Гуравдугаар бүлэг


Хулан тэр бүсгүй юунд ч санаа зовдоггүй. Бараг юу ч хийхгүй яг над шиг ажээ. Тэр өглөө босоод ажилдаа явна. Орой ажлаа тараад гэртээ ирнэ. Тэр бас бараг хаашаа ч явахгүй бөгөөд харин хаяа заримдаа цаг гаргаж надтай хамт уулзаж ярилцан зугаалах дуртай байсан. Тэр бүсгүй ихэвчлэн нимгэн цайвар цагаан цамц эсхүл жижигхэн цэцэгтэй шаргал ногоон өнгөтэй ноосон цамц, цэнхэр хөх өнгийн джинсэн өмд өмсөнө.

Хулан тэр миний ирж явахыг холоос олж хараад хүүхэд адил баярлана. Тэр миний нүүр царай руу том алаг нүдээрээ эгц ширтэн харж байгаад л ямар юм, юу болж өнгөрснийг хөөрөн ярина.

Түүний аав хөдөө нислэгт яваад яаж ирсэн. Ээж нь, эгч нь өчигдөр уржигдар юу хийсэн тухай. Бас тэр ажилдаг газрынхаа тухай ярина. Тэр надтай аз жаргал болон амьдралын тухай, хайр энэрэл ба зүрх сэтгэлийн тухай ярилцах дуртай байдаг байлаа. Хулан тэр бүсгүй намайг ихийг мэдэх ба мэдэхгүй зүйлсээ ч зөв бодож, зөв ойлгоод зөв ярьж хэлж чадна гэж бодно. Тэр надад итгэдэг байв. Түүнийг, бас түүний бүхий л зүйлийг би хүлээн зөвшөөрдөг болохоороо. Тиймээ Хулаан «Хүмүүс үхэшгүй мөнх байж чадна». Тиймээ Хулаан «Бид бүгдийн амьдрал мөнх байж болноо» гэж би түүнд хариулна.Би бас түүнд «Хайр гэдэг тэр хамгийн их агуу зүйл мөн билээ. Тиймээ! Тэр агуу их болохоороо, тэр аз жаргалыг дагуулдаг билээ» гэж би түүнд хэлнэ. Харин тэр надад итгэдэг бөгөөд тийм болохоороо миний энэ үгсээс өөр илүү их баталгааг тэр надаас үл шаардана.

Хулан тэр бүсгүй миний урд алхана. Тэр бүсгүй юм бодон дуугаа хураагаад чимээ үгүй алхана. Тэр эргэж харан, миний нүд рүү ширтэн хараад хэлэв.

Дэлгэрээ! «Гайхалтай юмаа. Тийм биш гэж үү?» гэж тэр надаас асуугаад «Ухаан нь миний нэг найз эмэгтэй. Тэр нэг залууд маш их хайртай.

Түүнийхээ төлөө бол амь насаа өгөхөд бэлэн гэдэг. Тэр залуу бас адилхан түүнд хайртай байсан. Тэр хоёр бие биендээ хайртай байсан юм. Тэгсэн нөгөө тэр залуу өөр нэг бүсгүйд сэтгэлтэй болоод, түүнийг орхиод яваад өгсөн.» гэв. Тэгээд тэр надаас «Тэр хоёрын энэ хайр жинхэнэ хайр мөн гэж үү?» гэж асуулаа. Би хэлэв. «Мэдэхгүй байнаа Хулаан. Гэхдээ миний бодоход хайрыг хүн зөвхөн сэтгэлдээ тээж явах бус. Зүрхэндээ шингээж хайрлаж чадах ёстой байх л даа» гэж би түүнд хэлэв.

Тэгээд би бас «Тийм хайр хэзээ боловчиг, цаг хугацаа өнгөрөхөд улам бүр үнэнч болдог. Улам бүр уужим их тэнэгэр, тэнгэрлэг сайхан болдог. Тийм хайр араасаа аз жаргалыг дагуулдаг бус уу» гэж би Хуланд хэлэв. Би түүнд хэлж ярьсан үгэндээ улам бүр урамшин баярлаж өөрөө өөрийгөө зоригжуулан явав.

Тиймээ миний гадна байдал гоо үзэмж, эд хэрэглээ энэ бол олдмол зүйлс. Энэ бол төрмөл биш олдмол юмс. Тийм учраас энэ бүгдийг өөрчилж болно. Бүү шантар! Битгий гунь! Би өөрөө өөртөө ингэж хэлэв.

Би өөрийгөө зөв зүгт чиглүүлж, өөрийгөө зөв үнэлж дүгнээд, хичээж чармайн тэмцэж чадах ёстой. Бүх зүйлс миний гарт байгаа. Миний сэтгэл бодол хоёр бол минийх. Миний тэсвэр тэвчээр, миний хайрын сэтгэл бас минийх. Миний оюун ухаан, зориг зүрх минийх. Тийм учраас. Би яаж явах зөвхөн надаас шалтгаална. Миний хувь тавилан миний гарт байгаа. Хуйлж явах дэлгэж явах, яаж авч явахыгаа би өөрөө мэднэ. Ингэж бодоод би ахин дэвших хүсэл сэтгэлээр жигүүрлэв. Би цэцэг адил дэлгэрч, шувуу адил нисэж, бүргэд адил амьдрах ёстой билээ надад ингэж бодогдоно.

Би дуугүй бодлогшрон алхана. Би ам үл нээнэ.

Тэнгэр дуугарч, тэрхэн агшинд гэнэт тэнгэр борооны өтгөн хар үүлсээр хучигдав. Борооны ганц нэг дусал ус дусалж эхлэв. Хулан доошоо тонгойгоод юм бодон алхана. Тэгээд тэр бүсгүй надад ингэж хэлэв. Тэр өөрөө өөртөө хэлэх мэт зөөлхөн дуугаар «Тиймээ Дэлгэрээ чиний зөв. Гэхдээ бүх юмс зөвхөн Бурханы тааллаар болдог бус уу?» гэв. Тэгэж хэлээд тэр дахиад бодолд автав.

Тэр өдөр Хулан намайг хот ордог автобусны буудал хүртэл үдэж өгсөн юм. Тиймээ тэгэхэд надад анх удаа итгэж шүтэж явах амьдралын сайн сайхан, түүний төлөө тэмцэж мэдэрч амьдрах итгэл сэтгэл төрсөн билээ.

Тэгээд би Хуланд хандан ингэж хэллээ.

«Тиймээ Хулаан. Бурхан бидэнд их юм өгсөн юм. Тэр бид бүгдэд оюун ухаан өгсөн. Энэрч хайрлах сэтгэл зүрх өгсөн. Тэр бас бидэнд тэсвэр тэвчээр өгсөн. Бурхан бид нарт бүгдэд өгсөн юм. Харин бид нар Бурхнаас бидэнд хайрласан энэ бүгдийг зөв зүгт залж, зөв зохицуулж амьдарч чадах ёстой билээ.

Яг эндээс л хүмүүс Бурхныг эрж хайдаг байвал нь тун их сайнсан! Хааяа нэг заримдаа би ингэж боддог юм» гэж би түүнд хэлэв. Хулан «Чи түүнийг Бурхныг олж харсан уу?» гээд «Энэ бол боломжгүй юм л даа. Гэхдээ чи зүүдэндээ ч юм уу эсхүл мөрөөдөхдөө Бурханыг олж харсан уу?» гэж тэр надаас асуулаа. Тэгээд тэр бүсгүй «Би бол харсан Би заримдаа нүдээ аниад л мөрөөддөг. Бурхан миний нүдэнд биш. Бурхан миний сэтгэл зүрхэнд үзэгддэг юмаа...» гэж хэлээд тэр хөгжилтэй сайхан инээлээ. Тиймээ Бурхан хүний нүдэнд бус. Бурхан хүний сэтгэлд харагддаг. Бурхан хүний зүрхэнд үзэгддэг юм. Тийм учраас хүмүүс нүдээ аниад тэвэрдэг үнсдэг боддог. Нүдээ аниад мөрөөддөг. Нүдээ аниад залбирдаг. Хайрлахдаа уйлахдаан хүмүүс бас нүдээ анидаг билээ. Ингэж бодоод би түүнд хэлэв. «Тиймээ Хулан минь чиний зөв. Бурхан хүний нүдэнд биш. Бурхан хүний сэтгэл зүрхэнд үзэгддэг билээ» гэж би түүнд хэлэв. Тэгээд би цааш нь хэлэв. «Ганцаардан, уйтгарлаж гунигтай суух тэр мөчид би Бурханыг санагалзан мөрөөдөж суудаг юм» гэлээ.

Хулан бид хоёр, хоёр цаг гаруй хамт алхжээ. Бид хоёр цэцэрлэгт талбайн хашаанаас гарч хот явдаг автобусны буудал чиглэн алхав.

Амралтын өдөр байлаа. Тэнд автобусны буудалд хүн цөөхөн хөдөлгөөн бага, чимээ анир үгүй нам гүмхэн байв. Автобусны дэргэд Хулан тэр бүсгүй намайг үдэж өгөхөөр зогсоно. Бид хоёр чимээгүй хөдөлгөөнгүй зогсоно.

Гэнэт автобусны том хаалга нээгдээд... хаагдаад... бас дахин нээгдэхэд Хулан зог тусч миний гарыг яаран чанга гэгч нь атгав. «За баяртай... сайхан амраарай» гэж тэр надад хэлэв. Ингээд дахиад би бас ганцаараа үлдэх билүү? хэмээн надад бодогдов. Миний дотор муухайрав. Тэгээд би Хуланд хэллээ. «Надтай жаахан хамт байгаач. Би дараагийн автобусаар явж болно шүү дээ» гэлээ. Хулан цагаа хараад хэлэв. «За сайхан амраарай. Аав ээж хоёр маань намайг хүлээж байгаа. Бид гурав одоо зуслан явах юм. Бид хоёр зөндөө их алхлаа шүү дээ. Дараа хүсвэл ирээрэй» гээд «Завтай байвал маргааш яг өдийд ир л дээ» гээд тэр инээмсэглэв.

Автобус хөдөллөө. Нартай дулаахан бас бүрхэг дулаахан намрын тэр нэгэн өдөр дур булаам сайхан өдөр байсан билээ.

Тиймээ.

Сайхан өдөр байсан. Борооны дараах Богд уул яармаг нисэхийн дэнж тэр чигээрээ нов ногоон, уянгалаг зөөлхөн ер бусын сайхан өнгөөр гэрэлтэн харагдана. Орчлон ертөнц агаад тэр чигээрээ дур булаам үзэсгэлэнтэй сайхан ажээ. Би аз жаргалтай байлаа. Тэр өдрөөс хойш сар хүрэлгүй болоод би сургуульдаа суралцахаар буцсан юм.

Тиймээ. Би Хуланд хайртай байсан. Тэр намайг автобусны буудал дээр тосч үддэг байсан ба тэр миний яриаг дуртайяа сонсож, тэр намайг бахарсан харцаар харж, тэр надтай хамт байхдаа дуртай байдаг байсанд нь би түүнийг хайрладаг байсан байх.

Түүний үнэнийг өгүүлэх адил үзэсгэлэнтэй сайхан давхраатай том алаг нүд, цагаан царай нарийхан хүзүү, зөөлхөн жижигхэн сулхан гар. Түүний ухаалаг үгс. Сэтгэл хөдлөм амирлангуй энгийн сайхан зан төлөв миний бахдалыг төрүүлдэг байв. Магадгүй тэр хэдийгээр гоо үзэсгэлэнтэй боловч хатуу чанга, түүний эгч адил байсан бол, бас тэр өөрөөр бодож ярьдаг байсан бол, тэгээд тэр бүсгүй надад дургүй байсан бол би түүнийг хайрлаж чадахгүй байсан байх. Тэгээд би түүнтэй хамт өнгөрөөсөн мөч бүхнээ дахин давтан эргэж санадаг болов. Түүнгүй бол миний амьдрал уйтгартай тэгээд бас утга учиргүй юм шиг надад бодогдоно.

Тэгэж бодоод би өөрөө өөртөө дотор сэтгэлдээ ингэж хэлэв. Тиймээ! Би өөртөө зорилго тавьж амьдрах болно гэж хэлэв. Би өөрийнхөө зүрх болоод итгэл сэтгэл хоёроороо хөтөч хийн амьдрах болно. Би Бурхныг хайх болноо хэмээн зүрхэндээ би бас шивнэн хэлэв.

Тэгээд нисэх тосгоноос би буцах замдаа хийх ажил үгүй өнгөрч дуусдаггүй урт, маргаашийн өдрийг, тэгээд хичнээн их урт байлаа ч гэсэн хорвоогийн юмс нэг л өдөр дуусдаг бус уу? гэх гунигт хоёр бодлоо хамтад нь тээн буцсан билээ.

Тиймээ! Бурхан хүний нүдэнд бус. Бурхан хүний сэтгэлд харагддаг. Бурхан хүний зүрхэнд үзэгддэг. Тийм учраас хүмүүс нүдээ аниад боддог. Хүмүүс нүдээ ангиад мөрөөддөг. Нүдээ аниад тэвэрдэг үнсдэг залбирдаг. Хайрлахдаан, уйлахдаан хүмүүс бас нүдээ аниддаг билээ.

Би ингэж бодов. Тийм учраас юм бодож байх хэрэгтэй. Нүдээ аниад бодох ёстой ажээ. ..


БАДАМХАНД МУЗЕЙ