Ерөнхийлөгч Ерөнхий сайдыг дэмжсэндээ л тэвчиж байх шиг…
-Хэрвээ иргэн Хүрэлсүх, улстөрч Хүрэлсүх байсан бол Засгийн газрын “нүүрсний хулгайчууд” гэж илчлэгдэх байв-
Ерөнхийлөгч ерөнхийдөө ганцаардаж эхэлжээ. Дахиад л ажиглагдаж эхэллээ. “Ерөнхийлөгчийн нүүрсний хулгайчууд”, “Засгийн газрын нүүрсний хулгайчууд” гэж тусдаа байгаа бололтой. Энэ удаад “Нүүрсний хулгай”-н асуудлаар зөвхөн Ерөнхийлөгчийн л найзууд, дотны хүмүүсийг бөөгнүүлж байгаад сумны үзүүрийг түүн рүү харуулахыг хүсэв бололтой. Гэхдээ энэ бол “Нүүрсний хулгайчууд”-ын л зохиосон зохиомж. Тэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар таарамжгүй байгаа гэдэгт итгүүлэхийг хичээж жагсаал цуглааны үеэр ч цуурхал тарааж тэр ч байтугай хооронд нь “зодолдуулдаг” улигт мэдээгээ тарааж үзсэн ч аль аль нь нотлогдсонгүй. Алийн болгон 80-аад оны Л.Оюун-Эрдэнэ 70-аад оны У.Хүрэлсүхийн “мышок” гэж үнэмшилгүй үзүүлэхэв дээ. Магадгүй үүнд нь АН-ынханд битүүхэн санаа тавиад байгаа нь анзаарагдах болсон У.Хүрэлсүхийн хандлага ч нөлөөлсөн байж мэднэ. Гэтэл тэр хүн өнөөдөр намын батлахаа буцаагаад өгчихсөн, нам бус, Монголын улс төрд АН, МАН, аль ч намыг нэгэн зэрэг тэврэх үүрэг хүлээсэн “ерөнхий байх” ёстой албан тушаалыг хашиж байна. Өөрөөр хэлбэл, тэр АН-д санаа тавих эрхтэй.
“Нүүрсний хулгай”-н хэргийн хувьд гэвэл У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхаасаа л “Нүүрсний хулгайч”-ийг чуулганы танхимд цоллож, тэмцэнэ гэдгээ зарлаж, үндэслэлгүйгээр үнэт зүйлээр гангарах болсон этгээдүүдэд хатуу үгээ хэлж эхэлсэн. Бодит үнэн гэвэл яг өнөөдрийн байдлаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хоорондын харилцаа хэвийн сайн байна. Ерөнхийлөгч, Засгийн газрын харилцааны хувьд энгийн эв нэгдэлтэй л гэхээс биш эх толгой нь ялгагдахгүй нялуураад байх боломжгүй институциуд билээ. Тэгэхээр жамаараа бөгөөд хэвийн байна гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, жишээ нь “нүүрсний хулгайн” асуудал дээр л гэхэд Засгийн газар ажлаа сайн хийж байна. Ерөнхийлөгч ард нь дэмжээд ажиглаад сууж байгаа гэсэн үг. Цуурагчдын хүссэнээр бол хэн нэгнийг өмөөрөөд, эсвэл чичлээд гарч ирээд хашгирах ёстой бололтой. Гэтэл Төр ч, тэр ч тийм байдаггүй.
У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа нураахад итгэж ядам М.Энхболдын олигархи бүлэглэлтэй тэмцэж, 60 тэрбумын бичлэгийг үнэн гэдгийг баталж байв. Өнөөдрийн “нүүрсний хулгай” гэгчид холбоотой, нөлөө бүхий хүмүүсийн дунд 2018 онд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг эсэргүүцэж, 27 гишүүн нэгдэж, гарын үсэг зурсан хүмүүсээс “овоо хэд” нь харагдлаа. Тэр үед У.Хүрэлсүх “МАНАН бүлэглэлтэй тэмцэнэ” гэдэг байв. Нам дамжсан, олигархиуд нийлсэн, баяжсан, таргалсан, цадсан ч удам дамжин өвлөөсэй гэсэндээ үр хүүхдүүдээ Монголын төрд шургалуулж чадсан олигархиудтай тэр тэмцэж байсан. Үүнийг дүгнэх хэцүү ч өнөөдрийн нөхцөл байдал өөр болсон.
Тухайн үед У.Хүрэлсүхийн хүч байтугай хуулийн хүч, Ерөнхий сайдын эрх мэдлийн хүч ч хүрэхгүй байсан. Харин тэр үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга санаа бодол нэгтэйгээр яаж ажиллахыг нь хараад сууж байв. Үүнийг нь “дэмжлэг” гэж нэрлэдэг бололтой.
Тиймээс Засгийн газарт эрх мэдлийг нь нэмэхээр улайран зүтгээд санасандаа хүрсэн. Өнөөдөр Ерөнхийлөгчид байсан эрх мэдлийн төвлөрлийг Ерөнхий сайд руу чиглүүлсэн үр дүнг бид харж байна. Энэ бол бага зүйл биш. “Төрийн их цэвэрлэгээ” гэгчийг хийх, намаа цэвэрлэх боломжийг тэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өгчихөөд, хожим нь өөрөө огцроод нөгөө эрх мэдлээ шилжүүлсэн Ерөнхийлөгчөөрөө сонгогдчихно гэж тэр төсөөлөө ч үгүй байх.
Өнөөдөр ч мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нүүрсний хулгайтай тэмцээд байгаарай, Ерөнхий сайд минь” гээд ард нь хараад сууж байгаагаа “дэмжиж байна” гэх биз. Хуулиараа өөр үг, үйлдэл гаргаж болдоггүй болохоор үүнээс илүү эмоци хүсээд ч хэрэггүй бололтой. Эсэргүүцээд гараад ирвэл харин өөр хэрэг. Жишээ нь “Би биш ээ, яагаад наад Нүүрсний хулгайн хэргийн чинь илэрсэн хүмүүс миний л найзууд, ойр дотныхон байгаа юм бэ? Тэгж яривал намайг Ерөнхий сайд байхад тэр тэр нарын улстөрчид нүүрсээр баяжсан биз дээ” гээд орилоод босоод ирэх эмоци иргэн Хүрэлсүхээс ч юм уу, улстөрч Хүрэлсүхээс бол элбэг гарна л даа. Түүний “натур” нь тийм. “Та биш Таны эхнэр Монголын төрийг удирдаж байна” гээд тухайн үеийн Ерөнхийлөгчид хэлээд тавьчихсан, цацаа цалгиатай улстөрч шүү дээ. Гэтэл Төрийн тэргүүн гэдэг их өөр алба юмсанж.
Тиймээс өнөөдрийн Ерөнхий сайд эрх мэдлээр баян байна. Хэрэв “Нүүрсний хулгай”-тай холбоотой цуврал “дэлбэлэлт”, нэгжлэгүүдийг өнөөдрийн Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга нарын хамаарал бүхий этгээдүүдэд хийвэл их л сонин “хэргүүд” илрэх байх. Гэвч хэзээ шалгах нь, ер нь хэзээ нэгэн цагт шалгах эсэх нь Засгийн газрын өөрийнх нь, түүний АТГ-ын ажил болчихоод байна.
Миний хардаж байгаагаар өнөөдөр Засгийн газар өмнөх Ерөнхийлөгчөөс “өвлөгдсөн” биш, “өөрийн гэсэн” АТГ-ын даргыг томилох хүсэл яваад дайралт эхлээд байх шиг. Зохион байгуулалттай хэвлэл, сошиалын дайралтаас энэ анзаарагдаж байна. Ийм үед л ажил биш ураг төрлийн холбоос руу орж дайрдаг, элдэв илэрцүүд зохиож үзүүлж, нууц эзнээр нь оролдох гэж байгаа хүнээ тодруулж “наадаг” уламжлалтай. Энэ мэтчлэн танил үзэгдлүүд хөвөрч эхэллээ. Энэ бол У.Хүрэлсүхийн санаачилгаар Засгийн газарт эрх мэдэл нэмсний үр дүнг “үзэх” гэж байгаа хэрэг.
Тэд “Зам бүхэн Ром хүрдэг” гэдэгчлэн “нүүрсний хулгай” бүхэн Ерөнхийлөгч рүү хөтлөөд байгаа гэж харуулахыг тэд хичээж, үүнийгээ ч зай завсаргүй бичиж байна. Тэгвэл тэд гэж хэн бэ? Тэд бол Ерөнхий сайд биш, нүүрсний хулгайтай холбоотой, намын дотор, тэр ч байтугай Засгийн газрын дотор нөлөөлөл бүхий бүлэглэл юм. Тэднийг шалгах хүч нь Тэд өөрсдөө!!! Тэгвэл үүнийг Хэн, Хэзээ илрүүлэх вэ? Хэзээ?