Дижитал Монгол хүн

-фельетон-

 Манай монгол улс дижитал үндэстэн болж байгаа юм байна. Сонин хэвлэлд ч их бичлээ. 

    Засаг, төр маань Ковидыг ялахын тулд хийж байгаа зоримог алхам гэх. Ингэснээрээ, бид хүн төрөлхтний нэгэн адил биологийн үндэстэн байхаа болино гэсэн үг.

 Учир юунд вэ гэхээр, ийм юм. Хүн амынхаа ихэнх хэсгийг вакцинжуулаад байхад чинь “Сүргийн(мал сүргийн?) дархлаа” тогтож өгөхгүй байгаагаас болжээ. Үүнээс болоод, Ковидын эрдэмтдийн дунд маргаан үүсэв. Ажлын хэсэгт орсон малын эмч нар “Монгол хүн сүрэглэж чадахгүйгээс болоод сүргийн дархлаа үүсэхгүй байна. Бэлчихдээ(?) хүртэл ганцаараа бэлчдэг онцлогоос боллоо” гэсэн байр суурьтай байна. Нөгөөдүүл нь “Энэ дүгнэлт буруу. Зах, дэлгүүр, автобусанд ямар хашаа, жүчээнээс чигжүү явж байгаа” хэмээн мэтгэх. 

   Эрдэмтэд санал дээрээ нийлэхгүй байгаа ч дүгнэлтэндээ нэгдэж чадсан байна. Түүхэнд анх удаа санал нийлэхгүй боловч дүгнэлт нийлсэн сонин тохиолдол ингэж гарсныг бас л “Монголын онцлогтой ковидын эффэкт” болгон тайлбарлажээ.

   Эрдэмтэд сайн муу хоёр дүгнэлт гаргав. Сайн нь: сүрэглэж өгөхгүй байгаагаас үзэхэд монгол хүн мал биш ажээ. Муу нь: Монгол хүн бол нийгмийн амьтан биш юм байна.

   Үүнийг нүдээр харсан гадаадын экспертүүд хоёр юм зөвлөжээ.

   Нэгд монголчуудаа сүрэг (сүрэг мал) болгох. Уг нь хамгийн амархан хувилбар гэнэ. Харамсалтай нь бэлчээрийн даац хэтэрсэн тул хуучин шинэ бүх сүрэг онд мэнд орохгүй гэсэн прогноз хийжээ. Дараагийн хувилбар нь Монголчуудыг нийгэмшүүлэх(сүрэгжүүлэх) зам байсан гэнэ. Гэтэл энэ чиглэлийн экспертүүд тодорхой хариу өгөхгүй бултаад байжээ. 

Харин засаг төр маань гурав дахь гарц олсон нь “дижитал үндэстэн” болох хувилбар ажгуу.

   Дижитал үндстэн байгалийн байгалийн вирусээр өвддөггүй давуу талтай юм байна. Монгол хүнийг дижитал болгож дуусахаар ковид бас арилна. Гэвч, “Бурхан цонхоо нээсэн ч үүдээ хаадаг” гэдэг шиг Монгол хүн огт вирустэхгүй гэсэн үг биш. Бид комьютерийн вирус халдах эрсдэлд орно. Нэг вирус тээсэн гартай чаатлаад хаясны дараа тархи толгой чинь шал буруу ажилаад гацаад эхэлнэ. 

 Дижитал Монголд эмнэлгийн анхны тусламж нь өвчтнийг “унтраагаад асаах” алхам байх юм. Дижитал иргэн маань дахин ачааллахдаа алдаа заасаар байвал эрчимт эмчилгээнд шилжүүлэх нь тодорхой. Мэдээж олон дахин асааж унтраасаар алийгаа алдсан этгээд бол архаг дижитал өвчтөн байж таарна.

  Гэхдээ, эмнэлгээр явахыг оронд өөртөө “антивирус”-ыг программ уншуулаад л байхад алзахгүй. Эмч нар бидэнд жор бичихдээ, антибиотикийн оронд “Өдөрт гурван удаа, зургаан цагаар каспирский татаж суулгах” гэхчлэн зөвлөнө. 

 Дижитал хүнийг хутгалж, зодож болохгүй учраас манай ард түмэн маш баяртай байгаа. 

   Гэхдээ, нэгнийгээ вирустүүлэх гацаах зэрэг аюул бол арилахгүй. Цагдаагийнхан хүн амины хэрэгтэй тэмцэхээ болиод “бусдыг форматалсан” гэмт хэрэгтэй тэмцэнэ. Хүчингийн хэргийн оронд “дижитал эмэгтэйг хакердан бот суулгах”, “ажлын байран дахь хакерийн дарамт” зэрэгтэй үзэж тарна. 

   Гэмт хэрэгтнүүдийн шоронд хийхийн оронд блоклоно. Ардын хувьсгалын түүхт ойгоор хөнгөн гэмт хэрэгтнүүдээс блок авч өршөөл үзүүлнэ. Цаазгүй ялгүй монгол улсын нэр солигдож “дэлэтэ-гүй Монгол”, “форматгүй Монгол” гэж яригдах байх. 

    Дараагийн ээлжинд бүх малаа дижитал болгох асудал яригдаж байгаа юм байна. Дижитал мал зудад үхэхгүйгээс гадна бэлчээр булаалдах зэрэг бэрхшээлгүй сайхан амьтас. Мэдээж , бидний мэддэг мах сүү гэж байхгүй болно. Гэхдээ хүн нь бас дижитал болох юм чинь биологийн гаралтай мах, сүү хэрэглэхгүй шүү дээ. 

   Бурханы номлол ч бас өөрчлөгдөнө. Ухаандаа, хулгай буюу “эс өгснийг авах” нь арван хар нүглийн нэг байв. Харин одоо үүнийг “эс олдснийг татаж суулгах” гэхчлэн томъёолох болно.

  Нийгмийн халамжийнхан орон гэргүй, оршин суух хаяггүй хүмүүсээ “бот” гэж нэрлээд айпи(IP)-г тодорхойлох ажлыг гардана гэсэн үг. Бидний нийгэмд эзлэх байр суурийг илэрхийлсэн “эх файль болсон сайн хүн”, “нэг муу өргөтгөл, протокол байж их санаатай”, “насанд хүрээгүйчүүдийг спам болохоос сэргийлье” гэхчлэнгийн хэллэг дэлгэрэх байх.

   Дижитал болсон хэрнээ шийдээгүй нэг асуудал байна. Дижитал монгол хүний үйлдлийн программ нь юу байх вэ? Төр засаг энэ асуудлыг алгассан учраас бид чинь үйлдлийн системгүй дижитал хүн болчихлоо. ХХ зуунд “капитализмыг алгассан” туршлагаа үндэслэн “Софтвейрийг алгассан хардвэйр” хэмээх шилжилт хийхээр болжээ. 

   Үүнийгээ “Эко дижитал хүн” хэмээн томъёолж байна. Ер нь бол, дотор нь юу ч байхгүй сайхан компьютер ажиллахгүй, ажиллахгүй учраас тог цахилгаан зарцуулдаггүй, тог зарцуулдаггүй учраас байгаль орчинд ээлтэй байдаг үзэгдлээс суралцсан хэрэг. Монгол дижитал хүн тэр мэт гэсэн үг.

  Тог гэснээс, тог тасарвал бид ер нь яах юм бол. За за, би ч энэ асуултыг алгасъя.

Жич: Энэ фельетон бичигдэх зуур Монгол хүн дижитал болсны эхний үр шимийг хүртээдэх шиг боллоо.НҮБ-ийн дарга асан бүрлээч Кофи Аннан гуайн сүнс нь дижитал болчихсон явж байсантай манай ерөнхийлөгч уулзаад ирсэн гэх шив. Гэснээс, биднийгээ арай Кофи гуай шиг...айн?!

2021.10.01