Эрх баригчдад Б.Хурцыг Солонгос руу хөөхөөс илүү чухал ажил баймаар юмаа
Сүүлийн үед Монголын эрх баригчдын хийж буй ганц ажил нь ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг Солонгос руу явуулах гэж үзэж тарж буй шуугиан.
Сүүлийн үед Монголын эрх баригчдын хийж буй ганц ажил нь ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг Солонгос руу явуулах гэж үзэж тарж буй шуугиан. Түүнийг БНСУ-д Элчин сайдаар томилж байгаа нь хуурай өвсөнд ассан түймэр мэт дүрэлзэж байна. Улс төрчид өөрсдөө гардан хийж буй ажил энэ. Энгийн иргэнд бол падлийч байхгүй асуудал. Монголын эрх баригчдад үүнээс чухал ажил байдаггүй юм уу, баймаар юмаа. Дэлхий ертөнцийн нийгмийн амьдралыг харахад буцалж байна шүү дээ. Монгол Улс хаана нь явна вэ. Наад зах нь АНУ-ын Ерөнхийлөгч Трамп манай улсыг тойроод л айлчлал хийж шуугиулаад явна. Манай урд хөршид хоёр хонохдоо 253 тэрбум долларын худалдааны гэрээ байгууллаа. Трамп, Си Жин Пин хоёрын худалдаа наймаа, улс төрийн нөхөрлөл дэлхийг дэлдийлгэж байна. Энэ том айлчлалын хаялга Монголд хэрхэн тусах талаар Монголын Гадаад харилцааны яам ямар байр суурьтай байдаг юм бол. Америкийн Ерөнхийлөгчийн энэхүү шуугиант айлчлалыг Азийн 21 улс орон ашиглаж байгаа нь даяарчлагдаж буй энэ цаг үед Монголд мэдрэгдэх л ёстой. Дональд Трамп айлчлалаа Японоос эхлүүлж, Өмнөд Солонгост хоёр, Хятадад хоёр, Вьетнамд нэг хонож одоо Филиппинд явна. Эдгээр улсууд бүгдээрээ манайтай харилцаа холбоотой, зарим нь бүр стратегийн түнш улс байгаа юм. Ийм том үйл явдал Монголын хилийн цаахна болж байхад энд эрх баригчид маань нэг генералтай өдөр шөнөгүй, өглөө оройгүй ноцолдсоор өдөр хоногийг авч байна.
Сая нэг сонирхолтой судалгаа гарсан байна лээ. Тэр судалгаанаас харахад Монголын төр сүүлийн 60 хоногт зөвхөн албан тушаалын хэрүүл тэмцэл хийж өдөр хоногийг өнгөрөөжээ. Энэхүү 60 хоногийг арав арваар нь хувааж дүгнэсэн нь бүр адармаатай. Эхний арван өдөрт нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулна, огцруулахгүй хэмээн өдөр шөнөгүй хоорондоо хэмлэлдсэн байна. МАН-ын 65-ын бүлэг хоёр талцаж, биесээ шүүрэн шанага болтол нүдэлджээ. Дараагийн арав хоногт нь Ж.Эрдэнэбатын кабинетийг унагаж аваад шинэ Засгийн газар байгуулах гэж гишүүд нь бараг өөрсдийнхөө хаана явааг мэдэхээ байтал хөл толгойгүй үзэлцсэний эцэст нэг юм засаг бүрэлдсэн арав хоног өнгөрчээ. Дараагийн арав хоногт нь шинэ Ерөнхий сайдаасаа эхлэн нөхдүүд чуулганы индэр дээрээс хуц ульдаа тулж, хулгай хийснийг чинь илчилнэ, чи муу хэзээ ийм байсан юм, гараад үзэлцье ... өөр юу юу ч гэнэв, тамтаггүй их хэрүүлийг өдөөж бүтэн арван өдрийг үджээ. Ингээд намжаагүй шахуу байтал нь Ерөнхийлөгчийн зүгээс “Монголын баялгийг луйвардсан 30 гэр бүл”-ийн хэрүүлийг дэгдээлээ. Чуулганы танхимд төрөөс хулгайлсан 30 гэр бүлийг олох, олохгүйн тухай манарсан хэрүүл үргэлжиллээ. Удаахь арав хоногт нь Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Уул уурхайн сайд хоёр нь Ашигт малтмалын газраа булаалцалдан би, чи-дээ туллаа. Залгуулаад Сангийн сайд, Эрүүл мэндийн сайд хоёр нь эрүүл мэндийн даатгалын сангаа булаалцалдан зодолдох шахав. Сүүлийн 60 хоногт Монголын төр засгийн хийж хэрэгжүүлж буй ажил үнэндээ ийм байгааг тэрхүү судалгаанаас харлаа. Арай ч үгүй байлгүй гэж бодсон хэдүй ч үнэхээр тийм байна. Энэ хооронд эргэх дэлхийн амьдрал, энэ дэлхийн улс орнуудын эдийн засаг, улс төр, нийгмийн амьдралд ямар их ажил үйлс өрнөж байна вэ. Монгол улс хэрүүл дунд өнгөрч байгааг харах харамсалтай байна.
Энэ бүхэн дунд тэр нэг Тагнуулын дарга байсан Б.Хурц гэдэг хүний асуудал ямар дуулиантай яригдана вэ. Жар хоногийн сүүлийн арван өдөр Монголын эрх баригчид Тагнуулын даргаа өөр улс руу цөлөх их ажлыг өрнүүлсээр байна. УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Б.Хурцаас алийн болгон айж амьдрах юм” гэж их чанга хэллээ. Түүнийг нь хэвлэлийн байгууллагууд их сүртэй дамжууллаа. Их л том эр зоригийн илрэл бололтой. Энэ үгтэй нь холбогдуулан сошиалд Халзанхүү нэрээр жиргэдэг нэгэн бээр “Дарга байхад нь дарвалзсан бол үнэмшилтэй байх байлаа. Алийн болгон айх юм ч гэх шиг. Та нараас өөр хэн наад Хурцаас чинь айх юм” гэж жиргэсэн нь шуугиан болов. Нээрэн ард түмэн наад хүнээс чинь юу гэж айх юм бэ. Айх шалтгаан иргэн Доржид байхгүй шүү дээ. Харин хулгай хийснээрээ та нар л айдаг юм байгаа биз. Монголын төрд дарга гэж нэрлэгддэг албан тушаал 3000 орчим байдаг юм гэсэн. Тэдэнд бол энэхүү Б.Хурц гэдэг нэр иртэй хурц сонсогддог бололтой. Ард түмэн бол Б.Хурц гэж ямар хүн байдгийг ч мэдэхгүй.
Ийм олон эх захгүй хэрүүлийн оронд эдийн засгийн хүндрэлийн талаар,өнөөдөр гол сэдэв болоод байгаа багш нарын ажил хаялтын талаар, банкны хүүнд дээд хязгаар тогтоож буй хууль тогтоох байгууллагын талаар, төсвийн орлого зарлагынхаа талаар... гэхчлэн нэн чухал ийм юмнуудаа ярьж, хэрэлдэж, хэлцэж болдоггүй юм уу. Гэтэл төрийн сэнтий дээрээс идсэн ууснаа, хулгай хийсэн, хийгээгүйгээ дуудалцан үнэ хүндээ улам л алдаж байх юм.
Үүний оронд яршиг зүгээр УИХ тарах хэрэгтэй. Саяхан Африкийн хамгийн ядуу орон Зимбабе улсын парламентийн гишүүдийн хоорондоо хэрэлдэж байгаа нэртэй юмыг зурагтаар харлаа. Ерөнхийлөгч нь халаагаа эхнэртээ өгөхөөр тэнэгтэж байгаа, хамгийн ихээр өлсгөлөнд нэрвэгдсэн, дэлхийн шившиг болж буй улс . Гэтэл манай нөхдүүдийн дэргэд ямар соёлтой, хуулийн хэллэгээр хэрэлдэнэ вэ. “Үндсэн хуулийн тэдийн тэдэд зааснаар...” гэж ирээд ухаалаг хэрэлдэж байна гээч. Дэргэд нь чам муу бандийг би казиногоос чирч ирсэн нь... гэж орилж байгаа Монголын дарга бол харин дэлхийн шившиг юм байна.
Ингэж болохгүй ээ, эрх баригчид аа. Та нарыг ард түмэн, улс орноо хөгжилд хөтөл гэж үнэмлэхүй олонх болгосон. Гэтэл та нар сонгогдсоноосоо хойш Монгол Улсын төлөө гялтайх ганц ч ажил хийсэнгүй. Ер нь бол нэн ойрхоны түүх Монголын улс төрд давтагдаж байна. Хэдэн жилийн өмнө Н.Энхбаярыг “хаан” ширээнээс буусан даруйд ЦЕГ-ын дарга, “шанага” хэмээх М.Ганболдыг Хойд Солонгос руу цөлөх гэж яг өнөөдрийнх шиг бөөн юм болж билээ. Яг түүн шиг төрийн сэнтийгээсээ хэдүйн буучихсан Ерөнхийлөгчийн хүнийг зайлуулах гэж, ард нь үлдсэн хүмүүсийг нь ажилгүй болгох гэж төр засгаараа нэг юм болж байна. Энэ тийм их чухал асуудал мөн үү гэдгийг дахин асууя. Үнэндээ биш шүү дээ. Өнөөдөр өвөлжилт хүндэрлээ, өр төлөх хугацаа ойртлоо, татвар төлөх аж ахуйн нэгжийн тоо цөөрч байна, төсвийн орлогоос зарлага нь хэдэн тэрбумаар давлаа, нийгмийн том масс боловсролын салбарт ажил хаялт нүүрлэлээ. Эрүүл мэндийн салбар доголдож эхэллээ. Гаднаас ганцмөнгө олж буй нүүрсийг маань хятадууд худалдан авахаа хумьж байна. Хүмүүс ядуурч байна, хүүхдүүд алга болж байна, хар тамхичид цадигаа алдлаа... ийм олон олон тулгамдсан асуудлууд шил шилээ даран босож байхад Төр засаг нь ажлаа хийхгүй, тагнуулын нэг офицертой заамдалцан өдөр хоногийг өнгөрөөхөөр нийгэмд сэлэмтэй нөхдүүд засаглалаа тогтоохоор хөдөлж байна шүү дээ.