Бурханы хүсэлт
Тэрээр Христ мэндэлсний 1503 онд төрсөн юм. Жаргал зовлон аль алинийг нь туулж амьдралд төдий л гомдолгүй явсаар нэг мэдэхэд 93 насыг зоогложээ. Энэ нь тэр үеийнхээр маш ховор үзэгдэл байв. Ингээд мань хүн Бурханд захидал бичжээ:
Тэрээр Христ мэндэлсний 1503 онд төрсөн юм. Жаргал зовлон аль алинийг нь туулж амьдралд төдий л гомдолгүй явсаар нэг мэдэхэд 93 насыг зоогложээ. Энэ нь тэр үеийнхээр маш ховор үзэгдэл байв. Ингээд мань хүн Бурханд захидал бичжээ:
“... Өдгөө нас сүүдэр хэдийнээ 90 гарчээ. Таньдаг бүх хүмүүс маань хэдийнээ хойд нас руугаа одсон. Эхнэр хүүхэд, хамаатан садан бүгд энэ орчлонд нэгэнт үгүй. Над шиг ингэж урт насалсан өөр хүн мэдэхгүй юм байна. Сураг ажиг тавихад ер нь ийм урт настай хүн урд нь хаана ч тааралдаж байгаагүй гэх. Гэтэл би ийм хөгширсөн мөртөө ямар ч хууч өвчингүй, эв арүүл сав саруул. Тэрбайтугай 32 шүднээс маань ганцхан нь хорхойтсон. Ядахнаа өвгөн хүнийг заавал дагадаг нуруу бөгтөр ч надад байхгүй. Эрхэм дээд эзэн Бурхан танаас хүсэхэд би одоо хорвоогийн жамаа даган насан хутгийг олмоор байна. Бие эрүүл саруул боловч сүүлийн үед ихэд ганцаардан гиюүрч энэ нь өөрт зовлон болох боллоо. Амьдралд гомдох юм байхгүй, үүний төлөө танд маш их ач санаж байна. Одоо нэгэнт хорвоогийн жам ирсэн тул та намайг хүлээн авна уу...”
Бурханаас ямар ч хариу ирэлгүй бүтэх хоёр жил өнгөрлөө. Хэдийгээр тэрээр улам их ганцаардан зожигрож байсан ч юутай ч хариу ирнэ хэмээн биеэ хөвчлөн тэссээр. Найдлага нь талаар болсонгүй, Бурханаас хариу иржээ:
“Эрхэм таны өргөдлийг хүлээн аваад хариу өгөлгүй удсанд уучлаарай. Гол нь таны хувийн хэргийг эрээд ололгүй өдий хугацаа авчихлаа. 1503 оны хавтаст хэрэгт таны хувийн хэрэг үдээсэнд нь хавчуулагдаад харагдахгүй болчихсон байж. Хариуцлагагүй явдалдаа дахин хүлцэл өчье. Таны өдий болтол урт насалсан явдал ч үүнтэй холбоотой болов уу. Бараг зуу насалсан мөртөө зургаадай таяг тулалгүй бие эрүүл ухаан саруул байна гэдэг үнэхээр ховор хачирхам, жам ёсны бус үзэгдэл мөнөөс мөн. Иймээс та үхэх гэж яарах хэрэг байна уу. Та хичнээн урт насалсан ч бай ертөнцийн гайхамшиг болгонтой танилцаж амжаагүй шүү дээ. Уйдаж гиюүрч байгаа чинь ч үүнтэй холбоотой. Би Леонардо гээд уран хүн зохиосон, дансаа харж байтал тэрээр таны төрсөн жил нэгэн гайхамшигт уран зургаа Францын хаанд бэлэглэсэн байх юм. Ядахнаа та тэрийг очиж хараад хорвоогийн нэгэн гайхамшгийг үзэн сэтгэлээ баясгаач дээ...”
Өвгөн төдий л дуртай биш байсан ч нэгэнт Бурханы хүсэл учир нэлээд бэрхшээл тохиолдсон боловч Леонардагийнх нь зургийг очиж үзжээ. Нэг их сэтгэгдэл төрсөн нь үгүй ч юутай ч Бурханы зарлигийг биелүүлсэн тул дахин өргөдөл бичин Бурханд мянгантаа талархаж буйгаа илэрхийлээд үхэх хүслээ мөн хавсарган явуулав.
Бурханы хариу:
“... Юм үз нүд тайл, хорвоог бишир гээд байхад үхнэ гэж дайраад байдаг сонин хүн үү, та?! Вильям гээд Англид нэг залуу байна. Ямар гоё сонат бичиж байна гэж санана? Өдий болтол хэний ч санаанд ороогүй шидээвэр жүжиг өчнөөнийг бичлээ. Би өөрөө гайхаад бишрээд, өөрөөрөө бахархан нулимс дуслуулаад сууж байхад тэрийг чинь уншъя байз гэхийн оронд үхнэ гэж гоншигоноод байдаг?...”
Ийм ширүүн хариу аваад мань хүн бүр айчихав. Ингээд Вилъямын бүх зохиолыг уншиж жүжгүүдийг нь үзэв. Тухайн үеийнхээ гол зохиолуудыг ч олж уншлаа. Зарим нь ч зүгээр юм, ихэнх нь уйтгартай. Олон жил өнгөрлөө. Өвгөн өөрөө ч насаа тоолохоо болив. Байж байгаад л нэг шалгахад 100 гарчихсан, хэсэг хугацааны дараа нягтлахад бүр 120 хүрчихсэн ч байх шиг. Ингээд Бурханаас үхэхийг хүсэн шалахаас эмээж “өөр сонирхмоор юу байна?” гэж асуух болжээ. “Исаак гэж хүү удахгүй ертөнцийн оршин тогтнолын зарчмыг нээх гэж байгаа” гэж хэлсний дагуу түүнийг нь хэсэг хүлээж өнгөрөөв. Алим модноос яагаад шууд газар унадагийг тэрээр урд нь огт бодож байсангүй, тиймээс энэ тайлбар түүнд маш таалагдав. Ер нь үүнээс хойш цахилгаан соронзон орон, хүн сармагчингаас үүссэн гээд л шинжлэх ухаан техник технологийн нээлт тайлбар болгон маш сонирхолтой болжээ. Тэрээр улам ихийг мэдэх хорхойтой болж үхэх тухай бодохоо ч болив. Харин ч өөр сонирхолтой урлаг утга зохиол шинжлэх ухааныг улам шимтэх болж дахиад шинэ нээлт сэтгэлгээ болгоныг үзэж танилцах юмсан хэмээн хорхойсох болов. Ингэсээр ХХ зуун гарлаа.
Тэрээр Бурханд дахин өргөдөл бичлээ:
“...Нэгэнтээ бивээр дөрвөнзуу насаллаа. Эрдэмтэдийн ярих нь хүн төрлөхтөн нээж болох бүхнээ гүйцээжээ. Тэдний үгэнд итгэх аваас цаашид сонин хачин зүйл болохгүй бололтой. Иймээс чөлөө гуйж болох уу”.
Хариу маш хурдан ирэв. Бурханы хэлж байгаагаар жинхэнэ сонин хачин юм дөнгөж одоо эхэлж буй гэнэ. Өнөө маргаашгүй түүний буй болгосон Албэрт гэгч ертөнцийн тогтолцооны тухай урд өмнө байгаагүй цоо шинэ тайлбар хэлэх гэнэ. Нэгэнт 400 насалчихаад хамаг сайхан юмны амсар дээр ирчихээд буцаж няцаж байна хэмээн зэмэлжээ.
Үнэхээр ч сонин хачин юмс ар араасаа тасралтгүй хөврөх боллоо. Хүн төрлөхтөн хоёр хуваагдан дэлхий даяараа байлдлаа. Хүний тоо толгой ч замаа алдав. Хүмүүс тэнгэр нисэх болов. Бүр саран дээр хүртэл мөрөө гаргах нь тэр. Амьдрал маш сонирхолтой болжээ. Өвгөний цааш амьдрах сонирхол улам нэмэгдэв. Үзээд л хараад л, баясаад л, сонирхоод л, шимтээд л... XXI зуун эхлэнгүүт тэрээр Бурханд талархлын захидал бичив:
“...Таны буянаар би амьдралд улам хайртай болж цаашид олон жил амьд явах хүсэлтэй байна. 500 насалсан маань багадах боллоо. Энэ шинэ зуун улам сонирхолтой болох бололтой. Та надад дахиад ядахнаа зуун жилийн нас өгнө гэдэгт би найдаж байна...”.
Бурханаас хариу захидал ирэв:
“...Энэ хорвоо миний хяналтаас бүрэн алдагдлаа. Хүмүүс амьдралын томъёо олж мэдээд өөрснөө амьдрал зохиох болов. Би залхаж буй төдийгүй цаашид оршин байхаасаа айх боллоо. Тиймээс танаас хүсэх хүсэлт байна. Хоюулаа хамтдаа үхье, тэгэх үү. Би танаас гуйж байна. Үүрд эндээс салан хагацъя. Хамтадаа явъя. Би танд тус хүргэсэн, одоо та надад тус хүргээч. Би ганцаараа үхэхээс айгаад байна. Ханиндаа...
Өргөдөл гаргасан Бурхан”.