Өнгөрсөн долоо хоног монголчуудын хувьд “их хандивын” долоо хоног болов. Рок попынхон, Гандантэгчэнлин хийд, сүсэгтэн олон, телевизүүдийн зохион байгуулсан хандивын шоу гээд үүгээр амьсгалаагүй амьд амьтан үлдсэнгүй. Энэ бүхнийг ардаа орхисон, хамгийн тод томруун хандивыг иргэн Б.Баярмаа Булган аймгийн Рашаант сумын малчдад илгээлээ.

Өөрийнхөө телеграмм группэд 1400 хүнийг 50 мянган төгрөгөөр бүртгээд 70 сая төгрөгтэй болсон бүсгүй хэрэгцээнээсээ илүү гарсан 25 сая төгрөгөөр тэжээл худалдаж аваад малчдад илгээсэн. “Монгол Улсын иргэн Б.Баярмаагаас” гэсэн плакат уясан ачааны машин ХХААХҮЯ-наас хөдөлсний дараа бүсгүйчүүд голчлон “Бөгсөөрөө олсон мөнгөөрөө хандивын шоу хийлээ” хэмээн бачуурсан боловч түүнээс илүү шуурхай багаад бодитой тусламжийг хандивын бусад аян үзүүлсэнгүй.

Бүсгүй энд лайв хийгээд сууж байхад тусламж нь аль хэдийн малчдын гар дээр оччихсон, баяр талархал хүртээд явж байх жишээтэй. Энэ тухай зарим нь “Ардын намын тэрбумын пиарыг ганц шалдан бүсгүй нугасаллаа” хэмээн бичсэн байна лээ. Секс бичлэг нь задарч олны шүүмжлэлд өртсөн бүсгүй ингээд түүнийгээ хэд нугалсан пиар хийгээд "үндэсний од” болов.


Ирэх сонгуулийн гол паираа “нугаслуулсан” Ардын намынхан нүцгэн бүсгүйн эсрэг өөрийн бөхийг сөргүүлэн тавьсан боловч үр дүн нь эсрэгээрээ гарав. УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн Зил-130 машиныг гараар маниулдаж асааж байгаа бичлэг олон нийтийн сүлжээгээр тарахад олонхи нь “Хүн чаддаг юмаа хийх нь дээр. Төр барих ёсгүй нөхөд” гэсэн дүгнэлтийг хийсэн байна. Гарьдын хувьд үнэнээсээ хөөрчихсөн, лоовуузаа шилэн дээрээ хаячихаад хүүхэд шиг инээд алдан харайж яваа нь “эгдүүтэй” ч гэлээ дагаж баяссан нөхөд баг алав.

“Ганцхан дараад асаалаа. Бөх хүн бөхөөрөө үлддэг” гэх мэт тайлбартай оруулсан МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн (гарьд уг машиныг бариад өөрөө кабинд нь сууж явсан гэнэ) оруулсан бичлэг нэмэр дээр нэрмээс боллоо. Нийгмийн сүлжээгээр дүүрэн МАН-ын дарга нарын торгон дээл, шляп малгайтай зуданд явж байгаа зургууд. Малчид хүртэл “энэ олон жийп хөлөглөсөн дарга нар төсвийн мөнгө үрж наашаагаа зүтгэж байхаар ачааны машинуудаа гаргаад өвс тэжээлээ явуулчихгүй дээ. Ирсэн жаахан дээр нь малчин бид зодолдож байна” гээд уйлж байх. Иргэн Баярмаа тэднээс хувь илүү дээр байгаа биз.

Энэ өвөл, хаврын зудыг бид анх удаагаа үзэж байгаа юм биш. 2022 онд зуд болсон, мал үхсэн. 2023 онд ч зуд болсон мал үхсэн. Энэ жил ч гэсэн ялгаагүй. Тэгэхээр энэ чинь зуд биш, жам ёс болсон гэсэн үг. Тийм болохоор жам ёсны үзэгдэлд жам ёсны л үйлдэл үзүүлэх хэрэгтэй биз дээ. Намар хураасан, хадгалсан өвс тэжээлээ яамны нөхөд графикийнх дагуу аймгууддаа ачуулаад, тэндээс нь цааш нь малчдадаа тараадаг тогтолцоо, бүтэц аль хэдийн байх ёстой биз дээ. Яахаараа МАН-ын дарга нар, УИХ, Засгийн газрын гишүүд нь бүгдээрээ ажлаа хаяад, хаях ажилгүй байлаа гэхэд төсвийн мөнгө үрээд, бензин шатаагаад, дээр нь онцгойгийн ажилтнуудыг ажлыг бараад, баахан сэтгүүлч дагуулаадд тийшээ зүтгэх ёстой юм.

Явдаг байлаа гэхэд хувийнхаа зардлаар таван төгрөгний тэжээл худалдаж аваад, телевиз, сайт энэ тэргүй мөрөөрөө явж болдоггүй юм уу. Тэртэй тэргүй зудад хэдэн малаа алдаад шалдаа буучихсан байгаа малчид дээр хот хүрээнээс баахан дарга нар дагуулуудтайгаа буугаад, зураг хөргийг нь дараад, ам хамраас нь чангаагаад явна гэдэг нэгд ажил дээр ажил. Хоёрт сэтгэлзүйн талаасаа ч дарамт биз дээ. Хүнд тусал, тусалснаа бүү хэл гэдэг байх аа.

Саяхан МАН-ынхан "АН-ынхан тугтай машинаар өвс, тэжээл тараасан нь иргэдийг бухимдуулж байна" гэдэг мэдээлэл тарааж, АН-ын зүгээс залруулга хүртэл хийхэд хүрсэн. Оны өмнө Төв аймгийн АН гишүүдээсээ хандив цуглуулаад аймгийнхаа өвөлжилт хүндэрч байгаа сумдад өвч тэжээл хүргэсэн нь сонгуулийн хууль зөрчөөгүй байна гэж. МАН-ынхан өөрсдөө эхлээгүй бол иргэд ч гэсэн мэдэхгүй л өнгөрөх байсан байхгүй юу даа.

inews.mn