Д.Цогтбаатар: Харж л байя. Миний таамаглал буруу байгаасай
Хэрэв жинхэнээсээ ийм тогтолцоо хэрэгжиж эхэлвэл бизнесүүд ёстой төрийн дарамтанд орж, хэн нэгний нөмрөг дор орж аврагдахыг эрэлхийлдэг тогтолцоо бий болно. Тэгж хамгаалалтад орохгүй бол мөнхийн төрийн барьцаанд л амьдрах болно.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатартай ярилцлаа.
-МӨНГИЙГ НЬ ӨГӨӨГҮЙ БАЙХАД ТЭР ХҮН ЮУ ХИЙХ ЮМ?-
-Хотоос хоёр удаа ч сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд цаг үеийн асуудлаар ярилцлагаа эхэлье. Саяхан Улаанбаатарт үргэлжлэн орсон борооны улмаас үерийн гамшиг тохиолдож хүний амь нас хохирсон харамсалтай үйл явдал боллоо. Үүнээс үүдэж үерийн далан сэтэлж хууль бусаар барьсан барилга орон сууцны асуудал ч хөндөгдөж байна. Ер нь гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх тэр дундаа үерийн далан барьж, байгуулах асуудлыг шийдвэрлэхэд УИХ-ын гишүүдийн оролцоо ямар нөлөөтэй байдаг юм?
-Байгалийн гамшгийг урьдчилж хэлэх хэцүү. Гэхдээ ийм эрсдэл байсан уу гэвэл байсан. Энэ тухай УИХ дээр ч, өөрийн цахим хуудаст ч олон удаа бичиж, сануулж байсан. Жил гаруйн өмнөхөн алдарт Хэмнэлтийн тухай хуулийг хэлэлцэж байх үед мөл л Байнгын хорооны хуралдааны үеэр энэ асуудлыг сөхөж, сануулж, төсөвт далан шуудуу барих мөнгийг тавиулах гэж адгаж явлаа. Хэмнэлтийн хуулиар төсвийг нэлээд мэдэгдэхүйц хумьж, олонх төслийг зогсоохоор оруулж ирсэн. Түүнд нь үерийн далан барих асуудал ч багтсан байдаг юм. Тэгэхэд ингэж болохгүй ээ. Ялангуяа хүний амь нас, иргэдийн өмч хөрөнгө, олон нийтийн эрх ашгийг хамгаалах инженерийн бүтээн байгуулалт дээр хэмнэж болохгүй ээ л гэж байсан.
Мэдээж цаг үеийн шаардлага байсан л байх. Залуус гудамжинд “Хэмнэ” гээд жагсаад, Засгийн газар нь “Хэмнэнэ” гэж оруулж ирээд л. Ордон доторх улстөрчид нь ч хэмнэх байр суурьтай. Ийм үед хэмнэх буруу гэж урсгалыг сөрөх үнэхээр хэцүү шүү дээ. Гэхдээ байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх асуудалд хэмнэж болохгүй, төсвийг нь үлдээж өгөөрэй, санхүүжилтийг нь гарга гэсэн зарчмын байр сууриа илэрхийлж байсан. Гэвч дэмжигдээгүй. Ер нь эдийн засаг ямар ч хүнд, хэцүү байсан гамшгаас хамгаалах төсвөө танаж, татаж болдоггүй л дээ.
Энэ оны тавдугаар сард ч мөн л энэ асуудлыг ярьж байлаа. Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хороонд тухайн үед ажиллаж байхад 2 км ус зайлуулах сувгийг барьчихсан, гүйцээхэд 90 метр дутуу байв. Түүнийг барьсан компанийн буруу биш. Барилгын материалын үнийн өсөлттэй холбоотой. Төсвийг нь батлахад барилгын материалын үнэ өөр, өсөөгүй байсан гэсэн үг. Гэтэл явцын дунд үнэ өсөөд 90-хэн метр газарт төсөв нь дутаад нэмж өгөөч гээд компани нь явж байсан. Хэрвээ тэнд үер болбол 90-хэн метр дутсанаас боллоо гээд олон түмэнд яриад сууж болохгүй биз дээ. Иргэдийн нүүрийг яаж харах юм. Зүгээр нэг сануулга биш шүү. Төсвийг нь аль болох тануулахгүй, тавиулах гэж тэмцсэн. Товчоор хэлэхэд энэ асуудлаар өөрийнхөө байр суурийг хатуу хэлж, төсөвт тусгуулах гэж явсан нь баримттай үнэн.
-Улсын гэхээсээ орон нутгийн төсвөөр шийдвэрлэх боломж байдаггүй гэж үү?
-Хүмүүс хэлдэг л юм. УИХ-ын гишүүн хүн байж ус зайлуулах шугам, суваг шуудуй яриад жалга довны үзэл гаргалаа гэж зарим хүн тухайн үед шүүмжилж байссан. Яг үүнийг л болиулахын тулд Үндсэн хуулийг өөрчлөх хэрэгтэй гээд л ярьцгаасан. Уучлаарай, энэ чинь жалга довны үзэл биш байгаа биз! Том төсөл УИХ-ын гишүүн ярина, жижиг зүйл ярихгүй гээд орхигдуулвал юу болохыг харж байгаа байлгүй дээ, одоо ? Үер усны аюул гарвал тэр нь бүр үндэсний хэмжээний асуудал болж байгаа биз. Нийслэлийн төсөв яаж үүнийг дангаараа дийлэх юм. Засгийн газартайгаа хамтарч байж л барина. Суваг, шуудуй гэхээр сансрын пуужин хийх асуудал биш. Мөнгө нь байвал барина. Зураг төсөл нь ч бэлэн байдаг.
2012 онд намайг Байгаль орчны сайд байхад Голландуудтай усны асуудлаар хамтарсан судалгаа хийж дууссан байдаг юм. Тэд бол инженерийн байгууламжаар дэлхийд номер нэг улс. Далайн түвшнээс дор оршдог орон. Хэрвээ суваг, шуудуй нь байхгүй байсан бол яах вэ? Усанд автана. Тэгэхэд бүр далайгаас газар нэмж аваад хуурайшуулан ашиглаад аваад байдаг нь инженерийн байгууламжтай нь шууд холбоотой. Бүх хот нь тэр чигээрээ сувгийн системтэй. Түүнийгээ сайн барихад далайг хүртэл (далайг шүү дээ) зохицуулж болж байгаа биз. Уг нь тэр үед тус улсын мэргэжилтнүүдийн хийсэн судалгаа зөвлөмж байгаа. Тэрийг хэрэгжүүлээд явах ёстой юм. “Хатан Туул” гэж хөтөлбөр байна. 600 тэрбум төгрөгийн төсөвтэй, олон жил хэрэгжүүлэх уг хөтөлбөрийг мөн л Байгаль орчны сайд байхдаа батлуулаад суудлаасаа бууж байлаа. Өнөөдрийн үерийн усыг зайлуулах, усан сан байгуулах, холбогдох тохижуулалт хийх зэргээр хэрэгжих иж бүрэн хөтөлбөр. Гэвч хэрэгжээгүй.
Хараад байхад үер, усны гамшигтай холбогдуулж Д.Сумъяабазар гэдэг хувь хүн рүү дайрч байна. Гэтэл ийм эрсдэл үүсч болзошгүй тухай яриад, байр сууриа илэрхийлээд явахад хамгийн их ойлгож, дэмжсэн хүн нь Д.Сумъяабазар байхгүй юу. Мөнгийг нь өгөөгүй байхад тэр хүн юу хийх юм? Сая үер болоход Сүхбаатар дүүргийн хэмжээнд олон газар шуудайтай элсээр бэхлэлт хийж байна лээ. Тэр чинь л далан инженерийн байгууламжтай харьцуулахад хамаагүй бага хэмжээний ажил хэдий ч мөнгө шүү дээ. Иргэд нь хүртэл өөрсдөө далан, шуудуй хийлээ. Бас л мөнгө зардал шүү дээ. Тэгэхээр бүтнээр нь, цогцоор нь инженерийн шугам сүлжээ хийнэ гэдэг бол бүр их мөнгө. Тиймээс Засгийн газар, нийслэлтэйгээл хамтарч төсөв гаргаж шийдэх асуудал. Дан ганц нийслэл барьсангүй гэж шүүмжлэх нь өрөөсгөл. Тийм боломж нь хязгаарлагдмал.
-Таныг Байгаль орчны сайдаар ажиллаж байхад батлуулсан “Хатан Туул” хөтөлбөр ер нь хэрэгжсэн үү? Голланд инженерүүдийн хийсэн зураг төсөл одоо хаана яваа вэ? Сайд байсан хүний хувьд эдгээр төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаас нь хөөцөлдөж үзэв үү. Үнэхээр хэрэгтэй, үр дүнтэй төсөл байсан юм бол 2016 оноос хууль тогтоогчийн хувиар хэлж, ярих, асууж, сураглаж явах гол хүн нь Та өөрөө...?
-Уг нь зөвлөмж судалгаа, баримт материал нь бүх юм бэлэн. Тийм ч учраас үер усны асуудлыг тогтмол сөхөж тавьж, төсөв мөнгийг нь батлуулах гэж олон удаа ярьж, хэлж, шаардаж байснаа түрүү ярилаа. 2016 онд Монгол Улсын эдийн засаг ямар байдалтай байлаа. Талхаа таллаж авах хүртэл тийм хэмжээнд хямарсан байсан. Тэр үед ямарч төсөл яриад мөнгө нь байгаагүй. Сонгуулийн үр дүнгээр МАН Засгийн эрх барьсны дараагаас эдийн засгаа сэргээх талаас нь ажилласан. 2017 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар гарч ирсэн. Тэр үед эдийн засаг, гадаад худалдаанд томоохон өөрчлөлт ахиц гаргасан. Саяхныг хүртэл 2019 оны түвшиндөө одоо л хүрч байна гэж ярьцгаадаг болсон байсан. Нэг хэсэгтээ л өнөөгийн амжилтын баримжаа хэмжүүр нь тэр үе болчихсон байлаа.
Ямар ч байсан тэр үед дээрх төсөл, хөтөлбөрүүдийг түрүүчээс нь хэрэгжүүлэх гэж явсан. Одоо ч төсвийг нь тавиулах талаас нь шахаад л явж байна. Цар тахлын улмаас тухайн үед эдийн засагт тэргүүлэх ач холбогдол өгөх салбар эрүүл мэндийнх болсон. Гэсэн ч үер усны асуудлыг онцолж зүтгүүлдэг байсан. Бүр Хэмнэлтийн хуулийг ч зөрөөд л тулгамдах асуудалд мөнгө алга гээд л шүүмжлэлтэй байр суурь илэрхийлээд явлаа шүү дээ. Боломжийг хүлээгээд суувал тоймтой шийдэлд хүрэхгүй. Өөр юм руу орсоор хойшилно. “Ковид”-ын үеэр юун далантай манатай л нөхцөл байдалд байлаа. Харин одоо бол тэгэхгүй. Ямар ч тайлбар сонсохгүйгээр барь гэсэн шаардлагаа тавьж, шахаж байгаа.
-Боломжийг хүлээнэ гэхээсээ бидэнд байсан гарц, шийдэл нь Хэмнэлтийн хууль байсан юм биш үү?
-Ач холбогдол өгөх үү, өгөхгүй юу гэдэг л асуудал. Би хэлсэн шүү дээ, далан барих нь пуужин хийх асуудал биш гэж. Жишээ нь, гадаад, дотоодоос хаанаас ч зээл авахгүйгээр төмөр замаа өөрсдөө барих хуримтлал үүсгэж чадаж байсан. Одоо мөнгөтэй боллоо хийх зүйлээ хийх ёстой. Тэрэнд нь ямар ч хэмнэлт байж болохгүй.
-Сүхбаатар дүүргийн хувьд бусдаасаа ялгаатай бас онцлогтой. УИХ-д МАН, орон нутагт АН засагладаг. Магадгүй үүнээсээ болж засаглалын түвшинд үл ойлголцол үүсэх, танай, манай гэсэн улстөржилт үүсдэг, хөгжлөөс хойш чангаах гол шалтгаан болдог гэдэгтэй Та санал нийлэх үү? Ядаж үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэх асуудлаар санал нэгдээд нийслэл, Засгийн газар руугаа шаардлага хүргүүлж болдоггүй юм уу? Эрх биш ард нь иргэдийн амь нас, эд хөрөнгийн асуудал яригдаж байна?
-Миний хувьд яг тэгж л ажилладаг. Аль болох улстөржихгүй байх талаас нь асуудалд ханддаг. Хандсаар ч ирсэн. Манай, танай нам ч гэж яриад байдаггүй. Гэхдээ эрх барих түвшинд нь хоёр өөр нам байгаа болохоор улс төр яах аргагүй л байдаг. Гол нь ийм асуудлаар улстөржиж болохгүй гэдэгт санал нэг байна. Засаглалын түвшиндөө хоёр өөр намын бодлого, байр суурь мөргөлдөж, хүндрэл учруулах нь бишгүй. Хажуугийн Чингэлтэйг хараарай, зам харгуй, камер, гэрэлтүүлэг, тохижуулалт нь тэс өөр. Уг нь Сүхбаатар бол хотын төвийн дүүрэг. Гэтэл тэнгэр, газар шиг ялгаатай. Ялангуяа гэр хорооллын орчимд.
Далангийн асуудлаар гэхэд “Наадах чинь зөвхөн Сүхбаатар дүүргийнх биш шүү. Баянзүрхийн асуудал шүү” гэдгийг хэлж л байсан. Ер нь тал талдаа ойлголцоод асуудлаа шийдээд явах ёстой. Энэ тухай олон нийтийн сүлжээнд ч байнга бичдэг.
-Гэхдээ УИХ-ын гишүүний эрх үүрэг олон нийтийн сүлжээнд бичихээс арай өөр агуулгатай...?
-УИХ дээр шийдвэр гаргахад зөвхөн нэг гишүүнийхээр шийдэхгүй биз дээ?
-Мэдээж олонхиороо шийднэ?
-Тэр олонх чинь бүгд ардаа сонгогчидтой хувь гишүүд. Тэд сонгогчидтойгоо шууд уулзахын зэрэгцээ бас олон нийтийн сүлжээгээр дамжуулж харьцдаг. Тухайн асуудлаар олон нийтийн уур амьсгал ямар байгаа талаар мэдрэмж ч авч байдаг. Тэгэхээр аливаа асуудлыг шийдүүлэхийн тулд нийгмийн дэмжлэг сайн байх хэрэгтэй. Тэгэж байж олонх гишүүдийн дэмжлэгийг авна. Төсөв гэдэг бол улс төрийн хэлэлцүүлэг. Зөв байх хангалттай биш. Тэнд олон нийтийн дэмжлэг хэрэгтэй. Тэгэхгүйгээр явахгүй. Олон нийт, сонгогчид руугаа хандаад байдаг нь ийм учиртай. Олон нийтээрээ нэг давалгаалахад Засгийн газар ихэнхдээ хариу үйлдэл хийж ямарваа нэгэн шийдвэр гаргадаг нь үнэн биз дээ. Тиймээс л нийгмийн сүлжээ гэж яриад байгаа юм.
-Гол нь нийгмийн сүлжээ олон нийтийг төлөөлөх хэрэгсэл мөн үү гэдэг нь бас эргэлзээтэй шүү дээ?
-Тийм ээ. Зөвхөн сошиал гэлтгүй иргэдтэй уулзаж ярилцах нь чухал. Энэ хавар иргэдтэйгээ олон уулзсан. Үндсэн хуулийн хэлэлцүүлэг гээд бүтэн хоёр тойрсон. Тойргийнхоо гишүүдтэй ч байнга ярина.
-ЭНЭХҮҮ ӨӨРЧЛӨЛТ БИДЭНД ИХ ҮНЭТЭЙ ТУСНА-
-Үер, устай холбоотой асуудлыг ингээд хаая. Хаврын чуулган хаахаас урьтаж Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, гишүүдийн тоог 126 болголоо. Үндсэндээ Ардын Нам эрх барьж байх хугацаандаа буюу 2019 оноос хойш хоёр дахь удаагаа “Эцэг хууль”-даа гар хүрлээ. Ерөнхий сайдыг парламентын барьцаанаас гаргасан, сонгодог парламентынхаа тогтолцоо руу нэг алхам урагшилсан зэргээр сайн талууд мэдээж бий. Харин саяын өөрчлөлт буюу гишүүдийн тоог 126 болгож нэмэхэд эсрэг байр суурь илэрхийлсэн хүний нэг нь Та байх аа?
-Нэгэнт баталсан өөрчлөлтийн тухай одоо юу ярих вэ?. Гэхдээ энэхүү өөрчлөлт бидэнд их үнэтэй тусна.
-Үнэтэй гэдэг нь...?
-Улс орны эдийн засаг, улс төрийн тогтвортой байдал зэргээр миний хэлж байсан байр суурийг маш олон хүн эргээд санах байх даа. Чадахаараа л хэлсэн, гэхдээ цөөнх болсон. Мэдрэмжийн тухай ярьж байгаа юм биш шүү. Уг нь ийм хэмжээний асуудлыг цаанаа асар их судалгаатай, эрүүл дүн шинжилгээнд тулгуурлаж шийддэг. Гишүүдийн тоог нэмлээ гэхэд одоогийн зардал нь улам нэмэгдэнэ. Шийдвэр гаргалт улам удааширч, Засгийн газар нь тогтворгүй болно. 126 гишүүнтэй УИХ-ын төсөв гэдэг овоо нэмэгдэнэ шүү. Бид тийм баян болчихоогүй байна. Уг нь нэг ч гэсэн эрх мэдэлтнийг улсын төсвөөр тэжээмээргүй л байгаа биз дээ. Хэмнэлт гэж яриад байсан.
Одоо бол хамгийн их санаа зовж байгаа зүйл нь Засгийн газрын тогтвортой байдал. Гэхдээ харж л байя. Миний хүсч байгаа ганц зүйл байна. Тэр нь миний буруу байгаасай. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх үеэр нэг юмыг хамгийн сүүлд хэлж байж протоколд оруулсан. Нэгдүгээрт, төсөв нэмэхгүй шүү. Нэмлээ гэхэд пропорциональ хамааралтайгаар нэмэхгүйгээр тогтоох.Тэгэхээр гишүүд зөвлөх, туслахуудынхаа тоог хасхаас эхлээд үр дагавар гарах байх. Уг нь тийм ч сайн зүйл мэдээж биш. Энэ чинь хууль баталж байгаа хүмүүс. Хуулийн чанар гэж байна. Үүнийг мэдлэгтэй баг, хүмүүсийн хүчээр зохицуулдаг. Хоёрдугаарт, Үндсэн хуульд найман жил гар хүрэхгүйгээр хуульчилсан. Өмнөх нэмэлт, өөрчлөлтийг хийхэд ч тийм байдлаар баталсан.
-Найман жил ямар нэгэн байдлаар өөрчлөлт оруулахгүйгээр хуульчилсан ч Ардын Нам эрх барьсан долоон жилд хоёр удаа гар хүрчихлээ?
-Өөрчилсөн заалтууддаа найман жил хүрэхгүй гэсэн байгаа. Огт хүрээгүй заалтууд нь нээлттэй гэсэн үг. Гэхдээ найман жил хүрэхгүй гэсэн заалтын хүрээнд миний хувьд нэг юмыг тодруулж протоколд оруулсан. Ажлын хэсгээс миний тавьсан асуудлаар ойлголтоо нэгтгэж, хүлээж авсан. Юу гэхээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг бид бүгдээрээ сайн байх тухай ярьж байгаад л баталлаа. Муу байвал яах юм? Тэгвэл зохих дүгнэлтийг найман жилийн дараа гаргаж, асуудлыг эргэж харах боломж нээлттэй байх ёстой. Угаасаа найман жилийн дараа Үндсэн хуулийг эргэж харах асуудал нээлттэй болох учраас. Гэтэл эргэж заавал дүгнэнэ гэсэн тодруулгыг хийхгүй нээлттэй орхичихоор найман жилийн дараа болохгүй байна гээд л албан ёсны дүгнэлт хийхгүйгээр яваад байж болохгүй.
Найман жилийн дараа заавал дүгнэнэ шүү гэсэн ойлголцлыг Ажлын хэсгээр хүлээн зөвшөөрүүлж, протоколд тусгасан.Одоо тэгээд хэрхэхийг харцгаах л үлдлээ. Дүгнэлт өгөх найман жилийн хугацаанд миний ярьж байсан болгоомжиллууд буруу байсан байгаасай л гэж хүсч байна. Зөв байлаа ч баярлах юм байхгүй л дээ.
-1992 оноос хойш сонгуулийн үр дүнгээр бүрдсэн үе үеийн парламентын төлөөллийг харахад хэтэрхий тойрог шүтсэн, түүнийгээ тойрсон төсөв баталсаар ирсэн нь өөрөө хөгжлөөс хойш чангаах, хэтэрхий жал, довны үзлийг дэвэргэж ирсэн шалтгаан гэдэгтэй санал зөрөхгүй байх. Төсөв хэлэлцэж эхлэхээс батлах хүртэл Монгол Улс 77 Сангийн сайдтай болдог нь нэг гишүүнд хамаарах эрх мэдлийн төвлөрөл хэт данхайсны бодит жишээ. Нэг талаасаа энэ нь парламентаа давжаа харагдуулдаг, нөгөө талаас УИХ-ын гишүүнийг бүхний “дарга” болгох хөшүүрэг болж ирсэн юм биш үү? Үүнийг л задлах, эрх мэдлийн хуваарилалтыг багасгаж, танах нь энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтийг гол онцлог гэж яриад байгаа шүү дээ?
-Нэгдүгээрт, манай парламентын өнөөгийн бүрэлдэхүүн нийт хүн амтайгаа харьцуулахад дэлхийд түгээмэл байдаг харьцаатай дүйцдэг. Гуравхан сая хүнтэй орны парламентын тухай яриад байгаа юм. Нийт төрийн албан хаагч нь 150 мянга гаруй. Төрийг хэт томорчихлоо гэж ярьдаг биз дээ. Тэр дотор парламент нь ч орно. Төр өөрөө цомхон байх ёстой. Хүмүүс нэг юмыг мартчихаад байна. Төр нь дандаа авлигач байсан юм шиг ярьж байна. 1990-ээд оны үед авлига бараг байгаагүй.Манай эдийн засаг маш хямралтай зутруу байсан. Төрийн албан хаагчид нь маш цомхон байсан. Элдэв хүнд суртал, тусгай зөвшөөрөл нэн цөөн эдтйн засаг либерал чөлөөтэй байсан. Нэг мэдээг хайгаад үзээрэй. УИХ-ын нэг гишүүнийг парламентаас чөлөөлсөн байдаг шиг санагдаж байна. Тухайн үеийн “Walkman” тоглуулагч тараасныг хувьдаа авсан шалтгаанаар бил үү дээ, тийм л цэвэр байсан байгаа юм. Тэгэхэд 76 л гишүүнтэйгээ байсан шүү дээ.
-Наад зах нь ёс зүй гэж ойлголт тэр үед байдаг байж?
-Тэгэлгүй яах вэ. Тэгэхээр асуудал 76-даа биш байгаа биз дээ. Өнөөдөр яаж байна. Социалист эдийн засгийн үе рүүгээ буцаад явж байна. Яг үнэндээ 1990-ээд оны үед төрд ажиллах хүн байгаагүй юм.
-Чөлөөт зах зээлийнхээ зарчмаар бүгдээрээ ганзагын наймаа хийсэн...?
-Ганзага, хувийн наймаа, бизнес хийж, компани байгуулж явсан үе. Чөлөөт зах зээлийн эдийн засаг тэгж л явдаг, явах ёстой. Гэтэл өнөөдөр хэтэрхий “Төр төв”-тэй эдийн засгийн бий болгочихлоо. Жишээ нь, Австралид их сургууль төгссөний дараа тэндэхийн найзуудын маань хамгийн сайн нь “Голдман Сакс”, “JP Morgan” руу орцгоосон. Дундчууд нь төрд орсон. Яагаад вэ? Учир нь тэндэхийн төрд ажиллавал амьдрал нь баталгаатай. Гэхдээ хэзээ ч том компанид ажиллаж байгаа хэд шигээ чинээлэг хангалуун амьдрахгүй. Сайнууд нь хувийн салбар руу ордог. Манайд болохоор төр рүү орох гэж дайрцгаадаг. Эдийн засаг нь, нийгэм нь бүхэлдээ төрийг түшиглэн амьдарч буйн жишээ.
Тиймээс төрийн өмчит аж ахуйн нэгж дахин нэгийг ч байгуулахгүй байхаар моратори тавьж хорих тогтоолын төсөл боловсруулсан. Энэ бол төрд нүүрэлсэн авилга, хулгайтай углуургаар нь тэмцэх тухай яриад байгаа юм. Авлигачдыг мянга барьж, цагдаад ч систем нь хэвээр байсаар байвал хэдэн ч аавын хүүг хэд хэдэн жилийн мөчлөгтэйгөөр хорисоор байхыг таашгүй. Хулгай ч зогсохгүй. Төр нь өөрөө ийм томорсон, бас хөрөнгөтэй байгаа тохиолдолд.
-ҮҮНИЙ ЭСРЭГ ЯРЬЖ, ШҮҮМЖИЛЖ БАЙСАН ХҮМҮҮСИЙН НЭГ БОЛ БИ ШҮҮ-
-Төр ингэж данхайхад Таны оруулсан хувь нэмэр бий л байх. 2016 оноос хойш УИХ-ын гишүүнээр ажиллалаа. Үүнийхээ гурван жилд нь сайд хийлээ. Яагаад тухайн цаг үед нь үүнийг хэлж, яриад хийж, хэрэгжүүлж болоогүй юм бэ?
-Хамгийн түрүүнд, хамгийн тууштай үүний эсрэг ярьж, шүүмжилж байсан хүмүүсийн нэг нь би шүү. Асуудлыг углуургаар нь шийдэх гээд яриад байсан байгаа биз? УИХ-ын гишүүн гэдэг байр сууриа илэрхийлж, нөхцөл байдлыг олон нийтэд танилцуулж, ойлгуулах үүрэгтэй. Аливаа бодлого гаргахад оролцож, түүнийгээ хууль тогтоомжид тусгахын төлөө ажиллах ёстой. Шаардлагатай бол ажилд саад болж буй суурь бодол, сэтгэлгээг өөрчлөхийн төлөө явах ёстой. Хууль хяналтын байгууллага хулгайчтай тэмцдэг. Төрийн бодлого боловсруулах байгууллага нь хулгайтай тэмцдэг. Эмнэлгээр яръя л даа. Өвдсөн хүнийг эмнэлэг, эмч л эмчилнэ. Яаж эмчлэхийг Төр ярьж болохгүй. Харин эмнэлгийн үйлчилгээ хүртээмжтэй, чанартай эмч, сувилагч нарын мэдлэг, бэлтгэл зохих түвшинд байх, тогтолцоог төр бодлогоор зохицуулна. Үүн шиг хууль хяналтын байгууллага нь авилага, хулгайчтай тэмцэнэ. Цаад суурь шалтгааныг нь зохих хууль, бодлогоор өөрчилнө. Харин ийм өөрчлөлтийг хууль хяналтынхан хийж чадахгүй. Тэд хэрэгжүүлнэ.
-Хуулиа дагана гэдэг шиг л...?
-Тийм ээ. Тийм учраас авилга хээл хахуулийг зогсооё гэж байгаа бол суурь өөрчлөлтүүдийг хийх ёстой. Тэгэхийн тулд, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг нэмж байгуулахгүй болгож хориод зогсохгүй. Одоо байгаагийнхаа санхүүг ил тод болгож, бололмжтойг нь хөрөнгийн биржэд гаргаж олон нийтийн хяналт, оролцоотой болгох ёстой. Ингээгүй цагт хулгай, авлига зогсохгүй. Одоо байгаа нөхцөл байдал үргэлжилнэ. Хууль хяналтын байгууллагууд тэмцээд л байна, хулгай луйвар түр зогсоод л үргэлжилнэ. Шинэ хулгайчийг суулгаад л, шийтгээд л байна. Харин хулгай гэдэг үзэгдэл нь буурахгүй.
-Яагаад. Харин хазаарлахгүй гэж үү?
-Түүнийг өдөөгч тогтолцоо нь хэвэндээ байгаад байгаа учраас. Иймээс л сууриар нь өөрчлөх тухай яриад байгаа юм. Үүнийг УИХ, Засгийн түвшинд бодлого гаргаж хийнэ. Энэхүү ялгааг ойлгох хэрэгтэй. Эдийн засагт төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн орон зай зонхилох болсон үзэгдэл нэлээд эртнээс эхтэй. Барилга, банк, тээвэр, хөдөө аж ахуй зэрэг томоохон байж болох бүх салбарт Төрийн аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа эрхэлж байна. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн сөрөг үл дагаварын талаар бүр 2015 оноос л ярьж эхэлсэн. Барилга, хот байгуулалтын сайдаар 2015 онд ажиллаж байхдаа ТОСК-ийн дүрмийг өөрчилж, түүнийг барилга барьж хувийн салбарын бизнесийг булаадаг биш, үл хөдлөх хөрөнгийг хөгжүүлж, менежмент хийснээр барилгын салбараа дэмждэг болгоод үлдээсэн.
Тэгэхгүй бол барилгын салбарт Төр гажуудал үүсгэж, шударга өрсөлдөөний орчныг эвдэж байна гэж үзсэн юм. Харин ТОСК үл хөдлөх хөрөнгийг хөгжүүлдэг компани болсноор аливаа газрыг аваад зам харгуй, дэд бүтцээр нь ханган илүү үнэтэй болгоод барилгын компаниудтай харилцан ашигтайгаар хамтран ажиллах тогтолцоонд шилжсэн. Авлига өгөөд хотын төвд газар авч, барилга бариад байгаа шалтгаан нь бол дэд бүтэц нь тэндээ л төвлөрснийх. Дэд бүтэцтэй учраас үнэтэй байна. Бусад газарт нь яагаад авахгүй, барихгүй байна. Дэд бүтэцгүй учраас. Тэгэхээр ТОСК хотын төвөөс өөр газруудыг хөгжүүлээд өгвөл бизнесүүд тэндээс хууль ёсоор газрыг нь худалдаж аваад л барилга байшингаа бариад явчихна.
Эргээд барилгын компаниудаасаа байрыг нь бас худалдаж аваад өөрийн байрны фондыг өсгөж болно. Ийнхүү худалдаж авахдаа газрын үнийнхээ тодорхой хэсэгт байраа авч болно, эсвэл барилгын эхний шатанд тусгай үнэ тохирч болно. Ингэх тохиолдолд төр хувийн салбартай өрсөлдөхгүй, бизнесийг нь булаахгүйгээр харин харилцан нөхсөн үйл ажиллагаа явуулдаг болох юм. Өөрийн фондод байгаа байруудыг түрээсэлж ч болно. Үүнийг хэрэгжүүлэх зорилгоор түрээсийн орон сууцны хөтөлбөрийг Монгол Улсад анх удаагаа боловсруулж батлуулж байв. Өмнө нь ерөөсөө байгаагүй хөтөлбөр. Дээрх зарчмаар ТОСК-ийн дүрмийг өөрчилсөн, үл хөдлөх хөрөнгийн компани болгосон. Тэгэхээр би төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийг хямагдах гэж нэлээн дээрээс, УИХ-д сонгогдоогүй байх үеэсээ л ажилласан байгаа биз. Өнөөдөр гэнэт сэрсэн юм шиг гарч ирээд яриад буй зүйл биш.
-Төр нь компани байгуулж хувийн хэвшилтэйгээ өрсөлдөхгүй гэдгийг Ерөнхий сайд нэг бус удаа хэлсэн. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг ч парламентаар хэлэлцэж, батлах нь тодорхой болсон?
-Харин ч сайн шдээ. УИХ, Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа ийм суурь асуудлаар уялдаатай нэг чиглэлд явж байна гэдэг чинь сайн. Энэ асуудлыг миний хувьд ТОСК-ийн дүрмийг өөрчлөхөөс эхлээд л ярьж байгаа. Мөн 2022 оны нэгдүгээр сард тогтоолын төсөл боловсруулж, батлуулах саналаа УИХ-ын нэгдсэн чуулганын хуралдаанд тавьсан. УИХ-ын дарга Г.Занданшатар дэмжсэн. Энэхүү тогтоолыг санаачилснаар зүгээр нэг хориг хязгаарлалт хэрэгжүүлэхгүй. Цаана нь нийгмийн болохгүй, бүтэхгүй бүх асуудлыг л Төрийн өмчит компани байгуулан шийднэ гэсэн “большевик” бодол санааг л тас цохих гээд байсан юм. Бодлыг өөрчилснөөр үйлдэл өөрчлөгдөнө. Тухайн үед төрийн өмчийн компаниудад цэг тавих тухай тодорхой санал ярихад дэмждэг хүн нь цөөн, харин “Төрийг муу менежер гэж хэн яриад байгаа юм бэ” гэх маягийн асуудал тавиад эсэргүүцдэг хүн нь арай олон байсан. Одоо өөр болсон.
-МОНГОЛ УЛСЫН ИРГЭН БҮР ШУДАРГААР БИЗНЕС ХИЙХ УГ НЬ БҮРЭН ЭРХТЭЙ-
-Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлаас хамгийн анхаарал татах нь Төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээд тендерт оролцох, хөнгөлттэй зээлд хамрагдах, концесс авах зэргийг хориглосон заалт бүхий Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөл. Төслийг дэмжих нэгэн ч байна, шүүмжлэлтэй хандах зарим нь ч байна. Таны хувьд яг аль талд нь явна вэ. Улстөрч нь улстөрчөөрөө, бизнесийнхэн нь бизнесээрээ явах нь төслийн гол агуулга, ач холбогдол гээд байгаа шүү дээ?
-Угаасаа тийм байгаагүй юм уу? Жишээ нь, Та УИХ-ын гишүүн боллоо гэхэд АТГ-д хөрөнгө орлогын мэдүүлгээ өгдөг. Та бизнес хийж болохгүй. Угаасаа болохгүй. Харин Таны гэр бүлийн хүмүүс бизнес хийж байгаа бол ямар нэгэн нөлөөгөөр тендер авч болохгүй. Хууль уг нь ийм л байгаа. Эсвэл болдог байсан юм уу?
-УИХ-ын гишүүн мэдээлэлд ойр байдлаа ашиглаж ЖДҮ-ээс зээл авсан, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байхдаа хамаарал бүхий этгээдээ концесст шалгаруулсан зэргээр яривал урт цуваа хөвөрнө?
-Тэрийг чинь хуулиар зөвшөөрөөгүй л байсан шүү дээ. Байх ч ёсгүй. Тийм ч учраас хүмүүсийг шалгаж, хариуцлага хүлээлгэсэн биз дээ. ЖДҮ дээр гэхэд хариуцлага хүлээгээд явсан хүн олон. Тийм биз. Хууль чинь угаасаа тийм байсан. Одоо бүр тодотгоод оруулж ирж байна. Буруу гэхгүй. Харин хэтэрхий их битгий нугалаасай гэж бодож байна. Миний хувьд нэг ч концесс, гэрээ, ажил, зээл Төрөөс авч байгаагүй. Боловсролын зээлээс ч хол хүн. Төсөв, Төрийн мөнгөнөөс хол явж ирсэн нь миний зарчим. Яаж ч ухаад төсөвийн мөнгө төгрөгтэй холбоотой юу ч гарч ирэхгүй. Тэгэхээр энэ хууль гарахад надад бол болгоомжлох эмээх зүйл алга. Тиймээс эрх зүйн зарчим талаас ганц хоёр зүйлийг ярьмаар байгаа юм.
УИХ-ын гишүүн хэн нэгэн хүн болсноор түүний хамаарал бүхий хүмүүсийг нь бүгдийг нь “хулгайч” гэж урьдчилан тооцоод байгаа мэт санаа гараад байгаа юм. Сэтгүүлч Та, жишээлбэл, өнөөдөр УИХ-ын гишүүн болох тухай бодоогүй ч үгүй явж байгаа биз дээ. Танай эхнэрийг тэгээд зөндөө бизнестэй гээд бодоё. Төртэй холбоотой компанид нэг бизнесийн шугамаар нийлүүлэгч байлаа гэж бодоё. Өнөөдөр Та төрөөс холоос хол хүн учраас нөлөөлөөгүй, эхнэр чинь шударгаар тэрхүү гэрээг авчээ. Маргааш Та УИХ-ын гишүүн боллоо. Тэгэнгүүт дээрх гэрээг авчихсан байснаараа “хулгайч” мэт болоод үүнийг таслан зогсооно. Уг нь, зүй нь ийм гэрээ үргэлжлээд явахад юу нь шударга бус байгаа юм. Гэтэл хуулийн дагуу таслан зогсооно гэж ойлгож байгаа.
Нөхөр нь гишүүн л болсон бол тэр гэрээ зогсоно. Энэ чинь юу гэж байгаа гэхээр гэрээ гишүүн болохоос нь өмнө хойно хийгдсэнээсээ үл хамаараад гишүүний л хамаарал бүхий этгээд бол шударга бус, цэвэр бус л байж таараа. Өөрөөр байх боломжгүй гэж урьдчилан тооцоод байгаа учраас зогсоох санкцийг хэрэглэж байгаа юм. Хуулийн практик хэрэглээ нь ийм агууллагатай болчихвол хууль үг үсгээрээ тэгж хэлээгүй байгаа ч гэсэн “гэмгүйн зарчим”-ыг зөрчсөн зүйл болно. Нөлөөлж авч өгөөгүй л бол Монгол Улсын иргэн бүр шударгаар бизнес хийх уг нь бүрэн эрхтэй. Наад зах нь л Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактыг л зөрчөөд байх шиг байгаа юм.
Бод доо, 150 мянган төрийн албан хаагч, тэдний гэр бүлийг бодоход 450 мянган иргэн хэдхэн хүн Төрд орж ирсний төлөө маш олон эрхээсээ татгалзах шаардлагатай болж байгаа юм. 10 хүүхэдтэй айл байя гэж бодоё. Нэг нь гишүүн болсон биш нөгөө 9 нь тэрнээсээ гуйхгүйгээр хийж болоод ирсэн олон зүйлээсээ татгалзах болох нь. Тэр нэг хүн нь нөлөөлөхгүй хүн байлаа гэж бодоё л доо. Гэтэл тэр хамаагүй, гишүүн болсон л бол, төрд өндөр алба хашиж байгаа бол нөгөө ес нь олон эрхийг хаана. Бүгд өөр өөрийн амьдралтай нөгөө нэгээсээ огт хамааралгүй амьдралтай хүмүүс зөндөө. Үүнийг бас тооцохгүй. Бүх гэрийнхнийхээ эрхийг хаалган байж албан тушаалд очсон хүн чинь тэгээд нөгөөдүүлийнхээ өмнө харин ёстой жинхэнэ өрөнд орно биз. Тэр хүнийг тэгээд бусдынхаа “хохирол”-ыг нөхөж тэжээ гэж байгаа юм уу. Ёстой далдуур авлигыг жинхэнэ өөгшүүлнэ. Хамаатан саднаараа тэгж шууд хэлэгдэхгүй ч, тойруу утгаараа урьдчилан тодорхойлогдоод явах чинь шударга ёсонд нийцэх үү. Эсвэл би буруу ойлгоод байна уу?
-Төрийн өндөр албан тушаалтан ЖДҮ, концессийн асуудалд холбогдсон мөртлөө дахиж сонгогдоод бүр сайд хийгээд явж байгаа нь хатуу хуульчлахаас өөр сонголтгүй болгосон юм биш үү. Хуулийн хатуу хязгаар тогтоож өгөөгүйгээс ийм байдал газар авсныг буруутгах аргагүй?
-Тийм зөрчилтэй хүмүүс байгаа бол тэрийг нь шийдээд, хариуцлага тооцох л асуудал. Хууль зөрччихсөн байгаа бол хариуцлага тооцох заалттай хууль нь байна. Халаасны хулгайч байна гэдэг чинь түүний эсрэг эсрэг хууль байхгүй гэсэн үг биш шүү дээ. Та бодоод үз дээ. Маргааш сэтгүүлч Та өөрөө дэвшлээ гээд бод. Та ямарч буруу зүйлд орооцолдоогүй. Гэтэл Таны өмнө буруу зүйл хийгээд хуулиараа хариуцлага хүлээгээгүй хүмүүсээс болж, Та, Таны гэр бүл, хамаатан садан хязгаарлагдмал эрхтэй л болох гээд байх шиг. Би буруутай хүмүүсийг өмөөрөөгүй шүү. Эсрэгээрээ тэдний хүлээх ёстой атлаа, хүлээгээгүй хариуцлагын үйлийг ирээдүй хойчид төрд орж ирэх хүмүүс үүрэх гээд байгаа нь л зөв үү гэж байгаа юм. Ер нь авлига хээл хахуулийг цээрлүүлэх, ашиг сонирхолын зөрчлийг зөөлөн шийтгэх тухай хууль одоо бол угаасаа байхгүй шдээ.
Хууль өөрөө бодит амьдралаас ургаж гарч байдаг учраас зохицуулах гэж буй асуудалтайгаа шийдэх гэж буй арга хэрэгсэл нь дүйцсэн, авцалдсан байх ёстой. Зохицуулж байгаа нь энэ гээд хэтрүүлэх юм бол сөрөг үр дагавар л гарна. Мэдээж авлига, эрх мэдэлтний хулгайн асуудал хурцаар тавигдаж буй тул хатуу хандах нь зөв. Гэхдээ тэр нь буруу үйлдэл хийж буй хүмүүстэй зайлшгүй үйлчилдэг, бүр хатуу байх нь зөв. Харин тэр буруутай хүмүүсээсээ хүрээ нь даваад хэт өргөн хүрээнд бас Төр хатуурхан төмөр нүүрээ харуулвал сөрөг үр дагавартай тулгарч болзошгүй. Иймэрхүү хэтэрсэн арга хэмжээнээс болоод нөгөө авлига нь эсрэгээрээ улам өдөөгдөх вий гэж болгоомжилж байгаа юм . Төрийн албыг өмөөрч, хаацайлаад байгаа юм биш. Хэт чангалахаар бүр нөгөө зүйл нь улам далд болох эрсдэл бий. Хамгийн энгийн жишээ нь, согтууруулах ундааг олон оронд хорьсон. Буураагүй, улам нэмэгдсэн.
-Далд хэлбэр рүүгээ шилждэг гэх гээд байна уу?
-АНУ-ын 1930-аад оны жишээ. Скандинавын орнуудын жишээ бас байна. Хууль гэдэг хорьчихвол зогсчихдог зүйл биш. Ухаантай хийхгүй бол хурц зэвсэг нь сөрөг үр дагаврыг дагуулдаг. Халаасны хулгай хийж болохгүй гээд хуульд маш тодорхой заасан. Хулгай хийж байгаа нь хуульдаа биш хийж буй хүндээ, түүний сэтгэлгээ, нийгэм, эдийн засгийн нөхцөл зэрэг олон асуудалд байдаг. Тэгэхээр тэр хүчин зүйлүүдийг нь л шийдэх, зохицуулах хуулиудаа гаргаж өгөх ёстой.
-Улстөрч нь улстөрчөөрөө, бизнесийнхэн нь бизнесээрээ явах нь чөлөөт зах зээлийн үндсэн зарчмын нэг биш үү? Хуулийн өөрчлөлтийг дагаад хариуцлагын тогтолцоо нь ч сайжирна. Хууль чангарсныг мэдсээр байж бүх зүйлээрээ дэнчин тавих хүн мэдээж байхгүй. Цаашлаад УИХ-ын гишүүн болох гэж зүтгэх, эсвэл бизнесээ хийх эсэх нь цэвэр сонголтын асуудал болохгүй юу?
-Өөрөөс чинь нэг зүйлийг асууя. Монгол Улс хүний эрхтэй юу?
-Хүний эрхийг дээдэлсэн Хүмүүнлэг Ардчилсан Үндсэн хуультай...
-Өнөөдрийн нийгмийн хамгийн амин сүнс нь хүний эрх. Амьд явах эрхийг баталгаатай хамгаалж, эрх чөлөөтэй сэтгэл хангалуун амьдрах нөхцөлийг хангах нь Төрийн өөрийнх нь үүрэг. Эрх чөлөөтэй амьдраад өөрийгөө тэжээгээд, хооллоод амжилттай явахыг дэмжиж хамгаалж, хүндэтгэсэн Үндсэн хуультай. Тэгээд Үндсэн хуулийнхаа дагуу бизнесээ хийгээд амжилттай явж буй хүмүүсийг ялгаварлан гадуурхах гээд байгаа юм шиг өнгө аяс явж байна. Бизнестэй нь бизнесээ хий гэдэг үгийг өөрөө ингэж хэлж буй нь тохиолдлынх биш. Ингэж өргөн яригдаад байгаа учраас өөрөө яг энэ томъёогоор нь асууж байна. Энэ ямар санаа агуулаад байгаа юм? Байрандаа бай гэж байрыг нь зааж өгч байгаа юм уу.
Бизнесийнхэн маань бизнесээ хийвэл улс оронд л хэрэгтэй дээ гэж боддог. Гэхдээ бизнестэй учраас чи бизнесээсээ өөр юм хийж болохгүй, улс төр хийж бүр болохгүй гэх ойлголттой бол санал нэгдэхгүй. Ингэж хязгаарлах нь хууль бус. Тэр тусмаа төрөөс ийм зүйл гарч болохгүй. Энгийн сэтгэлгээгээр сонсоход гоё чихэнд чимэгтэй сонсогдоод байгааг ойлгож байна. Гэхдээ энэ ямар хэмжээний хуулийн зөрчил гэж бодно. Хэрэв жинхэнээсээ ийм тогтолцоо хэрэгжиж эхэлвэл бизнесүүд ёстой төрийн дарамтанд орж, хэн нэгний нөмрөг дор орж аврагдахыг эрэлхийлдэг тогтолцоо бий болно. Тэгж хамгаалалтад орохгүй бол мөнхийн төрийн барьцаанд л амьдрах болно. Ёстой дарга нар “нууц” татвар аваад эрх мэдлийн халхавчийн “үйлчилгээ” төлбөртэй үзүүлж эхэлнэ. Жинхэнэ “мафи” гэдэгтэй адил юм үүснэ. Зүй нь хэрэв хэн нэгэн төрд орвоос, тэр нь бизнес эрхлэгч байна уу, тамирчин байна уу, жүжигчин байна уу, хамаагүй, бизнес хийж болохгүй л гэх ёстой.
-Парламент нь цэвэр бодлогын мэтгэлцээн өрнүүлдэг болъё гэсэн санаа?
-Бизнесийнхнийг бодлогын мэтгэлцээн өрнүүлж чадахгүй гэж байгаа юм шиг л болж байна. Бизнесийнхнийгээ парламентаасаа хаагаад оруулдаггүй ардчилсан улс дэлхий дээр хаана байгаа юм. Парламентад бизнесийнхэн орж болно. Гэхдээ орох аваас бизнесээ Төрийн эрх мэдлийг ашиглаж хийхгүй шүү л гэсэн зохицуулалттай байдаг. Хаана ч тийм.
Өнгөц сонсоход гоё сонсогдоод байгаа ч цаад хаялгыг нь бодолцвоос ноцтой үр дагавар гарахаар байгаа биз. Тэгж яривал бизнесийнхний татвараар Төр амьдарч байгаа. Иргэдэд бизнесүүд ажлын байр бий болгон өгч, өмсөх хувцас, идэх хүнс, хоолоор хангаж байгаа. Тэгээд “Та нар байрандаа бай” гэж болохгүй. Эртний гэрэгүүдийн клептократ гэж томъёолсон тогтолцоо яг ингэж л үүсдэг. Улстөрчдийн хүсч байгаа юм нь энэ. Тийм байж болохгүй. Шударга ёс, тэгш эрх гэж байгаа бол. Уучлаарай, улс төрд зөвхөн бизнесгүй улстөрчид бизнесүүдийн дээр сандаалаад сууна гэвэл яг л үнэндээ хулгайн тогтолцоо бүрэлдэнэ. Энэ амьдрал ийм хатуу үнэнтэй. Үүнийг хар цагаанаар шийддэггүй. Ихэнх нь дундын өнгө. Үүнд ухаан, бодлого хэрэгтэй.
Ийм ярианд өртөх ямар гэм бизнесийнхэн хийсэн болоод ингэж гадуурхагдаад эхлэв гэж гайхаж байна. Тэгсэн мөртлөө үе, үе тэднийг баялаг бүтээгчид гээд өргөж ярьцгаана. Олон нийттэй ярихаараа өөр агуулгатай. Улстөрчид тийм тэнгэрийн ариун, бизнесийнхэн нь бохир юм уу? Олон аавын хүүхдүүд дотор аль алинд нь ариун нь ч, бузар нь ч бий.
Тэд чинь өдөр болгон эрсдэл үүрдэг төлөөлөл. Манайхыг үүнийг ойлгодоггүй. Бизнес эрхлэгч шатахаараа гэр бүлээ тэжээх, үр хүүхдээ сургуульд явуулах мөнгөгүй болдог. Аль нэгэн байгууллагад ажил хийж байгаа хүн харин ажилгүй боллоо гэхэд авах цалингаараа хохирно, тэгээд дараагийн газраа ороод л цалингаа аваад л явна. Тэгэхээр эрсдэлийн хэмжээ нь шал өөр байгаа биз? Тэд чинь заримдаа ёстой л гэр бүлийнхээ ирээдүйг хэдэн үеэр нь эрсдэлд оруулчихсан ч явах нь бий. Гэтэл бизнес эрхлэгчдийг амжилттай явахаар нь баяжсан хулгайч гэнэ. Бизнес эрхлэгчидгүйгээр бид ямар нийгэм байгуулах гээд байгаа юм?
Шинэ хуулийн санаа нь улс төрд байгаа хүмүүсээр зөрчил гаргуулахгүй л байхыг зориод байгаа нь ойлгомжтой. Тэгвэл үнэхээр зөрчил гаргасан хүндээ бол нам энэ тэр гэхгүй тухайн хүндээ хариуцлага зайлшгүй тооцдог л байх ёстой. Үүнийг зохицуулсан хуулиуд бий шүү дээ. Тухайлбал, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулж буй хууль, журам бий шүү дээ. Энэ хууль юуг зохицуулдаг юм бэ? Ерөөсөө л хамаарал бүхий этгээдтэйгээ холбогдсон асуудалд ямар нэгэн байдлаар төрийн албыг ашиглаж оролцож, давуу байдал олгохыг хориглодог. Өөрөөр хэлбэл тухайн хүний бизнестэй нь холбоотой асуудал орж ирвэл санал хураалтаас татгалзах ёстой. Түүнээс тийм бизнестэй байснаараа гэмт хэрэгтэн биш. Уг нь улс төрд орсон бизнес эрхлэгчдийн ийм асуудлыг зохицуулсан, хэтэрхий нугалаагүй ийм хууль байгаа байхгүй юу? Түүнийгээ л дарга, цэрэг гэж ялгахгүй хэрэгжүүлэх хэрэгтэй. Харин хэрэгжүүлэлт муу байвал чангатгасан хууль гаргаад ч нэмэргүй. Байгаа хуулиа хэрэгжүүлэхгүй байгаа юм чинь, чангатгасныг бас л хэрэгжүүлэхгүй байж чадах нь байна ш дээ л гэдэг асуудал урган гарч байгаа биз.
-Хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-ын гишүүд нь хуулиа мөрдөхгүй, биелүүлэхгүй, ашиг сонирхлын зөрчил байх ёстой юм шиг яваа нь тэгээд зөв юм уу?
-Хэрэв хууль зөрчсөн байгаад тэгээд яах ч үгүй яваад байгаа бол мэдээж буру. Яаж зөв байх юм. Өөрөө хэлж байна, “хуулиа мөрдөхгүй” гэж... Тэгэхээр хууль байгааг өөрөө мэдээд байна. Зүгээр мөрдөхгүй байгаа юм байна гэсэн ойлголт төрж байгаа биз. Тэгвэл хуулиа мөрдүүлэх ёстой. Хуулиа мөрдөхгүй байгаа учраас шинэ хууль оруулж ирэе гээд байвал харин буруу хүмүүс завшаад л байна. Яагаад гэвэл угаасаа байгаа хуулиа мөрдүүлэхгүй байгаа бол, шинэ хуулийг мөрдүүлэхгүй байлгаад өөрсдийгөө эвтэйхэн хийдүүлээд гарахыг гэмт этгээдүүд бол хүснэ.
Ахиад хэлье, авлигатай тэмцэх зарчмынх нь хувьд шинэ хуулийг дэмжиж байгаа. Гэхдээ хуулийг нугалан хэтрүүлвэл нөгөө муу муухайгаа арилгах биш, бүр нууцлаг байдал руу оруулаад дэвэргэх вий л гэж санаа зовоод байгаа юм.
-НУУЦ ЮМ ЧИНЬ БИ ЯАЖ МЭДЭХ ВЭ ДЭЭ-
-Нүүрсний хулгайн хэрэг гэж яриад бүтэн жил тойрлоо. Нэр холбогдсон УИХ-ын гишүүд, улстөрчдийн харилцан хамаарлаас харахад лав ойрын хугацаанд шийдвэрлэгдэхгүй бололтой. Ер нь нүүрсний хулгайн хэрэг хэр бодитой юм. Яагаад ингэж асуусан юм гэхээр Та бол 2016 оноос хойш УИХ-д суугаа төлөөлөл, басчхүү мэдээлэлд ойр хүн?
-Хулгай бол байгаа болоод тэр статистикийн тоо баримтууд нь алд дэлэм зөрөөд байна шүү дээ. Нүүрсний нээлттэй хэлэлцүүлгийн нь үеэр харин би нэг зүйлийг хэлж байсан. 40 их наяд гэсэн тоог хууль хяналтынхан баталж гаргаж ирээрэй гэж. Нэгэнт л ярьсан бол хариуцлагатай байх ёстой. Түүгээрээ л явах хэрэгтэй. Хулгай гэж нэрлээд байгаа нь авлига, хамаарал бүхий этгээдүүдээрээ дамжуулан хийсэн ашиг сонирхолын зөрчилтэй гэрээ, хэлэлцээр зэргийн дагуу олсон хууль бус орлогын тухай асуудал, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэг байна гэж ойлгож байгаа. Төр гэдэг эзэнд нь мэдэгдэхгүйгээр өөрсдийнхөө халаас руу мөнгө хөрөнгө оруулсан л бол хулгай л даа.
-“Эрдэнэс Тавантолгой”-н нэг их наядын ашгаар Зүүнбаян чиглэлд төмөр зам барих ажлыг Танай Засгийн газраас эхлүүлж байсан. Гэтэл уг бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх компанитай оффтейк гэрээ байгуулаад нууцын зэрэглэлд оруулсан нь яг ямар шалтгаантай байсан юм?
-Өөрөө хэллээ ш дээ “нууц” гэж. Нууц юм чинь мэдэхгүй шүү дээ. Өнөөдөр Монголын Төрд байгаа нууц шийдвэрүүдийг Та мэдэх үү?
-Мэдэхгүй...
-Би мэдэх үү?
-Таны ажиллаж байсан Засгийн газрын шийдвэр учраас асуугаад байгаа юм?
-Нууц юм чинь би яаж мэдэх вэ дээ. “Эрдэнэт”-ийн гэрээнүүдийг Засгийн газрын бүх гишүүд мэддэг гэж бодож байна уу?
-Мэдэх нь мэдэх л байх?
-Мэдэхгүй шдээ. Харин “Эрдэнэс Тавантолгой”-н зах зээлийг нь, ашиг олох боломжийг нь нээж өгсөн хүний нэг нь би мөн үү гэвэл мөн.
-Тэр нь сайн хэрэг ч нөгөө талд нүүрсний хулгай хийх боломжийг нь давхар бүрдүүлчихсэн юм биш үү?
-Яг үнэндээ хулгайн асуудал гарах юм гэж яаж мэдэх вэ дээ. Монгол Улс бүхэлдээ хөгжихийн төлөө явсан. 2017 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Засгийн газар гарч ирэхэд хамгийн түрүүнд нүүрсний хулгайг ярьж эхэлсэн. Хариуцлага тооцооч ээ гэж хатуу ярьдаг байсан. Сүүлд гарч ирээд байгаа баримтуудыг тэр үед мэдэх, төсөөлөх ямарч боломж байгаагүй. Манай Засгийн үед зах зээлийг нь сайн нээж өгсөн болохоор “Эрдэнэс Тавантолгой” нүүрсээ амжилттай экспортолж эхэлсэн түүхтэй. Үр дүнд нь нэг их наяд төгрөгийн эргэлттэй Монголын үндэсний анхны компани болж өргөжсөн. Уг нь бөөн бахархал шүү дээ. Ард нь юу болж байгааг үнэндээ мэдэхгүй. Хэн, хэрхэн гарын үсэг зурж явааг Засгийн газрын сайд байлаа гээд мэдэхгүй л дээ. Биднийг Засгийн газраа байгуулахад урд хил дээр нүүрсний дараалал 140 км-ээр хэмжигддэг байсан. Тэр үеийн хэвлэлийн мэдээллийг үзээрэй.
Улаанбаатараас Лүн ороход цаана нь дахиад 20 км үлдэх хэмжээний дараалал. Лүн ороод байхад дуусахгүй. Тэрийг нь байхгүй болгосноор экспорт үлэмж нэмэгдэж, орлого олж эхэлсэн.
-Хүний эрхийн дэд хорооны даргаар ажиллаж байсны хувьд хүний эрхтэй холбоотой асуудал шүүмжлэл дагуулах боллоо. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлсний төлөө торгуулдаг, саатуулдаг кэйс олон байна. Сүүлдээ фотошоп хийсэн нэгнийг хүртэл дуудаж байцаадаг, торгож байгаа юм. Үнэхээр гүтгэж, дайрч, доромжлоогүй бол аль ч нийгэмд, ялангуяа ардчилсан улсад бодит шүүмжлэл, хөнгөн хошигнол байх ёстой үзэгдэл биз дээ?
-Торгуулж саатуулах асуудал яг гарсан бол улстөрчид лав гомдол гаргаж хийлгээгүй байх гэж итгэж байна. Бид чинь их юм үзсэн хүмүүс байдаг. Нэг фотошопны араас яваад байх нь юу л бол? Тэгээд ч энэ нийгмийн хамгийн үнэт зүйл нь иргэний эрх чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлэх эрх гэдгийг бүгд л ойлгож, мэдэж байгаа. Төрийн асуудлаар иргэд өөрсдийн үзэл бодлыг илэрхийлэх нь чөлөөтэй. Тийм учраас торгох саатуулах асуудал арай ч гараагүй байлгүй дээ л гэж бодож байна. Үнэхээр энэ асуудлаар (нийгмийн сүлжээнээс л харснаас) баттай эх сурвалжаас мэдээлэл аваагүй байна.
UZEG.INFO