Эргэлзэх юм зөндөө…
1.
“Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нээлттэй горимоор эхний хэсэг нь явсан даа….
Та нар санаж байгаа байх.
Шүүхийн тэрхүү урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг яг юу юу ярьсан юм.
Яг учир холбоосоор нь бүрэн бүтэн байдлаар гараагүй. Гэхдээ л хичээн үзэж, сийрүүлж харж үзлээ.
Танхимын акустикаас болоод баахан цуурай л хангинаад байсан.
Ярианаас хөндлөнгийн тоглогчид тасдаж авч өөрсдөд ашигтай тоглоом л хэсэг явуулсан. Техникийн маш муу бэлтгэлтэй явагдана билээ. За, энэ ч яахав.
Тэрбээр чухам юу гэж хэлсэн юм бэ.
Өнөөдөр тодорхой санаж байгаа хүн байна уу.
Б.Ганхуяг ингэж хэлсэн.
"Өнөөдөр 11 хүнд холбогдох хэргийг урьдчилан хэлэлцэж байна. Үүнд надтай холбоотой гэх зургаан үйлдэл байна. Гэтэл энэ зургаан үйлдэл дотор нэг шанага ч нүүрсний асуудал байхгүй” гэж маш тодорхой хэллээ.
Бүр нэг шанага ч … алга гэж хэлсэн.
Гэтэл түүнийг нүүрсний гэх хэргээр 10 сарын өмнө сүр дуулиантайгаар баривчилсан . Тодруулбал, 2022 оны 12 дугаар сарын 8-ны өдөр шүү дээ. Тун удахгүй хоёрхон сарын дараа Б.Ганхуягийг ганцааранг нь хорьсны нэг жилийн ой болох нь.
Би нэг юмыг их гайхаж явдаг юм.
Түүнийг цагдан хорих прокурорын санал, шүүгчийн захирамжид жагсаал цуглаан зохион байгуулсан, турхирсан, санхүүжүүлсэн гэх туйлын хачин үндэслэл байсан. Яг л ийм үндэслэл мэдээллийн бүх сувгаар уншигдсан.
Яагаав өнгөрсөн өвлийн жагсаал. Өнөө жүжигчний манлайлал дор явагдсан жагсаал шүү дээ.
Би үүнийг ерөөсөө ойлгодоггүй. Шууд утгаар итгэхэд бэрх үндэслэл гэж үздэг.
Яахаараа нэг малгайн дор, нэг намын үнэмлэхгүй засаглалын үед нэг төрийн өмчит компанийнх нь захирал гэнэт үймээн самуунд турхирсан, ямар ч аргументгүй цовхочсон жагсаалыг санхүүжүүлж хийнэ гэж?!
Хэрэв санаж байгаа бол жагсаалын урианууд юу юу байлаа.
“Нүүрсны хулгайчдыг зарлая”, “ Нүүрсний хулгайн далд эздийг ил болго”…. гэх мэт байсан шүү дээ.
Ингээд харахаар үнэхээр прокурорын дээрх үндэслэл арай тэнэг санагддаг юм. Гэтэл үнэн хэрэг дээрээ юу болж байгаа вэ. Б.Ганхуяг ингэж хэлж байна.
“Энэ өнгөрсөн 10 сарын хугацаанд миний санхүүжүүлсэн гээд байгаа жагсаалынхаа талаар надаас нэг ч үг асуугаагүй, мэдүүлэг аваагүй. Хавтаст хэрэг дотор жагсаал цуглаантай холбоотой ямар ч хэрэг байхгүй” гэж.
Ёстой шоглоом гэж үүнийг л хэлэх байх.
Үүсгэсэн хэрэг дотор нь жагсаал цуглаан зохион байгуулсан, санхүүжүүлсэн тухай нэг ширхэг үг, өгүүлбэр байхгүй байгааг шоглоом гэхгүй юу гэх юм бэ.
Энэ юу ч биш. Ер нь анх цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах прокурорын саналд үндэслэсэн шүүгчийн захирамж гараагүй байхад цагдан хорьсон гэх.
Баривчилгааны өдөр Богд уулын Жаргалантын аманд нохой шуугиулж, хаа хамаагүй, таних танихгүй айлын цоож цуургыг эвдэж түйвээн, сүрийг үзүүлсэн нь мөрдөн шалгах ажиллагааны маш том хууль бус ажиллагаа.
Бид “Нүүрсний” хэрэг дээр сонсгол явуулахыг шаардсан. Энэ үнэн.
Одоо УИХ-д нүүрсний ажлын хэсэг байгуулагдаад явж байгаа. Нэг хэсэг байнга л нүүрс ярьсан. Одоо түр зогсчихлоо.
Миний гайхшийг барж байгаа зүйл юу вэ гэхээр энэ ярьж байгаа хэрэг дотор нь Б.Ганхуягтай холбоотой юм юу ч байхгүй.
Түүний удирдаж байсан “Эрдэнэс таван толгой” ХК-ийн нэг ч тендерийн хэрэг алга. Нэг ч нүүрсний гэрээ алга. Нэг ч тонн нүүрсний тээвэр алга. Гадагшаа дотогшоо шилжүүлсэн бултуулсан нэг ч төгрөг алга.
Тэгвэл жинхэнэ “Нүүрсний хэрэг” нь хаана явна вэ.
Өөр ямар асуулт тавихаа үнэндээ мэдэхээ байлаа?
2.
Б.Ганхуяг дээр зүйлчлэн яллах гэж байгаа түүнтэй холбоотой гэх зургаан үйлдэл дотор жишээ нь хоёр хүнийг танилцуулсантай холбоотой инээдэмтэй “хэрэг” байх юм. Нэг нь хөрөнгө оруулсан, нөгөө нь хөрөнгө оруулалт авсан харилцаатай хоёр нөхөр л дөө. Энэ хоёр нөхөр яагаад Б.Ганхуягт холбоотой болж байна вэ гэхээр тэднийг танилцуулсан учраас гэнэ. Танилцуулсан учраас “гэмт хэрэг” болгож, хилсээр тулгаж байгаа юм байх. Мөн ч инээдэмтэй явдал. Ядаж байхад ингэж буруутгах баримтаа нотолж чадаагүй. Нотолж чадаагүй учраас өнөөдөр прокурор өөртөө нэн итгэлгүйгээр хоног өдрийг аргацаан хадан завсар хавчуулагдан сууж байна. Бид нүүрсний гэх хэргийг жинхэнэ ёсоор нь илчлэхийг л хүссэн. Хэн нэгнийг худлаа сүр дуулиантай баривчлан яллаж, хэрэг тохож хэлмэгдүүлэхийг, далд эзэд нь даналзаад үлдэх эмгэнэлт драм огт хүсээгүй.
Бас нэг марзан юм нь шүүгч өнгөрсөн хугацаанд хориод удаагийн захирамж гаргасан ч уг захирамжуудад нь цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн сунгах эрх зүйн үндэслэлүүдийг огт дурдаагүй гэж Б.Ганхуяг хэлэлцүүлгийн танхимд хэлж байх юм. Ер нь нэгэнт улс төрөөс чиглэлээ аваад цагдан хорьчихсон л бол иймэрхүү процедурын алдаа мэтийг тооцдоггүй л дээ. Бараг манай шүүхийн практикт жишиг болсон зүйл.
Ийм болохоор л энэ хэргийн эргэн тойронд эргэлзээ дүүрэн байна.
Нүүрсний хэмээх энэ хэрэгт холбогдуулан нийслэлийн Прокурорын газраас Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн гэдгийг бид мэдэж байгаа.
Өнгөрсөн есдүгээр сарын 12-ны өдөр болж өнгөрсөн тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан нь яллагдагчдын өмгөөлөгчдийн хүсэлтээр болсон гэх ч нэдэр дээрээ энэ хэргийн учгийг атгаж суугаа нөхдүүд олон нийтийн хяналт, нийгмийн шахалт шаардлагын улмаас арга буюу явуулсан. Гэхдээ тэдэнд эл хэлэлцүүлэг таалагдаагүй. Бэлтгэл муу төдийгүй өөрсдөд нь ашиггүй мессежүүд, сонсохыг хүсээгүй асуултуудаар шүршүүлсэн болохоор...
Өөр нэг сонирхож сортойн харах ёстой зүйл юу байв. Тэр бол 10 сар цагдан хоригдож байгаа Б.Ганхуяг энэ хэлэлцүүлгийн танхимд ерөнхий шүүгч Б.Халиунд хандан “ Би улсынхаа шүүх засаглалын хараат бус байдлыг ярьж байгаа юм. Харин миний хүсэлтийг битгий яллаарай. Би Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нийт шүүгчдээс татгалзаж байна” гэж мэдэгдсэн явдал юм. Энэ бол том шуугиан болох ёстой мэдэгдэл байсан ч манай нийгэм огт анхаарч сонсоогүй. Хэвлэлийнхэн дуугүй өнгөрсөн. Яагаад ч юм ганц хоёрхон сайтаас бусад нь анзаарч дүгнэлт хийгээгүй. Тэгвэл шүүгчид итгэхгүй байх шалтгаан юу байв?
Б.Ганхуяг доорх гурван шалтгааныг нэрлэв.
Нэгдүгээрт, АТГ-аас бичиг авах хэрэгтэй. Ерөнхий шүүгч барьцаалагдаагүй, ашиг сонирхлын зөрчилгүй гэдгийг хэн нотлох юм. АТГ-аас барьцаалагдаагүй гэсэн бичиг ирсний дараа би итгэх болно.
Хоёрдугаарт, Хүний эрхийг битгий эчнээгээр зөрчөөрэй. Намайг гадаа гаргаж үг хэлүүлэхгүй байна. Харин энэ хаалганы цаана нүүрсний мөнгөөр санхүүждэг хэвлэлүүд байгаа. Иргэний хөдөлгөөн, жагсаал хэнээс санхүүждэг тухай би итгэдэг шүүгчдээ яримаар байна. Би 2007 оноос хойш Тавантолгой ХК-д ажиллаж байна. Над шиг нүүрсийг сайн мэддэг хүн байхгүй шүү.
Гуравдугаарт, Б.Халиун шүүгч энэ хэрэг дээр тохиолдлоор орж ирсэн гэдгээ нотлох хэрэгтэй.
Түүний үндэслэлүүд дээрх гурван зүйлд багтаж байна. Одоо Ерөнхий шүүгч Б.Халиун ямар тайлбар өгсөнийг сонирхуулья. Хатагтай Б.Халиун "Ямар нэг байдлаар нийт шүүгчдээс татгалзах буюу шүүхийн системээс татгалзах үндэслэл танд байхгүй. Гэхдээ таны гаргасан хүсэлтээс татгалзах эрх надад байхгүй учраас нийт шүүгчдийн зөвлөгөөнөөр хуульд заасны дагуу танилцуулж шийдвэрлүүлнэ. Миний зүгээс АТГ-т шалгагдаж байгаа асуудал байхгүй. Ямар нэгэн байдлаар лавлагаа авах боломжгүй. Тиймээс Б.Ганхуягийн татгалзлыг Шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэн шийдвэрлүүлсний дараа шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлгийг ахин товлох болно" хэмээсэн юм.
Мөн данагар аашилж байгаа биз. Б.Ганхуяг эргэлзээ төрүүлж буй шүүгчээс татгалзсан болохоос улсынхаа шүүх засаглалд итгэж буйгаа ил тод мэдэгдсэн шүү дээ. Юун шүүх системээс татгалзах вэ.
3.
Шүүгч Б.Халиунд эргэлзэх, хардах эрх шүүгдэгчид байтугай энэ хэргийг анхааран ажиглаж байгаа иргэдэд ч бий.
Одоогоор ил харагдаж байгаа фактуудыг эргэж сөхөж үзье. Түүн шиг паянтай шүүгчид эргэлзэх эрх шүүхээр нь орж байгаа яллагдагч бүхэнд байгаа. Ганц энэ хэрэг дээр ч яригдаж байгаа юм биш.
Яагаад вэ?
Нүүрсний гэх тодотголтой хэрэгт холбогдуулан Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг нийслэлийн Прокуророос 2023 оны наймдугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Гэтэл гурав хоногийн дараа буюу 2023 оны наймдугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиунд хуваарилжээ. Яагаад ингэж гурван өдөр хүлээн байж Б.Халиун шүүгчид өгөв өө. Энэ нь өөрөө эргэлзээ төрүүлж байгаа юм.
Угаасаа захиалгат хэргийг захиалгат шүүгчид нь л шүүдэг. Шүүх-улс төр дамнасан хонгил бий болоод удаж байна шүү дээ. Хонгил бий болсон нь нэгэнт ил болсон зүйл болохоор ард иргэд шүүхэд хамгийн их эргэлздэг болсон. Бараг итгэхээ байсан.
Б.Халиун бол АТГ-т шалгагдаж байсан алдарт 17 шүүгчийн нэг биш ч тухайн үед эднээс хэрэг тусгаарлагдан шалгагдаж байсан шүүгч. Мөн нийгэмд дуулиан тарьж, шүүгчдийн нэр хүндэд асар том хар толбо үлдээсэн Б.Баасанцогт нарын өмгөөлөгчдийн өдүүлсэн эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгагдаж байсан. Цахилгаан шатны, цахилгаан товчны гэх мэтээр хоржоонтойгоор нэрлэгдэх болсон тэрхүү хэрэгт Б.Баасанцогт, С.Соёмбо-Эрдэнэ, Т.Өсөхбаяр, М.Алдар, Б.Халиун, Б.Ариунхишиг нарын шүүгчдийн нэр холбогдож байсныг хүмүүс санаж байгаа биз ээ.
Баянзүрх дүүргийн “Рarkview” гэх хотхоны нэгэн байранд болcон цугларалтын үеийн бичлэг задарч байсныг хүмүүс мартаагүй байх. Хариуцлага хүлээлгүй мултардаг ч ард нь нэр нь цэвэрлэгддэггүй амьдралын нэг үнэн бий. Тэгээд ч Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ёс зүйн хороо шүүгчдийнхээ холбогдсон хэргүүдийг шийдвэрлэлгүй тодорхойгүй хаяж сурсан газар болохоор Б.Ганхуяг ийн шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж сануулсан хэрэг. Энэ бол түүнд хуулиар олгогдсон эрх.
Яллуулж зогсоо Б.Ганхуяг өөрөө нээлттэй шүүлгэхийг шаардаад байдаг. Шударга ёсыг нэхээд байдаг. Энэ эрхийг нь хангах ёстой.
Нүүрсний гэх эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны үеэр яллагдагч Т.Түвшинбаатар түүний хэргийг харьяаллын дагуу Дорнод аймгийн шүүх рүү шилжүүлж өгнө үү гэх х хүсэлт тавьж байсан. Гэтэл Б.Халиун шүүгч Монгол Улсын Дээд шүүхэд хандан “Хэрэг хянан шийдвэрлэх шүүхийн харьяалал тогтоолгох тухай” албан бичиг илгээсэн байна. Өөрөөр хэлбэл, нүүрсний гэх хэргийг бүхэлд нь Чингэлтэй дүүргийн шүүх дээр хянан шийдвэрлэхийн тулд Дээд шүүхэд албан бичиг илгээж баталгаажуулахыг хүссэн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2-т гэмт хэрэг нь хэд хэдэн шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бол сүүлчийн гэмт хэрэг үйлдэгдсэн газрын харьяалах шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасан байна. Мөн гэмт хэрэг нэг шүүхийн харьяалах газар эхэлж, нөгөө шүүхийн харьяалах газарт төгссөн бол төгссөн газрын шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ гэх заалт ч бий. Гэвч эрхэм шүүгч Б.Халиун эрх мэдлээрээ түрэмгийлсээр л... Дээд шүүх рүү прокурорын байгууллагын урдуур орон санал оруулж томорч байгаа үйлдлийг нь өөрөөр юу гэж хэлэхээ мэдэхгүй байна л даа.
Энэ бүхнээс үзэхэд шүүгч Б.Халиунд нүүрсний гэх хэргийг шүүх хүсэл сонирхол үнэхээр байна. Энэ хэргээр түүнд өмнөх нэр нь сэвтсэн хэрэг явдлуудыг нь цайруулах тохироо санал болгосон байхыг үгүйсгэх аргагүй юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “… Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. ...”гэж заасанчлан энэ дуулиант хэргийн орчныг тунгалаг байлгахыг олон нийт хүсч байгаа юм.
Хөөгөөд, судлаад явахаар ганирах цагийн хүйтэн элгэн дээр ганцаараа зогсоо нэгэн залуу л харагдана...
Гол эзэд байтугай нүүрсний гэх хэрэг нь өөрөө хаана яваа нь таавар болжээ.