэлэгт хоёр сар биш хоёр жил ажилласан.

-Хоёр жил болоод конкурс өгөх ёстой.

-Ёс журам, дүрмийг яс баримтлах ёстой гэсэн хүмүүжил. Хоёр жил асрагчийн ажил хийсэн. Үнэхээр ч хамгийн хүнд тасагт ажилуулсан. Элэг цөсний тасагт. Тухайн үед элэг цөсний тасаг гэдэг хамгийн өндөр үхэлтэй тасаг байсан юм.

-Тэнд ажиллаж байхад эмч болъё гэж ер нь бодогдоогүй юу?

-Манай аав эх эцгээс тавуулаа. Ганц эгчтэй. Бусад нь эрэгтэй. Аавын маань ганц эгч яг л би гэртээ ямар эрх дураараа шиг тийм зоргоороо. Дандаа эрчүүдийн дунд өссөн. Хуулийн дунд сургуульд орос хэлний багш хийдэг байлаа. Эгч маань намайг ийм хөөрхөн өндөр охин цагаан халаад өмсөөд эмнэлэгийн коридороор алхвал мөн ч гоё харагдана даа. Чи ерөөсөө эмч бол гэж хэлдэг байсан. Намайг дунд сургуулийн төгсөх ангид байхад зөндөө ятгасан. Би эмч болох бодолгүй. Намайг үгүй гээд байхаар эгч намайг дуудаад хамт анагаахын дээд сургуульд дагуулж очоод “Чи хар даа, ийм гоё охидууд цагаан халаад өмсөөд алхаж явах гоё байгаа биз дээ” гэж хүртэл ятгаж байж билээ.

-Ятгалгад орвол орохоор хүч тавьж байж.

-Харин тийм. Дунд сургуулийн ангийн багшийн маань нөхөр Хөдөө аж ахуйн яамны дэд сайд хүн байсан юм. Дарханы газар тариаланг үүсгэж, тэндээ амжилттай ажиллаад дэд сайдаар томилогдож Улаанбаатар хотод ирсэн юм. Тэр үед багш манай ангийг даан авч байлаа. Би улсын тэргүүний бүлгэмийн зөвлөлийн дарга болоод, Унгарт амрах эрхээр шагнуулж Унгар явлаа. Дунд сургуулийн хүүхдийн амьдралд бол том үйл явдал. Унгарт хүүхдийн зусланд амраад байж байхад манай ангийн багшийн нөхөр, том хүү усанд үйж бурхан болсон золгүй явдал болж билээ. Нүхтийн хойд тал руу сайд нар зусланд гардаг байсан. Хүү нь живж эхлэхэд аав нь аврах гээд хоёулаа усанд үйж. Аймшигтай хүнд тийм зовлонг бид нартай хамт туулсан учраас манай ангийн багш яг ээж шиг минь санагддаг. Багш маань төгсөх ангид байхад “Миний нөхрийн амьдарлаараа босгосон юмыг найдвартай, хайртай шавиараа үргэлжлүүлмээр байна. Чи хөдөө аж ахуйн чиглэлээр мэргэжил эзэмшээч” гэж надад хэлж байсан юм. Манай багш өөрөө ч цэцэг, жимсэнд их дуртай. Бид нарыг дөрөвдүгээр ангиас эхэлж залуу байгальчдын станцад явуулдаг байсан. Ингэж би жимс, цэцэг тарихыг хүүхэд байхдаа л сурсан. Гэхдээ би цэцэгчин, жимсчин хүн биш. Байгаль амьд гэдэг утгаараа л байх ёстой гэдгийг бидэнд багш маань тэгж ойлгуулчихсан. Багш маань намайг хоёр жил хөдөө аж ахуйн мэргэжилтэй болгох гээд гуйчихсан байсан. Бас л би бууж өгөөгүй. Би тэр чиглэлийн хүн биш юм шиг санагдаад.

-Яагаад Горькийн сургуулийг мөрөөдөж байсан юм бол ?

-Өвөө маань багш байсан. Өвөөгийн маань амьдардаг байсан байшин багш нарын байр байлаа. Тэр үед байгууллага нь байр өгдөг байв. Өвөөгийн байранд манай сургуулийн багш нар их амьдарна. Өвөөгийндөө би их очдог. Багшийн орчинд өссөн. Манай аавын эгч багш. Өссөн орчин маань багштай ойрхон өссөн. Манай дөрвөн давхарт уран зохиолын Самбуу гээд багш байдаг сан. Үнэхээр гайхалтай багш. Тэр багшийн үлгэр, зохиол ярьж байгаа нь үнэхээр сэтгэл татам. Тэр зохиол дотор орж мэдэртэл хичээл явагддагсан. Миний доторх ийм мэдрэмжийг манай багш л суулгасан байх. Тэр нь намайг энэ мөрөөдөл рүү хөтөлсөн гэж боддог.

-Шүлэг, зохиол оролддог байв уу?

-Тэр үед багш нар үлгэр, болсон явдлуудыг бичүүлэх, зохион бичлэг бичүүлж сурагчдыг их ажиллуулдаг байсан. Санаагаа буулгах, бодсоноо гаргах тал дээр манай багш нар үнэхээр гайхалтай ажилладагсан. Тэр хичээлдээ илүү сайн гэлгүй жигд сургадаг байж. Бид бараг ангиараа дуулбал дуулдаг, шүлэг бичвэл бичдэг байж. Багш чиглүүлээд, шахаад, хичээллээд байхаар бүх талын мэдрэмж их сайн хөгждөг юм билээ.

-Та Отгонтэнгэр их сургуульд ямар мэргэжлээр суралцсан бэ?

-Франц хэлний багшийн ангид сурсан. Төгсөөд сургуульдаа багшилсан. Ажилд орох гэж их зовсон нь гэвэл асрагч болсон маань л байсан. Тэрнээс хойш би ажилд орох гэж ярилцлага, шалгалт өгч зовсонгүй. Академид багш болох гэж нэг үзсэн. Гэхдээ тэр тухайн үедээ болоогүй. Тэрнээс өөрөөр ажилд орох шалгалт өгч ярилцлагад орж байсангүй. Багш болонгуутаа магистрт сурсан. МУИС-ийн Равдан багшийн гарын шавь шүү дээ, би. Багш орой даалгавар өгөөд явна. Өглөө хийсэн байгаарай гэнэ. Их сургуулийн хоёрдугаар байрны дөрвөн давхрын коридорын дугуй ширээн дээр л хонон өнжин ажилладаг байж.

-Франц хэлийг яагаад сонгосон юм бэ?

-Ховор сонголт байсан л даа. Тэр үед англи хэл л илүү чухал гэдэг ойлголт их дэлгэрч байсан. Миний хувьд өөр талаас нь харж сонголтоо хийсэн. Нийтлэг биш юм руу ханддаг нэг тийм унаган зан надад байдаг (инээв).

-Сургуульдаа хэр удаан багшилсан бэ?

-Би Отгонтэнгэр их сургуульд 2002 он хүртэл багшилсан. Анхны төгсөгч, анхны төгсөгчдөөсөө сонгогдсон багш гээд анхны гэсэн тодотголууд намайг дагаж явсан. Анхных учраас шинэ зам мөр гаргах, тааруу биш байх гэсэн хариуцлага хүлээж байсан. Хүүхэд байхаас л би үүнийг хариуцаж байгаа, тийм учраас би даагаад гарах ёстой гэсэн үүрэг үүрч сурсан. Тэр үүрэг жижиг жижгээр ахисаар өнөөдөр энд ч гэсэн анхны гэсэн тодотголтойгоо ажиллаж байна. Отгонтэнгэр их сургуульд бас анхны тэнхимийн эрхлэгч нарын нэг байлаа. Миний амьдралын хувьд эмнэлэгт асрагч хийсэн маань амьдралын том их сургууль байсан. Тэр үед элэгний өвчлөл их байж дээ. Одоо ямар байгааг сайн мэдэхгүй. Шарлах гэдэг нэг халдварт өвчнөөр хүмүүс их өвддөг байж. Түүнээс гаралтай элэгний өвчин их байж. Тэнд л би хүнтэй, тэр дундаа хүнд өвчтэй хүмүүстэй ажиллаж сурсан. Хүний сэтгэл зүйтэй ажиллаж сурсан. Тэсвэр тэвчээрийг бас сурсан.

-Нэг номерын охин явсан хүн, тэнд очоод сэтгэл санааны хувьд амаргүй байсан байх. Хүүхдүүд яаж хүлээж авсан бэ? Тэрийг яаж давсан бэ?

-Тэр бол асуудал байсаан. Яг ажил руугаа ороод ирэхээр тэнд байгаа хүмүүс эмч, сувилагч, өвчтнүүд энэ чинь шилдэг охин байсан гэж хэн нь ч харахгүй. Тэнд зүгээр л шал угаадаг охин. Тэнд л миний хамгийн тайван байдаг орчин байсан. Яагаад гэхээр тэнд хэн ч намайг өмнөхтэй харьцуулж харахгүй. Ардын уран зохиолч Галсан гуай ч юм уу, Гавьяат жүжигчин Мөнхөө гуай гэх мэт одууд тэр тасагт хэвтдэг байлаа. Би тэр хүмүүст үйлчилж амьдралд хөл тавьсан. Тэгэхэд би ямар ч мундаг хүн өвчний өмнө адилхан. Хэчнээн гайхалтай хүн байсан ч өвчний өмнө ижилхэн хүн гэдгийг харсан. Хүн бол хүн гэдгийг тэр хоёр жил надад тогтоож өгсөн. Хөөрхөн хөөрхөн түүхүүд зөндөө байгаа. Ажлаа тараад гэртээ харих замд нөгөө мундаг охин чинь асрагч болчихсон байна гэх гайхсан, сонжсон, өрөвдсөн янз бүрийн харцыг давах гэдэг хамгийн хүнд байсан. Тийм болохоор би аль болох хүнтэй таарахгүйн тулд их ачаалалтай ажилладаг байлаа.

-Бидний үеийнхэн их хэлмэгдсэн. Үнэхээр гомдолтой санагддаг. Цаг үетэйгээ заалдаж мэдэхгүй. Хүүхдүүдийн амьдралыг булаадаг. Өмнөх жил явах ёстой байсан юм гээд л хүний хуваарийг булаадаг. Тэр бол арын хаалга. Дараа жил нь миний асуудал юу болсон бэ гээд та очоогүй байх л даа.

-Очоогүй ээ. Хэрэв одоогийнх шиг хүний эрхийн талаар ингэж өргөн ярьдаг нийгэм байсан бол би гомдол гаргаад явахад тэрийг хийсэн хүмүүс унахыг байг гэхгүй л байх. Гэтэл бид нар тэмцэх тухай бодоо ч үгүй дээ. Сүүлд сонсох нь ээ миний урдуур орж сургуульд явсан хүүхдийн өвөө нь генерал болж таарсан (инээв).

-ЖЭЙ СИ АЙ (JCI) байгууллагатай таны түүх бас салшгүй холбоотой юм билээ. Энэ байгууллагатай анх хэрхэн холбогдсон бэ?

-Би дорно дахины хэлний тэнхимийн эрхлэгч байсан. Манай тэнхимд япон, хятад хэлний хичээл заадаг, хэлний онолын хичээл заадаг багш нар харьяалагддаг байв. Надад франц хэл заах анги байгаагүй. Тийм учраас Равдан багшийн шавь байсан болохоор онолын тал руугаа илүү бэлтгэгдсэн. Дорно дахины хэлний тэнхимийн хувьд би хятад, япон улстай яаж холбогдож багш нараа тэнд сургах вэ гэдгийг хайж эхэлсэн юм. Байнга мэдээлэл хайна. Тэр үед дэлхийн залуучуудын байгууллагын салбар байгууллага монголд байдаг. Тэд нар япончуудтай хамтраад орон гэргүй залууст гэр орон бэлэглэжээ гэсэн нэг мэдээ сонссон юм. Тэгэхээр нь тэр байгууллагын нэрийг тэмдэглэж авч байгаад лавлахаас утасдаж асуугаад, танай байгууллагын гишүүн болох гэсэн юм гээд ярьсан юм. Тэр нь JCI гэдэг байгууллага юм. Тэр утасны дугаар хэний дугаар байсан бэ гэхээр одоогийн УИХ-ын дэд дарга С.Одонтуяагийн ажлын өрөөний утасны дугаар байж билээ. Тухайн үед би С.Одонтуяатай яриад танай байгууллагыг мэдээгээр сонслоо, танай гишүүн болъё гэхэд “Манай байгууллагын залуус нийгэмдээ эерэг зүйлс хийдэг, ийм ийм зорилготой байгууллага” гээд танилцуулсан. Би ганцаараа биш тэнхимээрээ гишүүн болъё гэсэн. Гэтэл манайд байгууллагаараа гишүүн болно гэсэн юм байхгүй, хувь хүн гишүүн болоод хэрэгтэй зүйлсээ тэнхимдээ хийж болно гэж тайлбарлаад би тэнхим чинь хүмүүс шүү дээ гээд ойлголцолгүй, биечлэн уулзаж байж ойлгож элсэж байсан юм. Санаа нь бол багийнхантайгаа хамт хөгжчих гээд байгаа хэрэг л дээ. Тэгээд ороод явсан. Миний амьдрал их сонирхолтой. Миний өмнөхийн өмнөх бүлгэмийн зөвлөлийн дарга маань Н.Болормаа дарга байсан. Би Н.Болормаа дарга шиг л хүүхэд байсан юм шиг байгаа юм.

-УИХ-ын гишүүн байсан Н.Болормаа биз дээ. “Бүлгэм дуулж бай” гээд командалж байдаг. Улсын пионерийн зөвлөлийн дарга байсан гэдэг. Сүүлд хэвлэлийнхэн түүнийг “Пионер” Болормаа гэж чимхдэгсэн.

-Мөн мөн. Манай пионерийн удирдагч багш намайг 6-р ангид байхад бүлгэмийн зөвлөлийн дарга болгож 10 дугаар ангиа төгстөлөө хийсэн. Н.Болормаа дарга сургуулиа төгсөөд пионерийн байгууллагын дарга болоод явчихсан. Намайг тэр үед шагналаар гадагшаа явах болоход эхлээд Болгар улс явна гэж хуваарилсан юм. Болгар явах багт ороод байж байхад Н.Болормаа дарга намайг өөрийнх нь төгссөн сургуулийн хүүхэд гэдгийг мэдээд Унгар явуулахаар болгож сольж билээ. Би уйлаад. Би Болгар явах гэж байхад Унгар явуулах гэлээ гээд бөөн юм болсон. Н.Болормаа даргын зүгээс харахаар хөөрхий өөрийнхөө сургуулийн хүүхдийг европын хамгийн сайхан хотуудыг үзүүлье гэж бодсон байх. Би болохоор яагаад миний явах гэж байсан газрыг солиод Унгар болгож байгаа юм бол гээд гомдож байсан. Их сонирхолтой хүмүүстэй амьдралынхаа тодорхой тодорхой үед хамт байж, уулзаж учирч байж дээ. С.Одонтуяа бид хоёр тэгж анх утсаар яриад би JCI-ийн гишүүн болж байсан. Ингээд энэ байгууллагад гишүүнээр элсээд өөрийгөө илүү нээж эхэлсэн байх. Миний тэр нэг юмыг өөрөөр хардаг байсан чанар маш их хөгжсөн байх. Тухайн үеийн манай JCI-ийн гишүүд нийгмийн хамгийн лидер хүмүүс байсан. О.Оджаргал, Буян Жагаа, голомтын Ганболд, Одноо, Галсанбуян гээд өнөөгийн нийгмийн бүхий л салбарын лидерүүд тэнд нэгдсэн байсан. Бизнесийн том группуудын захирлууд бүгд байсан. Би хэд хэдэн удаа уулзалтанд очлоо, суулаа, сонслоо. Ямар сонин юм бэ хурлаа ингэж хийдэг юм байх даа, юу шийдээд байгаа нь ойлгомжгүй, шийдэлгүй байгаа мэт санагдаж билээ. Тэгээд би өмнөх уулзалтуудад хэлж ярьсан зүйлүүдийг нь тэмдэглэж аваад дөрөв дэх удаагийн цугларалт дээр ярьж байсан бүхнийг нь төлөвлөгөө болгоод, хариуцах ёстой хүмүүст нь хариуцах эзэн зоогоод танилцуулсан юм. “Одоо жаахан зарчимтай байя, би та нарын ярьсан юмыг төлөвлөгөө болгоод биччихлээ. Тэгэхгүй бол дундаа хаягдаад, дараа нь ирэхээр зарим зүйлс мартчихсан байдаг. Би ерөөсөө та нарыг ойлгохгүй байна” гэж хэлж байсан юм. Залуу ч байж дээ. Тэгсэн бид нарыг холбоод байх, зохион байгуулах хүн ороод ирлээ гээд их баярласан. Би тэднээс маш их юм сурсан. Хүмүүстэй харьцахаас эхлээд. Би JCI-д өнөөдөр үндэсний ерөнхийлөгч хийгээгүй хэрнээ хаана ч үнэлэгдэж хүндлэгддэг хоёр эмэгтэй байдаг /тэдний хэлдэгээр шүү гээд инээв/. Тэдний нэг нь би, нөгөө нь өнөөдөр Болгар улсад элчин сайдаар ажиллаж байгаа. Бид хоёр энэ байгууллагын гишүүдийг холбож, дотоод гадаад ажлуудыг овоо их хийсэн дээ. JCI-д би хүн удирдаж сурах гэж очсон. JCI түүнийг сургасан. Гэхдээ хүн удирдана гэдэг бол удирлагадаа байгаа хүмүүст үйлчилдэг юм шүү гэдгийг ойлгуулдаг байгууллага байсан. Өнөөдөр ч зарчим нь тийм байгаа. Удирдагч болно гэдэг нь тэнд байгаа хүмүүсийг хэвийн ажилуулах, ажилдаа дуртай байх, үр дүн гаргахад нь үйлчлэх ёстой юм шүү гэдгийг ойлгуулж ирсэн. Би баг удирдаж ажилласан газар бүртээ тэрийг л бодож ажилласан. Энэ нь магадгүй миний энд ирэх зам байсан байх.

-Бизнест ч мөн баг удирдаж байж гэж ойлгосон.

-Тиймээ. JCI-ийн гишүүн, дээд сургуулийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байхад “Миний дэлгүүр”-ийн эзэн С.Сэргэлэн намайг ажиглаад л байсан байх. С.Сэргэлэн 2001 онд “Сүрээ чи одоо багшлахаа боль” гэсэн юм. Яагаад гэсэн чинь “Хүн удаан багш хийвэл тэнэг болдог. Тэнэг болохоосоо өмнө багш хийхээ боль”. Тэгээд би багш хийхээ болиод хайчих юм гэсэн чинь чи манай компанид ирж ажилла гэсэн юм. Би багшийнхаа ажилд хайртай. Насан туршдаа багшлах мэт төсөөлөлтэй байсан. Тэр үед энэ нөхөр намайг өөрийнхөө компанид ажиллуулахын тулд “тэнэг болох” тухай ярьж байна гэж бодоод би очихгүй ээ гэж С.Сэргэлэнд хэлж байж билээ. Гэхдээ С.Сэргэлэнгийн хэлсэн тэр үг намайг юу руу чиглүүлсэн гэхээр “Би яг юу хийгээд байгаа юм бэ?” гэдгийг өөр нүдээр эргэж харахад хүргэсэн юм.

-С.Сэргэлэн захирал их сонин хүн. Маш сонирхолтой дүр.

-Үнэн. Маш сонин хүн, бас их содон хүн. Би бол С.Сэргэлэнтэй маш сайн ойлголцдог. Нөгөө талаас С.Сэргэлэнтэй хүн болгон тэгж сайн ойлголцоод байдаггүй байх. Тэр сонин хүнтэй ойлголцоод байхыг бодоход би өөрөө их сонин хүн болж таарч байна (инээв). Би чинь оюутнуудаа нэгдүгээр дамжаанд орж ирэхэд нь хэл шинжлэлийн удирдлага заадаг. Хоёрдугаар дамжаанаас төгсөх анги хүртэл орчуулгын онол, найруулга зүй, ерөнхий хэл шинжлэл заадаг. Хуулийн ангийханд албан бичгийн найруулга заадаг байв. Ажилдаа дуртай, шавь нартаа хайртай байсан. Гэхдээ С.Сэргэлэнгийн хэлсэн үг бодогдоод салахгүй байсан. Миний нэгдүгээр курст заасан хэл шинжлэлийн удирдлагын асуудлыг энэ хүн багш болоод дараа нь хаана очоод юунд хэрэглэх бол гэж бодож эхэллээ. Ингээд бодоод эхэлсэн чинь онох “бай” надад яг үнэндээ олдоогүй. Тэгж бодож эхэлснээсээ хойш би бүр их өөрчлөгдсөн. Ийм юмыг бодоод, бодсоноосоо хойш оюутнуудаараа хийлгэдэг юм маань хүртэл өөр болсон. Жишээ нь, би оюутнууддаа “Чи оюутан боллоо. Чамд дөрөвхөн жил байна. Энэ хугацааг чи хором бүрийг үр ашигтай өнгөрөөх ёстой. Одоо төлөвлөгөөгөө, мөрөөдлөө, амлалтаа бич” гэдэг байсан. Би саяхан бичүүлж авч байсан юмаа харж байлаа. Оюутнуудаа бичүүлж эхэлсэн нь 1999 он. Би сая үзсэн чинь манай удирлагын академийн багш хүртэл миний шавь байж. Би оюутан боллоо гээд 25 жилийн өмнө бичиж байсан нь гарч ирсэн. Сонирхолтой байгаа биз. Надад өнөөгийн гайхалтай хуульч, нийгмийн лидерүүдийн 20 гаруй жилийн өмнө өөртөө бичсэн амлалтууд байгаа. Тэрийг бүгдийг нь оноож үзвэл сонирхолтой л байх. Тийм байдлаар би ажлаа өөрөөр харж эхлээд жилийн дараа С.Сэргэлэн дээр өөрөө очсон доо.

-Гэнэт шийдээд л...

-Найз нь чамтай ажиллая гээд өөрөө очсон. Ингээд 2002 оноос хувийн хэвшилд ажиллав. Гэхдээ би С.Сэргэлэнтэй хоёр жилийн гэрээ байгуулсан. Тэгэхэд С.Сэргэлэн маш олон хүнтэй ажиллаж ирсэн ч хэнтэй ч гэрээ байгуулаагүй байсан. Би хоёулаа гэрээ байгуулахгүй бол би ажиллахгүй гэж байгаад хамгийн анхны гэрээ байгуулсан хүн нь болж билээ. Надаас хойшхи бүх гүйцэтгэх захирлууд бүгд гэрээ байгуулсан. Ийм соёл руу оруулж байсан. Намайг С.Сэргэлэн гүйцэтгэх захирлаар ажилуулна гэж ярьсан. Би гүйцэтгэх захирал болно гээд очиж байгаа юм. Гэтэл за, чи юу хийхээ ойлгохын тулд одоо энэ дэлгүүр дээр очоод 14 хоног ажиллаад ир. Худалдагч хийгээрэй гэсэн. Тэр хүмүүсийн ажил амьдралыг мэдэрч байж дараа нь чи тэр хүмүүсийг яаж зохион байгуулж, яаж удирдах вэ гэдгээ мэдэрнэ. Тийм учраас чи сансрын дэлгүүрт хоёр долоо хоног худалдагч хийгээд ир гээд явуулж байсан юм. Сансрын салбар чинь Отгонтэнгэр их сургуулийн хажууд байдаг. Отгонтэнгэр их сургуультай хамгийн ойр дэлгүүр рүү албаар сонгож явуулсан юм биш байгаа гэж бодохоор. Гэхдээ тэр үед тэгж бодоогүй. Тэр дэлгүүр 24 цагаар ажилладаг байлаа. Шөнө ээлжинд гарч байтал манай хоёр оюутан ирж байна. “Энэ Сүрээ багш мөн л байх шиг байх юм” гээд шивнэлдээд байна. Шууд ирээд асууж чадахгүй. Нэг лангууны цаана ярьж байгаа юм. Надад яриа нь сонсогдоод. “Багш ямар сонин юм бэ, худалдагч болж байгаа юм байхдаа. Яасан юм болоо” гээд. Гайхна биз дээ. Их содон зүйл болж байлаа. Би хүндээр хүлээж аваагүй. Оюутнууд хөөрхөн юм даа л гэж бодсон. Нөгөө талдаа багшийгаа хайрлаж байна. Тэгээд урагшаа хараад л ажилласан. “Миний дэлгүүр”-т сургалтын нэгжтэй болсон нь хувийн хэвшлийн хувьд анхны тохиолдол байлаа. Хувийн компани ажлаа яаж сайн хийлгэх вэ гэдэг зорилттой байсан болохоос сургалтын албатай байгаагүй гэх яриаг олонтаа сонсож байлаа. Намайг очдог жил С.Сэргэлэн таван эмэгтэй захирал зэрэг авсан юм. Тэр үед С.Сэргэлэн эмэгтэй хүн маш хариуцлагатай байдаг. Тийм учраас би ийм баг бүрдүүлж байгаа юм гээд ярьж байж билээ. Би сургалтаа хариуцсан, миний чадах чиглэл учраас. Хүний нөөц, брэнд, татан төвлөрүүлэх нийлүүлэлт, санхүү гээд таван эмэгтэйг гүйцэтгэх захирлаар тавьж байж билээ. Тэр үед С.Сэргэлэн жендэрийн давуу тал юунд байна гэдгийг харчихсан байж гэж боддог.

-Эмэгтэй хүний хүчийг зөв мэдэрсэн удирдлагууд амжилтанд хүрдэг. Улс төрд их тод мэдрэгддэг юм.

-Би тэгж хардаг. “Миний дэлгүүр” бол монголын анхны сүлжээ дэлгүүрүүдийг байгуулсан. Энэ том бүтэц дан эмэгтэй хүний нуруун дээр явж байсан гэхэд хилсдэхгүй. Гэхдээ үүсгэн байгуулагчийн алсын харааг дутуу үнэлж байгаа хэрэг огт биш шүү. Биднийг очиход найман дэлгүүртэй, 500 ажилтантай байсан. Тухайн үедээ ч одоо ч том компани. Би хоёр жил ажилласан. Гэрээ дуусахад 44 дэлгүүртэй, гурван ялгаатай сүлжээ дэлгүүр, 1500 ажилтантай болсон. Тэр үед ажлаасаа хоцорсон нэг ажилтны нэг минутын торгуулийн төлбөр 50 төгрөг байсан. Үүгээрээ хүмүүсийг хариуцлагажуулж сургасан. Гэтэл гүйцэтгэх захирал бид тавын ажлаас хоцорсон нэг минутын торгууль гурван мянган төгрөг байсан. Тэгэхээр хүний хариуцлагыг цалинтай нь, бүх юмтай нь уяад өнөөдрийн бид нарын хийх гээд чадахгүй байгаа зүйлийг аль хэдийн тэнд хийчихсэн байж. Номин дөнгөж шинээр гарч ирж байсан. Хэрэв та нар “Миний дэлгүүр”-ийн худалдагчийн сургалтад суусан гэдэг үнэмлэхийг аваад ирэх юм бол шууд ажилд авна гэдэг хэмжүүр хүртэл гарч байж билээ. Сонирхолтой. Тэр бол бидний хийсэн ажлыг үнэлсэн үнэлгээ гэж хардаг. “Миний дэлгүүр”-т ажиллах хоёр жилийн хугацаанд би юу мэдэрсэн гэхээр би хүмүүст юу заах ёстой вэ гэдгээ мэдэрсэн. Миний ярьсан юмыг сонсож суугаад одоо шууд гараад юм уу, орой, эсвэл маргааш ажилдаа хэрэглэх тийм юмыг л заах ёстой юм байна гэж.

-Эрдмийн ажил хийсэн нь хэзээ вэ?

-Магистр төгсөөд сургуульдаа ажиллаж байгаад 2000 онд МУИС-ийн докторантурт элссэн. Дээд сургуульд ажиллах хүн боловсролын зэргээ ахиулах ёстой. Докторын шалгалтад тэргүүлж тэнцээд хичээлд нь суулаа. Тэр үед би оюутан биш докторантын түвшинд хүн удирдаад ажиллаж байгаа хүн тэнд очиж байгаа шүү дээ. Юмыг арай өөрөөр харна. Багш нараасаа эдэн шиг багш болохын тулд би яах ёстой вэ гэдэг нүдээр хардаг байлаа. МУИС төвтэй эрдэмтдийн үзэл онол, УБИС төвтэй эрдэмтдийн үзэл баримтлал зөрдөг байлаа. Тэр зөрж байгаагаа та бидний санал зөрж байна, энэ дээр ингэе гээд хэлэлцүүлэг хийгээд учир зүйгээ олж болно доо гэх бодол олон орж ирсэн. Эрдмийн ажилд удирдагч нь хэн байна тэр үзэл баримтлалыг баримжаалж явах нь элбэг. Үзэл баримтлал зөрөх нь нь хэвийн л зүйл. Гэхдээ үзэл баримтлал зөрүүтэй байгаа нь хэн нэгнийг буруутгах, дарамлах зүйл байж болохгүй. Тэгээд за больё гэж бодсон. Тэгээд докторантурт суралцах боломж хайж Удирлагын академи дээр ирсэн. Би ийм ажил хийдэг, докторантурт элье гээд. Тэгэхэд манайх удирдахуйн ухаанаар, бизнесийн чиглэлээр докторын сургалт явуулдаг. Тийм учраас таны суурь мэргэжил эдийн засгийн ч юм уу, бизнесийн суурь мэргэжилтэй байх ёстой. Та нийгмийн талын мэргэжилтэй учир таныг авах боломжгүй гэсэн юм. Тэгээд докторын сургалтад суралцахаа хэсэгтээ больсон. 2004 онд С.Сэргэлэнтэй ажиллаж дуусаад би удирдах чиглэлээрээ явах нь зөв. Би хүмүүст заах агуулгаа өөрөө босгож ирэхийн тулд тэр чиглэл рүү ажиллая гээд. Би тэндээс амьдралын практиктай болсон. 2005 онд Удирлагын академи дээр ирлээ. Тэгээд би анхан шатны сургалтад сууж болох уу, би нийгмийн талын мэргэжилтэй багш хүн. Би танай ямар сургалтанд сууж болохоор байна тэрэнд чинь сууя гээд бизнесийн гурван сарын курсийн элсэлт авч таараад бүртгүүлсэн юм. Тэр сургалтад нь тэр үед таван л хүн бүртгүүлж. Бид тавыг группээрээ байгаа ангитай нийлүүлсэн. Тэр групп нь монголын бүх урлаг театрын дарга нар байсан. Г.Эрдэнэбат, Ц.Түвшинтөгс гээд тэр үеийн урлагийн секторын бүх дарга нар байсан. Тэд нар бүгд урлагийн хүмүүс. Тэдэн дотор бид тав л бизнесийн хүн байлаа. Бид тав анги дотроо урлагийн хүмүүсээс зааж байгаа хичээлийг хүлээж авах , ойлгох талаасаа өөр байсан. Гурван сар болоод төгслөө. Би дараа намар нь дараагийн магистрын юм уу, менежерийн анги руу элсье, би докторантурт элсэх гээд байгаа юм гээд, ямар зам байгааг надад заагаад өгөөч гэж нэг багшаасаа хүслээ. Г.Жаргал багш байсан санагддаг. Гэхдээ буруу санаж байж магадгүй. Тэр үед багш нараасаа айна гэж жигтэйхэн. Багш заавал эдийн засаг, математик суурьтай байхаа больчихсон. Манай дүрэм, журам өөрчлөгдсөн. Ямар ч мэргэжилтэй хүн докторантурт суралцаж болно гээд намар нь шалгалт өгөөд элсэж байсан. Удирдлагын академитай албан ёсоор амьдралаа холбосон нь 2006 он болж таарч байгаа юм. Тэрнээс хойш би хувийн сургалтын байгууллага байгуулсан.

-Ямар чиглэлээр?

-Сургалтын байгууллагаа байгуулаад бизнесийн байгууллагуудад сургалт хийдэг ажлыг бараг 20 жил хийсэн. Хүний нөөц, менежмент удирдлагын манлайллын сургалтууд хийдэг байсан.

Миний амьдралд хөөрхөн хөгжилтэй дурсамж олон. Гуравдугаар эмнэлэг миний амьдралтай салшгүй холбоотой гэж боддог. Мэдээж хэрэг нэг жижигхэн асрагч охиныг хэн ч санахгүй байх л даа. Гэхдээ тэнд ажиллаж байснаасаа яг 20 жилийн дараа миний бие эмнэлгийнхээ бүх удирдлагуудыг цуглуулаад байгууллагаа хэрхэн удирдах талаар гурав хоногийн сургалт хийгээд зогсож байсан маань их бахархалтай санагдаж байж билээ. Нэг настай эмч /тасгийн эрхлэгч байсан санагдана/ “Би эмнэлгээ хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг сэдвээр өглөөний 05 цаг хүртэл суугаад нойр ч хүрэхгүй ингээд ярилцаад сууж байх юм гэж төсөөлж байсангүй” гэж байж билээ. Тийм настай хүн 3 өдөр шөнө эрч хүчтэй ажиллаж байгааг хараад баярлаж бахархах зэрэгцэж байж билээ. Эмнэлэгт ажиллаж байхад тухайн үеийн нийгэм өөрчлөгдөөд эвлэлийг тараах болов оо. Залуучуудын эвлэлээ тараахын тулд хурал хийгээд л. Ажилд оронгуут та одоо манай эвлэлийн үүрийн гишүүн шүү гээд бүртгээд авчихдаг. Тогтолцоо нь л ийм байсан. Тэгээд эвлэлийг тараах хуралд гуравдугаар эмнэлгээс хүн явуулах болсон юм. Намайг явуулсан. Тухайн үедээ муу юмандаа нэг муу шинэ “амьтан”-ыг томилоод явуулчихаж байгаа юм. Чи тэрийг тараалцаад хүрээд ир гээд (инээв). Тэгсэн тэр жил миний нөхөр Москвад сургууль төгсөж ирээд Улсын төлөвлөгөөний комисст ажиллаж байж. Нөхрийг маань Б.Батхуяг гэдэг. Москвагийн Удирдлагын дээд сургууль \тухайн үеийн нэрээр\ өнөөдрийн Удирдлагын академийг автомат системийн удирдлага буюу Ер нь зуун жилийн түүхийг бүтээсэн хамт олныг удирдана гэдэг их хариуцлага. \тухан үеийн нэрээр\ тээврийн төлөвлөлийн инженер, эдийн засагч мэргэжлээр сурч төгсөөд ирсэн. Бас л байгууллагадаа шинэ “амьтан” болох нөхрийг маань эвлэлийг тараах хуралд яваад ир гээд явуулчихаж. Бид хоёр тэнд танилцсан юм.

-Ёстой хөгжилтэй дурсамж байна.

-Хотын эвлэлийн хорооны дугуй зааланд хуралдаж билээ. Бид хоёр эвлэлийг тараах тэр хурал дээр танилцаад хоёр жилийн дараа гэр бүл болсон юм. Том охин намайг оюутан байхад төрсөн. Хадам ээж хамт амьдардаг болохоор ээж маань өсгөөд өгсөн дөө. Сайхан хүн байсаан. Бид 25 жил хамт амьдарсан. Хадам ээж маань Богд хааны өргөмөл дүү Чойжин ламын охин шүү дээ. Том охин маань таван нас хагастай сургуульд орно гээд зүтгээд болдоггүй. Тэгэхээр нь бид хоёр ярьж байгаад аяндаа залхах байлгүй. Хоёулаа найзынхаа сургуульд аваачаад өгчихье, 9 сар дуусахаас өмнө өөрөө залхаад орхих байх, нас нь ийм жоохон юм чинь гээд шийдвэр гаргасан. Тэгээд хүүхдээ сургуульд явуулсан. Би охиндоо “Битгий хичээлээ хий, ядарчихна, маргааш өглөө уншчих” гэдэг байж билээ. Өөрөө багш байж. Яагаад гэхээр охиноо нас нь болоогүй болохоор сургуульд сургах зорилгогүй. Тэгсэн нөгөөх чинь больдоггүй. Бүр сайн сураад, тэр чигээрээ яваад төгссөн. Русская Гимназия гэдэг орос сургуульд долдугаар анги төгсгөөд монгол сургуульд шилжүүлж сургасан юм. Шилжиж орсон сургуульд нь наймдугаар ангид суудал байхгүй шалгалт өгөөд тэцвэл есдүгээр ангид хөтөлбөр нөхөж элсэх боломж байлаа. Ингээд 15 настайдаа дунд сургууль төгссөн. Дөнгөж 15-хан настай амьтан дээд сургуулийн оюутан болоход ангид нь 27 настай ах сууж байгаа. Тэр үед би хэзээ ч хүүхдийг ингэж түрүүлж алхуулж болохгүй юм байна гэж бодсон. Тэгээд бага охиноо өөрөө хүмүүжүүлнэ гэж шийдсэн. Манай том хүүхэд эмээгийн хүүхэд. Докторантурт сурах жил миний нэг найз академийн урд талд эхнэртээ цэцэрлэг байгуулж өгч таарлаа. “Сүрээ чи боловсролын хүн юм чинь манай хүнийг цэцэрлэгээ жигдрүүлтэл хоёр жил энд ажиллачих. Би чамд С.Сэргэлэнгийн өгч байсан цалинг өгье, та хоёр хүүхдээ энд цэцэрлэгт өгчих” гэсэн санал тавьсан. Нөхцөл нь их гоё. Боломжийн цалинтай дээрээс нь сургуультай маань ойрхон. Хүүхэдтэйгээ хамт байна. Тэгээд зөвшөөрөөд өөрийнхөө сургалтын байгууллагыг ажиллуулахын зэрэгцээ Оргил цэцэрлэгийг анхнаас нь байгуулалцаад жигдэртэл нь ажилласан юм. Дараа нь сургуульд ороход нь ангийнх нь багш нартай ажиллаж, охиноо хүмүүжүүлэх ажлыг гардан хийлээ. Би хүүхдүүдийнхээ боловсролд тийм л ажил хийсэн. Багшаар нь дамжуулж эцэг эхчүүдтэй ч ажилласан. Өөрөө энэ системд хайртай учраас сурсан мэдсэн бүх зүйлээ хаа нэг газар нь шингээх гэж тэгж өөртөө ачаа өгч ажилладаг байсан юм л даа. 2018 онд УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа Боловсролын сайд боллоо. Миний найз түүний найз байсан юм. Тэгээд надад Сүрээ чи боловсролын төлөө ингэж ажилладаг юм чинь сайдтай уулзаж санаа бодлоо ярилц. Багшийн хөгжлийн талаар ярьдаг ажлуудаа хэрэгжүүл гээд бид хоёрыг уулзуулсан юм. Ц.Цогзолмаа сайд бид хоёр танил биш байлаа. Тэгээд Ц.Цогзолмаа сайд надад тэр хүнтэй чинь уулзах 20 минут л байна. 20 минутад юу хийснээ танилцуул гээд цаг товлосон юм. Тэгээд би 20 минут уулзах гээд хийсэн жаахан юмаа бариад очсон. Бид хоёр бараг дөрвөн цаг ярилцсан. Тэгээд “Та манай багшийн мэргэжил дээшлүүлэх институтын захирлаар ажиллаач, багш нарыг өөрчлөх ажилд энэ бүхнээ зориул” гэж санал тавьж билээ. Би анх удаа төр рүү алхаж орж байгаа нь энэ. Тэгээд багшийн мэргэшил дээшлүүлэх институтын захирлаар ажилласан. Тэгээд дараа нь УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг боловсролын сайд болоход сайдын багт нь багтаагүй, өөрийнхөө багийг бүрдүүлнэ гээд. Манай тогтолцоо л ийм юм чинь. Тэгээд буцаад хувийнхаа ажлыг хийж байхад Л.Оюун-Эрдэнэ сайд “Сүрээ багш монголын төрийн албан хаагчдыг хөгжүүлэх сургалтыг авч явах хүн бол та. Энэ ажлыг та маш сайн авч явж чадна” гэсэн. Яг сонгуулийн дараа наадам өнгөрөөгөөд дуудсан. Академийн захирлаар Сүрээ багшийг томилно. Хэрэгтэй бичиг баримт, албажуулах ажлыг хий гээд аппаратдаа үүрэг өгсөн. Тэр үед “Би яаж чаддаг юм, тэрийг чинь хийх хүмүүс бэлтгэгддэг байх. Би тийм түвшинд бэлтгэгдээгүй. Би хийж чадахгүй шүү дээ” гэсэн чинь Л.Оюун-Эрдэнэ сайд “Энэ ажлыг хийж чадах үгүйг тань би мэдэж байна. Та явж ажлаа хүлээж ав” гэсэн. Тэгээд л томилогдсон. Энд ирэх хүртэлх зам маань ийм л түүхтэй зам юм даа.

-Танай сургуулийн суурь бол хуучны намын дээд сургууль. Энэ утгаар нь жаахан гоочилдог байсан байх. Гэхдээ нөгөө талаас намын дээд сургууль монгол орны өмнө түүхэн үүргээ хангалттай биелүүлсэн сургууль болов уу. Нэн хоцрогдмол буурай орныг бие даасан тусгаар улс гэх тавцан дээр гаргаж ирэхэд үндэсний боловсон хүчин хэрэгтэй. Энэ үүргийг үүрэлцсэн гавьяа бий. Одоогийн танай сургуулийнхан үүх түүхэндээ хэрхэн ханддаг бол?

-Манай судлаачид сүүлийн жилүүдэд “улсаа урлах” гэдэг нэр томъёог гаргаж ирээд байгаа. Хүн удирдана гэдэг өөрөө нэг төрлийн урлаг юм л даа. Улсаа урлах хүмүүсийг бэлтгэж ирсэн орчин цагийн тогтолцоог бүтнээр нь авч үзвэл одоо 100 насалж байна. Энэ талаасаа хэзээ, юу хийгдсэн, ямар зам туулсан, яг юу болж байсан, өнөөдөр явж байгаа бүхний уг гарал хэзээнээс эхлэлтэй гэдгийг олж мэдэхийг хичээсэн. Ойн өмнө түүх баримтаа цэгцлээд боогоод үлдээх нь энэ цаг үед ажиллаж байгаа багийн үүрэг гэж бид харсан. Тийм үүргийг өөрсдөө хүлээж ажиллаж байна.Энэ 100 жилийг гурван үед хувааж болохоор гэж харсан. Эхний 40-өөд жил энэ улсыг авч явах хүмүүсийг сургах ямар хэлбэр байж болох, ямар зохион байгуулалт, шаардлага тавигдаж байв гэдгийг тогтоох гээд янз бүрээр үзсэн юм билээ. Энэ 100 жилийн хугацаанд анх байгууллагдсан үеэс өнөөгийн Удирдагын академи хүртэл 12 удаа нэрээ сольсон. Дотроо үйл ажиллагаа, зарчмаа сольсон зүйл зөндөө. Цаг хугацааны явцад нийгмийн шинэчлэл, бодлогын өөрчлөлтүүд гээд бүтэн агуулгаар нь харвал гурван үед хувааж болно. Эхнийх нь “...ямар байвал зөв юм бэ” гэдгээ хайж байж дээ гэх нэгэн хэсэг түүх. Намын түр сургууль гэдэг нэртэй анх байгуулагдаж байсан. Дунд 30 жил нь намын дээд сургуулийн үе. Дунд нь Эдийн засгийн дээд сургууль гэдэг нэртэй ч болсон. Гэхдээ тэр өөрчлөлт болгон тухайн үеийн нийгмийн хэрэгцээг хангах, тухайн үеийн нийгэмд юу хэрэгтэй байна тэрнийг нийлүүлэх зорилготой л хийгдсэн нь харагддаг. Ингээд нийгмийн шилжилтийн дараагаас 1990-ээд оны үеэс орчин цагийн удирдлагын зарчим руу явж эхэлсэн. Удирдлагын академи гэдэг нэртэй болсон нь 1999 он юм. Энэ бол тэр чигээрээ манай улсын бодлогын түүх. Тэгэхээр дээр үеийн Намын дээд сургуулийг сайлж муулах юм үнэхээр байхгүй. Дараа үеийнхэн бүхэн өмнөх үеийнхнийхээ мөрөн дээр тулж өнөөдөртөө хүрдэг. Тэр л зарчмаар явж ирсэн гэж боддог. Тэд тийм байгаагүй бол бид өнөөдөр ийм байх байсан эсэхийг хэлж мэдэхгүй шүү дээ. Тэд тийм байсан тулдаа, байсан учир, байсны ачаар өнөөдөр бид ийм байна гэж хэлж ялгаатай болно. Би бол тэд тийм байсны ачаар бид ийм байна гэж боддог. Би академидаа тав дахь хичээлийн жилдээ ажиллаж байна. Энэ өнцгөөс харсан ч тэр, менежментийн талаас, судлаачийн хувьд харсан ч тэр өмнө болсон үйл явдал, өмнөх түүх, өмнөх бүтээсэн бүхэн байсан тулдаа бид энд хүрч ирж байна гэж боддог. Тийм том суурь байсны ачаар энд хүрч байгаа. Би бол энэ үнэт зүйлийг өмнөх үеийн энэ сургуульд ажиллаж байсан хүмүүс, төгсөгчид, ахмадуудын чин сэтгэл хичээл зүтгэлийн үр дүн гэж хардаг. Үнэхээр л дараа үеийнхэн бүхэн өмнөх үеийнхнийхээ мөрөн дээр тулж өнөөдөртөө хүрдэг.

-Нөгөө талаас нь сөрөөд асуухад Намын дээд сургууль тулдаа өнөөдрийг хүртэл “амьд” үлдсэн. Монгол орны өнцөг булан бүрт Намын дээд сургуулийн төгсөгчид социализмын үед улс орныг босгох гэж удирдах бүх түвшинд ажилласан. Ардчилсан хувьсгалын дараа олон сургууль байхгүй болсон. Жинхэнэ хэрэгтэй ТМС, техникумууд алга болсон. Харин Намын дээд бол байж л байна. Намын дээд тулдаа хэчнээн улс төрийн тавцанд тэмцэлдэж, шилжилтийн 30 жилийг туулсан ч энэ сургууль үлдсэн гэж харж болно.

-Өнөөдрийн Удирдлагын академи бол өөр сургууль. Намын дээд сургууль бол бас өөр сургууль. Гэхдээ бид түүхээ үнэлж цэгнэж байх нь зөв санагддаг. Хүндэтгэж байх ёстой. Намын дээд сургуульд ажиллаж байсан багш ажилтнуудаа бид урьж уулзсан юм. Намын дээд сургууль хэмээн ард түмний зүрх сэтгэлд мөнхөрсөн сургуульд ажиллаж байсан хүмүүсээс өнөөдөр 60 гаруй хүн амьд сэрүүн байна гэхийг сонсоод бахархаж байлаа. Тухайн үеийн сургалтын албаны даргаар УИХ-ын гишүүн байсан Б.Эрдэнэсүрэн багш ажиллаж байж. Тэр үеийн чамбай хүмүүс одоо ч чамбай байна лээ. Уулзалтанд 25 нь ирсэн. 25 хүн ирээд сууж байхад яг тэр үеийн сургуулийн дэг жаяг, сахилга бат ямар байсан тэр соёл нь тэднээс харагдаж байна билээ. Хэчнээн олон гавьяатнууд байна вэ. Сургууль дээрээ ирж байгаа болохоор хамаг гоёоороо гоёоод, одон тэмдгээ зүүгээд ирцгээсэн. Бахархам сайхан байсан. Ийм л хүмүүсээ амьд сэрүүн байгаа дээр түүхийг, бодит үнэнийг бичүүлж үлдээхийн чухлыг харж байгаа болохоор түүхийн гэрчүүдээсээ ном бичиж үлдээхийг л гуйсан.

-Олон байгууллага цэгцэрч байна. Үүнээс өмнө удирдлагын академи дээр явдаг байсан зарим ойлголтыг та сонссон байлгүй. Албан тушаалын карьер хийх мөрөөдөлтэй нөхдүүд олноороо төгсдөг. Нэг хэсэг дарга болох сонирхолтой цагдаагийнхан их төгсдөг байлаа. Хурандаа нарын сургууль гэж хүртэл ярьдаг үе байсан. Шинэ үеийн их сургууль болох том эргэлтийн шинжтэй бодлого яалт ч үгүй сүүлийн арванд явагдсан байх. Хуучны имижээс нь салгахын тулд нэлээд ажилласан гэж хардаг.

-Би түрүүн хэлсэн. Удирлагын академи төрийн албан хаагчдаа бэлтгэж байгаа гэж. Энэ цаг үеийн буюу бидний ажиллаж амьдарч байгаа үеийн үүрэг гэж хэлж болно. Өмнө хэлсэн чиглэл, агуулга, суралцагчид бүгд тэр үеийн хэрэгцээг л хангаж байсан. Харин өнөөдөр бид 2017 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулийн дагуу сургалт хөгжлийн үйл ажиллагаагаа явуулж байна. Хуулиараа төрийн жинхэнэ албан хаагчдыг бид сургах үүрэгтэй. Энэ бол төрийн захиргаа болон төрийн тусгай албан хаагчдыг сургадаг эрх зүйн зохицуулалттай. Хуулийн дагуу бид жишээ нь, улс төрийн болон төрийн үйлчилгээний албан хаагчдыг сургах эрхгүй. Тэгэхээр өмнө хэлсэн нэг хэсэг ийм тийм хүмүүс сурдаг байсан гэдэг яриа биднээс хойш ч гарах л болно. Харин шууд утгаараа бол өнөөдөр гол шийдвэр гаргаад байгаа улс төрийн албан хаагчдыг бид сургах эрхгүй. Гаргасан шийдвэрийг иргэдэд шууд хүргэдэг төрийн үйлчилгээний алба хаагчдыг сургахгүй байгаа. Тэгэхээр сургууль 100 жил болсон ч тухайн үеийн нийгмийн хэрэгцээ ямар байгаад зохицож ажиллаж байсан. Сургаж байсан хүмүүс нь ч тухайн цаг үеийн хууль, дүрэм, журмын дагуу л хийж байгаа ажил. Нийгэм яаж харж байгаагаар ялгаатай байдлаар хүмүүст хүрэх байх даа. Хамгийн энгийнээр сургуулийн маань барилга гэхэд 1947 онд баригдсан барилга. Миний аавтай чацуу. Бүх утгаараа түүхтэй. Энэ байшин маш сайн тордлоготой тулдаа ийм түвшинд байгаа. Дайны төлбөрт баригдсан, япончууд барьсан барилга юм шүү дээ.

-Дайны төлбөрт өө. Ямар сонин юм бэ?

-Тиймээ. Сонирхолтой байгаа биз дээ. Манай их сургууль, төрийн ордон гээд дайны төлбөрт баригдсан барилгууд бий. Япончууд өөрийн түүхээрээ баримтат кино хийж байгаа гээд ирсэн. “Бид нар японы элчин сайдын яамны өмнөх үеийн үүд болгож танай коридорийг баримтат киноны зургандаа оруулах гэсэн юм” гээд хүсэлт тавьсан. Тэр үеийнхтэй төстэй гэнэ. Тэгэхээр нь би та нар кинондоо одоогийн Удирдлагын академи байгаа байшин бол дайны төлбөрт япончууд барьж өгсөн байшин гэдгийг бичвэл бид зураг авахуулна гээд авахуулж байж билээ. Энэ түүхийг хаа нэгэн газар үлдээх хэрэгтэй. Надад бичээд үлдээчих өөр юм одоогоор байхгүй л дээ. Манай сургууль энэ газарт л анх байгуулагдсан, 100 жилийн турш энэ суурин дээрээ байгаа. 100 жилийн өмнөх газрын зургийг санамж болгон би өрөөндөө байрлуулсан юм. Та хар даа, энэ хоёр давхар цагаан байшин, ногоон дээвэртэй (ханан дахь марзан Шарав гуайн зурсан зураг руу заав). Энэ бол Богд хааны хайстай ордон гэдэг нэртэй зуны зуслан. Өвлийнх нь замын баруун талд байгаа. Зун наашаа гарч ирж зусдаг. Би тэр үеийн удирлагуудыг ухаалаг шийд гаргаж дээ гэж боддог. Яг ийм газрыг утга учиртайгаар сонгосон байх. Тэрнээс өмнө яг нийгмийнхээ тогтолцоонд тохирчихсон хамгийн зөв хэлбэр байсан гэдэгтэй маргахад хэцүү. Бараг маргалтгүй. 1990 оноос хойш тогтолцоо өөр болж эхэлсэн. Тэр тогтолцоо өөр болж эхэлсэнтэй холбоотойгоор ямар хэлбэрээр явах уу хэнийг сургах уу, яах уу гэдэг зүйл яригдаж таарна. Бизнесийн байгууллагуудыг бойжуулах хэрэгтэй болсон. Хувийн бизнес гэдэг юм байгаагүй. Хувийн бизнесийг аваад явах захирлуудыг сургах хэрэгтэй болсон. Бизнесийн удирлагаар мэргэжилтэн бэлтгэх хэрэгтэй биз дээ. Хамгийн ойр дөхөм бэлтгэгдсэн багш нар академид л байсан. Тийм учраас академийн багш нарыг бизнесийн удирлагаар хичээл заадаг болгож давтан бэлтгээд бизнесийн ангид элсэлт авч эхэлсэн. Бизнесийн ангид хэн ирсэн бэ. Бизнес эрхэлж байгаа хүмүүс. Тэдэнд ч сурч боловсрох хэрэгцээ байсан. Бизнесийн ангиудтай болсон. Бизнесийн ангиудтай болсонтой зэрэгцээд архи уудаг гэдэг нэртэй болсон. Зэрэгцээд төр талаасаа бас нэг шалгуур тавих ёстой гэсэн юм гарч ирнэ. Тэгээд ирэхээр бас нэг хүн удирддаг, ном сонссон байх ёстой гэдэг шаардлагууд тавигдаж ирсэн. Тэнд байгууллагад дарга болох гэж байгаа хүн энд удирдах талын юм сонсчихсон байх ёстой гэдэг талаасаа хүмүүс сурч эхэлсэн. Бизнесийнхтэй адилхан л хэрэгцээ.

2017 он хүртэл төрийн удирдлага, бизнесийн удирдлага гээд нийгэмд байгаа хэрэгцээтэй, сурахыг хүссэн хүмүүсийг авч сургах боломжтой байсан. Хуулийн дагуу өөрчлөглсөн. Энэ өөрчлөлт 2019 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. Тэгэхээр бид нар одоо төрийн байгууллагад ажиллаж байгаа хүнийг сургана гэдэг хуулийн дагуу сургадаг төрийн албаны сургалтын байгууллага гэж явсан нь 2019 оноос буюу тав зургаахан жил. шинэ тогтолцоо руу шилжсэн эхний жил 3500 гаруй төрийн албан хаагчаа сургасан. Ерөнхий сайд намайг томилохдоо хүртээмжээ нэм, ийм том бүтэц жилдээ ийм цөөн хүн сургаж болохгүй гэж даалгавар өгсөн. Бид энэ дөрвөн жилд 125 мянга давсан төрийн албан хаагчиддаа сургалт хөгжлийн үйл ажиллагааг зохион байгуулж. Дунджаар жилдээ 30 мянга давсан төрийн албан хаагчид хүрч ажилласан гэсэн үг. Дунд нь хоёр жил ковидтой байсан шүү дээ. Энэ юуг харуулж байна вэ гэхээр боломж байгааг. Энд бэлтгэгдсэн байсан багш нар, энд байсан тогтолцоо маш том суурь болсон. Нөгөө талаасаа бидэнд маш том боломжийг ковид өгсөн. Ковидын үед бид нар тэр хүнийг холоос ирүүлэхгүй зайнаас сургах боломжийг ашиглаж хийсэн. Хоёр жил багш нараа сургууль дээр авчраагүй. Гэр гэрээс нь ажиллуулж байсан. Нэг талаасаа тохироо ч бүрдсэн, нөгөө талаасаа нөөц суурь байсан. Бидний удирдлагын багийн хамтын ажиллагаа байсан гэж харж байгаа.

-Өнөөдрийн байдлаар хэдэн оюутан сурч байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар яг одоо хэдэн оюутан сурч байна гэдэг тоог гаргах хэцүү. Яагаад гэхээр манай сургалт хамгийн урт үргэлжилж байгаа нь гурван сар. Богино үргэлжилж байгаа нь нэг сарын ч сургалт байна. Хоёр долоо хоногийн сургалт ч байна. Хоёр цагийн сургалт ч бий.

-Магистрын сургалт хоёр жилээр явагддаг уу?

-1.5 жилээр. Төрийн албан хаагчийг бэлтгэдэг сургалтын тоо руу орохгүй тусдаа. Үйл ажиллагааны хувьд төрийн албан хаагч биш, төрд орох сонирхолтой хүмүүсийг боловсролын хувьд бэлдсэн.

-Таны ажилд мэдээж бэрхшээл зовлон гардаг л байх?

-Байхгүй ээ гэж хэлж чадахгүй ээ. Анхны бүхэнд л асуудал байдаг шүү дээ. Академид хийж байгаа өөрчлөлт бүрээ юу гэж бодож хийдэг вэ гэвэл би эмэгтэй хүн. Өнөөдөр эмэгтэй хүнийг харж байгаа байдал ямар байгаа билээ. Засгийн газрын түвшинд бүх яам, тамгын газар, агентлагын түвшинд томилогддог дарга нарын хувьд эмэгтэй удирдлагын тоо 31 л байдаг. Тэр 31 эмэгтэйгээ шоглож байгаа байдал, хэлж ярьсныг нь эргүүлж мушгих байдлыг харахаараа “Би сайн юм хийсэн ч муулуулна. Муу юм хийсэн ч муулуулна. Би ямар ч үед муулуулна. Тийм учраас би сайн юм хийгээд муулуулъя” гэж бодож хийдэг. Сайн юм хийхэд бэрхшээл тохиолдоно. Эсэргүүцэж байгаа, хийх гэж байгаа юмныхаа учир утгыг ойлгоогүйгээс болж хоосон эсэргүүцэж байгаа хүмүүс ч гарч ирнэ. Тэр эсэргүүцлийг тэртээ тэргүй намайг муулах л байсан гэдгээр хүлээж авъя. Тэгэхээр юу ч хийж байсан зорьж байгаа зүйл рүүгээ ажиллая гэдэг итгэл үнэмшилтэйгээр энэ дөрвөн жил ажиллаж ирлээ. Би эмэгтэй байгаа нь нэг талаасаа сул тал, энэ түвшинд энэ ажлыг хийхэд. Нөгөө талаасаа одоо ч дадал болж дээ. Амьдрал шүү дээ. Бэрхшээл ч юу байхав. Учрыг нь ололгүйгээр нийгмийн сүлжээгээр давалгаалуулж хийж бүтээснийг үгүйсгэж харлуулах л эмэгтэй хүнд нэлээд хүнд тусдаг. Гэхдээ одоо яалтай. Бүхнийг эмзэглэж хүлээж аваад байвал зорьсондоо хүрч чадахгүй.

-Өөдрөгөөр харах юмаа.

-Тийм байх. Би ер нь өөдрөг хүн байх (инээв). Өнөөдөр миний хийж байгаа ажлын хувьд сонирхолтой чиглэл гэхээсээ илүү байх ёстой зүйл гэж харж байгаа нэг том ажил бол төрийн бодлого судлалын магистрийн хөтөлбөртэй болох хэрэгцээ. Бодлого судлал гэдэг бол баклаварын түвшинд сургах агуулга биш. Энэ бол тодорхой түвшинд бэлтгэгдээд, дараа нь тодорхой ажил хийгээд бодлого гаргана гэдгийг ойлгосны дараа хийх ёстой ажил. Гэтэл бид нар өнөөдөр болтол бодлого судлал, бодлогын чиглэлээр магистр, докторын сургалтгүй байна. Энэ чиглэлээр ХБНГУ-ын Потсдамын их сургуультай хамтран ажиллаж байна. Европын холбоогоор магадлан итгэмжлүүлсэн хөтөлбөрийг нутагшуулахаар ажиллаж байна даа.

-2025 оноос төр хос бичгээр явна. Төрийн албан хаагч бэлтгэдэг юм чинь үндэсний бичгийн богино хугацааны анги байдаг уу. Хүмүүст хэрэгтэй мэдээлэл болох юм болов уу?

-Тиймээ. Албан ёсны шийдвэр. Бид бэлтгэл ажлуудыг төрийн албаны сургалтын байгууллагын хувьд өөртөө хамаарах бэлтгэлийг хангаж байна. Манай сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хуулийн дагуу ТАЗ санал болгож, Засгийн газар баталдаг. Монгол бичгийг сургалтад хамрагдсан төрийн албан хаагч бүр үзэх Засгийн газрын шийдвэр гаргуулсан. Удирдлагын академийн сургалтад хамрагдаж байгаа бүх төрийн албан хаагч энэ хичээлийг судалж байж шалгалтаа өгдөг болсон. Цахим хэлбэрээр явахад болохоор хэн ч үзэж болно оо.

-Газар хэлтсийн дарга болж байгаа хүмүүсийг ядаж энд гурван сар суулгаад бэлтгэдэг болгомоор байна. Үнэндээ албан бичиг ч төлөвлөж чадахгүй нөхдүүд дүүрэн байх юм билээ.

-Олон улсын жишиг энэ л дээ. Аль ч албан тушаалд томилохоос өмнө сургах нь. Ийм утгаар зохион байгуулахаар томилогдох нь тодорхойгүй хүмүүст улсын төсвийн хөрөнгийг зарцуулах болдог. Энэ зөв үү гэдэг талаас харахаар бодох зүйл бий. Улс орнуудын хувьд төрийн албан хаагчдаа мерит зарчмын дагуу хаана томилохоо тодорхой болгоод томилохоосоо өмнө сургаж бэлтгэдэг туршлага түгээмэл. Бид ч энэ зүг рүү явж байна. Гэхдээ томилох нь тодорхой болгох гэдэгт л асуудал бий дээ.

-Суралцагчдын хувьд гоё хүмүүстэй ажилладаг гэж боддог. Яагаад гэвэл ажил амьдралд нухлагдаж явж байгаад, өөртөө өөрчлөлт хийе гэх эргэлтийн үедээ яваа. Магистрт сурах үе өөр байдаг. Яг тийм үе дээрээ, амьдралын хуучин хэмнэлээсээ завсарлага авмаар үедээ сурах өөр. Тэр үедээ зорьж сурсан хүмүүс маш ам сайтай байдаг юм билээ.

-Тэр бол үнэн. Юм болгон л хоёр талтай болохоор. Яг тийм ам сайтай байлгахад хамгийн чухал зүйл бол агуулга. Хоёрт, багшийн чадвар. Чадвар гэдэг дотор хүнийх нь чадвар байна. Харилцаа бусад бүх зүйл багтана. Агуулгын хувьд өнөөдөр энд ирж сурсандаа баярлаж байна гэж хэлдэг хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Би үүнд баярлаж байгаа.

-Хөдөө орон нутгийн төрийн албан хаагчид энд сургалт авбал эндээ оюутны байранд суудаг уу?

-Бид нарт сонсогчдын байр гээд жижигхэн байр бий. 50 ортой. Гэхдээ төсөв хөрөнгөөс болоод орчин жаахан дорой. Нөгөө талаас хүчин чадал бага болохоор том хэмжээний сургалтын оролцогчдыг зэрэг буулгах боломж хязгаарлагдмал. 2018 оноос эхлэн академийн барилгыг өргөтгөх төсөл хийгдэж барилгын ажил 2023 оноос эхлээд одоо ид явагдаж байгаа. Бид 100 жилийн ойн гол үйл ажиллагаа болох Олон улсын эрлэм шинжилгээний хурлынхаа өмнө А хэсгийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

-1990 онд Алтай зочид буудалд оюутнууд тань байдаг байсан. Тэр үед манай ах  Булганаас ирж сурч байсан.

-Зүч зочид буудлыг хэлж байгаа байх. 120 мянгатад байдаг. Хуучнаар намын дээд сургуулийн сонсогчдын байр гэдэг байсан. Тэр манай сонсогчийн байр байсан үе бий. Өмч хувьчлалын үед өөрчлөгдсөн юм билээ.

-Сургуулийн газраа их алдсан юм шиг байсан.

-Их дээд сургуулийн удирдлагуудын хувьд Засгийн газраас анхаарч байгаа асуудал бол энэ шүү. Академийн захирлаар томилогдсоны дараа манайх гэдэг айл ямар хөрөнгөтэй, ямар газар эзэмшдэг талаар бүх баримтуудаа нямбай нягталж үзсэн. 06 га газарт байрлаж байсан түүх бидэнд бий юм билээ. Одоо бол 04 га газарт үйл ажиллагаагаа явуулж байгаа. Маргаантай, шийдвэл академийнхаа талд шийдүүлчихсэн гэхээр асуудал ч бий. Захирлын албыг хашиж байхдаа академийн газраа нэг сөөмөөр ч багасгачихгүй юмсан гэж бодож ажилладаг.

-Бараг буцааж олддоггүй, дээрэмдүүлээд дуусдаг юм биш үү. Ийм төрлийн маргаан...

-Үнэнээрээ явах гэдэг нэг арга зам бий л дээ тээ (инээв).

-Танд баярлалаа. Сайхан ярилцлаа. Энэ том сургуулийн талаар олон зүйлийг мэддэг боллоо. Уншигчиддаа арвин их мэдээлэлтэй, урьсан зочин маань ч нэн сонирхолтой цаг үеийнхний нэгэн тод төлөөлөл байлаа. Цаашдын ажил амьдралд нь амжилт хүсье.

-Танд баярлалаа. Төрийн албаны сургалтын байгууллага ямар байна төр тийм байна гэсэн бодлоор ажиллаж ирсэн санаагаа хуваалцах боломж олгосонд гялайлаа. Гэхдээ хувь хүнийхээ талаар арай ч илүү ярьчихав уу даа. Таны асуултад хөтлөгдөөд...(инээв) Гайхалтай сайхан сэтгүүлээрээ дамжуулан түүх, уламжлал, үнэт зүйл, шинэ санаа гээд тоочиж барамгүй агуулгыг хүргэж байдагт талархаж явдагаа илэрхийлье.