Саяхан нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцээд зарим хороог хуваах замаар нийт 17 хороог шинээр байгуулахаар шийдвэрлэжээ. Ингээд бид Улаанбаатар 152 биш, 169 хороотой гэж ярьж сурах хэрэгтэй боллоо. Хотын хүн ам зогсоо зайгүй өссөөр 1,4 саяд хүрч зарим хороод хэт томорсонтулоршин суугчдын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ зэргийг харгалзан жижиглэсэн хэрэг. Гэхдээ зөвхөн Сонгинохайрхан, Хан-Уул ба Налайх гурван дүүрэгт хуваалт явуулсныг “зөвхөн Ардын нам ялсан дүүргүүдийн асуудлыг шийдлээ” хэмээн ИТХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авч эсэргүүцээд бараагүй ажээ. Үнэхээр Сонгинохайрхан шиг 300 мянга давсан хүнтэй аварга том Баянзүрх дүүрэгт АН бараг ялсан, бас өчүүхэн нутагтай Баянгол дүүрэгт бүрэн ялсан ба тэд бас хороогоо хуваалгах гээд чадаагүйг бодоход “буруу намын” асуудал үнэхээр байсан бололтой. 

Түүх сөхвөл, өнгөрсөн зууны дундуур Улаанбаатар хот 10 хороотой байсныг 1965 онд татан буулгаж Сүхбаатар, Октябрь,Найрамдал, Ажилчин, бас Налайх гэж бүхэл бүтэн үеийн дасал болсон 5 районыг байгуулж районы намын хороо, Ардын депутатуудын гүйцэтгэх захиргаатай болгожээ. 1990 оны намар намыг зайлуулж коммунист нэрсийг засахдаа нэгмөсөн бужигнуулж нийслэлийн төвийг 6 хувааснаар нар зөв тойруулж нэрлэвэл, Баянзүрх, Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг, мэдээж Налайх дүүрэг, нэмээд хотыг нүүрсээр хангах уурхайтай Багануур, махаар хангах үйлдвэртэй Багахангайг найм, есдэх дүүрэг болгон нэгтгэв ээ. Зуугаад км-ийн цаана таслагдсан дүүрэг гэдэг тун сонин, бас нийслэлийн төвийн дүүрэг хуваалт бас сонирхолтой.

Тэр үед зах зээл гэдэг хэцүү юманд орж өөрсдөө мөнгө олж амьдарна гэж тайлбарлаад үйлдвэр, аж ахуйн газруудын татвар орлогын хэмжээ, байгууллагуудын тоог дүүргүүдэд ойролцоо байлгах, мөн дүүрэг тус бүр байшин ба гэр хороолол хосолсон байна гэх мэтээр их л утга учиртай эсгэж нийслэлийн төв хэсгийгбялуурхуу маягаар зүсчээ. Сүхбаатар дүүрэг гэхэд Бэлх, Сэлхээс эхлээд зуслангаас орж ирдэг төв замын зүүн талаар долоон буудал, таван буудал, 100 айл, 11-р хороолол, Бага тойруугийн дотоод бүс тэр чигээрээ, түүний дотор Сүхбаатарын талбай, МУИС, ШУТИС, Спортын төв ордон, УБДС гэх мэтээр Сэлбийн голын баруун эргээр явсаар Энх тайвны өргөн чөлөөг давж нэгдүгээр төрөх, хуримын ордон, Хүүхдийн паркийг багтааж, улмаар баруун тийш тахийж 220 мянгат, Улсын цирк, тавдугаар хороолол, хүүхдийн 100, 40,50 мянгатын урд хэсэг 100-г хамж явсаар Голомт хотхоныг гүйцээж Баруун дөрвөн зам тулаад зогсож байгаа юм. 

Дүүргүүд хотыг хаа нэгтээгүүр хувааж хиллэх нь тодорхой ч Энх тайвны өргөн чөлөө, дөч, тавин мянгат хэмээх нэг цогцыг тасалж ийш тийш хишиг мэт хүртээсэн нь өнөөдөр биш болжээ. Байршил нь нэг төдийгүй утааны өтгөн шингэн нь яг адилхан зэргэлдээ хашаа өөр өөр дүүрэг. Хот жамаараа хэмжээ хязгааргүй тэлж байхад дүүргүүд төвөөсөө холдох үнэхээр дургүй. Нотолгоо нь гэвэл дүүргүүдийн Засаг даргын тамгын газрын “Иргэдэд үйлчлэх төв”, “Нутгийн удирдлагын ордон” гэх мэт нэртэй барилгууд юм. (Нийслэлийн төр захиргаа бол өөр хэрэг. Нүхт рүү нүүнэ гэдэг ч цагаа тулахаар худлаа)

Одоо нийслэлийн нутаг дэвсгэрийн нэгжийг бялуудаж биш байршлаар нь хуваах цаг болсон. Баянхошуу бол де-факто тусдаа дүүрэг. Яармаг мөн адил. Урд дэнж дээр нь болж байгаатай нийлүүлээд хараарай. Таван буудал, долоон буудлаас хойшоо “бие даасан” нь дээр. Тэртээ тэргүй тусдаа амьдрал харагддаг. Яг тэнд, утаан дунд ордонг нь барьж өгөөд дарга нарыг нь суулгах юмсан. Хойт зүгт эцэс төгсгөлгүй үргэлжилсэн зуслангуудад өөр удирдлага, зохион байгуулалт шаардлагатай. Улиастай, Гачууртын захын хороонд ба Сансар хороололд амьдардаг иргэд яагаад Баянгол дүүрэгт хамаарах ёстой вэ? Үе үе марзан юм болдог. 2012 оны сонгуулиар Сүхбаатар дүүргийн зарим хороо ба 150 км-ын зайтай Багануур дүүргийн хэдэн гудамжийг нэг тойрог болгож дураараа дургисан билээ. 

Дүүргүүдийг байршлаар хуваана гэдэг бол олшруулна гэсэн үг. Улмаар нэг талдаа хотын төвийн барилгаар дүүрсэн, нөгөө талдаа ундуй сундуй гэр хорооллын гэх мэт элдэв ялгаа гарч ирнэ. Өөр аргагүй. Тэгвэл тус бүрт нь тохирсон бодлого, төсөв, дэд бүтцийг хэрэгжүүлэх хэрэгтэй болно. Жишээлбэл, Улаанбаатар хотын үлдсэн түүхэн дүр төрхийг хадгалах үүднээс төвийн дүүрэгт нэмж барилгажуулахыг хязгаарлах гэх мэт. 

Энэ бол нарийн тооцоо судалгаагүй ерөнхий санаанууд. Ямар ч байсан өнөөдрийн нөхцөлд дүүрэг гэдэг бол засаг захиргааны хэтэрхий томдсон нэгж болжээ. Дүүргийн Засаг даргын тамгын газар гэж жижигхэн улсын Засгийн газар шиг ордонд суудаг нөхдийг тараан байршуулж иргэдэд нь ойртуулах, үүний тулд хороог биш дүүргийг хуваах ёстой бус уу? Дүүргийн сонгуульд УИХ-ынхаас дутахааргүй ширүүн өрсөлдөөн болж дүүргийн хурлын төлөөлөгчид гэж дахиж хэзээ ч үзэгддэггүй, ямар ч хариуцлага хүлээдэггүй, хороо гудамжаараа биш, гадаад дотоод аялсан нөхдүүд байна. Эрх мэдэл, төсөв мөнгөө үргэлж чамлана, тэгсэн хэрнээ ордон барих, тансаглах, үрэн таран хийх болохоороо хэнээс ч дутахгүй. Дүүргийн улс төр гэсэн балай юмыг зогсоох цаг болсон. Ерөөсөө дүүрэгт хурал гэж байхгүй болчихвол би лав гашуудахгүй. Өнгөрсөн хавар Баянзүрх дүүрэгт хувьсгал хийж Засгийнхаа ордонг эзлэхийг оролдсон байна. Тэр нь аль эрт доошоо халдварлаад хороон даргын суудлын төлөө амь дүйсэн тэмцэл өрнөж, тэр ч бүү хэл хэсгийн ахлагчдыг намаас томилон бужигнуулж байна.