ХӨГЖЛИЙН ДИАЛЕКТИК

Монгол орон мөхлийн ирмэгт тулчихаад байгаа юм байна. Монголчууд хоёр мянган жилийн түүхэндээ ингэж ядуурч уруудан доройтож байгаагүй. Монголын тусгаар тогтнол ямар ч баталгаагүй болжээ. Үндэсний аюулгүй байдал тэр чигээрээ алдагдлаа. Хүн амын ядуурлын хэмжээ 90 хувь давчихлаа. Ард түмэн өлсгөлөнд нэрвэгдэж өдөр хоногийг арай гэж туулж байна. Өмнө үеийнхний бүтээсэн болгоныг эвдэн сүйтгээд үлдсэн юмгүй боллоо. Дайн болж буй Афганистан, Иракаас олон хүн Монголд үхэж үрэгдэж байна. Аллага, хүчирхийлэл, осол, гэмт хэрэг замаа алдаж иргэний дайны хэмжээнд хүрчээ. Архидалт бүхнийг хамарч хүүхэд хөгшдөө оруулаад дундаж монгол хүн 50 литр архи уух боллоо. Эмнэлэгийн үйлчилгээ хэзээ ч байгаагүй доод хэмжээндээ тулан, арьс өнгөний өвчин, хорт хавдар, ДОХ, гоц халдварт өвчний хэмжээ тоогоор дэлхийд тэргүүлэх болов. 

Эрчүүд нь архичин, эмэгтэйчүүд нь биеэ үнэлэгч болж, амиа хорлолтоор дэлхийд нэгдүгээр байр эзэлж байна. Ном сонин уншихаа больж, хүүхдийн сургууль завсардалт хавтгайрчээ. Монгол улсыг гадаадын шунахай этгээдүүд жолоодох болж газар нутгийг нь худалдан авч баялагийг зөөж дуусгаж байна. Хятад хүмүүс сүрэглэн ирж монголчуудыг зодож, хүүхнүүдийг хүчиндэн, хүүхдүүдийг нь хулгайлан авч эд эрхтэний наймаанд зарж, малыг нь булаан авч хятад мянгат малчдыг олноор төрүүлж байна. Хятадуудын хүчиндсэн хүүхнүүдээс эрлийз хүүхэд төрж, монгол цус булингартлаа. Хүүхдүүд олон мянгаараа траншейнд амьдрах болж, ядуу хүмүүс орон гэргүй болон, хүүрийн газар, хогийн цэг дээр хэдэн мянгаараа амьдарч байна. Хэт цус ойртсоноос болж хүн амын 97% нь оюуны хомсдолтой болжээ. Монгол оронд ямар ч ирээдүй байхгүй болсон тул тун удахгүй мөхөж алга болох үндэстний тоонд орох гэж байгааг дэлхийн нэр хүндтэй байгууллагуудаас анхааруулж байгаа юм...

Та бүхэн ийм мэдээг өдөр тутам мэдээллийн хэрэгслэлээр сонсож, үзэж, амталж, мэдэрч байгаа билээ. Бид бүхний өдөр тутам хоорондоо ярилцдаг гол сэдэв маань ч энэ байх. Нэг үгэндээ Монгол улс ерөөсөө хөгжихгүй байна! “Монгол улс огт хөгжихөө болилоо” гэсэн энэхүү нийтийг хамарсан яриа, цаашлаад ойлголт хаанаас эх сурвалжтай вэ? 

  1. Цуу ярианд автамхай нүүдэлчдийн сэтгэлгээний онцлог. Албан ёсны мэдээлэлд итгэл муутай ханддаг энэ онцлог нь нүүдэлчид үе үеийн турш ам дамжсан ярианаас мэдээллээ олж авдаг, төр нь үнэхээр тодорхой зорилгоор үнэнийг нуун дарагдуулдаг байсан уламжлал.
  2. Нээлттэй нийгэмд орж ирснээр гэнэт мэдээллийн олон эх сурвалжтай болсон учир алинд нь итгэхээ мэдэхээ болин төөрөлдсөн.
  3. Хэдийгээр зуун хувь бичиг үсэгтэй, дээд мэргэжилтэн, оюутан эрдэмтний тоогоор дэлхийд тэргүүлдэг ч эдийн засаг, сэтгэл судлал, нийгэм судлал, логик зэрэг шинжлэх ухааны салбаруудын талаархи боловсрол нийтээр туйлын дорой. Шүүмжлэлт сэтгэлгээ, эрэгцүүлэн жишиж тунгаах чадвар сул нь ерөнхийдөө нийтлэг. Уран сайхны сэтгэлгээ давамгай.
  4. Гадаад ертөнцийн тухай огт ойлголтгүй, албан суртал нэвтрүүлгээр авч байсан мэдээлэл нь мушгин гуйвуулсан, хэт харлуулж эсвэл хэт цайруулж байсан орчинд хэдэн үеийн турш төрж өсч хүмүүжсэн хүн сүрэг гэнэт нээлттэй ертөнцөд хөл тавиутаа хөгжингүй орнуудын зэрэглэл стандарттай өөрсдийгөө шууд жишин голж хөл алдсан.
  5. Чөлөөт зах зээлийн тогтолцоонд орсноор хүмүүсийн орлого нийтээр их хэмжээгээр нэмэгдсэн боловч хоорон дахь ялгаа нь асар их зөрүүтэй болсон. Жигд ядуу нийгэмээс баян хоосны эрс ялгаатай болсон тогтолцоо руу орохоор нийгмийн дийлэнх нь гомдол хорсол тээх болжээ. Авилга нийгэмд хавтгайрснаас болоод хууль бус ч байсан, хууль ёсны ч байсан ерөөс орлогыг нь хавтгайруулан адил хэмжээнд жишин үзэж, нийгмийн дээд болон дунд орлогтой хэсэг рүү жигшил зэвүүцэл чиглэх хандлагатай болов. Эндээс гарах дүгнэлт нь хөгжлөөс үүсэж буй бага зэргийн ашгийг нийгмийн цөөн хэсэг бүгдийг нь луйвардан авдаг гэсэн сэтгэхүй давамгайлах болов.
  6. Муу мэдээг илүүтэй сонирхдог нь хүний үндсэн зөн совин.

Өөр олон шалтгаан байгаа байх. Гэвч “хөгжихгүй байна” гэдэг ойлголтондоо юуг хамааруулан, юутай жишиж байгаа нь төдийлөн тодорхойгүй. Хөгжил гэсэн ойлголт нь байгаль болон хүний нийгэм дахь нэг чанараас нөгөөд, хуучнаас шинэд шилжих өөрчлөлт хөдөлгөөнийг илэрхийлдэг. Өнөөгийн философийн ухаанд давамгайлж буй ойлголтоор бол матери болон ухамсар бүхэлдээ энгийнээс нарийн руу, доод болхи тогтолцооноос илүү зохион байгуулалттай дээд тогтолцоо руу чиглэсэн урагшлах дэвшилтэт хөдөлгөөнийг хөгжил гэж нэрлэдэг. 

Хөгжил гэсэн ерөнхий ойлголтод физик, хими, биологи, нийгэм гээд судалхуйн бүхий л салбар багтана. Эдийн засагт ч хөгжил гэсэн категорид хэд хэдэн тусдаа өөр ойлголт бий. Тогтвортой хөгжил (stable), тулхтай хөгжил (sustainable) гэсэн ойлголт ч хоорондоо нэлээд ялгаатай. 

Өнөө үед судлаачид эрдэмтэд хүний хөгжлийг үндсэн гурван бүлэгт хувааж үздэг:

Материаллаг хөгжил

Ахуйн хөгжил

Социал хөгжил 

Монгол улс хөгжихгүй байна, тэр байтугай улам ядууран доройтож, удахгүй сөнөж байна гэсэн энэ маягийн суртал нэвтрүүлэг яван явсаар нийтийг хамарсан ойлголт болж улмаар буруутныг хайх эрэл рүү хөтлөн ихэнхийн үнэлэлтээр ардчилсан тогтолцоо өөрөө гол буруутан болон хувирч байна. Нэгэнт ардчилсан тогтолцоо хүмүүсийг ядууруулж улс орныг сүйтгэсэн юм бол тэрнээс өмнөх нийгэм-улстөрийн бүх тогтолцоонд Монголын ард түмэн жаргаж үхэж байсан болж таарах логик мөрдөлгөө эндээс үүснэ. Иймэрхүү цуурхал дүгнэлт өнөөгийн ахмад болон дунд насныхнаас гарч нийгмийн төлөв байдлууд, хөгжлийн динамикийг мэдэхгүй шинэ үеийн залуучуудад итгэл үнэмшил болон очиж буй. 

Хоёр өөр нийгмийн тогтолцооны аль алинд нь амьдарч байсан шууд гэрчүүд яагаад иймэрхүү жиших үнэлгээгүйгээр тайлбар ятгалга хийдэг болсон бэ? Сэтгэл судлалын онолоор нийгмийн ямар тогтолцоонд амьдарч байснаас үл хамаараад ерөөс хүмүүн нь хөгширсөн хойноо бэлгийн ид идэвхитэй байсан үеэ амьдралынхаа хамгийн алтан үед тооцдог аж. Гэтэл “хөгжил зогссон тухай” онолын гомдол нь бэлгийн чадавхи буурсантай нь холбоотой авч, үүнээ далдлан амьдралын өртөг нэмэгдсэн, ядуурч буурсан зэрэг санхүү эдийн засгийн хүндрэл, хүний ёс суртахуун гэх мэт юу дуртайтайгаа холбон тайлбарлаж байна. Үүндээ ардчилсан тогтолцоотой, ардчиллын төлөөлөгчид гэх бие хүмүүстэй, хөрш орнуудтай, гадаадын хөрөнгө оруулагчидтай холбон нэмж хачирлан чимэглэсээр эцэст нь уруудан доройтож мөхөлтэй золгон уулзаж буй Монгол орны буруутан нь энэ орчлон хорвоо өөрөө бүхлээрээ болох ажгуу. 

2004 оноос уул уурхай гэнэт бүүм болж түүхий эдийн үнэ огцом өссөнөөс болж нийгмийн халамж нэрээр 10 хүрэхгүй жилийн дотор нийт ард түмэндээ дөрвөн тэрбум орчим долларыг бэлнээр жигд тараажээ. Үүнд хүүхдийн, сар бүрийн, өндөр насны, хуримын, оюутны гэх мэтээр ялгаварлан гадуурхалгүйгээр бүгдэд хүртээмжтэй тарааснаас гадна янз бүрийн дэмжих сангийн хүрээнд ямааны, тариалангийн, сүүний, жижиг дунд үйлдвэрийн гэх мэт нэртэйгээр нийгмийн тодорхой хэсэг, анги бүлэг, ажил мэргэжлийн хүрээнд асар олон тэрбум төгрөг тараагдсан юм. Энд бэлэн мөнгө тараах бодлогыг сайшааж байгаа юм биш, үүнийг дагаад асар их шамшигдуулал, хулгай авилга дэлгэрсэн авч ерөнхий дүнгээрээ нийт хүн ам, өрхийн орлогод чамгүй нэмэгдэл болсон билээ.

Ядуурлын төвшинг гаргая гэхээр янз бүрийн үзүүлэлттэй учир нэгэн утгаар тодорхойлоход хүндрэлтэй байна. 1990 оноос өмнө ийм судлагаа хэзээ ч хийж байгаагүй. Ядуу гэдгийг чухам аль төвшнөөс хэрхэн тогтоох нь тодорхойгүй байгаа юм. Хэрэв өнөөдөр НҮБ-аас гаргасан шалгуураар нэг хүнд нэг өдөрт нэг доллар гэдгээр хэмжих юм бол ядуурал Монголд огт алга. Хэрэв Үндэсний статистикийн газраас авсан багцаар хэмжих юм бол ядуурал хорь гаруй хувьтай байна. Хэрэв Дэлхийн банкнаас хэдэн жил дараалан нэг гараанаас тогтмол хэмжсэн шалгуураар авч үзвэл ядуурал арав гаруй хувьтай байна. Үүнээс гадна ядуурлыг тогтоохдоо ямар нэгжээр хэмжихээс их хамаарна. ДНБ гэсэн америк доллароор тооцохоор нэг өөр, РРР буюу худалдан авах чадамжаар хэмжихээр шал өөр дүн гарна.

Нийгмийн сэхээтэнлэг гэх хэсэг дээрх олон статистикийг зөвшөөрөх боловч “Үүнээс хавьгүй дээгүүр байж болох байсан” гэж баталдаг. Энэ бол маш үнэн дүгнэлт. Ихэнх хүн үүнд төр засгийг буруутгадаг боловч энэ нь хагас үнэн юм. Чөлөөт ардчилсан тогтолцоотой Монгол оронд сүүлийн 30 гаруй жилд үргэлж чөлөөт сонгууль болж төрийн удирдлагыг ард түмний чөлөөт сонгуулиар буй болгосоор ирсэн. Монголын төрийн удирдлагын бүрэлдэхүүн бол Монголын ард түмний ойлгоц, сэтгэлгээний шууд тусгал, жижигрүүлсэн толь нь юм. 

Монгол улсын сүүлийн хорин жилд тохиолдсон хамгийн том гамшиг бол популизм юм. Ер нь дэлхийн хаана ч тийм байдаг. Популизм нь хөгжлийн хурдцыг сааруулдаг, асар их боломж бололцоог сүйтгэдэг, улмаар хөгжлийг зогсоох төдийгүй ухраадаг. Ийм жишээ орчин үеийн ертөнцөд дэндүү элбэг байна. Хөгжиж буй орнууд дийлэнхдээ Гадаадын хөрөнгө оруулалтаар босож өндийдөг. Учир нь нэг талаас ядуу орнуудад эргэлдүүлэх өөрсдийн капитал байдаггүй, нөгөө талаас зөвхөн ашиг олох гэсэн гадаадын капитал тухайн орон дахь аль салбар ашиг олж ирэхийг гадны хөрөнгө оруулагчид гярхай хардагаас гадна хөгжиж буй оронд хамгийн их гачигдалтай байдаг техник технологийн шинэ ололт, мэнэжмэнт маркэтэнгийг чухам тэд авчирдаг. Монгол орон XXI зууны эхээр гэнэт баяжиж эхэлснээ популизмаас болоод дороо хоолны хордлого болон Гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж туух, энэ дэлхийд уул уурхайгаас өөр зарах юу ч үгүй байж эдийн засгаа солонгоруулна гэх мэтээр балайрсаар эдийн засгийн материаллаг хөгжил зогсох тийшээ хандлаа. Улс орон нь хувь хүн, өрхийн нэгэн адил эхний ээлжинд зах зээлд гаргаж болох боломжит бараа үйлчилгээндээ тулгуурлан капиталын хуримтлалтай болж түүгээрээ аяндаа бусад салбараа хөгжүүлдэг хүүхэд ч ойлгочихмоор энгийн үнэнийг манай нийгмийн олонхи ойшоодоггүй, ойлгосон ч популизмд илүү автамхай учраас ач холбогдлыг нь хүлээн зөвшөөрдөггүй. Гадаадын хөрөнгө оруулалтын үржүүлэгчийн нөлөө гэх мэтийн бага ангийн хүүхэд бодоод олчихмоор тоог сонсохыг ч хүсдэггүй.

Өнөөдөр Монгол оронд үзээд өгье  гэхнээ түүхий эд, уул уурхайн бүтээгдэхүүнээс өөр дэлхийн зах зээлд зарагдах ядахнаа ганц бүтээгдэхүүн байхгүй. Ноолуур, аялал жуулчлал, сүүлний саван, жамц давс, гадаадад гаргах ажиллах хүч зэргийг ярьж хөөрөн баясаж болох ч энэ нь нэгэнт 13 тэрбум долларын хэмжээнд хүрсэн үндэсний орлогод эзлэх хувь нь бараг нүдэнд үл өртөнө. Бидэндээ л олон харагдаад байгаа мал эмнэлэгийн шаардлага хангахгүй 70 сая мал маань хоёр аварга хөршид ганц сарын үдийн зоогт хүрэхгүй атал мал мах экспортыг хөгжүүлээд хаа ч хүрэх юм билээ! Хөөрцөглөөд, хувийн болон төрийн хөрөнгө оруулалтаар баахан мах комбинат барьчихсан чинь ашиглалт нь дундачаар 20 хувь хүрэхгүй байгаа шүү. 

Ковидын дөнгөж өмнө Монголд орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалт ердөө 25 сая долларын хэмжээнд байсан. Монгол банк, Сангийн яамны тооцоолсноор өнөөдөр Монголын төсвийн гуравны нэгийг бүрдүүлж байгаа Оюутолгойн уурхайн хөрөнгийн биржийн үнэлгээ цагтаа бараг 30 доллар хүрч байсан бол, унан унасаар 30 цент болж байлаа.. Зөвхөн энэ тоог харахад л Монголд маргааш ямар ч сайн засаглал гарч ирэн идэвхи зүтгэлтэй ажиллаад ч гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээхэд дор хаяхад 10 жил шаардлагатай боллоо. 1990 оноос эхлэн 15 жилийн турш Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, шадар сайд нар энд тэнд хэлсэн үгэндээ нийт 200 шахам удаа Гадаадын хөрөнгө оруулагчдыг урьж гуйж аргадаж байсныг тоолсон байдаг. Ийм л их хичээл зүтгэл цаг хугацаа зарцуулж үнэмшүүлний эцэст дөнгөж 2004 оноос л доривтой Гадаадын хөрөнгө оруулагчид Монголын хаалгаар цухуйх болсон юм. Харин популизмаар удирдлага хийх болсон өнөөгийн төр Гадаадын хөрөнгө оруулалтыг дахин сэргээх гэж оролдох дараагийн арван жилд “хөгжихгүй байна, хөгжил зогслоо, уруудаж байна” гэсэн өмнөх хорин жилийн ёр зөгнөлөө бодит амьдрал дээр “хэрэгжүүлэх” болов уу. 

Ардчилсан тогтолцоо бол бололцоо болохоос шууд утгаараа диваажин биш. Эмчилгээ тэжээлийн цэг ч биш, сүм хийдээс зохион байгуулдаг үнэгүй хоолны гуанз ч биш, өвгөд хөгшдийг харж хамгаалдаг асрамжийн газар ч биш. Хөгжлийн эх сурвалж бол өөрт байхгүй буюу дутагдсан мөнгөө гаднаас оруулж ирж ашиг өгөх салбараа эрчимтэй хөгжүүлэх явдал болохоос яаж ч ардчиллаад, ардчилсан болж харагдаад, ардчиллын арал гэж дэлхийгээр нэг магтуулаад ч энэ нь материаллаг хөгжлийн эх сурвалж биш. Гадаадын хөрөнгө оруулалтаар АНУ нэгдүгээрт, Хятад хоёрдугаарт орж буй нь тэдний ингэтлээ тэлэн томорч чадсаны нэг эх үүсвэр байх. Хятадыг ардчилсан тогтолцоотой гэж тооцдоггүй байх шүү.

Монгол улс хөгжихгүй байна, ухраад мөхөл рүүгээ ойртож байна гэдэг нь бас нэг талаасаа үнэн юм. Энэ бол дээр өгүүлсэн хөгжлийн ангиллаар сэтгэл санааны гэх бүлэгт багтах үзүүлэлт юм. Ёс суртахууны, оюуны, соёлын, сэтгэл ханамжийн, өөрийгөө илэрхийлэх зэрэгт хамаарах үнэлэмж. Энэ шаталбараар хэмжих юм бол үнэхээр Монголын хөгжил зогссоноор барахгүй уруудаж байна. Сэтгэл санааны гэх энэ урвуу хөгжил нь популизмтай нийлж үнэхээр олон жил ёрлоод байсныхаа дагуу удалгүй материаллаг урвуу хөгжил болон хувирахад ойртжээ.

                                                                                                                   2024.4.25