ЭДИЙН ЗАСГИЙН СЭТГЭЛГЭЭ
Эцэст нь хэлэхэд энэ оронд олон жил бугшсан, энэ зуунд улам хэлбэршин чулуужсан “психоэкономус” буюу үнэндээ анти эдийнзасаг гэсэн сэтгэлгээ өнөөдөр илүүтэй ноёрхсоор байна. Цэвэр эдийн засаг нь ашиг, үр дүн гэдэг юмаар үнэлэмж хийдэг бол психоэкономид илүүтэй сэтгэлийн хөдлөл, сэтгэлзүйн өрсөлдөөн, хоосон мөртөө баярхах сэтгэлгээ илүүтэйгээр нийт эдийн засгаа тодорхойлох хүчин зүйл болдог байна. Чухам ийм сэтгэлгээ нь хэдэн мянганы турш монголчуудын энэ хорвоо дээр оршин тогтнох нэг баталгаа болдог байсан байж магадгүй, гэвч даяаршин хоорондоо улам ижилсэж буй өнөөгийн ертөнцөд энэхүү сондгой сэтгэлгээ нь тус болохоосоо ус болох нь их юм.
ЭДИЙН ЗАСГИЙН СЭТГЭЛГЭЭ
"Экономос” хэмээх герег үг одоогоос 2 500 жилийн өмнө буй болжээ. Энэ үг уг нь “гэр орноо авч явах” гэсэн утгатай ба түүхийн хөгжлийн явцад баялгийг үйлдвэрлэх, түгээх, хэрэглэх явцыг нэгтгэн дүгнэж дүн шинжилгээ хийх, тайлбарлан зураглах нийгмийн шинжлэх ухаан болон хөгжсөн юм. Чухам энэ үг монгол хэлэнд “эдийн засаг” хэмээн дүйцүүлсэн байдлаар орчуулагдан хэрэглэгдэх болсон аж. Эдийн засаг гэсэн гүн ухаан, нийгэм, социологи, психологи, теологи, статистикийн асар том ухагдахуунд энэ ертөнцийн бүхий л амьдрал бараг тэр чигээрээ багтаж байгаа юм. Гэвч хэдэн мянган жил өнгөрсөн боловч анх мөнөөх герег хэлэнд буй болсон үндсэн санаагаа агуулсаар байгаа билээ. Гагцхүү “гэр орон” гэдэг санаанд бодгаль бие, гэр бүл, пүүс компани, бүхэл улс орон, бүс нутаг, дэлхий, тодорхой үйлдвэрлэл түгээлт хэрэглээний салбар болоод салбарын хэсгүүдийн аль нь ч хамаарагдаж болох өргөн утгатай. Чухам энэ л утгаараа эдийн засагч гэдэг маань өнөөгийн ертөнцөд тодорхой сэтгэлгээг хэлж буй болохоос ямар нэг эзэмшсэн мэргэжлийн нэр агуулга биш юм. Өөрөөр хэлбэл санхүүч, банкир, худалдааны маркетингич, үйлдвэрийн менежер, статистикч, нягтлан бодогч зэрэг нь тодорхой мэргэжил мөн. Харин инженер эдийн засагч, хамтралын, уул уурхайн, нийтийн хоолны, тээврийн эдийн засагч гэх социалист цол хэргэм гэх мэт нь салбарын тооцооны хянагч, их цаашиллаа гээд анти эдийн засгийн марксист онолын сурталчлагчид. Ноён оргил нь улс төрийн эдийн засгийн "мэргэжилтэн". Олон жилийн турш улстөрийн эдийн засаг гэгчийг дээд сургуульд албадан зааж, цээжлүүлж, шалгалт шүүлэг аван чухалчилдаг байсан нь сэхээтнийг эдийн засгийн өрдийн ойлголттой болохоос сэргийлж, бодит амьдралаас холдуулах гэсэн тархи угаалт гэмээр.
Эдийн засгийн ухаан нь дотроо янз бүрийн урсгал бүхий онолтой, эдийн засгийн аугаа онолчдыг төрүүлсэн судалхуун. Харин амьдралаас урган гарсан эдийн засгийн ердийн ойлголт бол бүхэнд хамаатай сэтгэлгээ юм. Шоронгийн хоригдол, сургууль, цэцэрлэгийн насны хүүхэд, ажлын чадваргүй тахир дутуу хүмүүс, сэтгэцийн эмнэлгийн өвчтөнүүд зэрэг бусдын хараа хяналт, асрамжинд байдаг хүмүүсийг эс тооцвол хүн бүр өөрийн эрхгүй эдийн засагч байдаг. Хүн нь нэг талаас байгалийн бүтээгдэхүүн, тиймээс түүнд хооллох, үржих, дулаан байх гурван үндсэн хэрэгцээ бүхий л адгуус амьтны нэгэн адил бий. Гэтэл хүний нийгэмд ширэнгийн хууль үйлчилдэггүй, тэр дундаа орчин үеийн ихэнх нийгэмд нэгний эрх чөлөө нөгөөгийн эрхээр хязгаарлагдаж байдаг учраас хооронд нь зохицуулсан иргэншсэн хуулиуд үйлчилж байна. Тэгэхээр аль ч хүн хүний нийгэмд хуулийн дотор дээрх байгалийн үндсэн гурван шаардлагаа хангаж байхын тулд муу ч сайн ч ямар нэг хэмжээгээр эдийн засагч, өөрөөр хэлбэл эдийн засгийн сэтгэлгээтэй байхаас өөр арга үгүй. Гэтэл нөгөө талаас хүн нь бурхны бүтээл учир гоо сайхан, шоглол, боловсрол мэдлэг, соёл урлаг гэх мэтчилэнгийн хүнлэг хэрэгцээ цаана нь бий гээд бодохоор хорвоо өөрөө аль ч хүнээс эдийн засгийн сэтгэлгээ зайлшгүй шаардаж байгаа юм.
Гэвч хүн болгон төгс төгөлдөр байдаггүйнхээ хэмжээгээр хүн бүрийн эдийн засгийн сэтгэлгээ жигд байдаггүй, нэг үгэндээ хүн бүрийн “гэр орноо аваад явах” чадвар харилцан адилгүй учраас “гэр орон” нь янз бүр байдаг байх. Нийгмийн ялгарлын шалтгаан олон зүйлээс хамаарах нь мэдээж боловч ихэнх нь чухам энэ чадамжаас шалтгаална. Энд хувь бодгаль хүнээс авхуулаад нийгмийн хамгийн жижиг үндсэн нэгж болох өрх гэрээр дамжин улс үндэстэнг ч хамааруулан хэлж байна. Хүүхэн эргүүлж байгаа бол ирээдүйд хадам эх болох хүнээ эхлээд харчих, хүнд ажил хариуцуулах гэж байгаа бол гэр орныг нь эхлээд очоод харчих. Гэртээ архины шилээр гурилаа элдээд суудаг арчаагүй нөхөрт ямар нэг менежментийн ажил хариуцуулбал мөн нэг тиймэрхүү л үр дүн олж авна. Энэ нь өрх гэрт хэн ямархуу байдлаар менежмент хийж байгаагаас тухайн айлын өөдтэй өнгөтэй явах нь хамаарна. Төрийн инстүүцүүдийн зөв бүтэц, боловсон хүчний зөв сонголт, хуулиудын зөв үйлчлэл, механизмаас улс орны чадал чансаа хамаарна гэсэн үг.
Эдийн засгийн сэтгэлгээ тухайн хүн, тухайн бүлэг, тухайн нийгэм, тухайн үндэстэнд аль зэрэг чадварлаг байх нь мэдээжийн хэрэг төрөлх зан чанар, генетик өгөгдөхүүн, авьяас билгээс ямар нэг хэмжээгээр хамаарах боловч зан авир, нөхцөл байдал, олсон боловсрол, тогтсон соёл, уламжлал, түүхэн нөхцөлөөс ихээхэн шалтгаалах зүйл юм.
Монголчууд зах зээлийн системд эргэж орж ирээд арав хүрэхгүй жил болж байна. Зах зээлийн систем нь хүний гурван үеэрээ төсөөрч төөрөгдсөн бидэндээ л шинэ юм болохоос эрэлт нийлүүлэлтийн хууль хүний нийгэмтэй л зэрэг үүссэн, монголчууд мөн л бүдүүлэгдүү ч гэсэн зах зээлийн системээр урьд нь хэдэн мянган жил амьдраад ирсэн билээ. Ямар ч шинэ нөхцөл байдалд амархан дасан зохицох чадвартай прагматик үндэстний хувьд монголчууд сүүлийн арван жил зах зээлийн зарчим ба түүний орчин үеийн ойлголт ухагдахууныг түргэн өөриймшүүлж байна. “Нүх болгонд тохиролцооны дэлгүүр байгууллаа”, “Тохиролцоо бол хохиролцоо”, “Ард түмнээ шулж байна” гэх мэтийн яриа огт алга болсон төдийгүй хувьчлал, тэр байтугай дэд бүтцийн хувьчлал хүртэл тухайн объектыг хамгийн үр дүнтэй ажиллуулах механизм мөн гэдгийг эрүүл саруул хүмүүс нь нэгэнт ойлгожээ.
Шинжлэх ухаан техникийн хувьсгал гарч, технологийн өндөр эрэмбэд очсон өнөөгийн ертөнц улам интеграцлагдаж, даяаршиж байгаа тул энд явагдах эдийн засгийн харилцаа нь цоо шинэ түвшинд гарсан ба үүнтэй уялдан илүү соёлжиж иргэншсэн, илүү боловсрол нэхсэн, илүү технологи мэдээллийн багтаамжтай эдийн засгийн сэтгэлгээг шаардаж байгаа юм. Бид өнгөрсөн арав хүрэхгүй жилийн дотор эдийн засгийн сэтгэлгээндээ үндсэн хувьсгал хийж багагүй амжилт гарган, олон улсын болон өнөөгийн техник технологийн эрэмбэд шаардагдах жишиг рүү эрчимтэй ойртож явааг тэмдэглэхийн сацуу уламжлал, түүхэн нөхцөл, амьдралын орчин, биологийн өгөгдөхүүн, зан заншил, дадал зэрэг олон хүчин зүйлээс хамаарч өнөөгийн шаардлагатай нийцэхгүй, тэр байтугай сөргөсөн сэтгэлгээ бидэнд инерцээр хадгалагдсаар байна.
Үүнд юун түрүүн үндэсний зан заншил дадал сургууль, амьдралын орчин түүхэн байдлаас үүдэлтэй сэтгэлгээний хүчин зүйлийг нэрлэх хэрэгтэй. Мэдээжийн хэрэг аль ч үндэстэнд залхуу-ажилсаг, тэнэг-ухаантай, хөөргөн-даруу хүмүүс холилдон оршдог боловч статистик утгаараа тухайн үндэстний давамгайлсан шинж чанар зан авир байдгийг үгүйсгэх аргагүй. Монголчууд дэлхий дээр хамгийн эдийн засагч биш хамгийн залхуу, хамгийн арчаагүй, ард түмэн биш гэдгийг эхэнд нь хэлье. Гэхдээ гэр орноо авч явах тал дээр гаргууд, ажилсаг нь дэндчихсэн зохион байгуулалт дээд зэрэг ард түмэн биш гэдгийг эрхбиш хүлээн зөвшөөрнө биз. Хоол унд, дулаан байр орноор хангагдсан ард түмэн түүхийн урт хугацаанд илүү бэлэнчлэх сэтгэлгээтэй болдог бололтой юм. Байгалийн бэлэн бүтээгдэхүүн жимс ногоо идчихээд суудаг дулаан орны хүмүүсийн олон мянган жилийн зуршил нь тэднийг илүү залхуу, эдийн засгийн сэтгэлгээгээр ядмаг болгосон байж магадгүй. Гэтэл түүнтэй харьцуулахад өдөр шөнийн 20 хэм, өвөл зуны 100 хэмийн ялгаанд оршин сууж байгалийн хамгийн хахир хэцүүтэй мянга мянган жил тэмцэж өссөн монголчууд илүү хүнд шалгуураар туулсан юм.
Гэвч бидэнд илүү хөнгөлөлттэй тал байлаа. Нүүдлийн мал аж ахуйгаас өөр ямар ч аж ахуй хөтлөх аргагүй цаг агаар, газар хөрсний нөхцөлд түүхэндээ саяас дээш гарч үзээгүй ард түмэн 20-30 сая хагас зэрлэг мал аж ахуйг хөтлөн амьдарч байсан тул өлсөх болон байгалийн гамшигт нэрвэгдэх зовлонг үзэлгүй олон мянганыг туулжээ. Энэ сая ард түмэн бараг зуун хувь нүүдлийн мал аж ахуй эрхэлж байсан тул дотоод эдийн засгийн өвөр хоорондын солилцоо гэж амьдрал дээр бараг байхгүй, харин бусад хэрэгцээгээ гаднаас солих, дээрэмдэх, вассалын гэрээ байгуулах замаар олж авдаг байсан байна. Банк санхүүгийн харилцаа гэх мэтийн ойлголт нүүдэлчдэд XX зууны хоёрдугаар хагас хүртэл огтоос байсангүй. Иймээс баялгийг байгаад нь үрэн тараах, их бодож эдэлж хэрэглэж буй зүйлдээ шингээх сэтгэлгээ маш эртнээс тогтжээ. Эхнэрийнх нь чихийг сэт татчихмаар ер бусын хүнд сүүжин алтан ээмэг, нөхрийнх нь өвөрт данх хийчээ юу даа гэж бодогдом түнтийх үнэтэй том хөөрөг, хорь гучин үхэрний үнэ хүрэх жороо морь зэрэг бол үнэндээ хөрөнгөө хатуу юм болгож, цөвүүн цагт эргүүлж ашиглах гэсэн нэг ухааны банк болж байгаа хэрэг юм. Нүүдэлчид хөрөнгө хогшил хурааж, баялгийг арвижуулах ухаанаар тун тааруухан. Аягүй бол тэгсэн нэгнээ ихэд муу хэлнэ. Нүүдлийн ахуйн боломж нь хурааж арвижуулах бололцоо олгодоггүй байсан биз. Ямартаа дэлхийн түүхэнд хамгийн том дайн хийсэн энэ ард түмэнд тэр үеэс үлдсэн ганц хутга өнөөдөр өөрсдөд нь үлдээгүй байх вэ.
Өөрөө өсөж үржээд ган зудад хорогдон, үндсэн тоогоо ойролцоогоор барьж байдаг мал сүргийг эс тооцвол алив баялаг гэдэг нүүдэлчдийн хувьд олддог, эргээд хурдан үрэгддэг түр зуурын хэрэглээ байжээ. Иймээс энэ газар нутаг дээр үе болгон өөрийн амьдралаа бараг тэгээс эхэлж байлаа. Ялангуяа Манжийн эрхшээлийн үед дайн байлдаанд зарцуулагддаг байсан их эрчим нь зугаа цэнгэл, найр наадамд зориулагдах бопж, эдийн засгийн сэтгэлгээ нь улам зогсонги байдалд оржээ. Хоорондоо морь мал, хөөрөг гаансхан солилцохоос хэтрэхгүй эдийн засгийн үйл ажиллагаа бол энэ ард түмнийг сэтгэлгээний хувьд ахин урагш нь хэдэн зуунаар улираан хоцрогдуулсан болов уу. Гэтэл энэ үед дэлхийд мерканталч үзэл байр сууриа тавьж, Адам Смит эдийн засгийн сэтгэлгээний мөн чанарыг тайлж сургаж байлаа.
Энэ зуунд, ялангуяа XX зууны хоёрдугаар хагасаас энэ оронд иргэншил хүчтэй нэвтэрч урбан соёл дэлгэрснээс болж нийгмийн бүтцэд үндсэн өөрчлөлт орлоо. Өдгөө хүүхэд хөгшдөө оролцуулаад Монголын хүн амын 20 хүрэхгүй хувь нь нүүдлийн мал аж ахуй эрхэлж байгаа ба ерөнхий бүтцээрээ Монгол нь урбаник нийгэм болжээ. Гэтэл нүүдэлчин сэтгэлгээ маань хот хөдөөгүй ноёлсоор байна. Баялагт хайхрамжгүй ханддаг, үрэлгэн, өсгөж үржүүлье гэхээсээ үрж дуусгая гэсэн ухаалаг бус хэрэглээ манай өнөөгийн нийгмийн нэгэн том эмгэнэлтэй үзүүлэлт юм. Ноолуураар олсон чамгүй баялгийг хүн толгойтой болгон мотоцикл авах, жилдээ ганц хэрэглэх хүнд даацын машинтай болох, наадамд ганц унах үнэтэй жороо морь хэд хэдийг сойх, жирийн хүний дээл эмждэг хоргойгоор бүтэн дээл тэр байтугай өмд хийж өмсөн баярхах, хуримын бэлгэнд нэр нүүрээ бодож байгаа нэрээр хоорондоо өрсөлдөж гайхуулцгаах зэргийг нүүдэлчдийн сэтгэлгээний үлдэгдэл, нүүдэлчиддээ хадгалагдсаар байна гэж бодъё. Гэтэл хамаг хөлсөө гоожуулж олсон хэдэн төгрөгөөрөө заавал ч үгүй Мэрсэдэс Бэнц юм уу, Тоёота Лэнд Крузэр авч гангарах, төрсөн өдрөө Сингапур, Австралид тэмдэглэх, хамаг нэр нүүрээ барж худал хэлж байж банкнаас авсан зээлээрээ гэрээ гоёх, ресторан байгуулах, ашиггүйг нь мэдсээр байж зочид буудал барьж томрох, хулгай хийхээс наагуур хууль бусаар олсон мөнгөөрөө кино, шоу спонсордож мандах зэргийг нүүдэлчин сэтгэлгээний хотожсон илрэл гэхээс өөрөөр юу гэж тайлбарлах вэ.
Нөгөө нэг том үйлчилж буй хүчин зүйл бол социализмын сэтгэлгээний инерц байна. Юуны түрүүнд социализм Монголд нийгмийн асар том дэвшил авч ирсэн, түүний дунд энэхүү дундад зууны хоцрогдсон ард түмнийг иргэншүүлж соёлжуулахад үндсэн түлхэц өгсөн гэдгийг эхлээд тэмдэглэн хэлье. Гэхдэг энэ нь олон улсын түүхэн байдал зохицолдлогоо, геололитикийн бодлого, хүйтэн дайны тусгал байсан болохоос урьд тайлбарлаж байсанчлан асар олон замаас МАХН зөв мэргэн жолоодоод ганц гайгүй овоо замаар нь орчуулчихсаны буян гэж үзэхгүй байна.
Бид өнгөрсөн 70 гаруй жилийн туршид социалист онол ёсоор халамжлагч төрийн системээр явж ирлээ. Иргэдийн хувийн санаачилга тас боогдмол байсан боловч нөгөө талаас төр нь иргэдээ хоол хүнс, дулаан оромж, үржих нөхцөлийн доод хязгаараар хангадаг байсан гэсэн үг. Тэр л утгаараа бид хүний гурван үеийн турш баяжих, эдийн засгийн сэтгэлгээгээ гарган нээх бопомжгүй авч нөгөө талаас яг л мөнөөх шоронгийн хоригдол, сэтгэцийн эмнэлгийн өвчтөн, асрах төвийн үйлчлүүлэгч, бага насны хүүхэд адил асрамжлуулагчийн амьдралаар амьдарсаар иржээ. Энэ нь бидний олон мянган жил туулсан нүүдэлчний идэвх санаачилгаар бага, биологийн хэрэгцээ нь хангагдвал хэл ам гаргах нь гайгүй илүү вулгар прагматик амьдралын шууд таарсан үргэлжлэл, шинэ хэлбэр нь болж өгсөн бололтой. Ийм амьдрал ч гэсэн өөрийн өр төлөөс, өртгийг нэхэх нь мэдээж ба үүнийг нь үзэл суртлын санал нэгдэх улс төрийн орчин, хүйтэн дайны нөхцөл байдал хангаж өгч байсан байна. Амьдралын хэв маяг нь нүүдэлчдийн тэртэй тэргүй ядуулаг эдийн засгийн сэтгэлгээг улам боомилон, хүний төлөө амьдарч байгаа юм шиг сэтгэлгээг улам бэхжүүлсэн бололтой. Ийм нийгэмд тэртэй тэргүй амьдралынхаа өртгийг гаднаас зүгээр зээлээд авчиж болдог юм чинь ямар нэг утга учиртай менежмент шаарддаггүй байв.
Ийм амьдралын хэв маягаар олон жил амьдарсан хүмүүсийн сэтгэхүйд гэр орноо аваад явъя гэхээсээ нийгмээр халамжлуулъя гэсэн сэтгэхүй давамгайлдаг. Нас залуу, ухаан саруул ханхар эрчүүд төр засаг, ард түмнээ харж үзэхгүй байгаа талаар шүлс үсчүүлэн шүүмжлэх нь даанч харамсам. Гэтэл судалгаанаас үзэхэд радиогоор зарлуулж буй хөдөлмөрийн биржийн зарлал захиалгын дөнгөж гучин хувьд нь л сонирхогчид ирж байна. Хойт замыг засах тендерт шалгарсан Солонгосын компани ажилд орсон хүнии хийсэн хөлсийг өдөрт нь өгье хэмээн зарлал гаргаад байхад ажиллах хүчин олдохгүй, одоо тэнд хятад иргэд, тэр байтугай алс холын халуун бүсийн энэтхэг, пакистан хүмүүс Монголын догшин ширүүн цаг уурт биеийн зүтгэх хүчний ажил хийж байгааг юу гэж тайлбарлах вэ.
Эдийн засаг гэдгийг энгийнээр тайлбарлахад үр ашиг гэсэн үг. Социализмд үр ашиг гэдэг нь үзэл суртлын хожоо гэдэг шал өөр ухагдахуунтай байлаа. Үзэл суртлын хувьд улам мандан бадарч өнгөрсөн жилээсээ тооны хувьд илүү их үйлдвэрлэж байвал бусад нь хамаагүй аж. Ямартаа 70-аад оны эцсээр зөвхөн “ерийн бажийнк” гэгч эрэгтэй хүний зуны гутал гурван сая үйлдвэрлэгдчихээд Лаост гуйж байж буцалтгүй тусламжаар өгсөн ба дахин нийлүүлэх гэхэд цаадуул нь татгалзаж байх вэ. Гэтэл борлуулалтаасаа үл хамаараад өнгөрсөн жилээс ч илүү үйлдвэрлэж байвал хамаг юм бүтэх юм шиг төрийн шийдвэр гаргагч зарим хүн өнөөдөр загнан шүүмжилж байгааг социализмын сэтгэлгээний хоцрогдмол инерц гэхээс өөрөөр тайлбарлах аргагүй. Дотоодын үйлдвэрлэлийг сэргээнэ хэмээн сүүлийн үед их л моод маяг болон орилох болсон лоозонгийн цаад жинхэнэ утга нь өнөөгийн шинэ нөхцөлд хаана ч борлогдох аргагүй хуучны нафталин шингээстэй бүтээгдэхүүнүүдээ дахин бөөний худалдааны яармаг гэгч дээр лангуу даахгүй болтол овоолохын нэр болов уу. Шинэ зах зээл олж шинээр ажиллан унасан аж ахуйгаа сэргээх нь та бидний өнөөгийн зорилго ба үүнд технологийн шинэ эрэмбэд гарсан өнөөгийн зах зээлтэй таарч уялдсан шинэлэг сэтгэлгээ хэрэгтэй болов уу. Чухам үүнд л боловсрол мэдлэг, мэдээлэл, байгалийн өгөгдөхүүн шаардлагатай байгаа юм.
Эцэст нь хэлэхэд энэ оронд олон жил бугшсан, энэ зуунд улам хэлбэршин чулуужсан “психоэкономус” буюу үнэндээ антиэдийнзасаг гэсэн сэтгэлгээ өнөөдөр илүүтэй ноёрхсоор байна. Цэвэр эдийн засаг нь ашиг, үр дүн гэдэг юмаар үнэлэмж хийдэг бол психоэкономид илүүтэй сэтгэлийн хөдлөл, сэтгэлзүйн өрсөлдөөн, хоосон мөртөө баярхах сэтгэлгээ илүүтэйгээр нийт эдийн засгаа тодорхойлох хүчин зүйл болдог байна. Чухам ийм сэтгэлгээ нь хэдэн мянганы турш монголчуудын энэ хорвоо дээр оршин тогтнох нэг баталгаа болдог байсан байж магадгүй, гэвч даяаршин хоорондоо улам ижилсэж буй өнөөгийн ертөнцөд энэхүү сондгой сэтгэлгээ нь тус болохоосоо ус болох нь их юм. Иймээс сэтгэлгээндээ хувьсгал хийж, өнөөгийн ертөнцийн жишигтэй таарч тохиръё гэж уриалах байна
1999.12.7
Монголчуудын түүх бүтээлээрээ 25 цуврал сэдэвчилсэн лекц бэлдлээ.
https://www.youtube.com/channel/UCi6ss4m9AdCyXy1GWKUe33A