Европын холбоон дахь уламжлалт, “алтан” хөршүүд Монголын улс төрд ардчиллыг, эдийн засагт технологийг “бэлэглэнэ”
-“Орано Майнинг”-ын гэрээ булган сүүлтэй байж молибден, гянтболдын гэрээг араасаа дагуулаасай-
Монгол Улсын Ерөнхийлөгч энэ өдрүүдэд Зүүн Европын орнуудтай уламжлалт, найрсаг харилцаагаа сэргээн Төрийн айлчлал хийж байна. Яагаад Чех, Польш гэж? Өнөөдөр Монгол Улсын гадаад бодлогын шийдвэр гаргах механизм яаж явж байна вэ гэхээр ГХЯ-аас бодлого, санал санаачилга гарч, тэр нь эрдэмтэн мэргэд, харилцааны салбарын судлаачдаар хэлэлцэгдээд Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл рүү орж УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн албатай ярьж дэнсэлсний эцэст хэн нь аль улсад хэзээ айлчилж, юу ярихаа төлөвлөж бодож, хэлэлцэж шийдвэр гаргадаг. Энэ бол зөв мехнизм бөгөөд бүрэн бүтнээрээ ажиллаж эхэлж байна гэсэн үг. Ингэж байж биднийг гадаад ертөнц хүндэтгэж, хүлээн зөвшөөрөх бөгөөд энэ нь Монгол Улсын тогтвортой байдал юм.
Манай улс Монгол Улсын хувьд Зүүн Европын орнуудтай уламжлалт найрсаг харилцаатай, Баруун Европоос ИБУИНВУ-тай найрсаг харилцаатай. Франц улстай тусгай эрхт түншлэлийн харилцаатай байдаг. Бусад нь Европын холбоогоороо дамжаад харилцаатай бөгөөд энэ нь тодорхой хил хязгаартай, манай байр сууринд нөлөөлдөггүй нь тааламжтай. Польшийн ерөнхийлөгч А.Дуда хоёр жилийн өмнө манай улсад төрийн айлчлал хийх үеэрээ “Аливаа улсын, тэр дундаа Монголын сонголтыг гүнээ хүндэтгэнэ” гэсэн хэдий ч Украины эсрэг Оросын түрэмгийллийн талаарх Польшийн байр суурийг танилцуулсан, ЭСЯ-аа нээх, Эрдэнэт үйлдвэр дээр ажиллаж байсан туршлага, түүхээ сануулж хамтран ажиллах, газрын ховор элементийн чиглэлээр сонирхлоо илэрхийлж, боловсрол, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар яриа хэлэлцээ өрнүүлээд мордсон. Энэ бол манай гадаад бодлогыг хүндэтгэсэн цэвэр бөгөөд шударга харилцаа биш гэж үү.
Европын холбооны 27 гишүүн оронтой янз бүрийн түвшинд харилцаа хамтын ажиллагаатай байдгаас эдүгээ айлчилж буй Чех, Польш улсын хувьд “социалист” Монголын алтан хөршүүд гэдгээрээ онцлогтой.
“Алтан Прага”-“Алтан хөрш” иж бүрэн түншлэлийн харилцаатай боллоо
Энэ удаагийн төрийн айлчлалын үеэр манай хоёр улс “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны” түвшнээ ахиулж “Иж бүрэн түншлэл”-д хүрлээ. 1993 оноос хойш 32 жилийн дараа харилцааны түвшин ийнхүү шат ахилаа. Айлчлал бүхэндээ ярьсаар, хийсээр яваа хүнсний аюулгүй байдлыг хангах зорилтынхоо хүрээнд мал аж ахуй, газар тариалангийн салбарт техник технологийн дэвшил гаргах, түүхий эд, бүттээгдэхүүнээ Европын зах зээлд гаргах чиглэлээ ярьсан байна. Бидний багадаа хүүхдэд зориулсан олон ангит кинон дээрээс л харж байсан Прага хотын амьтны хүрээлэнтэй манай улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, дэлхийд нэн ховордсон хавтгайг хамгаалах, экосистемийг хадгалан үлдэх талаар хамтран ажиллах нь. Тахь сэргээн суурьшуулах төслийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай Чех улстай хавтгайг хамгаалах чиглэлээр дахин хамтрах гоё төсөл хэрэгжих нь. Мөн зохион байгуулалттай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, олон нийтийн аюулгүй байдал, хэв журам зөрчигдөхөө урьдилан сэргийлэх, криминологийн судалгаа, мөрдөн шалгах ажиллагааны талаар туршлага солилцох, хамтарсан сургуулилт хийх, мэргэжилтнүүдээ сургах чиглэлээр хамтран ажиллахаар болжээ.
Ардчилллын үнэт зүйлийг хүлээн зөвшөөрдөг А.Дуда монголчуудын онцгой нөхөр
БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда, гэргий Агата Корнхаузер-Дуда нар одоогоос хоёр жилийн өмнө буюу 2023 оны 4 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж албан ёсны хэлэлцээ хийж, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлууд болон олон улсын харилцааны зарим асуудлыг хэлэлцсэн билээ. Хамгийн сайн санаж байгаагаар “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” хөтөлбөр. Польшд сурдаг монгол оюутнууд ямар онцлогтойг тэр үеийн монголчууд сайн мэднэ. Тэднээс Европын боловсрол юугаараа ялгаатай вэ гээд асуухаар өндөр боловсрол олгодог мөртлөө америк шиг тийм түрэмгий зан заадаггүй, Ази шиг хэт хүлцэнгүй зан заадаггүй. Өөрийнхөө зүгээс хөндлөнгөөс харж харьцуулж бодлого боловсруулж шийдвэр гаргадаг арга барил заадаг. Тиймээс Европт мэдлэг боловсрол эзэмших нь өндөр ач холбогдолтой” гэж хариулдаг юм билээ.
Мөн “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн зэрэг “Алсын хараа 2050” болон “Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан томоохон зорилтуудын хүрээнд олон асуудлаар хамтрах болсноос гадна Улаанбаатар хотноо ЭСЯ-аа албан ёсоор нээж, Консулын хэлтэс ажиллуулахаар болсон. Гол “мессеж” гэвэл Польшийн ерөнхийлөгч Анджей Дуда Монголд ирэхдээ “БНПУ-ыг ардчиллын үнэт зүйлийг эрхэмлэдэг гуравдагч хөршөө хэмээн хүлээн зөвшөөрдөгт” талархаж байгаагаа илэрхийлсэн билээ.
Энэ үеэр Олон улсын авто тээврийн харилцааны тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”, “Бэлийн булаг, задгай булаг дахь молибден, гянтболд судлах төсөл хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Үндэсний геологийн алба, БНПУ-ын Геологийн хүрээлэн-Үндэсний геологийн алба хоорондын гүйцэтгэлийн гэрээ байгуулсан. “Мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах тухай, хоёр улсын Архивын ерөнхий газрууд хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг, ШУА, Варшавын их сургууль хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрт тус тус гарын үсэг зурсан билээ.
Саяханы шинэ мэдээ маань Францын “Орано Майнинг”-тай ураны салбарт хамтран ажиллахаар гэрээгээ байгуулчихсан тухай юм. Ер нь сүүлийн жилүүдэд Монголын төрөөс хийж буй олон улсын харилцааны яриа хэлэлцээрүүд өмнөх он жилүүдийн адил “харилцаагаа цэцэглүүлэн хөгжүүлэх” агаарын зүйл ярихаа больж илүү бодитой үр дүнг ярьж шийдэл олдог харьцангуй прагматик болсныг өмнөх айлчлалууд харуулсан. Ул мөр нь дээрх гэрээ. “Булган сүүлтэй” байх нь дамжиггүй гэж харж буй энэ гэрээ “Ээ дээ, молибден, гянтболдын гэрээг араасаа дагуулах магадлалтай юм шүү.
/2025-03-11/