Чааваасаа хүлээн авахад бэлэн Монгол орон!
Монголын популистууд амжилттай байгаа. Монголчууд популизмд улам бүр автаад буй. Популизм популизмдаа бүр чааваас маягийн популизм шүү!
Популистууд харийн түрэмгийлэгчдээс илүү аюултай! Харийн түрэмгийлэгчид тухайн орны ард түмнийг нэгдэн нягтарч зэвсэглэн тэмцэхэд хүргэдэг. Гэтэл популистууд ард түмнийг өөрийг нь өөрөөр нь сүйтгүүлдэг. Популизмд автсан ард түмэн улсаа өөрсдөө "галдан шатаадаг".
70-аад оны үед Венесүэл улс нэг хүнд ноогдох орлогоороодэлхийд манлайлагчдыннэг нь байсан. "Ядуу европчууд" хүртэл Венесүэлд цагаачлан очдог байв. Фидел Кастро тэргүүтэй кубын коммунистууд венесүэлчүүдэд атаархаад үхчихдэг байв. Түүнээс хойш гучин жилийн дараа нефтийн үнийн уналтаас болж эдийн засаг нь суларсан. Гэхдээ л Латин Америкдаа л хамгийн мундаг нь байсан. Үүнийг харсан Фидел Кастро цөхөрч байсан юм.
Би, энэ золгүй ард түмний ерөнхийлөгч нь Уго Чавес болохоос өмнөх байдлыг маш товч өгүүллээ.
Харин Чавес Венесүэлийн ерөнхийлөгч болсон тэр өдөр энэ улсыг хараал идсэн юм. Чааваас (Чавесыг монголчилсон болохыг уншигч анхаарна уу!)-ын популизмд автсан венесүэлчүүд социализм байгуулна гэсээр эх орноо "галдан шатааж" орхисон билээ.
Өнөөдөр Венесүэлийн инфляц нь хоёр сая хувьтай, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь 1,86 доллар болчихсон, өлсгөлөнгөөс болоод хүмүүс нь дунджаар 15-20 кг жин хаян давжаарч, 5 сая хүн дүрвэн гарч байна. Колумбын хилээр дүрвэн орж ирж байгаа венесүэл хүн хорих лагерийн хоригдол мэт харагдаж байна гэнэ. Александр Панзарелли хэлж буйгаар Венесүэл улс "уй гашуу, ядуурал доройтлын цөл" болжээ!
Нэгэн цагт баян Венесүэлд атаархан дайсагнаж байсан кубын коммунистууд өнөөдөр ялалтын хундагаа өргөж буй нь эргэлзээгүй ээ.
Ард түмэн өөрийнхөө сайн сайхныг өөрөө түрэмгийлэн устгалаа шүү дээ. Кубын коммунистуудаас Венесүэлийн популистуудыг бүх талаар дэмжин зад өөгшүүлсэн нь ийм гайхалтай ялалтад хүргэжээ! Фидел Кастро "сагсуу бацан" Чааваасыг хөөргөн онгироосон нь заналт Венесүэл рүү цэрэглэн дайрахаас ч илүү сүпер стратеги байсан ажээ! Өдгөө, улсаа сүйтгэсээр байгаа ерөнхийлөгч Мадурогийн дэглэмийг хамгаалахаар кубын 20 мянга гаруй цэрэг Венесүэлд "урилга"-аар байгаа. Үнэндээ Венесүэл улс Кубад эзлэгдчихээд байна гэсэн үг юм.
Популистууд харийн түрэмгийлэгч дайснууддаа ийм их тус хүргэдэг аж. Тийм учраас л геополитикт өрсөлдөгч дайсан улсаа сөхрүүлэх шилдэг арга бол тэр улсын популистуудыг нь хөөргөх явдал.
Оросыг Герман энэ аргаар чадсан. Больщевик, меньщевик гэх мэтийн Оросын эсэн бусын популистуудыг Герман өөгшүүлээгүйсэн бол ерөнхий сайд Столыпины шинэчлэлээр эхэлсэн Орос орон ХХ зуунд эдийн засгийн супер гүрэн болох байсан гэдэг. Аргентиний популист ерөнхийлөгч Хуан Пероныг АНУ өөгшүүлээгүйсэн бол Аргентин АНУ-тай өрсөлдөх их гүрэн байх байсан гэдэг.
Монгол оронд дайсан улс үгүй.Хоёр хөрш улстай. Тэр хоёр нь их гүрэн. Тэдэнтэй харьцуулахад Монгол өчүүхэн "бичил" улс. Хоёр хөршөө тавгүйтүүлэн өрсөлдөөд, нөлөөлөөд байх тэнхээ, чадал үгүй улс. Тэгэхээр Монголын популистуудыг өөгшүүлээд байх хэрэгцээ хоёр хөршид маань үгүй. Монголын популистууд өөрсдөө л галзуурцгааж байгаа юм. Үнэндээ байгалийн баялгаа булаацалдан галзууцгааж байгаа юм. Байгалийн баялгийн эзэн суухад нь шаардлагатай төрийн эрх мэдлийг булаацалдахдаа галзуурцгааж байгаа юм.
Өөр хоорондоо эрх мэдэл булаацалдах энэ тэмцэлдээ хөршөө уруу татан дэмжлэг авах гэж увайгүйтэн байгаа популист бүлэг бий. Хөршөөсөө, нэн ялангуяа хойд хөршөөсөө дэмжлэг авбал урт хугацааны ноёрхлоо баттай тогтоож чадна хэмээн тооцоолсон бүлэг гараад ирсэн.
Тэдний тооцоо үндэстэй юм. Чойбалсан, Цэдэнбал нарын ноёрхлын түүх үүнийг харуулна. Ерөнхийлөгч Х.Баттулга бол Оросын удирдагчдаас дэмжлэг авах гэж тэдэнд зулгуйдан гүйж буй популист бүлгийн толгойлогч юм. Шуналдаа улайрахдаа улсаа шатаахад бэлэн байгаа Монголын популистуудын тэнэглэлийг хараад гадныхан шогширч буй.
Хоёр хөрш маань ч дотроо шогширч буй нь эргэлзээгүй. Өөрсдөө, чааваас маягийн популизмд улс орон нь автчих вий хэмээн маш их айж байгаа шүү дээ!
Монголын популистууд амжилттай байгаа. Монголчууд популизмд улам бүр автаад буй. Популизм популизмдаа бүр чааваас маягийн популизм шүү!
Генералын мөрдэстэй этгээдүүд цэргийн формтойгоо улс төрийн мэдэгдэл хийж сууна. Зэвсэгт хүчний ерөнхий командлагч зөвшөөрч байгаа болохоор тэгэж суугаа юм. Түүнээс биш дор хаяж генералын мөрдэсээ хураалгана гэж айна. Манай Ерөнхийлөгч хураадгаа харуулсан шүү дээ!
Хэвлэлийн бага хурал хийж буй хоёр генералын "эрэлхэг" царайг харахад л Ерөнхийлөгч Х.Баттулга Чааваасын популизмын Монгол дахь "загалмайлсан эцэг" нь болжээ гэдэг нь маш тодорхой.
Ардчиллаа завхруулчхаад хаяад алга болсон ардчилагчид; дарангуйллын гайг үзээгүй хөөргөн залуучууд; бэртэгчин болоод айхмхай нь дэндэхдээ тэжээвэр нохой мэт болсон бизнесийнхэн капиталистууд; социалист софтверээсээ өнөө хэр салаагүй сэхээтнүүд, бүгд нийлээд Өө Чааваасын Монгол дахь "хойд дүр" залрахыг хүлээж байгаа юм уу гэлтэй байна дөө.
Монгол орон Чаавасыг хүлээн авахад бэлэн болжээ! Ач үрс минь хэцүүдэх нь дээ!