Сэтгүүлч, судлаач Д. Алтангэрэл АНУ-д аж төрөх болсоор арав илүү жил өнгөрчээ. Энэ хугацаанд тэрбээр гадаад улс оронд, ялангуяа АНУ-д гарсан Монголын холбогдолтой соёл түүхийн баримт сэлтийг цуглуулсаар байна. Ирээдүйд тэр бүгдээ эх орондоо авчрах зорилготой аж. Монгол Соёлын Төвөөс Вашингтон хотноо зохион байгуулдаг уламжлалт Монгол судлалын бага хуралд тэрбээр арвин цуглуулгынхаа нэгээхэн хэсгээр буюу Чингис хааны дүр төрх бүхий маркаар үзэсгэлэн гаргах гэж байгаа юм. Тэр талаар цөөн зүйлийг тодруулан ярилцав.

Сайн байна уу? 2 сард болох Монгол судлалын хурлын үеэр та “Чингис хааны дүр дэлхийн маркнаа” хэмээх үзэсгэлэн гаргах юм байна. Энэ цомог тань таны хэдэн жилийн хөдөлмөр, цуглуулга вэ?

Сүүлийн арван жил цуглууллаа. Судалгааны ажлынхаа явцад олж авсан нэг хобби маань юм даа. 

Хамгийн өндөр үнээр гэх үү, их зовж байж олж авсан марк юу байна?

Чингис хаантай холбоотой марк харьцангуй үнэ ханш гайгүй, бас олдоцтой л доо. Хамгийн үнэтэй олж авсан марк гэвэл 1962 оны 9 дүгээр сард Тайваньд гаргасан дөрвөн номиналь марк. “Ордны музей дахь эртний уран зураг” нэртэй. Манай Чингис хааны “Юань Шизү” нэртэй хөрөг багтсан байгаа. Тус цувралаар алтан ялтсан дурсгалын хуудас мөн гаргасан юм. 

Чингис хааны хөрөг бүхий хамгийн анхны марк хэзээ гарсан бэ?

Манай Монгол Улсад гарсан нь гэвэл 1962 он. Хэрэв Чингис хааны хөрөгтэй марк гаргах гэсэн анхны оролдлогыг тооцвол бүр 1927 онд. Тэр үед Чингис хаан, Өгөөдэй хаан нарын хөрөгтэй марк гаргах гээд загварыг нь бэлтгэсэн байсан боловч ямар нэг шалтгаанаар хэвлэгдээгүй. Мөн Дэмчигдонров вангийн “Монгол хязгаар нэгдсэн улс” (Мэнжаан)-аас Чингис хааны хөрөгтэй марк гаргах гэж байгаад амжаагүй. Тэр маркны загварыг харахад хөрөг нь манай Их Эзэн Хааны зураг гэхэд баахан гажсан мэт үзэгддэг. 

Зураг 2. 1927 онд гаргах гээд чадаагүй марк.


Социализмын үед тэгэхээр манайх Чингис хааны марк гаргаж байж ээ дээ? Асуудалд орсон л байх даа.

Орсон орсон. 1962 оны зургаадугаар сарын 2-ны өдөр гүйлгээнд гарсан дөрвөн номиналь марк. Энэ марк олон асуудал дагуулсан байдаг. Тухайн үед Намын төв хорооны үзэл суртлын хэлтсийн эрхлэгч байсан Ж.Цэдэнжав гэдэг хүн анх “Төв хороонд Эзэн Чингис хааны ойг тэмдэглэх санал оруулаач”гэж академич Ш.Нацагдорж гуайг ятгасан юм билээ. Түүхч Ч.Далай, Ш.Бира гуай нар гадаадаас ирээд мөн хүчтэй дэмжиж. Тийнхүү ШУА-ийн гаргасан саналын дагуу 1962 оны 2 дугаар сарын 14-нд МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчоо 58 дугаар тогтоол гаргав. Энэ тогтоолыг батлуулахадУлс төрийн Товчооны гишүүн, Төв Хорооны нарийн бичгийн дарга Д.Төмөр-Очир гуай багагүй үүрэг гүйцэтгэсэн байна. Тогтоолоор Чингис хааны төрсний 800 жилийн ойг 1962 оны 6 дугаар сарын 10-нд тэмдэглэх, ойг тохиолдуулан Чингис хааны 800 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал хийх, дурсгалын хөшөө босгох, шуудангийн марк гаргах болон баримтат кино хийхээр тогтжээ.

Зураг 3. "Монгол хязгаар нэгдсэн улс” (Мэнжаан)-аас гаргахаар оролдсон марк.

Маркны тухайд гэвэл Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн эх зургаар Эзэн богд Чингис хаан, эзэнт төрийн цагаан сүлд, Чингисийн чулууны бичиг, гэрэгэ зэргийг дүрсэлсэн дөрвөн төрлийн нэг цуврал марк гаргаж, 6-р сарын 2-ны өдөр гүйлгээнд гаргасан байна. Гэтэл тун удалгүй буцаагаад хураасан. 2 сая 500 мянгаас лав 25 мянга нь зарагдсан гэж Ж.Болдбаатар гуай хэлж байсан.

1962 оны 10-р сард болсон МАХН-ын ТХ-ны III бүгд хурлаарзохисгүй баяр ёслол тэмдэглэх санаачилга гарган, “үндэсний үзлийг дэвэргэсэн” хэмээн Намын Төв Хорооны үзэл суртал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Төмөр-Очирыг бүх албан тушаалаас нь зайлуулж, Чингисийн маркийг худалдаанд гаргахыг хориглов. Тийнхүү Их Хааны ойд зориулсан марк хүртэл хэлмэгдэж, 30 шахуу жил архивын нэгэн хайрцагт дарагдан “хоригдсон” юм. 

Та өөрөө АНУ-д амьдардаг хүн. Цуглуулагч хүний хувьд Монголтой холбоотой зүйл АНУ-аас хэр олдох вэ?

Монголтой холбоотой зүйл уйгагүйхайх юм бол олдоно шүү. Тэр бүхнийг олж цуглуулаад эх орондоо аваачиж музей, номын санд өгөх юм сан гэж бодох л юм. Өнгөрсөн жил Willem Dooijewaard гэдэг зураачийн 1920-иод оны дундуур Монгол орноор явж байхдаа зурсан хоёр сайхан бүтээл зарагдлаа. Мөнгө хөрөнгө хязгаартайн зовлон юм даа. Хэдэн хятадуудмөнгөөр зад зодоод аваад явчихлаа. “Завхан. Жаргалантын овоо” гэдэг зураг нь үнэхээр хайран санагдсан шүү. Зарим улс орон гадаадад байгаа эд өлгийн дурсгалт зүйлсээ буцаан олох бодлого хэрэгжүүлж, сан хүртэл байгуулсан байна. Сайхан үйлс шүү. 

Энэ нэг марк их сонин юм. Түүхийг нь ярьж өгөөч.

Аан энэ яг марк гэвэл биш л дээ. Нүүр ханшгүй. Cinderella Set гэдэг. Өнөө 1962 оны 9 дүгээр сард Тайваньд гаргасан дөрвөн номиналь маркад зориулж гаргасан Синдерелла хэлхээ. Гэхдээ энэ бас их ховор, түүнийгээ дагаад хөөрхөн үнэтэй. 

Зураг 4. Тайванаас гаргасан Синдэрэлла буюу Үнсгэлжин цомог


Маркнаас өөр таны архивт сонин сайхан юм юу байна даа?

Монголтой холбоотой янз бүрийн зүйлс байна аа. Харбинд гарч байсан “Монголын сонин бичиг” сонины дугаар, Хэнри Харалд Хансэн гэдэг хүний гаргасан “Монгол хувцас” номын Хөөфэнхагны анхны хэвлэл, Калифорнид 300 ширхэг хэвлэгдсэн”Чингис хааны түрүү үеийн дурлалын шүлгүүд” товхимол гээд л . 

Энэ хурлын анхны дугаарт та Чингис хааны хөргийн талаар илтгэл тавьж байсан. 12 жилийн өмнө болчиж байна. Түүнээс хойш ахин өөр сонин сайхан хөрөг гарсан уу? Судалгаагаа үргэлжлүүлж байна уу?

Одоо ном маань бэлэн болсон. Удахгүй хэвлүүлэх санаатай. Их цаг хөдөлмөр зарцуулсан судалгааны ажил байлаа. Өнгөрсөн хугацаанд бараг 20 шахам шинэ хөрөг гарсан. Гадаад дотоодын зураачид өөрсдийн төсөөлөл, бодлоороо Чингис хааны хөргийг бүтээсээр л байна. 

За баярлалаа. “Чингис хааны дүр дэлхийн маркнаа” үзэсгэлэнгийн үеэр ахин уулзъя. Амжилт хүсье.