Тиймээ. Бүх юмс сайн сайхан байх албагүй. Хүнд юу ч тохиолдож болно. Гол нь амьдралд тохиосон хатуу хэцүү бүхний өмнө хүн нулимс дуслуулан, толгой гудайлган сууж хэзээ ч болохгүй билээ. Хэн нэгнээс аврал ирээд хэрэггүй. Хэн ч хүнд тохиосон зовлонг өөртөө үүрэхгүй. Энэ бүгдийн өмнө бодолтой ухаалаг, овсгоотой авхаалжтай, тэсвэртэй тэвчээртэй байж чадаж гэмээнэ. Хатуу чанд сахилга дэг журамтай байж гэмээнн хүн зовлонг өөртөө сөхрүүлж чадна. Би ингэж бодов. 

Тийм ээ орчлон ертөнц дээр түүнээс ч илүү хэцүү юм олон байдаг билээ.

Тэгэхээр ийм байна. 

“Хүү минь. Чи хэрэн хэсэх бодол оюунаа зогсоож анхдагч тэр нэгэн нэгдмэл байранд нь буцааж аваачиж чадах уу?

Хүү минь. Чи өөрөө өөрийгөө шинэ төрсөн хүүхэд адил. Уян зөөлхөн хир үгүй тунгалаг оюун ухаанд дахин сэрээж чадах уу? 

Хүү минь Чи сэтгэл хүсэл бодлоо юу ч биш. Зөвхөн гэрлийг харах хүртэл цэвэрлэж чадах уу?” хэмээн эртний Хятадын Дао-Те-Кинг буюу Бумбын номлолд ингэж хэлжээ. 

Юу гэсэн үг вэ? гэвэл. Хүн анх эхээс мэндлэхдээ. Муу сэтгэл үгүй. Хүсэл сэдэл үгүй төгс цэвэр төрдөг. Энэ бол Бурханаас бидэнд бүгдэд өгсөн хувь тавилан. Тэр хоосон. Гэсэн хэдий ч тэр бол хил хязгаар хэмжээ үгүй үнэ цэнэтэй асар их бодит боломж мөн гэсэн үг. 

Бурхан үүнийг бид бүгдэд өгсөн юм. Энэ бол ямар нэгэн нууц нуугдмал зүйл биш. Энэ бол ид шид биш. Энэ бол чиний миний түүний чи бидний төрөлх чадвар, Бурхан бидэнд өгсөн цэв цэвэрхэн цав цагаан хувь тавилан. Харин чи түүнийг дэлгэж явах уу? Дэлдэж явах уу? Чи өөрөө мэднэ!!! гэсэн үг. 

Тиймээ. Бурхан бээр үүнийг бид нарт бүгдэд ижилхэн өгсөн билээ. ...


Төгсгөл

Хүү минь! Охин минь!

Тэгэхээр би чамд юу гэж хэлэх гээд байна вэ? гэхээр ингэж хэлэх гэсэн юм. 

Ертөнцийн элдэв олон явдлыг буруутгаж битгий харж бай. Ухаарч ойлгож харахыг хичээж бай. Хэрэгтэй хэрэггүй юмаар хүнийг битгий их гомдоож бай. Хүний амьдрал гэдэг чинь богинохон юм шүү дээ гэж хэлэх гэсэн юм. 

Жаргал гэж байхгүй. Зовлон гэж байдаггүй юм.Тэр энд байхгүй. Тэр бол хоосон юм. Тийм учраас түүнд аль алинд нь бүү итгэ. Түүнийг бүү эсэргүүц. Битгий дэмж.

Тэгвэл тэр өөрөө алга болоод өгнө. Тэр цагийг хүлээ гэх гэсэн юм. 

Өнгөрсөн юмыг битгий их бодож бай. Өнгөрснөөр бүү амьдар. Тийм хүн амьдралаас үл зууралдана. Тэр юунаас ч үл айна. Тэр төөрөгдөлд үл автана. Түүний үйлдэл нь оршихуй байлаа ч гэсэн мөн чанар нь хоосон байдаг юм гэх гэсэн юм. 

Ээжийнхээ зөөлхөн дулаан инээмсэглэлийг санаж яв. 

Эцгийнхээ хатуу шулуун бодлыг эргэж хар. Ургах нарны шинэхэн туяаг, солонгын долоон өнгийг ажиглаж харж бай. Унтаж байгаа үрийнхээ зулайг үнс. Үнэрлэж үнс. Зүрхээрээ таал. Халамжит сайн ханийнхаа үгийг сонс. Бүтэн сонс. Анхаарч сонсож бай. Ийм байж чаддаг бай. Ингэж амьдар гэж хэлэх гэсэн юм. 

Энэ бол тэнгэр адил оршихуй зүй тогтол мөн билээ гэж хэлэх гэсэн юм 

2017.12.03-нд бичиж дуусгав

Улаанбаатар хот