Социализм дуусах 1980-аад оны хүн ам орон сууцны тооллогоор нийт айл өрхийн 10 хувь нь орон сууцанд, 20 хувь нь хашаа байшинд, үлдсэн 70 хувь нь монгол гэрт амьдардаг байжээ. Соц үеийг тавилттай гоё зургуудаар нь төсөөлөөд байдгаас биш үнэндээ бид монгол гэрт “социализм байгуулж” байсан юм. Харин 2020 оны хүн ам орон сууцны тооллогоор 30 хувь нь орон сууцанд, 30 хувь нь хашаа байшинд үлдсэн 40 хувь нь монгол гэртээ амьдарч буй тоо гарч тодорхой хэмжээнд ахиц дэвшил гарчээ. Сүүлийн 30 жилийн хугацаанд соц үеийг хоёр нугалсан хэмжээний орон сууц барилга, гурав нугалсан засмал зам, гүүр тавьж, Оюутолгой, Тавантолгойг урагшлуулж, өөрсдөө төмөр зам хүртэл тавив. Автомашин чихэлдэж, олимпийн аваргууд төрж, хүн амын дундаж наслалт хүртэл 10 жилээр уртсав. Мэдээж авлига, хулгайн гэмт хэрэг, нийгмийн олон асуудал шинээр бий боллоо. Товчхондоо сүүлийн 30 жилд сайн муу бүх зүйл хөгжсөн ч нэг ч урагшлаагүй, ганц ч дорвитой цахилгаан станц бариагүй, социализмын үеэс бараг тэр чигээрээ үлдсэн ганц салбар нь эрчим хүчний систем юм. Эрчим хүчний систем яагаад хөгжихгүй байгаагийн ганц шалтгаан нь ердөө л социализмаасаа салж чадахгүйн зовлон байна.

Социализм яагаад нурсан хамгийн том шалтгаан нь өртгөөсөө хямд үнэ юм. Хэт хямд үнэ тавихаар очер дараалал, хомстол үүснэ. Хомстлоос шалтгаалж арын хаалга, авлига үүснэ. Өнөөдөр дэлхийд нүүрсний үнэ 100 доллар байхад Багануурын уурхайн нүүрсийг 15 доллараар ДЦС-уудад борлуулж, ДЦС-ууд цаашаа 500 төгрөгийн өртөгтэй эрчим хүчийг 300 төгрөгөөр борлуулж, үйлдвэрлэх тусмаа алдагдалд орж байна. Улс даяараа эрчим хүчний халамжийн бодлогод яваагаа ихэнх нь сайн ойлгодоггүй. Өвөл хүйтэнд гэртээ шорк майктай тарвалзаж хэвтдэг нь дулаанд 100-200 мянга төлөөд, гадаа хүйтэнд шуудай түлш нүүрстэй зууралддаг нь 300-400 мянга төлж буй нь яах аргагүй гажиг логик бөгөөд орон сууцны айлууд үнэндээ эрчим хүчний халамжийн бодлогод хамрагдаж буй хэрэг юм.

Утааны асуудал бол эрчим хүчний хомстлоос өөр юу ч биш. ДЦС-4 шиг дахиад ганц цахилгаан станц бариад, шугам сүлжээгээ шинэчлээд орхиход л утаанаасаа бүрмөсөн салчихна. Уг нь цахилгаан станцын олон төслүүд яригддаг ч дотоод улс төрөө даахгүй, хэн нь барих ашиглах, хэн нь ашиг олох дээрээ хэрэлдсээр гацаадаг. Яагаад өнөөг хүртэл шинэ цахилгаан станц бариагүй шалтгаан нь цахилгаан эрчим хүчний хэт хямд үнэ буюу социализмаасаа салаагүй нь. 30 хувь нь л татдаг 00-той амьдардаг манай улс нэг хүнд ногдох цахилгаан эрчим хүчний хэрэглээгээр Хятад, Оросоос гурав дахин бага, барууны орнуудаас бүр 10-20 дахин бага. Уг нь эрчим хүчээ хэмнэх биш, эрчим хүчний хэрэглээгээ улам нэмэх чиглэлд ажиллах ёстой юмсан. Шинэ орон сууцнууд дулааны холболтоо хийж чадахгүй, шинэ үйлдвэрүүд эрчим хүчээ татаж чадахгүй хөгжил саатсаар л. Багануурын уурхай зөвхөн дулааны станцтай, Төвийн эрчим хүчний системээс тогоо авдаг байх жишээний.

Хот хөлдөх дээрээ тулаад буй учир саяхан нэлээд хэл ам, улс төр болж байж эрчим хүчний үнэ нэмэх шийдвэр гаргалаа. Гэхдээ улс төржилтөөс айгаад, эсэргүүцлээс айгаад зөвхөн бизнес эрхлэгчдийн тарифийг 28 хувь нэмэв. Иргэдийн дийлэнх нь тогны мөнгө нэмбэл босож тэмцэхээр байгаа нь үнэн л дээ. “Үнэтэй ухаалаг утас барьж, булган шубээр гоёж, тансаг ресторанд шинэ жил тэмдэглэдэг мөртлөө хамаг шүд нь хорхойтсон монгол хүн” гээд олон нийтийн сүлжээнд нэг шүүмжлэл явдаг. Тэр яах аргагүй ортой. “Тогны мөнгөө төлөхгүй байсан ч тоолуур таслах хуульгүй юм байна шүү..” гээд уриалсан, сүржин постууд хэдэн мянган лайк шэйр авч олныг бахдуулж хөөргөнө. Хамгийн аминд тулсан хэрэгцээндээ шил архины мөнгө харамлаж уурласаар байвал зундаа халуун усны хязгаарлалтанд нийтээрээ өртдөг шиг өвөлдөө 14 хоногоор эрчим хүчний хязгаарлалтанд орж дасах вий. Хамгийн ядуу ядарсан нэгэн ч ухаалаг утас лизингдэж, дата хэрэглээндээ мөнгөө шавхдаг ч ухаалаг утсаа цэнэглэх тоггүй болчих вий дээ, ард түмэн минь.