ГИТЛЕР

Дэлхийн дайн Германы ялагдлаар төгссөн нь залуу бага дарга Гитлерт маш хүнд тусчээ. Шархдаад эмнэлэгт хэвтэж байсан тэрээр энэ мэдээг сонсоод енгэнтэл уйлсан гэдэг. 

СССР-ыг сөргүүлэн Баруун Европт НАТО Пэршин пуужин байрлуулав. Ерөнхийлөгч Рейган “Оддын дайн” тунхагласнаар АНУ цөмийн цохилтоос өөрийгөө бүрэн хамгаалав. Энэ нь СССР-ийг стратегийн хувьд ялагдал хүлээлгэлээ. Цэргийнхэн болон КГБ, гадаадад сууж байсан зөвлөлтийн тагнуулуудын хувьд энэ нь эмгэнэл байсан юм

Үүнээс ч аймшигтай ял ард байжээ. 1919 онд Вэрсалын гэрээгээр Герман орныг хэсэглэн хуваав. Элзас Лотирингийг францчууд авсан төдийгүй Саарын нүүрсний ордыг тэдний мэдэлд өгөв. Шинээр буй болсон Югослав, Польш, Чехословакид мундахгүй газар хуваарилагдлаа. Бельги, Дани хүртэл Германы газраас хүртэв. Далайн чанад дахь Германы бүх эзэмшлийг хураав. Япон хүртэл тэдний Хятад дахь эзэмшил Шаньдун мужийг өөрийн болгожээ. Колони орнуудыг нь Франц, Британи, Бельги хувааж авав. Францтай хиллэж байгаа газартаа зэвсэгт хүчин байрлуулахыг хориглосон төдийгүй, ерөөс Германы армийн хүн хүчний тоог хязгаарлан тогтоож, нэн орчин үеийн зэвсэг техниктэй байхыг нь хориглов. Дээр нь Германд 269 тэрбум алтан маркын төлбөр тогтоосон нь тэр үеийнхээ ханшаар 100 мянган тонн алттай тэнцэж байв.

СССР задарч 15 улс болон саллаа. Эмх замбараагүй байдал улс орныг нөмөрч дээрэм тонуул замаа алдав. Улс орон ядуурлын туйл болж олон улсын тусламж дэмжлэг горьдсон орон болов.


Дааж давшгүй их төлбөр тавьж буй нь Германы дотоод тогтворгүй байдлын шинэ нөхцөл үүсгэж, хэт даврагсадыг төрүүлэн гааруулснаар дэлхийн шинэ дайн үүсэх аюултайг Вэрсалын гэрээнд биечлэн оролцож байсан нэрт эдийн засагч Жон Мэйнард Кэйнс цуцалтгүй тайлбарлаж байсан авч ялсан гүрнүүдийн удирдагчид хөөрлийн байдалд байсан учир огт авч хэлэлцсэнгүй. Вэрсалын гэрээ Лиги Нации байгуулж дэлхийн шинэ дэг журам тогтоолоо. Гэвч нөгөө талаас дэлхийн шинэ хуваагдал нь гагц Герман төдийгүй өөр бусад олон орныг гомдоосон учир ардаа асар их өс хонзон үлдээсэн юм. Большевикуудаас болж дэлхийн дайнаас гарч “уравсан” Оросыг Вэрсалд оруулсангүй. Хэдийгээр оросууд Германтай салангид гэрээ байгуулан Украиныг Германд өгсөн байснаа эргүүлж авсан боловч Ленин энэ гэрээг “хамгаалалтгүй болсон Германыг хутга барин тулгаж дээрэмдсэн шившигт явдал” гэж дүгнэж байв. Германд алдсан мужийг нь гэрээгээр Японд дамжуулж өгсөнд хорссон Хятад Вэрсалын гэрээнд гарын үсэг зурсангүй. Германы хамсаатан асан Болгар, Түрэг, Австри бас л гомдолтой үлдсэн.

Орост гомдолтой маш олон орон үүсэв. Энэ нь өөрөөс нь салан тусгаарласан орнуудаас гадна эрх мэдэлд нь хамаарч асан Зүүн Европын орнууд. Тэд Европын холбоо болон Оростой сөрөн зогссон НАТО-д ээлж дараалан элсэв.


Дайн дуусмагц Германд Ваймарын бүгд найрамдах улс байгуулагдаж социал демократууд засгийг эзэгнэв. Дайны дараах хүнд байдал, дайнд ялагдсан хүн амын гутрал, хэзээ ч дийлэхгүй өр шир, нийгмийн шинэ байгууламж бүтээх янз бүрийн санал сэдлийн маргаан Германыг эгшин зуур доройтуулав. Мөнгөний ханш уналт, инфляц галзуурчээ. Үхэр зарсан мөнгөөрөө сарын дараа ганц загас авах гэхээр хүрэхгүй. Эдийн засгийн энэ хүнд байдал дээр тоглож германчуудын үндэсний үзлийг сэргээн бужигнуулж төрийн эргэлт хийхээр мөнөөх бага дарга Гитлер үймээн дэгдээв. Гэвч нам даруулаад шоронд суусан юм. Герман шиг соёлжиж иргэншсэн газар төрийн эргэлт хийх бололцоогүй юм байна гэдгийг ч тэр ойлгосон. Коммунистууд ч бас хэд хоног тэссэн төрийн эргэлт хийгээд дарагдсан билээ.
     Гэвч Ваймарын бүгд найрамдах улс 1924 он гэхэд сэргээд ирлээ. Вэрсалын гэрээг ч үнэнчээр биелүүлж, шударгаар зохицон амьдрах хандлагатай болсон юм.  Хэрвээ 1929 оны намар Нью Йоркийн бирж дээр аймшигт уналт болоогүй бол Герман орон цаашид дэлхийн дэг журмаар хөгжих энхтайванч орон байх байлаа. Америкийн эдийн засгийн хямрал эгшин зуур дэлхийг нөмрөв. Алс Дорнодод Хятад, Япон, Өрнөдөд Европ тэр чигээрээ урьд байгаагүй их хямралд зэрэг автахад Герман дагаад шалчийж таарна. Чухам энэ агшин л Гитлерт асар том бололцоо нээлээ. Ваймарын төр ерөөс их сульдаатай байсан. Нэг талаас Гитлерийн байгуулсан Германы ажилчны үндэсний социалист нам дайнд ялагдсан буруутныг хайн Вэрсалын гэрээг цуцлахыг шаардаж, нөгөө талаас коммунистууд төрийн эрхэнд байгаа социал демократуудыг ажилчин ангийн эрх ашигаас уравсан хэмээн буруутгаж, аль алин нь төрийг унагах гэж чармайж байлаа. Коммунистууд болон нацистууд хоорондоо үзэлцэн нийгмийг бужигнуулж байхад сул төр юу ч хийж чадахгүй алмайран хууль ёсыг сахиулж чадахгүй байв.

Ельциний үе


Ийм бужигнаанд ард түмэн залхжээ. Тэдэнд энэхүү эмх замбараагүй байдлыг таслан зогсоохуйц хүчтэй төр хэрэгтэй болж. Чухам иймээс л эмх журам тогтооно гэж амалсан, тэр хэрээрээ тэгэж чадахаа харуулж буй Гитлерийн нам хамгийн их итгэл хүлээв. Гитлерийн нам чөлөөт ардчилсан сонгуулиар төрийн эрхэнд гарлаа. Ядарч туйлдан зөнөсөн Ерөнхийлөгч Хиндэнбүрг эцэст нь Гитлерийг Германы канцлер болохыг зөвшөөрөх нь тэр.

Оросын Ерөнхийлөгч болохыг Ельцин КГБ-ийн нэгэн офицерт зөвшөөрөв


Германыг доромжилсон Вэрсалын гэрээ, дайны дараа тогтсон дэлхийн шинэ журмыг яагаад ч зөвшөөрөхгүй гэдгийг Гитлер зараллаа. Хямралд өртөн сульдсан Өрнөдийн ертөнц өөдөөс нь юу ч хэлсэнгүй. Германы ард түмэн хүчирхэг удирдагчдаа баяр хүргэн нулимс дуслуулав. Дайнд ялагдсаны гол буруутан нь Германы санхүүг атгасан жүүд үндэстэн хэмээн яллахад ард түмэн толгой дохин хүлээн авав. Цэрэг зэвсэг байрлуулахыг гэрээгээр хориглосон бүст армиа зөөхөд Өрнөдийнхөн чимээгүй хүлээж авсан ба “төдий л хор хохирол үгүй” хэмээн өөрсдийгөө тайтгаруулжээ. Ардчилсан дэг журам, парламентат ёс Германд таарахгүй, тэр байтугай хүн төрлөхтний соёл иргэшлийг сөнөөх аюултай байгууламж, үүгээр дамжин нийгэм дундуураа хагарч завсраар нь жүүд мэтийн гадныхан эрхийг олж улс үндэстнийг хорлодог гэсэн Гитлерийн онол олны дэмжлэгийг авлаа. Тэрээр хэвлэлийн эрх чөлөөг хааж, олон намуудыг хориглож, үндэсний эрх ашгийн үүднээс өөр үзэл бодолтныг баривчлан хориход германчууд гагцхүү баяр л хүргэж байлаа. Тэрээр Өрнө ч Дорно ч гагцхүү Германыг л хорлох зорилготой, тиймээс бүгдээрээ Германы дайснууд, тэднээс улс үндэстнээ хамгаалахын тулд сайтар зэвсгэлэхээс өөр аргагүй гэхэд германчууд үнэнхүү итгэсэн юм.

Өрнөдийнхөн Оросыг дэмжиж G7-г өргөтгөн G8 болгов.


Дэлхий даяараа хямралд автсан тэрхүү хүнд цаг үед  Герман орон цэрэг зэвсгийн аж үйлдвэрлэлийн буянаар дорхноо сэргэлээ. Ажилгүйдэл арилж, цалин тэтгэвэр эрс нэмэгдэн, мөнгөний ханш тогтвортой боллоо. Германы ард түмэн тухайн цагтаа дэлхийн хамгийн хангалуун хүн ам боллоо. Зам харгуй, үйлдвэр завод, боловсрол эрүүл мэнд, дэд бүтэц гээд сэргэлт бүхий л салбарыг хамарчээ. Ажилгүйдлийг арилгахын тулд эхэн үедээ ажилгүйчүүдээр төмөр зам зүлгүүлж цалинг нь хангалттай өгч байв. Нэг үгэндээ хямралаас гарах Кэйнсийн онолыг амьдралд хамгийн сайнаар үгчлэн биелүүлсэн. “Нэг хэсгээр нь нүх ухуулаад, нөгөө хэсгээр нь түүнээ эргүүлж булуулаад аль алинд нь цалин өг, тэгвэл нийтээр худалдан авах чадвартай болж үйлдвэрлэлээ дэмжсэнээр хямралаас гарна” гэж Кэйнс сургасан юм. Германчууд удирдагчаа тойрон хүрээлж бурханчлан үзэх боллоо.


Газрын тосны үнэ 8 доллароос 130 доллар хүртэл өсөв. Оросын байгалийн түүхий эд борлуулсан орлого огцом өслөө. Энэхүү гэнэт сул орж мрсэн мөнгийг зэвсэгт хүчнээ өргөжүүлэхэд зарцуулав.

Хэрвээ 1938 онд Гитлер золтой, золгүй тохиолдлоор үхчихсэн бол Германы түүхэн дахь хамгийн гарамгай удирдагчаар тодрон мөнхлөгдөх байсан гэж зарим судлаачид өгүүлдэг. Урьд нь байсан төмөр канцлер Бисмарк, хожим нь дайнд сүйрсэн Германыг босгосон Адэнаүэр нарыг ч түүхэн сүр хүчээрээ дарах байлаа. Дайнд ялагдаж, хэсэглэн хуваагдаж, дотроо эмх замбараагүй байдалд задарч, эдийн засгийн хямрал ёс суртахууны уналтад орсон байсан Герман 1938 он гэхэд бүх асуудлаа шийдчихсэн хүчирхэг гүрэн болон босч ирсэн хэрэг. Гэвч тэрээр Европын хамгийн баян тарган, хөгжингүй, хүчирхэг Герман төдийхнөөр ирээдүйгээ харж байсан юм биш. Түүхэнд цагийг эзэлсэн Египт гэж байлаа. Бүхий л Европыг эзэгнэж байсан Ром гэж байлаа. Соёл иргэншлийн үрийг тарьсан гүн ухаант Герег гэж байлаа. Дөрвөн далайг эзэрхийлсэн Испани гэж байлаа. Гурван тивийг дамнасан Араб гэж байлаа. Бүтэн зууныг чичрүүлсэн Монгол гэж байлаа. Хорин зууны 18-т нь эдийн засгийн хөгжлөөр тэргүүлсэн Хятад гэж байлаа. Колони ба хараат орноор ертөнцийг дагуулсан Англи гэж байна. Иймээс шинэ эрин бол Германых гэж тэр үзэж байсан юм. Явсаар германчуудын цаг ирлээ. Германчууд хүн төрөлхтний соёл иргэншлийг аварч, иргэншлийн дайсан болсон муу цустнуудаас цэвэрлэнэ. Бохир цустнууд бол жүүдүүд, слав үндэстнүүд, хар ба шар арьстнууд!  Эднээс юун түрүүн салахгүй бол, эднийг устгахгүй бол хүн төрөлхтний соёл иргэншил удахгүй мөхнө.

Оросын болон Зөвлөлтийн Эзэнт гүрний үеийг дурсан тэгэхэд Орос хүчирхэг баян тарган байсан тухай залуу үед хандсан сурталчилгаа, уриалга ердийн норм болов.


1938 онд Гитлер Австрийг залгилаа. Австри Унгарын эзэнт улс хэмээн Европт хэдэн зуун жил тогтож байсан хүчирхэг гүрний үлдэгдэл газрын зурагаас арчигдав. Шалтгаан нь австри ба германчууд хэл соёл, гарвал нэгтэй ах дүү нар. Дараа нь Вэрсалын шударга бус гэрээгээр алдсан гэж үзсэн газар нутгаа нэхэж эхэллээ. Германчууд олноороо суудаг гэсэн шалтгаанаар Сүдэтийг Чехословакаас нэхэв. Санал асуулга явуулаад л өөртөө авахаар болов (Санал асуулгаар тусгаарлах ба залгих буюу аннекс хоёр нь өөр ойлголт. 1945 оноос хойш аннекс хийх оролдлого ганцхан удаа гарсан нь 1990 онд Ирак улс Кувейтийг өөртөө нэгтгэн залгих гэж оролдсон боловч олон улсын зүгээс эсэргүүцэлтэй тулгарч НҮБ-ын тогтоолоор цэрэг оруулан Кувейтийг чөлөөлжээ.) Чехословактай холбоотны гэрээтэй Франц, Англи улсууд Гитлерээс айчихжээ. Өрнөдийн ардчилал дарангуйллын өмнө өвдөг сөхрөх нь тэр. Мюнхэний гэрээгээр Сүтэдийг Герман залгихыг өрнөдийнхөн зөвшөөрч гутамшигтайгаар бууж өгөв. Гитлерийн өлсгөлөнг Сүдэтээр цатгаснаар энх тайван тогтоож болно гэж найдсан хэрэг. Хэмжээ хязгааргүй шуналт бирд хэзээ ч цадахгүй гэдгийг ойлгосонгүй. Чехийг Австрийн мэдэлд байсан гэдгээр далимдуулан хэдхэн сарын дараа германы танк Праг руу орж ирлээ. Үүндээ нутгийн зүүн хэсэг Словакийг холбоотноор татан тусгаар улс болгон зарлав. Гитлерт түр зуурын олон холбоотон байсан. Югославыг задлан Хорватыг холбоотноо болголоо. Румын, Түрэг, Унгар, Болгар бас түүний түнш. Улс болгонд буй үндэстний цөөнхийн тусгаарлах хүслийг овжин ашиглана. Гэвч дэлхийг хуваах хамгийн гол холбоотон нь фашист Итали, милитарист Япон, большевик Орос байсан юм. Өрнө зүг дайтан өөрийн үзэн яддаг барууны ардчилсан дэглэмийг устгахаар шийдэв. Ингэхийн тулд зүүн талаас учрах аюулаас хамгаалахын тулд Зүүн Европыг хувааж авах саналыг Зөвлөлт Орост тавьжээ. Молотов – Риббэнтропын гэрээгээр Чехээс Галицийг, Румынаас Бессарабийг,  Польшоос Буг голоос зүүн хэсгийг, Балтийн гурван улсыг бүхлээр нь Зөвлөлт Оросын мэдэлд өгөхөөр тохиров. Өөрснөө баруун Польшийг авах болсон ба Орос нь Финланд руу, Герман нь Газар дундын тэнгис рүү өөрийн үзэмжээр булаан эзлэлт хийж болох аж. Бүх тохиролцоо ёсчлон биелэгдсэн.


2008 онд Гүрж рүү довтлон газар нутгийн тодорхой хэсгийг таслан авлаа. Өрнөдийн орнууд энэ үйлдлийг төдийлөн буруутгасангүй, бараг нүдээ аниад өнгөрөөв. 2014 онд Крымын хойгийг урьд нь Орост хамаарч байсан нутаг гээд зэвсгийн хүчээр өөртөө нэгтгэв.


Дараа нь цаддаггүй Гитлер алдагдсан гэгдэх Лотирингийг Францаас нэхэн тийш довтолж, далимд нь баруун Европыг тэр чигт нь эзэллээ. Польшийн холбоотон Францыг эзэлж, Английг бөмбөгдөж гарлаа. Хуучин холбоотон Оросыг гэнэдүүлэн довтоллоо. Дэлхийн дайн дэгдэв. Хорвоо тэр чигээрээ түймэрт автлаа. Зургаан жил үргэлжилсэн энэ дайнд 60 сая хүний амь үрэгдэж, хэдэн арван мянган хот балгад үнсэн нурам болсон юм. Дайнд 10 сая германчууд үрэгдсэн. Гитлерийг засгийн эрхэнд гарахын өмнө байсан Германы газар нутаг бараг хоёр дахин багассан төдийгүй, үлдсэн нь сөргөлдөгч лагериудийн дунд хуваагдан тусдаа хоёр улс болжээ. Түүхийн энэ аймшигт сүйрэлд хэн буруутай вэ? Ганц Гитлер хэмээх солиот ийм хорлон үүдэж чадах байсан гэж үү? Юун түрүүн энэ галзуу хүнийг нийтээр дэмжсэн тухайн үеийн Германы ард түмэн буруутай. Солиорол галзууралд бүхэл бүтэн ард түмнийг аваачин хонзогнолын туйлд хүргэсэн энэ аюулын өмнө өвдөг сөгдөн арчаагүйтсэн тухайн үеийн өрнийн ардчилсан дэглэмт орнууд буруутай.

Орос улс Сирийн иргэний дайнд шумбан орлоо. Украины Донбас мужид Украины эсрэг дайн зохион байгуулж тэднийг урдаа барин бүтэн жил байлдав. 2022 онд Украинд дайн зарлан цэргийн хүчээр эзлэн түрэмгийлэл эхлүүлэв


“Түүх давтагдах хандлагатай байдаг, эхнийх нь эмгэнэл байдаг бол дараагийнх нь элэглэл гутамшигаар дуусдаг гэж Германы аугаа философич Карл Маркс хэлсэн байдаг. III Наполеон өөрийгөө эзэн хаан гэж зарласантай холбогдуулж энэ үгийг бичсэн юм. Тийм ч байж болох л доо. Санахаас 1917 оны Октябрийн эргэлт 70 жилийн хугацаанд бараг 100 сая хүний аминд хүрсэн гэж өнөөгийн түүхчид хэлж байна. Харин үүнийг давтсан 1991 оны 8 дугаар сарын путч нь гутамшигт элэг доог л болсон билээ.

Юу болж дуусах бол?