Энэ 7 хоногт
“Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хүртэлх хувийг биржээр арилжаална
Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр боллоо.
Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр боллоо.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хүртэлх хувийг биржээр арилжаална
Тавантолгойн нүүрсний ордын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, дэд бүтэц барьж байгуулах зорилгоор хэд хэдэн арга хэмжээ авахаар Засгийн газар төлөвлөж байна.
Энэ хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын Хөрөнгийн биржээр үе шаттай арилжиж шаардлагатай хөрөнгө оруулалт татах юм.
Мөн Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Оюутолгой-Ханги чиглэлийн тусгай зориулалтын автозам, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийг шуурхай хэрэгжүүлж эхлэхээр боллоо.
Хөрш орнуудтай дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, борлуулалтын нөхцөлийн талаар хэлэлцээ хийж, ордыг түшиглэн цахилгаан станц барихаар төлөвлөөд байна.
Ингэснээр Тавантолгойн нүүрсний орд газрыг цогцоор нь хөгжүүлэх талаар баримтлах бодлого, эрх зүйн орчин тодорхой болно. Мөн ордын эдийн засгийн үр өгөөж нэмэгдэж, иргэдийн эзэмшиж байгаа хувьцааны ханш өсөх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн олон улсын зах зээлд борлуулах, өрсөлдөх чадвараа нэмэх, дэд бүтцээ хөгжүүлэх боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байна. УИХ-ын тогтоолын төслийг нэн яаралтай өргөн мэдүүлж хэлэлцүүлэхээр боллоо.
Нүүрсний тээвэрт үүссэн дарааллыг дахин бууруулна
Гашуунсухайт-Ганц модны хилийн боомтын нүүрсний тээвэрлэлтийг Тавантолгойн нүүрсний ордоос Гашуунсухайт боомт хүртэл, Тавантолгойн нүүрсний ордоос Цагаан хадны гаалийн хяналтын бүс хүртэл, Цагаан хадны гаалийн хяналтын бүсээс Гашуунсухайт боомт хүртэл гэсэн чиглэлээр явуулахаар өөрчлөв.
Цагаан хадны гаалийн хяналтын бүсийн талбайд нүүрс буулгах, ачих явцад байгаль орчинд учруулах сөрөг нөлөөг бага байхаар зохион байгуулалт хийж ажиллахыг холбогдох сайд нар, аймгийн Засаг даргад даалгав.
Засгийн газар өмнө нь шуурхай арга хэмжээ авч 100 гаруй км үргэлжилж байсан нүүрс тээврийн автомашины цувааг арилгасан. Гэвч өнгөрсөн гуравдугаар сараас дахин дараалал үүсч эхэлжээ. Тухайлбал Цагаан хадны гаалийн баталгаат агуулахаас Гашуунсухайт боомт хүртэл богинын тээвэр хийж байгаа автомашины цуваа 23 км болж өссөн байна. Мөн Тавантолгойн нүүрсний ордод үйл ажиллагаа явуулдаг гурван аж ахуйн нэгжээс Цагаан хадны гаалийн баталгаат агуулах хүртэл тээвэр хийж байгаа автомашины цуваа 39 км болж сунажээ.
Нэг удаагийн нийлэг уутыг ирэх хавраас хориглоно
Өргөн хэрэглээний нэг удаагийн нийлэг уутыг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглолоо. Иргэд, импортлогчид эртнээс мэдээлэл авч, бэлтгэлээ хангах боломжийг бүрдүүлэх үүднээс жилийн өмнө дээрх шийдвэрийг гаргасан байна.
Дашрамд дурьдахад Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Цэвэрхэн наадацгаая” аян санаачилсан бөгөөд дээрх шийдвэр нь энэ хүрээнд хийх цогц ажлын нэг нь юм.
Хилийн чанадад байгаа иргэддээ туслах сангийн дүрмийг шинэчлэв
Сангийн дүрэм, зөвлөлийн бүрэлдэхүүнийг Засгийн газрын хурлаар хэлэлцэн шинэчлэхээр болов.
Энэ нь гадаад улстай байгуулсан эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээг хэрэгжүүлэхэд тогтмол тулгардаг эрх зүйн туслалцааны хүсэлтийн гадаад хэлээрх орчуулгын зардлыг гаргах зохицуулалт бий болгох зорилготой юм.
Манай улсын 150 мянга гаруй иргэн гадаадад оршин сууж байгаа бөгөөд эрх ашиг нь зөрчигдөх, гэмт хэрэг, зөрчилд холбогдох, амь нас, эрүүл мэндээрээ хохирох нь нэмэгдсээр байна. “Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан” нь 2009-2017 онд өргөдөл гаргасан иргэдэд Дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан 1.3 тэрбум гаруй төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлжээ.
Сангийн хөрөнгийн 40-50 хувийг нас барсан иргэний шарилыг эх оронд нь авчрахад зарцуулдаг байна. Үлдэх хувийг гадаадад ял эдэлж байгаа иргэдээ эргэх, гэмт хэргийн улмаас хохирсон, эд хөрөнгөө гээж төлбөрийн чадваргүй болсон иргэдийг эх оронд нь буцаах зэрэгт олгодог судалгаа гарчээ.
Сангийн хөрөнгө нь улсын төсвийн хөрөнгө, гадаад улс, олон улсын байгууллага болон гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өгсөн буцалтгүй тусламж, хандиваас бүрддэг юм.
Товч мэдээ
- Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан ажилгүйдэл, ядуурлыг бууруулах зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор иргэдийг байнгын ажлын байртай, тогтмол орлоготой болгох туршилтын төслүүдийг хэрэгжүүлэх болов.
- Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2019 оны төсвийн орлогын доод хязгаар болон зарлагын дээд хязгаарыг батлав. Төсвийн хязгаарт нийцүүлэн ирэх оны төсвийн төсөл боловсруулахыг ерөнхийлөн захирагч нарт даалгалаа. Төсвийн зардлын боломжит дээд хязгаарыг орлогынхоо хэмжээтэй уялдуулан тооцох юм.
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, дагалдах бусад хуулийн төслийг УИХ-д нэн яаралтай өргөн мэдүүлнэ. Төсөл батлагдвал бизнесийн орчин сайжирч, бизнес эрхлэгчдийн татвар төлөхтэй холбоотой зардал буурна. Мөн татварын тэгш, шударга байдал дээшлэн, бааз суурь өргөжнө гэж Засгийн газар үзэж байна. Татвараас зайлсхийдэг, зугтах нь багасч, шударгаар төлдөг болох эерэг нөхцөл бүрдэх юм.
- Газрын үнэлгээний бүс /зэрэглэл, тойрог/, суурь үнэлгээ, төлбөрийн хувь, хэмжээг шинэчлэн тогтоолоо. 1996 оноос хойш үүнийг шинэчлээгүй өнөөг хүрээд байсан юм. Шинэчилснээр газар эдийн засгийн эргэлтэд орж, суурь үнэлгээ, төлбөрийн хувь, хэмжээ ч зах зээлийн өнөөгийн нөхцөлдөө тохирох боломж бүрдэж байна.
- Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийг шинэчлэн баталлаа. Энэ нь бөхийн барилдааныг оновчтой зохион байгуулах, үүсэх маргааныг шийдвэрлэх, дүрмийг нэг мөр хэрэгжүүлэх зорилготой юм.
- "Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл”-ийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Хэлэлцээр батлагдвал Бүгд Найрамдах Польш Улсад амьдарч байгаа иргэд хоёр оронд нийгмийн даатгалд давхар даатгуулахгүй болж, шимтгэл төлсөн хугацаандаа ногдох тэтгэвэр, оршуулгын тэтгэмж авах зэрэг эрх үүсэх юм. Манай улсын 940 орчим иргэн БНПУ-д ажиллаж амьдарч байна.
- Азийн бүсийн орнуудын Засгийн газар хоорондын “Байгаль орчинд ээлтэй Тогтвортой тээвэр-БОЭТТ” олон улсын чуулга уулзалтыг “Тогтвортой хот төлөвлөлт, хот байгуулалтад БОЭТТ-ийн гүйцэтгэх үүрэг” сэдвийн дор ирэх 10 дугаар сард Улаанбаатар хотноо НҮБ-ын Бүсийн хөгжлийн төвтэй хамтран зохион байгуулна.
- Улсын мал эмнэлэг, ариун цэврийн лаборатори, Эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лаборатори, “Биокомбинат” УҮГ-ыг Мал эмнэлгийн ерөнхий газрын харьяанд ажиллууулахаар болов. Малын удмын сангийн үндэсний төв, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн газрын харьяанд шилжүүллээ.