Ши Жиньпин Хятадыг бүх насаараа захирах “Эзэн хаан” болчихлоо шүү дээ гэж дэлхий бараг тэр чигээрээ шуугиж байна. Бүтэн сайнд Хятадын хууль тогтоох байгууллага болох Ардын төлөөлөгчдийн их хурал Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж, Улсын дарга, дэд дарга нь 2-оос илүү удаа сонгогдож болохгүй тухай заалтыг авч хаяснаас ингэж шуугих болов. Хятадууд Маогийн дарангуйллын үед их үсрэлтийн бодлого, соёлын хувьсгал гээд урт удаан хар дарсан зүүд мэт гашуун зовлонг бие сэтгэлээрээ амссан, түүний амьд гэрчүүд нь одоо ч мэнд, тэр бүү хэл Ши Жиньпин өөрөөч эцгийнхээ улс төрийн хэлмэгдэлд гэр бүлээрээ өртсөний зовлон зүдгүүрийг бага залуудаа биеэр амссан хүн. Гэтэл яагаад Маогийн нэг хүний хэмжээгүй эрхт дарангуйллын зүг явах болов? 

Уг нь Маогийн дарангуйллаас хаширсан хятадууд 1982 оны Үндсэн хуулиндаа Улсын даргын албан тушаалыг цаг хугацаагаар хязгаарлаж, 5 жилээр 2 удаа сонгогдож, нийт 10 жилээс хэтрэхгүй байхаар хазаарласан нь тунчиг боломжийн үйлчилж, Дэн Сяопиний үед суурь нь бэхжин, сүүлийн 30 гаруй жил арав арван жилээр дээд удирдлага солигдож, эвтэй найртайгаар халаагаа өгч авалцан, чухам аштайхан тогтолцоо болон төлөвшин бүрэлдэж, ойлгомжтой, тодорхой, таамаглаж болохуйц тогтвортой улс төрийн дүр зураг нь бараг л ардилсан орнуудын ч харааг булаах шахаж байлаа. 

Гэвч Ши-гийн үед ингээд хэврэгхэн шилэн бөмбөг мэт буйгаа ил харуулж орхив хэмээн шинжээч судлаачид шил дараалан дүгнэж байна. Яагаад хэврэг гэхээр эрх мэдлийн хяналтыг хятадад хэн тавих вэ гэдэг асар бүрхэг байдагтай холбоотой. Жишээлбэл, саяны Үндсэн хуулийг өөрчлөх саналыг Намын төв хороо гаргаад, их хурлаараа батлуулж байгаа харагдана, гэвч бүрэлдэхүүнийг нь харвал хуулийг баталсан их хурлын дарга, гишүүд нь цөм хуулийг өргөн барьсан намын төв хороондоо байдаг, бараг л өөрөө өргөн бариад өөрөө баталж буй ёслолын арга хэмжээ төдий юм. 

Хятадууд уг нь маш ихээр хуулийн засаглал ярьдаг, нам улс орноо удирдана, харин намыг хуулиар хянана гээд л, 2000-аад оноос эхлээд анхан шатанд бүүр сонгууль явуулж ч туршиж үзсэн, ардчилсан зөвшилцөх механизм төлөвшүүлж яваа гээд олонхийн санаа бодлыг тусгах арга замыг эрэлхийлж, туршиж, энэ бүхнээ хятадын онцлогтой социализмын тогтолцоо бүрэлдэж байна, худлаа гэвэл хар, зөв замаар замнаж буйн баталгаа нь улсын үсрэнгүй хөгжил, тиймээс ер нь хөгжиж буй орнуудад улс төрийн туршлагаа хуваалцаж, бодлогын зөвлөгөө өгсөн ч яахав гэх хүртлээ итгэлтэй болсон байлаа. 

Хятадууд эдийн засгийн гайхамшгийг дэлхийд харуулж чадсан ч улс төрийн ертөнцөд бол Маогийн үеэсээ тасартлаа холдож чадаагүй гэлтэй. Энэ нь магадгүй ерөөсөө л авторитар дэглэмийн мөн чанартай холбоотой. Нэг нам бүхнийг зангидан захиран зохицуулна. Эрх мэдлийн төвлөрлийн хэрээр авлига ялзрал зүй ёсоор үүрлэж бугшина. Энэ ялзралтай Ши Жиньпин чин сэтгэлээсээ тэмцэж, улс төрийн олон дайснаа зайлуулахын зэрэгцээ төдий хэрээр дайсан цуглуулж байгаа. Дайсан цуглуулсан хүн эрх мэдлээ алдвал тал талаасаа бариулна, бас хийсэн тэмцэл нь ч салхинд хийсэх тул өшөө илүү, өшөө удаан эрх мэдэл рүү хүссэн хүсээгүй тэмүүлнэ. Тэртээ тэргүй энэ тэмүүлэлд нь саад болох тээг байх биш, яахав Үндсэн хуулийн хязгаарлалт байна, тэгвэл тэрийг аваад хаячихая, болиулах хүчин нэгээхэн ч үгүй юм хойно. Ингээд илүү их эрх мэдлээрээ илүү их тэмцэл ... илүү их тэмцлээрээ илүү их дургүйцэл ... илүү их ...

Хяналтгүй эсвэл маш сул хяналттай эрх мэдэл гэдэг ийм л хувь заяаг дууддаг. Ардчилсан бус ийм тогтолцооны хамгийн том эрсдэл нь өнөөдрийн эрх мэдлийн хяналтгүй тэлэлт ч биш, ирээдүйд эрх мэдлийн төлөөх тоглоомын дүрэмгүй, дүрэм байлаа ч үл ойшоох, дураараа өөрчилж болдог нөхцөл нь аажимдаа тодорхойгүй, тогтворгүй байдал руу улам улмаар түлхсээр байдагт оршино. Одоо улс орнууд үнэхээр Ф.Фукуяамагийн хэлсэнээр хятадын дунд давхаргын эсэргүүцлийг биш улс төрийн элит давхаргын доторх зодооныг л ажиглаж байх хэрэгтэй болж байна даа...