Хэдэн жил хөнжилдөө хөлөө жийлцсэн АН-ынхан арай хийж нэг юм гар барилцаж эвэндээ орсон. Одоо л энэ нам цэгцэндээорж, учраа ололцох нь гэж олон хүн баярлав. Хэдийгээр хөл толгойгүй олон фракц мэндэлсэн ч дийлэнх нь ардчиллыг аврах, Ардчилсан намаа эв зүйд нь оруулахын төлөө санаа нэгтэй байгаа. Хэдэн тийшээ харсан ч ардчилсан үзэлдээ үнэнч олон хүний хичээл зүтгэлээр учраа олсныг бүгд мэдэж байна. Дээд шүүх дээр олонтаа бүдрээд байсан нь угтаа шүүх юм уу, аль нэг намын асуудал биш, өөрсдийнх нь буруу байсныг ч ойлгож,гарцаа зөв олж, хууль ёсны хурлаа хийлээ.

Намын даргад хэд хэдэн хүн өрсөлдсөнөөс гол өрсөлдөгч нь С.Баярцогт, Лу.Гантөмөр нар байв. Ингээд Лу.Гантөмөр ялалт байгуулж, намын дарга болов. 

За ингээд араа шүд нь нэг юм нийллээ дээ гэтэлдахиад л.... 

Шунал, хувийн ашиг сонирхлоо эхэндээ тавьдаг нөхдүүд эвэндээ орж буй энэ намыг бусниулах хорон санаа сэдээд эхэлж. Лу.Гантөмөрөө сонгосон нь эвлэрлийн эхлэл болж, эвдрэлцэлдээ цэг тавьсан гэж ойлгосон. Сонгууль хаяанд ирчихээд хаалга тогшиж байгаа энэ мөчид л өнөөх Гантөмөрөө солих тухай донгосоод эхэллээ. АН-ыг дэмжигч болон гишүүд нь ингэж хүсээгүй л дээ

Лу.Гантөмөр хэцүү нөхцөлд намын дарга болсон.Хэдэн тийшээ харсан эрх ашгийг нэгтгэх түүнд тийм ч амар биш.Нөгөө талд эрх барьж байгаа МАН маш хүчтэй байна. Намын дарга удирдлагууд нь залуусаар дүүрлээ. Өрсөлдөгч гол хүчин АН-ыг хазгай гишгэхийг тэд анаад л сууж байна. Өчүүхэн алдаа гаргасан ч дэлхийн чинээ болгож томруулж чадна, тэд. Ийм нөхцөлд АН-ын Үндэсний бодлогын зөвлөх эв нэгдлээ хангах гэж олонхиороо Лу.Гантөмөрөө сонгосон нь эргэлзээгүй. 

АН-ын ҮБХ бол гишүүд нь татвараа төлдөг, шийдвэр гаргадаг, гол цөм болсон институц. Гадны элдэв шидсэн чулуунаас илүүтэй дотоодын самуун таригчдадаа толгойгоо мэдүүлэхгүй байхаа мэдэж байгаа биз ээ.Хүнд нөхцөлийг давсны дараа хэнээрээ даргаа тавих нь энэ намын л асуудал. Гол нь энд тэндээс шидсэн чулуунд оногдоод байж болохгүй юм. Хэрэв тэгвэл нөхцөл байдал хүндэрнэ. Асуудлын гол нь Лу.Гантөмөртөө биш юм. Яг өнөөдрийн нөхцөл байдалд эв нэгдэл хамгийн эхэнд тавигдана. Хэзээнээсээ эрх чөлөөт үзэл бодолтой АН-ынхан хурал хуй болохоор зодоон нүдээндээ тулах нь энүүхэнд. Энэ нь заримдаа эргээсээ хальчихаад гай болдог. Гэвч нэг нэрэн дор, нэг үзэл бодлоор нэгдсэн тэд хаа холдохов, намын туган дороо нийлж нэгдсэн нь сайшаалтай. 

АН-ынхны өөрсдийнх нь хэлдгээр “Гарман дээр морио сольдоггүй” гэдэг шиг арайхийн эмхлэгдэж байгаа энэ үедээ, цаашлаад сонгууль дөхөж байгаа хариуцлагатай үед элдэв хоронд хордчихгүйхэн шиг байгаасай. Хэрэв гарман дээр морио соливол ганц хазгай гишгэхэд л живнэ шүү. Сонгууль дөхлөө. Хуулиуд өөрчлөгдөж, тогтолцоо өөрөөр явна. 

АН эвдрэлцвэл тэр орон зайд өндөлзөж буй олон нам бий. Эрх барьж буй нам хийгээдбусад жижиг намуудаас эхлээд намын даргыг чинь намнаад эхэллээ. Өөрийн намынхнаас нь ч тэдэнтэй хөл, гар нийлээд яваа нь бий. Боловсролын зээлийн сангийн асуудал дээр бүдчүүлж үзэж байна. Өөр бас бус юм ч дуулдаж эхэллээ. Цаашид олон бэрх даваа хүлээж буй.АН-ынхан минь одоо сонгууль болтол супер баатар хайгаад нэмэргүй. Угаас боломж ч байхгүй. Байгаагаа дэмнээд өгвөл бүгд нийлээд супер хүчтэй болж болно. Өнөөгийн нөхцөлд даргын асуудлаар дахиад хэрэлдвэл дордуулна гэхээс дээрдэхгүй. Эрх баригчид бол цоо шинэ гудсыг ч сэгсрээд тоос гаргаж чадах улс. Хэн ч байсан өө сэв олчихно. Дахиад нуман тулгуурт орох гээгүй л юм бол жаахан хариуцлагатай байя. Улс орныхоо байдлыг хар. Иргэд хүлээлттэй байна. Дотоод асуудлаа цэгцэлж чадахгүй бол ирэх сонгууль та нарын хувьд бэлэг байж чадахгүй. 

Лу.Гантөмөр юу ч хийхгүй байгаа юм биш. Олон тийш харсан нөхдөө нэг зүгт харуулах гэж хэрэндээ л хичээж буй харагдана. Сонгогдоод л орон нутгийг зорьсон. Анхан шатны байгууллагуудаараа орж, итгэл сэтгэлийг нь сэргээхээс бүхнийг эхэлье гэж бодож. Иргэдтэйгээ уулзаж байна. Баруун аймгуудаар Баян-Өлгий хүртэл явсан. Зүүн аймгуудаар явлаа. Сая говийн аймгаар яваад ирсэндуулдана. 

Тэр хооронд гэр орноо эвдэлчих гээд АН-ын зарим талцуулагч нөхөд хэл амаа билүүдээд эхэлж. Зорилготой, зорилгогүй мэдээллүүд хаа сайгүй нисгэж байна. Мэдээж үүнд АН-ын зарим нөхөд тэргүүлэгч эгнээнд байна. Хэзээ хэнийгээ унагах вэ гээд дүүгүүр эргүүлж сууна. Холын дайснаас ойрынх илүү аюултай гэдэгсэн. Жоомоо шатаах гээд байшингаа гэдэг шиг юм болов. Сонгууль эхлээ ч үгүй байхад ийм байгаа юм чинь сонгуулийн бариа дөхөх үед их ч юм дуулна даа, АН-ынхан минь. Тэр хүртэл бас ч гэж зай байна. Юм юм л үзнэ. Эв нэгдлээ л эрхэмлэ. Эвлэрлийн бамбай руу чинь эвдэрлийн сум шидээд байна, АН-ынхаан. Хэрхэн хамгаалах нь та нарын л мэдэх хэрэг.