Капиталист үер социалист Монголыг самарлаа!
Өнгөрсөн 30 гаруй жилд Монгол Улс, монголчууд бид яг үнэндээ капиталист нийгэм рүү шилжилт хийсэн, хийж ч байна. Өөр зам сонгоогүй. Хугацааг тооцвол 32.5 жил мөрдсөн Үндсэн хууль, улс төрийн тогтолцоо, эдэлсэн хүний эрх, эрх чөлөө, улс төрийн эрх чөлөөгөө гэв гэнэт муу муухай капитализм, Өрнөд ертөнц, АНУ, НАТО, Европын Холбоо, тэдний нийтлэг үнэт зүйлтэй холбоод гол буруутнаар нэрлэчихэж байгаа юм. Үер болж ус нь эргээсээ хальсан нь явж явж АНУ ба Өрнөдийнхний буруу гээд нэрлэчихэд тун ойртсон мэт.
Капиталист үер социалист Монголыг самарлаа!
Монголчуудын, монгол хүний уран сайхны сэтгэлгээ гэж хэмжээ хязгааргүй юм. Эзэнгүй их талдаа тааваараа бэлчиж яваа мал сүргийнхээ дэргэд гав ганцаар юу дуртайгаа бодож сэтгэж, мөрөөдөж, хийж явдаг нүүдэлчин удамшлын уламжлал дээр нь уран сайхны асар их мэдрэмж суурилчихсан.Иймд юу хүссэнээ, юу хүсч байгаагаа яг тэгэх ёстой юм шиг үг хэлээрээ нүүлгээд байх нь тэр. Сошиал–цахим ертөнц тэр чигээрээ монголчуудын уран сайхны сэтгэлгээний дүгнэлт, уриалга, хүсэл тэмүүллээр бялхана.
Яагаад ийм этгээд гарчиг авснаа буулгах гээд л ийм оршил хэлж байна. Неолиберал,либерал, барууны үзэл гол буруутан нь гээд Сэлбэ, Дунд голын үерийг нэрлэчихэж. Неолиберал,либерал, барууны капиталист шунаг сэтгэл улс төрчдийг эзэмдээд газар олголт нь неолиберал,либерал шинжтэйгээс болж үерт автав гээд биччихсэн пост ганц нэг явж байх юм.
Өнгөрсөн 30 гаруй жилд Монгол Улс, монголчууд бид яг үнэндээ капиталист нийгэм рүү шилжилт хийсэн, хийж ч байна. Өөр зам сонгоогүй. Хугацааг тооцвол 32.5 жил мөрдсөн Үндсэн хууль, улс төрийн тогтолцоо, эдэлсэн хүний эрх, эрх чөлөө, улс төрийн эрх чөлөөгөө гэв гэнэт муу муухай капитализм, Өрнөд ертөнц, АНУ, НАТО, Европын Холбоо, тэдний нийтлэг үнэт зүйлтэй холбоод гол буруутнаар нэрлэчихэж байгаа юм. Үер болж ус нь эргээсээ хальсан нь явж явж АНУ ба Өрнөдийнхний буруу гээд нэрлэчихэд тун ойртсон мэт.
Буруутныг олоод авлаа, одоо тэднийгээ лүд барам болгоод золигт гаргана. Хараалыг урсгаж өгнө. Хараал ч дүүрчээ. Угаасаа монгол хүний унаган төрх нь тийм юм. Харааж байгаагаа нүгэл үйлдэж байна гэж боддоггүй, нийтээрээ хараадаг, хараалгадаг, чих нь дөжирчихсөн, ам нь эвлэхгүйн зовлон гэж байхгүй.
2022 оны хоёрдугаар сард монголчуудын заримынх нь сэтгэлд гэнэт баярын од харважээ. Тэр харвалт бүтэн жил хагас сэтгэлийг нь эзэмдлээ. Учир нь нөгөө муу нэрт, нүгэлт АНУ ба Өрнөдийг үүрд гэсгээн цээрлүүлж устгаад шинээр СССР ба коммунизм байгуулна гэсэн уриатай Оросын одоогийн эрх баригчид капитализм руу урвасан Украинд гэнэтийн цохилт өгчээ. Цохилт цаашаа үргэлжлээд даян дэлхийд АНУ тэргүүтэй капитализм ялагдах тавилантай байсан цаг. Маш олон монгол хүний нүд сэргэсэн, сэтгэл догдолсон байхыг бид харсан даа. Ёстой баярлаж дэвхцэж байсан цаг.
Хэрэв ОХУ Украинд ялсан бол Монголд тэр ялалт шууд ирж, Монголд нөгөө ухарч мөрөөддөг социализмыг нь Путин байгуулан өгч, улмаар Монгол-Зөвлөлтийн найрамдал гэнэт цэцэглэн цэнгэлийн манлайд хүрч болох юм шиг монголчуудын зарим хэсгийн тархинд программчлагдаад, өнөөдөр ч тэр бодол дээрээ шаналан байна. Тэр итгэлээ гээгээгүй түг түмэн хүн байна. Тэр итгэл нь хэрэгждэггүй, харин ч эсрэгээр Украинд ялагдах зам руугаа ОХУ орсон учраас монголчуудын бачуурал хараал, үзэн ядалт савнаасаа хальтал дэгдэв. Социализмын үед сайн сайхан байснаа байнга постлоод байна гэдэг чинь өөрөөр буухгүй байна. Сэргээсэй, тэр үе ирээсэй, түүнд Путин ба Орос биднийг хүргэнэ, өмхий муу янкууд, барууныхан сөнөөсэй, сөнөж байна гээд улиглаад, сошиалд тасрахгүй бичээд байгаа чинь өөрөөр яаж ойлгогдох вэ?
Харин далим гарлаа гэсэн шиг уран сайханжуулаад үертэй холбоод авлаа. Социализм байсансан бол мэдээж Сэлбэ, Дунд голын ай сав дотор газар олгож орон сууц бариулахгүй л дээ. Тэр мэдээж. Капитализм ноёрхож байгаа учраас тэгчихэж. Одоо яая гэхэв. 1990 онд сонгож авсан зам нь тэр юм чинь, монголчууд аа?
Зах зээлийн эдийн засгийн хууль үйлчилж байгаа улс шүү дээ, сайн ч муу ч гэсэн, 30 гаруй жил зах зээлд монголчууд балбуулж байна. Зах зээлийн энэ нийгэмд ядуурч, бачуурч, дээрэлхүүлж яваа түг түмэн монгол хүн, ялангуяа социализмын үед одтой гийж явсан ахмадууд, ахмад дайчдад Путин гэв гэнэт их хайраа илгээж, зах зээлийн нийгмийг нь нураан өгч, шударга ёс тогтоолгоно, мөнгөтэй баячууд, олигархиуд шударга ёсны цээрлэл амсана гэсэн хүлээлт Украины дайны өнгөн дээр монголчуудын тархинд хүлээлт үүсгэн манан будан татуулжээ. Олигархи, баячууд, хөрөнгөтнүүд, ерөөсөө энэ нийгэмд шударга үйлсээрээ товойн гарч ирээд өнгөтэй өөдтэй яваа, хөрөнгө мөнгөтэй бүх хүнийг (бүгд монгол хүн!) үзэн ядуулах сэдлийг Орос-Украины дайн өгчихсөн юм биш үү? Харин тэр сэдэл ба хүлээлт нь хэрэгжихгүй бол яанаа гэхээс миний айдас төрдөг.
Үерээр далимдуулж нийслэлийн үе үеийн дарга нарыг золигт гаргах их аян өрнөж эхэлж байгаа бололтой. Энэ их авилга, ядуурал, нүүрсний хулгай, банкны хэргүүд, дээр нь үер усны аюул нэмэгдээд ямар нэгэн бужигнаан ба тэсрэлтэд хүргэж магадгүй. Би сэрэмжлүүлж байна. Гэхдээ наадмын уур амьсгалд дарагдчихвал санах ой нь богинохон монголчууд бөх морь, аймгуудын тэгш тоот ойнууддаа дарагдаад таг мартчихна. Уран сайхны, уянгын сэтгэлгээ нь тийм болгочихож бас чадна. Тэгэхдээ цахим ертөнцөд хараал тасрахгүй. Хараал л үлдэнэ. Өөр тоймтой юм үлдэхгүй.
Eagle ТВ-ийн “Эх сурвалж” нэвтрүүлэгт хэлж амжаагүй ганц дүгнэлтээ энд буулгачихъя. Би ингэж хэлэх гэж бэлтгэн байв:–Орос, Украины энэ дайныг глобал масштаб дээр авч үзвэл хүн төрөлхтөн социализм, капитализмын хоорон дахь хамгийн сүүлчийн дайнаа хийж байна. Социализм ялах уу, капитализм ялах уу гэдгээ үхэх сэхэхийн даваан дээр эцэслэн шийдэж байна. Оросын байлдааны бүтэлгүйтэл бүгдийг нь илээр хэлээд ойлгуулаад өглөө. Нөгөө манайхны социализмын үед од нь гийж явсан ахмадууд, ахмад дайчид, тэдний үр хүүхдүүдэд хандан хэлье. Хүн төрөлхтөн социализм–капитализмын хоорондахь хамгийн сүүлчийн дайнаа үзэж байна, социализм нь ялагдаж байна. Капиталист ертөнц илтэд давуу гэдгээ нотлон харуулж байна. АНУ, Өрнөд Европ, Японы холбоо сүлбээ, нийгмийн байгууламж, цэрэг-эдийн засаг, стратеги юунд ч дийлдэшгүй юм байна.
Монголд капитализмыг авлах аян хэзээ ч бүтэхгүй ээ. Сэтгэлээ чөлөөл!