ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ: ХҮН-ИЙ ЗАХИАЛГА
“Жорлон” Ц.Оюунгэрэл энэ субъектээс нэр дэвших явган яриа шогшиж л байна. Даанч монголчууд эмэгтэй төрийн тэргүүн хүлээн авах хараахан болоогүй. Ядаж л эрийн гурван наадмын нээлт, төрийн тахилга зэрэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэг зөвхөн “эр хүний ажил”.
(Боломжтой хувилбар)
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирлээ. Монголчууд эх орноо байтугай энэ гарагийг ч нурааж мэдэх нь. Гүжирмэг, зоримгоороо иргэдийг татдаг хоёр горилогчийн тулаан хэдийн эхэлжээ. “Та бидний эвсэл”-ийн төлөөлөгч С.Ганбаатар “Би Монгол Улсын Ерөнхийлөгч нэг л өдөр болно” гэв. “Зөв ХҮН Электорат” эвсэл “Ерөнхийлөгчөө захиалъя” аян зарласан. Цор ганц бие даагч Н.Алтанхуягт л боломж үгүй мэт...
Оролцох шаардлагатай Х.Баттулга
Ерөнхийлөгч Х.Баттулгын нөхцөл маш хүнд. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр түүнийг дахин нэр дэвших боломжгүй гэж хуульч Д.Үүрцайх цэцэд гомдол гаргасан. Х.Баттулга хэд хоног “цэцийн ажилтай танилцсан”-ы хүчинд уг гомдлыг ҮХЦ-ийн гишүүн Ш.Цогтоод өгүүллээ гэж хардав. Ш.Цогтоо нь Х.Баттулгын мэдлийн МоАХ-ны хүн гэнэ. Ш.Цогтоогийн охин Ц.Өнөрзаяа 2020 оны нэгдүгээр сард Пусанд консулаар томилогдсон тухай яриа дэгдлээ. Ямартаа ч Х.Баттулга Үндсэн хуулийн өөрчлөлтөөр өөрийн бат байр суурьтай хуульч Б.Гүнбилэгийг зөвлөхөөр авчээ.
Гэвч байдал дээрдэх янзгүй. Өөрийн хүүхэд байтугай хүний томчуулд харууламгүй бичлэг задарсан. Цаашид ч цацагдана гэдэг хүлээлт иргэдийн дунд өндөр хэвээр. Ядахад яр гэдэг шиг Оросоос 20 сая доллартай орж ирсэн хэрэгт А.Гансүх нь холбогдлоо. Өнгөрсөн дөрвөн жилд ҮАБЗ-өөр хамаг хүслээ гүйцэлдүүлсэн Ерөнхийлөгчийн бамбай цуурчихсан байж. Өвчин дээр өргөс гэгчээр дураараа халж сольж ирсэн шүүгч нарынх нь нэр холбогдсон хэрэг өнжөөд л хэвлэлээр тарах боллоо. Үнэн худлын алин болохыг хэлэх эрт. Юутай ч иргэдийн зэвүүцлийг ихэд хүргэх аж. Оффшорын мөнгийг хамж авчраад иргэддээ тараана гэж амласан Х.Баттулгын 10 оффшор дансыг илрүүлсэн байна. Тэдгээр дансаар 25 сая доллар “угаасан” болоод явчихав.
Гол аюул Х.Баттулгыг дэвшүүлэх нам “олдох” эсэх. Намаасаа түдгэлзсэн тэр нөхөр бүү хэл амь, амьдралаа АН-д зориулсан гишүүд нь ч өнөөдөр намаа хаа байгааг мэдэхгүй. Байргүйдээ ч биш. Орох оронгүй дээрээ олон салсан намыг “Энэ” гээд заачих боломж алга. Х.Баттулга 2014 онд АН-ын Засгийн газрыг “заналтайгаар” унагааж 2016, 2020 онд дараалан ялагдуулах эхлэл тавьсан үздэг “ясны намчин” мундахгүй. Намын даргад дөрөв таваар нь өөрийн хүнээ дэвшүүлээд ч нам нь цулаараа Х.Баттулгад дэмжлэг үзүүлэхгүй. Эцсийн бүлэгт гараараа одон зүүсэн хэддээ найдаж болох ч нийт сонгогчдын хэдэн хувийг эзлэх юм бүү мэд. Гэхдээ л тэрээр энэ сонгуульд нэр дэвших онц шаардлагатай, ялах нь амин чухал. Ямартаа л түүний баг “Бурхан минь! Хувьсгалаас өөр энэ улс орныг аврах гарц байгаа бол надад хэлж өгөөч!” хэмээн дуу алдсан. Бүр байчихаад “МАН-ын байшинг дахиад шатаасан” ч яах вэ гэлээ.
Ялах ёстой У.Хүрэлсүх
У.Хүрэлсүх энэ сонгуульд ялах л гэж Ерөнхий сайдын суудлаа өгсөн. Ялна гэдэгтээ итгэл төгс суугаа. Түүнд ухрах газар үлдээгүй. ҮАБЗ-ийн “чонон хөнжил” дор дөрвөн жилийг хамт өнгөрөөсөн Тулгыгаа “гомдоосон”, бас “зодуулсан” гэсэн. Одоо гагцхүү ялалт нь л бүхнийг зөвтгөнө. Ухамсарт амьдралаа МА(Х)Н-д ухамсаргүй зориулсан түүний энэ амьдралыг улс төрөөс салгах аргагүй. Тэр талын дипломтой. Нэгэнтээ номоос гажсан авчиг Н.Энхбаярын гутлыг “үнсээд” дүүжлүүрээс хүзүү нь мултарсан гэдэг. Одоо Н.Энхбаярын “турсан”, түүний “таргалсан” хоёр яг тэнцэнэ.
Даанч хүсэн хүлээснээс нь хөгийн нөхцөл тосож байна. Дөрвөн жилийн өмнө хүсэн хүсэн учирсан “анд”-тайгаа алалцахаас өөр замгүй. Хөндлөнгийн хүний “хөдөлгөөн” бүү хэл хамтдаа “хийсэн”, “бүтээсэн”-ээ ч “бичдэг” “анд”-тайгаа үзнэ. Зарим нэг сануулга ирж л байна. Хийж гийгүүлснээр бага ч “чонон хөнжил” дор үйлдсэн “хилэнц” нь арвин. У.Хүрэлсүхэд наманчлах нүгэл мундахгүй. Тэр нь Х.Баттулгын тоглоом болох магадлал их. “Зуун эрхэм” болгосон шигээ зууны адаг болгоход ядах юу билээ. Ердөө л ганцхан “бичлэг”. Эсрэг талын баатар монтажаа угсарч суугаа биз. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр өөрт нь давуу эрх олгосоор атал Ерөнхий сайдын суудлыг хаяад өөртэй нь өрсөлдөх гэж байгааг Тулга нь “ойлгохгүй” ээ.
Гэхдээ У.Хүрэслсүхийн хамгийн эмзэг цэг нам нь, дэмжигчид нь. Нэгэн цагт С.Баяр ийм дэмжлэгтэй явсан. Хүнийх нь чанарыг хараад хүний өөрийнгүй С.Баярт итгэж байлаа. Гэвч эцэстээ ардын дайснаар тодорсон. Хүссэнээ “аваагүй” дэмжигчдийнхээ заналт дайсан болсон. Амбиц бүү хэл аминд тулсан өвчнийг нь ч хайхраагүй. Хаяад явсанд нь л гомдсон. У.Хүрэлсүх “шүтэн бишрэгчид”-ээ хаясан... Хүний хүнтэй нийлж дарсан Миеэгийнхэн, “хүн” болсноосоо хойш мартсан намын нөхөд нь занаатай. Хаа ч явсан хамт “Хэнтийн гурван тэнэг”-ээрээ дуудуулдаг Өмнөдэлгэрийн Б.Бат-Эрдэнэ яагаа ч билээ?!? Монгол бөхийн уран мэх барагдах биш. Эцсийн бүлэгт Монголыг Хэнтий гэж харсанд нь эгдүүцэх монгол захаас аван. Явж явж “Бүх цэргийн командлагч” гэж дуудуулах бага даргын хүсэл хэнд хамаатай юм бэ!?!
Нэг л өдөр С.Ганбаатар...
Энэ сонгуулийн хамгийн горьдомтгой горилогч. Зүсэн зүйлийн горьдлоготой. Авчиг горьгүй нь. ”Гуч хүртлээ секс бодсон” С.Ганбаатар “нас биед хүрээд” ихийг боддог болсон. Алиа нь дэндсэн С.Ганбаатараар ерөнхийлөгч хийлгэх нь ч юу юм. Адаглаад эвсэл (Н.Энхбаяр) нь дэвшүүлэх эсэхийг чөтгөр л мэднэ дээ. МАН-ын 100 жилээр мань хүний хувь заяа бүрхэг харагдлаа. Улсын хувь заяанаас илүү тогоо шанаганы амбицтай эр. Өнгөрсөн сонгуулиар 50 саяыг авсан “бичлэг”-ийг бидний зарим нь мартаагүй. Өөр хэдэн "бичлэг" гарч ирэхийг Н.Энхбаяр ч мэдэхгүй.
“Та бидний эвсэл”-ийн нэрээр УИХ-д суувч та бидэнд огтоос хаялагагүй. Хөөрхий ХҮН-ийг нэг сонгуульд хорлосон. Бас болоогүй хоёр дахиа алах гэж үзсэн. С.Ганбаатарт “эх оронч” үзлээс бусад нь бүрэн цогцолсон. Гэвч асуудлыг энэ удаа хүн өмнөөс нь шийднэ. Н.Энхбаяр МАН-тай тохиролцох эсэхээс шалтгаална. Ноднин Ерөнхийлөгчийн сонгууль, СХД-ын сонгууль хоёрыг хамт явуулж өч төчнөөн тэрбумыг хэмнэх санал гаргаж байсан МАН одоо тусад нь хийхээр шийдэж. МАН, Н.Энхбаяр хоёрын тохиролцооны “баталгаа” л болов уу. Энэ удаа С.Ганбаатар яагаад ч нэр дэвшиж чадахгүй гэдгээ ойлгосон. Тиймээс “нэг л өдөр” гээ биз.
Хэн байвал ХҮН..?
УИХ-д суудалтай нэг субъект бол “Зөв ХҮН Электорат” эвсэл. Гэхдээ иргэд ХҮН л гэж хардаг, ойлгодог. Т.Доржханд УИХ-ын сонгуульд ялж, Нийслэлийн ИТХ-д гурван суудал аваад ХҮН сэргэсэн. Тэд улс төр хийж эхэлсэн. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй субъектын хувиар давгүй санаа олжээ. “Ерөнхийлөгчөө захиалъя” гэдэг ямартаа ч шинэлэг. Иргэдээс ямархан захиалга ирж байгааг бүү мэд. “Жорлон” Ц.Оюунгэрэл энэ субъектээс нэр дэвших явган яриа шогшиж л байна. Даанч монголчууд эмэгтэй төрийн тэргүүн хүлээн авах хараахан болоогүй. Ядаж л эрийн гурван наадмын нээлт, төрийн тахилга зэрэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэг зөвхөн “эр хүний ажил”. Иргэдийн дунд үнэлгээ өндөртэй явахдаа энэ сонгуульд өрсөлдсөн Н.Удвалын туршлага хөрөөгүй байгаа. Тиймээс улс төр хийвэл хийсэн шиг хийгээсэй. Бие даагч Н.Алтанхуяг бол фигур шүү. “Зөв ХҮН Электорат” эвслийг Зүй Ёс Нам, ХҮН, МСДН гурав бүрдүүлдэг. Н.Алтанхуяг МСДН-ыг “зохиосон” хүн. АН-ын даргын сонгууль гэж явахаар төрхөмдөө буцвал боломж нь илүү харагдах юм. Улс хувьсгалын 100 жилийн ойгоор наадмаа нээчихээд хаалтан дээр нь “Увс нуур”-аа цалгиулж зогсвол ч... Тэгээд ч нэгэн цагт “заналтайгаар” унагасан бөхөөс даагаа нэхэх л ёстой. Бас болоогүй Т.Доржханд аав талаасаа Увс нутгийн хүүхэд. “За, тэгвэл ч хоёулаа яриатай даа хө” гэдэг чинь аль киноны хэсэг билээ?