-Орос, Америкийн хооронд дайн, мөргөлдөөн, сөргөлдөөн хүсэх юм биш

Сири рүү америк, британи, франц хамтарсан цохилт хиймэгц гарчигт өгүүлсэн шиг үйл явдал болох нь уу хэмээн туйлшрамтгай монголчууд над руу утас цохиж асууж лавласан явдал олон тохиолдлоо. Эцэст нь МҮОН-ийн ТВ урьж бямба гаригийнхаа ярилцлагад орууллаа. 

Үзэг цаасаа нийлүүлж хэдэн үг холбоё гэж шийдлээ. Сэдвээс хайзаахгүй. Монгол-Зөвлөлтийн найрамдал гэдэг өнцгөөс бичихгүй. Геополитик судлаачийн үг хэмээн аваарай. Ердийн хар ухаанаар бод. Эсвэл сайтуудаас хай, харьцуулалт хий. Тийм байгаасай гэж хүсэх (Орос дээр авч ярьж буй), нөгөөх нь яг тийм байгаа хоёрын хооронд алд дэлэм зай байгаа учраас л Сири дэх америк, түүний холбоотнуудын агаарын цохилтыг Орос хөндлөнгөөс оролцож цээрлүүлээгүй юм. 

Нэг. Орос тэнд юутай юм 

Оросын 3000-5000 цэрэг Сирид байна. Орос тэнд анх удаа цэргийн баазтай болсон. Хэрэв Москва-Дамаскийн хоорондын цэргийн хамтын ажиллагаа гэвэл үлгэр домог шиг урт түүх дэлгэгдэнэ. Зөвлөлтийн зэвсгийг Сирид нийлүүлэх хэлэлцээг бүр 1956 онд СССР-ийн БХЯ-ны сайд маршал Жуков биечлэн оролцож хийж байснаас тэр түүх эхэлнэ. 1970-аад оны дунд үе гэхэд сирийн армийн зэвсэглэлийн 75 хувь зөвлөлтийнх (Африк тивийн нийт зэвсгийн 35 хувь нь хуучин зөвлөлтийнх байгаатай харьцуулбал маш өндөр үзүүлэлт, Оросын зэвсгийн экспортын 12 хувь Африкт ногддог) болчихсон байсан. Тартус боомтод нь Газар дундын тэнгист аялах зөвлөлтийн тэнгисийн цэргийн байлдааны хөлөг онгоцны материал-техникийн хангалтын пункт ажиллуулж байсан. 1967 оны Араб-Израилийн мөргөлдөөнөөс хойш (1967.06.21-нд ЗХУКН-ын Төв Хорооны бүгд хурлаас тогтоол хүртэл гаргасан) Ойрхи Дорнодод өөрийн цэргийн баазтай болох гэсэн 40 жилийн мөрөөдөл нь анх удаа хэрэгжиж Сирийн Хмейми гэдэг газар одоо авиа группээ байршуулаад байгаа. СССР-ээс зэвсэг техник зээлээр авсны өр гэж10 тэрбум ам.долларыг дахин шинээр зэвсгийн захиалга өгүүлэх нөхцөлтэйгээр 2005 онд Орос цайруулсан. Эдүгээ Орос нь Сирид хоёр зорилгоор цэргээ байлгаж байна: 1) Өрнөдийнхний даралт шахалтыг саармагжуулах, эсэргүүцэх, ингэснээр Сири дэх өнөөгийн дэглэмийг хамгаалах; 2) Лалын террористуудтай тэмцэх.

Гэтэл америк, британи, франц хамтарсан цохилт Сирид өгснөөрөө Оросын стратегийн эрх ашгийг шууд хөндсөн. Сирид хоёр зорилгоор цэргээ байлгаж байгаагийн эхнийх рүү нь онилж байгаад өдөөн хатгачихлаа. Гэтэл Орос таг чиг. Кремль, ОХУ-ын ГХЯ-наас л мэдэгдэл цуваад байдаг, практик дээр цэрэг зэвсэг, хамгаалалт, тогтоон барих ямар ч ажиллагаа хийдэггүй. Яагаад?

Хоёр. Ердийн харьцуулалт

Үнэндээ өнөөдөр АНУ-ын цэргийн хүчний дэргэд Орос хүчгүйтэж байна гэдгийг дэлхий нийтээрээ харж байна. Константин Сивков гэж оросын эрдэмтэн хүлээн зөвшөөрөөд харьцуулалт хийгээд гаргаад иржээ. Тэрээр цэргийн шинжлэх ухааны доктор, Оросын Пуужинт ба артиллерын шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, усан цэргийн хурандаа хүн юм. Олон үзүүлэлтээрээ Орос нь АНУ-аас хоцорч байна: Нисэх онгоц тээгч хөлгөөр 12 дахин хоцорч явна. Хамгийн хүчтэй гээд байгаа “Кузнецов” хэмээх авианосец нь америкийн ижил төрлийн хөлгийн талд ч хүрэхгүй, крейсер хөлгөөр АНУ 6.5 дахин, эсминц хөлгөөр 5 дахин давуу, олон зориулалтын атомын шумбагч хөлгөөр Орос нь 4 дахин хоцорч яваа ба Орос юугаар Америкийг давах вэ гэвэл атомын хөдөлгүүргүй шумбагч хөлөг,тэнгисийн ойрын зоонд ажиллах хөлөг, пуужинт жижиг хөлөг, хурдан катер завийнхаа тоогоор АНУ-аас давна. Хэрэв АНУ ба НАТО-гийнх гэж ярих аваас Орос давуу байх үзүүлэлт нэг ч байхгүй.

Агаарын цэргийн хүчний хувьд хэдийгээр Орос нь агаарын ба сансрын хүчин гэсэн нэртэй ч байлдааны сөнөөгч, бөмбөгдөгч, дайрагч онгоцоороо АНУ нь тэднээс 4 дахин давуу байгаа. Хэрэв байгаа бүх нисэх онгоцуудаараа тооцоо хийвэл АНУ-ынх Оросынхоос 8 дахин томроод явчихна. Су-57 мэт 5 дахь үеийн сөнөөгч онгоц Оросын зэвсэглэлд байгаа ч энэ нь аль ч талаараа Оросын нисэх хүчинд давуу байдал авчрахгүй хэмээн Сивков хүлээн зөвшөөрчээ. Хуурай замын цэрэг, дээд зэргийн онч бүхий мэргэн зэвсгээрээ Орос нь Америкаас хоцорсон хэвээрээ, хуурай замын цэргийн тоо гэхэд л оросынх 2 дахин цөөн байна. 

Баллистик пуужингаар АНУ 3.5 дахин, том калибрын их буу, катюшаар 4 дахин, Оросын “Искандер” гэх пуужин нь Америкийн ATACMS гэх пуужингаас цэц мэргэний хувьд илүү ч гэсэн АНУ-д ATACMS пуужингийн комплекс 800, хэрэв нөөц пуужингуудаа оролцуулбал4500, харин Орост“Искандер” хамаагүй цөөн байна. 

Цэргийн зардлаар нь ч харьцуулалт хийж болно. www.sipri.org/2 May 2018 гэх сайтад Global military spending remains high at $1.7 trillion гэсэн гарчигтай чухал нийтлэлд тэр тухай байна. 2017 оны байдлаар даян дэлхийд цэргийн зардлаар хошуучилдаг улсуудыг зарцуулсан мөнгөн дүнтэй нь гаргахад эхний байрт АНУ (610 тэрбум ам.доллар), хоёрт Хятад (228 тэрбум), гуравт Саудын Араб (69.4 тэрбум), дөрөвт Орос (66.3 тэрбум), тавд Энэтхэг (63.9 тэрбум) гэж жагсжээ. НАТО-гийн цэргийн нийт зардал нь 900 тэрбум доллар юм байна.

Гурав. Зэвсэгт хүчний реформ зайлшгүй

Дээр зөвхөн махан тоонуудаас эшлэлээ. Харьцуулалтаас хар даа. Нэг утга илэрхийлж байна. Хэрэв тэр ёрлоод буй дайн нь дэгдэх аваас, тэгээд бүр хаа холын арабын ертөнцийн төлөө Орос хөдөлбөөс ийм харьцаатай зэвсэг техник, цэрэг юу болж хувирах вэ гэдэгт хариулт олоод өгчихөд тун амархан.“Орос: НАТО” гэсэн харьцаагаар авч үзэхэд ч Орос хил орчмоо хянаж хамгаалж байх, Балтийн тэнгист давамгайлах байдалтай л байгаа. Бусдаар НАТО гэхэд нисэх хүчнээрээ Оросоос 5 дахин том байна. Гэхдээ урт удаан хугацаанд сөргөлдөх, бүр мөргөлдөх тохиолдолд Орос удтал тэсч чадахгүй юм. Сталины төмөр нударга дор байсан Орос орон бол тэсэх байх, харин өнөөгийн шинэ Орос бол тэсэхгүй ба хүсэхгүй. 

Ерөөсөө зэвсэгт хүчнээ шинэчлэе, реформ хийхгүй бол болохгүй боллоо гэдэг нь 2008 оны Орос-Гүржийн дайнаар харагдсан. Томхон реформ, цэргийн төсөв нэмэх, зэвсэг техникээ орчин үежүүлэхажиллагаа 10 жил үргэлжилж байна. Дараа нь Украин ба Сирид байлдсан дайны туршлага Орос хуримтлууллаа.

Зэвсэглэлээ шавдуулж, батлан хамгаалахын захиалга нь хэмжээ далайцаараа эрс өсч байгаа Оросын нөхцөл байдлыг ойлгож болохоор байна. Путин ба Оросын цэрэг-аж үйлдвэрийн хамслын хийж бүтээж байгааг ойлгохоос аргагүй. Яг одооБХЯ-наас энэ үйлсэд 30 триллион рубль хүсч байгааг оросын ард түмэн ч ойлгож дэмжинэ. Гэхдээ тэр реформоо ямар өртгөөр бүтээх вэ, Оросын эдийн засаг даах уу гэдэгт л хариулт олж өгөхөд тун хэцүү юм.

Дөрөв. Санкцанд дөрлүүлж ханалаа

Андрей Пионтковский, Евгений Понасенков гэх сөрөг хүчний эрдэмтэн, нийтлэлч нар Оросын эсрэг хамгийн ихээр дуугардаг, тэр нь анхаарал татахгүй байхын арга ч үгүй юм. 2018 он Оросын хувьд юу болох бол хэмээн эх орныхоо төлөө санаа тавьж сэрэмжүүлэн бичих нь юуны буруу билээ.

Ерөөсөө өрнөд ертөнц, АНУ яагаад Оросын эсрэг байх болов, хэр удаан үргэлжлэх юм гэдэгт тэд хариулт хайсан нь ч буруу биш байх. Путин америкийн эсрэг гибрид дайн өдөөх аваас цаадуул нь ялагдахгүйн тул эдийн засгийн давуу талаа ашиглана хэмээн Аюулгүй байдлын асуудлаархи Аспены бага хурал дээрээ америкийн хүчний байгууллага, тусгай албадын өмнөх ба одоогийн дарга нар ярьсан юм байх. Гибрид дайн гэдэгт суртал нэвтрүүлэг, Сири дэх ажиллагаа, эдийн засгийн хориг, сүрдүүлэг, цэрэг дайны хийрхэл, зэвсэглэлээр хөөцөлдөх, Украин дахь ажиллагаа гэх мэт Оросын одоогийн үйлдэж буй бүх алхмыг тооцох аж.Ийм дайндаа ялагдахгүйгээр үл барам ялж байгаа тухай сүүлийн 4 жил Орост шоу тоглож байгаа юм байх. 

Тэгэхлээр даян дэлхий дэх тэрхүү гибрид дайнд Америк ялахын тулд Сирийг сонгон авч цохилт өгсөн болж таарлаа. Оросын эсрэг санкцуудаа үргэлжлүүлээд, бүр санкцын тухай хууль батлан мөрдөх нь дараагийн алхам нь. Салбар зааж санкц тавих нь шилдэг арга нь. 

Санкц тавих явцдаа юу олж харав гэвэл оросоос хулгайлсан буюу хууль ёсоор гаргаж АНУ-д хадгалуулсан асар их актив байгааг гэнэт мэджээ. Гэмт хэргийн аргаар олж авсан хөрөнгө угаахын эсрэг америкийн хуулийг сөргүүлээд тавьчихтай зэрэг Оросын элит, эрх баригчдын эсрэг том хориг болж хувирна. Одоогоор оросын нэг триллион доллар АНУ-д хав түгжигдэх аюул бодитой. Энэ бол сүүлийн 25 жилд олборлосон оросын түүхий эдийн 40 хувьтай тэнцэх их хөрөнгө. Британид оросын бүтэн хагас триллион долларын актив хадгалаастай байна. Энэ их мөнгийг нь Оросын эсрэг хоригтоо зэвсэг болгож ашиглах тухай яриа л даа.

Тав. Трампад мөн ч айхтар мэхлүүллээ

«America first» уриатай, улс төрийн дөргүй бизнесч нөхөр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд ялаад гараад ирмэгц Орост үүр цайх шиг болжээ. Учир нь тэр нөхөр глобал үүрэг амлалтаасаа татгалзана, НАТО-г дэмжихээ болино гэхчлэн ам мэдэн ярьж байсныг нь оросууд шүүрч аваад сэтгэлээ жигүүрлэчихэж. «Русский мир» гэх Оросын нөлөөний хүрээгээ чөлөөтэй тэлж, Украин, Прибалтийг хамаад авна гэсэн тооцоо ч хийсэн юм байх. Трампын ялсан өдөр Оросын Төрийн Думд шампанск буудлуулан тэмдэглэж байхдаа оросын улс төрчид ганц зүйлийг ер ойшоогоогүй. АНУ гэж хэн юм бэ, тэнд Ерөнхийлөгч болдог нөхөр хэн болж хувирдаг вэ, америкийн улс төрийн системийн бүтэц тогтолцоо нь ямар вэ гэдгийг оросууд маань даан ч ухаарах сөхөөгүй хундага тулгацгааж байв. Трамп бие дааж шийдвэр ерөөсөө гаргахгүй, тэр нь эрх мэдлийн хувьд Путин биш гэдгийг ухаарах сөхөө оросуудад байгаагүй. Тэр хэзээ ч диктатор болж чадахгүй. Кремлийн одонт Р.Тиллерсон ТНБД болж жил гаран ажиллан оросуудад горьдлого төрүүлж байгаад алга болсон. Америк бол тогтоон барих, сөрөн зогсох маш хүчтэй систем бүхий дэлхийн гүрэн гэдэгтэйгээ Трамп эвлэрдэгээ эвлэрсэн. 

Кремль Трампад найдлага тавьсан нь бүхэлдээ алдаа болчихоод цаадуул нь Сири дэх оросын ашиг сонирхлыг маш ноцтойгоор сорьж, туршиж, өдөж үзэж байх шиг. Трамп төр тэргүүлээд эхний хэдэн сардаа Крымын асуудлаар таг чиг явсан бол 2017 он шувтрах үед Курт Волкер гэх Трампын зөвлөх нь асуудлыг сөхөөд босгоод гаргаад иржээ. Асуудал хаагдаагүй гэдгийг украины чиглэлд мэргэжиж яваа Волкер тэмдэглэжээ. 

Ерөнхийлөгчийн сонгуулийнхаа явцад Путин Оросын хүчирхэг зэвсгүүдийн тухай сурталчилж, цөмийн хүчирхэг зэвсэгтэй тухай дэлхийд таниулж байх үед АНУ огтын тоосон шинжгүй өнгөрсөн.Өрнөдөд үүнийг ээлжит шантаж гэж хүлээн авсан. Баруун Европ, АНУ-д үе үе дэгддэг лалын терроризм дээр Орос тоглолт хийхийг зорьсон. Оростой хамтран ажиллахгүй л бол дэлбэлэлт халдлага үйлдэгдээд байх мэтээр. Учир нь Сирид лалын терроризмтой жинхэнэ тэмцэгч нь Орос хэмээн 2015 оноос өөрийгөө үзэж сурталчилж байгаа. Исламын терроризмтой хийх тэмцэл оросуудгүйгээр боломжгүй хэмээн цаадуул нь үзэхгүй байна.

Зургаа. Ким Чен Унд мөн ч айхтар мэхлүүллээ

Хойд Солонгосын ухаалаг эрдэмтдийн ололт амжилтууд Кремлийн тусламжаар бүтсэн гэдэг нь нууц биш юм. Хойд Солонгосын пуужинт-цөмийн зэвсэг бүтээгдэхэд зөвлөлтийн эрдэмтэд, технологи, мөнгө цаас орсныг нуугаад үгүйсгээд нэмэргүй. Харин энэ удаа Орос энхийг сахиулагч болж Хойд Солонгосыг хэлэлцээний ширээнд суулгаж даан ч чадсангүй. Халуун цөмийн зэвсгээ Номхон далай дээр туршина хэмээн Ким Чен Ун өнгөрөгч нэгдүгээр сард дэлхийг чичрүүлж байхад Путинд ийм төлөвлөгө байсан аж. Тэрээр Пхеньянд нисч очиж байдлыг түвшитгээд Ким Чен Ун, Трамп нарыг хэлэлцээний ширээнд суулгах, тэр нь Москвад тохиох ёстой байжээ. Гэтэл Трамп мал биш учраас бас давхар давж ажиллажээ. Оростой биш Хятадтай наймаалцая гэх нь тэр. Солонгосын хойгийн асуудлаар Хятад, АНУ хоёр маш ноцтойгоор ойртсон нь оросуудад харагджээ. Хятадын хамар дор цөмийн зэвсэгтэй Хойд Солонгос, залгаад Япон цөмийн гүрэн болж хувирна гэдгийг Хятад огтоос хүсэхгүй. 

Трамп сонгогдоод удаагүй байхад Си Зиньпин түүний урилгаар АНУ-д морилож, айлчлалтай давхцуулан хятад, америкийн цэргийн мэргэжилтнүүд цөмийн асуудлаар (“Ким Чен Уны дэглэм нурсан тохиолдолд” гэсэн тодотголтой шүү!) зөвлөлдөж байв. Бүр хэтрээд Карибын хямралын туршлага судлах цэргийн мэргэжилтнүүдийн хамтарсан семинар зохиогдов. Карибын тэнгист зөвлөлттэй тэгж тэгж мөргөлдөх дөхсөн гэдгээ америкчууд 2017 оны 12 дугаар сард Пентагонд хятадуудад ярьж танилцуулж семинардаж байсан болж таарлаа. Солонгостой залгаа хятадын мужуудад цөмийн цацрагаас хэрхэн хамгаалах, дүрвэгсдийн урсгал орж ирвэл хэрхэх тухай зааварласан ном хэвлэл, сонин сэтгүүл тарсан нь Хятад ямар нэг болзошгүй ажиллагаанд бэлтгэж байгаа мэт. Эцэст нь Пентагон ба БНХАУ-ын БХЯ-ны хооронд шууд утсан холбоо тогтмол ажиллуулдаг боллоо. Энэ бүхнийг хийхдээ Хятад нь “холбоотон” гэгдэж буй Оростойгоо огтоос зөвлөлдсөнгүй гэнэ.

Долоо. “СССР-ийн сүнс”

Евгений Понасенков гэдэг нөхөр Орос орноо яг ингэж нэрлэж бичдэг, ярьдаг, тэр нь ч Оростоо дэмжлэгтэй бололтой юм билээ. “СССР-ийн үхдэл амилаад босоод явж байна” гэсэн нь яасан хорлонтой дуулдана вэ? Эх орноо тэгж хэлж болдог юм уу?

Зөвлөлт Холбоот Улсыг сэргээх гэсэн, үгүй ядахнаа Зөвлөлтийн авир төрх, зангарагаар ажиллах гэсэн болгон нь Орост гай авчирдаг хэмээн тэр нөхөр ярьж байх юм. Өөрийнхөө иргэдийг ч, харийн иргэдийг ч байнга зовоож, бэрхшээл зовлонд унагадаг, шинжлэх ухаан, бизнес, урлаг соёлыг нь мөрт нь эрхлүүлдэггүй. Элдэв хяналт хориг, арын хаалга, авилга байнга дагалддаг. Оросын системийн үндсэн үүрэг нь бол голын усны урсгалыг эргүүлэх, эрх чөлөө, интернэт, хүний эрх, хувийн сонголттой ньтэмцэх явдал хэмээн Понасенков номложээ. Тэрээр Путиныг тодорхойлохдоо хязгааргүй их эрх мэдэл дээр гэнэт оччихсон зөвлөлтийн ямар ч чекист, зөвлөлтийн ямар ч иргэн ингэж л ажиллах биз гэжээ. 

Түүний үзэж байгаагаар Орост авторитар дэглэм ширүүлэх тал руугаа цааш явна, эрэг шураг чангарна, тэр хэрээрээ эдийн засаг, нийгэм-сэтгэл зүй хяналтаас гарах аюул нүүрлэнэ, орон нутгуудад хаос дэгдэж магад хэмээн Понасенков сэрэмжлүүлжээ.

Найм. Эмиграц

Орост аспирантурт суралцагч эрдмийн зэрэг горилогч хоёр хүн тутмын нэг нь гадаадад цагаачлан амьдрахыг хүсдэг гэх нийгмийн судалгаа байна. Оросын оюуны сан (Русский академический фонд) гэх байгууллагаас өнгөрсөн жил Батлан хамгаалахын сайд Шойгуд хандан хүсэлт тавьж, цэргийн насыг уртасгаж өгөхгүй бол оросын хамаг оюун тархи гадаад руу урсаад алга болох нээ хэмээн сэрэмжлүүлжээ. 

Наталья Гранина гэх сэтгүүлчийн тэмдэглэлээс сөхье. Зөвлөлт Холбоот Улс тарснаас хойш Орос нь 1.5 сая иргэнээ гадаадад албан ёсоор цагаачлуулснаас тэд нь бараг бүгдээрээ сэхээтнүүд, ихэнхи нь Герман, Израиль, АНУ-ыг зорьсон байх аж. Тэдний 250-300 мянга нь суугаа орондоо онц хэрэгцээтэй, эрэлттэй, чухал салбарт оюунаа зориулсан эрдэмтэд гэнэ. Хилийн чанадад 4.5 сая орос оюутан суралцдаг гэх айхтар тоо байна. Үнэн л байдаг байх даа? Оросоос цагаачлагчдын40 хувь нь Өрнөд Европыг, 30 нь АНУ, Канадыг сонгодог, цэрэг-аж үйлдвэрийн хамслаас явсан эрдэмтэнд ажлын байр найдвартай. Энэ чиглэлийн хүмүүс Энэтхэг, Хятад, бүр Иранд онцгой хүндэтгэл хүлээдэг гэсэн байх юм. Оросын оюуны санг эзгүйрүүлэн гадагш цагаачлан одогсод Москва, Санкт-Петербург, Новосибирск хотоос голлодог, тэндхийн шинжлэх ухааны сургуулиудын эрэлт хэрэгцээ их байдаг нь гайгүй боловсрол олж аваад гадаадад гараад явчихдагаас тэр гэнэ. Томск хотоос бүхэл бүтэн химийн лаборатори эзэнтэй, юутэй хээтэйгээ гадаад руу нүүгээд алга болсон жишээ ч байx шиг.

Энэ юу хэлнэ вэ? Орост эрэг шургийг чангалж, захиргаадалт ихсэхийн хэрээр төр засаг, улс эх орондоо итгэлээ алдаж, үлдэх амьдрал, үр хүүхэд, ач зээ нарынхаа ирээдүйн төлөө эх орноо золигт гаргах үзэгдэл хавтгайрсны шинж бус уу? Гадаадад өсч өндийж суралцаж ажилласан орос иргэд эргээд ОХУ руу зүглэж эх орноо хөгжүүлэхээр ирэх нь юу бол гэх санаагаар хатагтай Гранина бичсэн байх юм. 

Дээр би Константин Сивков, Андрей Пионтковский, Евгений Понасенков, Наталья Гранина гэсэн 4 орос автороос хөрвүүлж эшлэлээ. Өөрөө зохиогоод биччихсэн үг өгүүлбэр гэвэл хэдэн холбоос л байгаа. Энэ 4-ийн хэнийхэн ч нэрийг google-д бичээд сайт руу нь нэвтэрч ороод миний бичсэнээс бүр илүүг, тэгэхдээ гэрэл гэгээтэй гэхгүй, хар барааныг олж уншиж болно. 

Энд Монгол-Оросын харилцааны эсрэг, Оросын ард түмний эсрэг намайг буруутгах ямар ч үг өгүүлбэр байхгүйг хүлцэн ажаамуу!