Энэ 7 хоногт
Эв нэгдлийн дархлаагаа бэхжүүлье, үндэс нэгтэй Монгол минь ээ!
Хашааны сэтгэлгээнээс салж, өөрийнхөөрөө байж, эв нэгдлийн дархлаагаа бэхжүүлцгээе, найзуудаа.
Жил бүрийн 7 сарын 11, 12-нд юу болдог билээ? ....
Сүүлийн жилүүдэд Төв цэнгэлдэхэд ямар аймгийнхан ямар дуугаа дуулдаг билээ? ...
Бусад аймгийнхан маань тэр аймгийнханыг бүгдээрээ нийлээд дуулж байхад, хэрхэн соошлоор, твиттер, фэйсбүүкээр дургүйцлээ илэрхийлж муулдаг билээ?...
Энэ жил ч ялгаагүй. Э.Оюунболдын допингийн сенсаацийн дараа Увсын бөх түрүүлэх болж байна. Монгол Улс 21 аймагтай ба жил бүрийн наадмаар Увс аймгийнхан ба Увсаас бусад 20 аймгийнханы гэж хэлж болохоор өрсөлдөөнд бөхийн галын хөгжөөн дэмжигчид өөр өөрсдийн тамирчнаа дэмжиж, уухайлдаг. Х. Баянмөнх аваргыг барилдаж эхэлснээс хойш монголын бөхийн түүх ийм бөлгөө. Увсын эрчүүд хүчтэйгээ баталсаар байгаа.
Увсынхан эв нэгдэлтэйгээр өөрийн клубын бөхөө дэмжиж, нутгийнхаа Увс нуур хэмээх дууг дуулдаг. Үүнийг бусад аймгийнхан ер буруутгаж болохгүй. Энэ бол цагаан өрсөлдөөн, уламжлалт спорт. Хөлбөмбөгийн багийн фэнүүд ч гэсэн өөрийнхөө дууг дуулж, уухайлдаг. Үүнтэй ямар ч ялгаа байхгүй юм.
Улаангом хотод ч тэр, төв цэнгэлдэхэд ч Увсчуул дуугаа дуулж, сэтгэлийн баясал эдлэхийг харж, баяр хүргэх нь зүйтэй. Эерэг бүхэн үржтүгэй!
Харин эсрэгээрээ Увсын хүн дарга болчихоод, Увсынхаа хүнийг ажилд аваад байвал энэ бол буруу. Энэ бол нутгархах биш, энэ бол жалга довны үзэл. Үүнийг уухайлан дэмжиж болохгүй, ялгаатай.
Нутгийнхаа дугаартай машиныг Улаанбаатарт явж байхыг харахад сэтгэлд ойр байх мэдрэмж, нутгийнхаа хүнтэй таараад баярлах сэтгэл төрөх нь хүний эцэг, эх, гол усаа хайрлан санагалзах сэтгэлийн булгаас эхтэй юм. Аль ч аймаг, сум бай нутгаараа, нутгийн хүнээрээ бахарх, баярла. Харин энэ хайрын сэтгэлээ бусдад түгээхдээ бүү ялга, яларх. Учир бий шүү.
Одоо манай улс эв нэгдэлгүйн тод жишээ болох цаг хугацаатайгаа золгох дөхөж байна. Нам, намаараа цэнхэр ба улаан, шар гэх мэтээр байнга хуваагдаж ирсэн. Удахгүй сонгууль дөхнө. Энэ хуваагдлыг ихэсгэж, өөр өөрийн хашаандаа оруулах, идэвхтэн дэмжигчдийнхээ цөсийг хөөргөх уламжлалт аргаараа намууд идэвхжилтийн хөдөлгөөнөө өрнүүлж, улс төрийн идэвхтэй бүлэг хүмүүсийнхээ цөсийг хөөргөх, бусдыгаа үгүйсгэх кампанит ажлуудаа эхлэх болно. Бэлтгээд цаадуул чинь, төлөвлөгөөгөө гаргаад бужигнаж байгаа.
Би Булганых, чи Өвөрхангайнх, магадгүй Ховдынх, Завханых, Өмнөговийнх, Сэлэнгийнх гээд ямар ч гаралтай байж болно.
Би МАН-ынх, та АН-ынх, МАХН-ынх, өөр зөндөөн намынх гэгддэг байж болно.
Би хуульч, та эдийн засагч, эмч, багш, малчин, тариаланч, засварчин, барилгачин байж болно.
Гэхдээ бид Монгол гэдэг ганцхан үндэстэй юм. Үндсээ услах ганц арга нь эв нэгдэл юм.
Хашааны сэтгэлгээнээс салж, өөрийнхөөрөө байж, эв нэгдлийн дархлаагаа бэхжүүлцгээе, найзуудаа.
УУХАЙ!
Таныг хүндэтгэсэн
Болдбаатарын ГҮНБИЛЭГ
2019.11.14