Дөрвөн жил ба нэг жил
Хэдхэн өдрийн дараа Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МСНЭ)-ийн ээлжит их хуралтай.
Хэдхэн өдрийн дараа Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МСНЭ)-ийн ээлжит их хуралтай. Улс төрийн сонгуулиар төр, ерөнхийлөгч хоёр солигдчихоод байхад энд бас даган баясах нигууртай. Сэтгүүлчдийн байгууллагын толгойд хэн хэзээ гарч, хичнээн сууж, хэзээ бууж, хаашаа дэвшиж, хэнээс цол хэргэм хүртсэн түүхийг санахад л ойлгомжтой. Гэхдээ одоо улс төр холион бантан учраас 2-р сарын 8-нд бас тийм байх биз. МАН, АН-ын зүүн баруун жигүүрээс Мандахбаяр, Түвшинтөгс гээд нэрс дэвж, хажуугаар нь гүйчих санаатай нөхдүүд ч дуулдана.
Мэдээж хэн нэг нь Ерөнхийлөгч болно. Дараа нь манай дөрөвдэх засаглалынхамгийн том холбоонд юу өөрчлөгдөх бол? 2016 оны сонгуулиас сар гаруйн өмнө "Сайн мэдээний аян" гэгчийг зарлаж хэвлэл мэдээллийн салбараа бүтнээр нь зарчихаж байсан тийм л газар. Уг аяны болзолд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас санаачилсан нийт сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд өрнүүлэх “Нийгэмд тустай сайн мэдээ түгээх аян”-ыг Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хариуцан ажиллана. Хэвлэл мэдээллийн байгууллагууд түгээсэн сайн мэдээ бүрийнхээ тоогоор эдийн засгийн дэмжлэг авна" гэж байсан. Илүү ч үгүй, дутуу ч үгүй. Хугацааны хувьд Эрдэнэтын 49 хувийн нууц хувьчлалтай яасан сайхан таарав аа. Захиалсан юм шиг...
1990 он хүртэл монголын бүх сонин сэтгүүл, нэг радио, ганц телевиз, эрхлэгч, сэтгүүлч, идэвхтэн бичигч, найруулагч, операторуудыгхамт багтааж ирсэн Сэтгүүлчдийн холбоо 1990 оноос хойш хуваагдаж, буцаад нэгдэж, нэрээ хэд сольсоор өдий хүрчээ.
Өнөөдөр 2018 он. Ардчилсан, олон ургальч, хувийн өмчтэй нийгэмд хэвлэл мэдээллийнхэн аль хэдийнэ тус тусын эрх ашгаа хөөсөн. Эзэд гэхэд бүр хориод жилийн өмнөөс сонины холбоо, телевизүүдийн холбоо, өдөр тутмын сонины холбоо гэхчлэн зиндаархаад салж оджээ. Бүр дэргэдээ өөрийн сэтгүүлчдийн холбоог байгуулсан. Чөлөөт сонинуудын холбоо, чөлөөт сэтгүүлчдийн холбоо гэж дуулддагсан, одоо сураг тасарчээ. Монголын радио телевизийн академи, Монголын сэтгүүл зүйн академи, эмэгтэй сэтгүүлчдийн “Даймонд” клуб гэж үе үе цухуйдаг.
Өнөөдөр цахим сайтууд тоогоороо тэнгэрийн ододтой мөчөөрхдөг болсныг дагаж мэндэлсэн холбоодыг нэг амьсгаагаар нэрлэе. 1. Монголын сайтын холбоо. 2. Монголын мэдээллийн сайтуудын холбоо, 3. Монголын тэргүүлэх сайтуудын холбоо, 4. Монголын үндэсний сайтуудын хөгжлийн нэгдсэн холбоо, 5. Монголын мэргэжлийн сэтгүүлчдийн сайтын холбоо. Нээрээ шүү! Бүгд Ерөнхийлөгч, дэд, удирдах зөвлөл, гүйцэтгэх захирлын иж бүрдэлтэй. СаяханЕрөнхийлөгчийн мэндчилгээ гэсэн гарчиг хараад зогтуссан чинь сайтын холбооны Ерөнхийлөгчийнх байсан. (Дашрамд хэлэхэд, сайтынхан ингэж ард түмэндээ хандах тун дуртай). Харилцаа, хамтын ажиллагааг дэмжигч сэтгүүлчдийн холбоо фэйсбүүкт ул мөрөө үлдээсэн харагдана. Спортын сэтгүүлчдийн холбоо, Парламентын сэтгүүлчдийн холбоо аль эртнийх бол Залуу сэтгүүлчдийн холбоо, ялангуяа Шинэ үеийн залуу сэтгүүлчдийн холбоо дөнгөж өчигдөр мэндэлсэн байж таарна. Өнгөрсөн ням гаригт Нийслэлийн сэтгүүлчдийн холбоо үүсгэн байгуулах хурлаа хийж дахиад нэг Ерөнхийлөгчийг төрүүлэв.
Ингээд салаад явчихлаар сэтгүүлчид, сэтгүүл зүй нь тунаж үлдээд жинхэнэ ариун мөрийн замд ороход хангалттай хугацаа өнгөрсөн ч МСНЭ өнөөдөр өөрийгөө олж чадаагүй. Нөгөө л эзэд, дарга, эрхлэгч нар. Юун хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хараат бус байдал. Сургахыг Хэвлэлийн хүрээлэн, судлахыг бас Хэвлэлийн хүрээлэн, нийтлэл нэвтрүүлгийг бүртгэж тоолохыг Максима, ёс зүй сахиулахыг Хэвлэлийн зөвлөл, халамжлахыг компаниуд, сонгуулийн үеэр бол намууд, нэр дэвшигчид, харин шагнахыг холбоод өөрсдөө хийдэг болсон тул МСНЭ дахиад хэдэн өргөмжлөл нэмэх, ой тэмдэглэх, элдэв арга хэмжээнд нэрээ хавчуулахаас хэтрэхээ больжээ. Харин сүүлийн хэдэн жил Хятад, Өвөр Монгол руу олон удаа айлчилж чадсан байна. Ядахдаа нэг ч гэсэн ажлыг сайн хийсэн нь яамай даа.
Миний бие хамгийн сүүлд 2011 онд сэтгүүлчдийн их хуралд суусан ба социализмын үеийн МАХН-ын их хурал ба ардчилсан сонгуулийн мөчлөгийг дагасан дөрвөн жилийн их хурлыг жил тутмын чуулганаар солих саналтай байсан ч сонсгож чадаагүй.
Ийм учиртай. “Эрх барих дээд байгууллага” нь жил бүр эрхээ барьдаг бол цаг үе, өөрчлөлтөөс хоцрохгүй, тулгарсан асуудлыг шийдэх гэж дөрвөн жил хүлээхгүй, алдаж эндсэн бол жилдээ багтаан залруулна. Ганцхан жилийн дараа ажлаа дүгнүүлэх Ерөнхийлөгч зүтгэхгүй хаачихав. Чадаагүй бол баярлалаа, баяртай. ”Бид юу хийчихэв ээ?” “Хаашаа яваад байна?” “Яахуу?” мэтийн том том асуултыг дөрвөн жилд ганц биш, жил болгон өөрсөддөө тавьж хариулт хайна ...
Хорин нэгэн аймгаас олон зуун хүнийг жил бүр цуглуулах хэцүү, зардал чирэгдэл барагдахгүй гэж цааргалах биз. Өнөөдөр орон нутагт амьдардаг жирийн сэтгүүлчийн зиндааны хүн ядахдаа Нарантуулаар орох, хүүхдээ сургуульд хүргэх, семинарт суух гээд жилдээ 2-3-аас доошгүй удаа хот орж ирдэг. Энэ тоо нэгээр л нэмэгдэнэ биз. Ямар ч асуудалгүй.
Харамсалтай нь одоо МСНЭ-ийн Ерөнхийлөгч хэн болохоос өөр чимээ сонсогдохгүй байна. Харин ганц тайвшрах юм гэвэл бид ганцаараа асуудалтай биш. МҮЭ, МЗХ, МЭХ, МЭТНБХ, БХТН гээд жагсаалт байна. Бүгд дөрвөн жилд ганц их хуралддаг.
Монголын үйлдвэрчийн эвлэлүүдийн холбооны удирдлагад дөрөв, найман жилээр хадагдсан нөхдүүд өмч хөрөнгө, газраараа хэрхэн туйлсан нь хагас дутуу ил болсныг хүртэл ноднин ээлжит их хурлаа хаалттай хийж байгаад амжилттай нам дарсан. Тэр хүмүүс дахиад дөрвөн жил үргэлжлүүлнэ.
Зөвхөн ордонтой учраас Монголын залуучуудын холбоо оршин тогтнодог. 1990-ээд оны эхээр МХЗЭ задрахад лав 300 мянган гишүүнтэйбайсан энэ байгууллагыг тавхан хүн өмч хөрөнгөтэй нь хувьчлаад авчихсан билээ. МЗХ-ны их хурал гэгчид хэн суудаг бол, харах юмсан.
Харин байр байшингүй учраас л Монголын эмэгтэйчүүдийн холбоо сураг алдарсан байх. Хуралддаг уу?
Байртай байсан хэрнээ Улсыг батлан хамгаалахад туслах нийгэмлэг түүгээрээ орлого олж амьдрахын оронд дархлагдсан удирдлагууд улсын төсвөөс санхүүжилт авсаар, улам баримжаагаа алдан даварч хувийн ТББ руугаа гулгуулж залгихаар санаархаж, одоо төртэй заргалдаж байсан. Газрыг нь хэдийнэ хувийн болгож амжсан гэдэг. Лав их хурлаараа шийдээгүй, тийм хурал болоо ч үгүй.
1990-ээд оны эхээр Энх тайван, найрамдлын байгууллагуудын холбоо гэж 20-30 гишүүнтэй, бүхэл бүтэн ордонтой байгууллага байснаа нэг мэдэхэд Энх тайван, найрамдлын байгууллага нэртэй болж (ялгааг анзаарав уу?) хувьчлагдсан байх юм. Эхлээд урдах талбайгаа, дараа нь барилгаа зараад, эцэст нь зарсан газар дээр нь босгосон өндөр цамхагийн нэгэн давхарт тухалжээ. Одоо газар байхгүй, ордон байхгүй, харин хэдхэн хүн подхийгээд явчихсан. Солигддоггүй, бүтэн арван жилд ганц хоёр удаа хагас дутуу хуралдсан нэр хэмээсэн Ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга нарынх нь хийсэн ажил.
Сүүлийн үед тэдний шийрийг хатааж буй шинэ үеийн байгууллага хэд хэд бий. Нэг нь Сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөл. Хэдэн зуун СӨХ-ийг албан ёсоор гишүүнээр элсүүлж татвар хураадаг том газар. Ерөнхийлөгчөөр нь 2012-2016 онд УИХ-ын гишүүн Д.Арвин ажилласан бол 2016 оны сонгуулийн дараа УИХ-ын гишүүн Б.Саранчимэг халааг нь авчээ. Манай СӨХ-үүд намаа дагаад намирдаг уу гэвэл үгүй, тэднээс асуудаггүй юм байна. Энэхүү дээд зөвлөл бол ердөө хэдхэн хүний үүсгэсэн хувийн байгууллага. Тэр чигээрээ явахын оронд СӨХ-үүдийн нэр барьж толгой дээр нь гарахын хэрэг юун.
Гагцхүү тэд их хурлаа яаж аргалдаг бол?
Дараачийнх лав 2020 оноос наашгүй.
Нямка
сонсогч
setguulchid gedeg ih setgegchid niigmiin tuucheeb bh baital har daa
Зочин
Зочин
Сүхбаатар
Гэгээрүүлэх
салам
ОНОМ
Зочин