Бүгд хамтарч ажиллая!
Ер нь хүйсийн тэгш төлөөллийг хангах дээр улс төрийн санхүүжилтээр намуудыг идэвхжүүлж, бас хянадаг дэлхийн арга байна. Үүнийг бид Улс төрийн намын тухай хуулийг ярих үедээ заавал бодолцох ёстой. Сууриас нь хөшүүргийг нь суулгаж өгөхгүй бол энэ сонгуулийн дэвшилтэт үзэж санаа дараагийн сонгууль дээр нэг хөлдүү даргын саналаар уначихдагийг бид харсаар ирсэн.
МАН хүний эрхийг дээдэлсэн нам болно гэхэд нар баруунаас гарна гэж байгаа мэт сонсогдож байлаа. Яагаад ч юм өнгөрсөн түүх, сүүлийн 30 жилийн давамгайлсан эрх барьсан хэв маяг өгсүүлээд олон зүйл тийм ойлголттой болгожээ.
МАН-ын гишүүд хүртэл “Манай залуу дарга нар хүний эрхийг дээдэлдэг, хуулийн дор эрх тэгш амьдардаг нийгмийг бий болгоно гэж зарлах юм. Зөв ч, МАН ингээд хэлэхэд хүмүүс итгэх үү” гэж байсныг сонсч явлаа. Гишүүд нь хүртэл ийм бодолтой байхад бид мэт нь итгэхгүй байх нь хэр биз. Гэхдээ УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгсөн саналдаа жагсаалтаар нэр дэвшигчдийг эрэгтэй, эмэгтэй солбисон байдлаар оруулж, 50 хувь нь эмэгтэй нэр дэвшигч байх боломжийг хангах санал гаргажээ.
Браво. Энэ алхам бол Монгол Улс хүний эрхийг дээдэлсэн суурь зарчмын том алхмыг хийж чадна гэдгээ харуулж байгаа хэрэг болж байна. Нөгөө талаас МАН хүний эрхийг ярьснаас өөр юм ярьсан нь дээр биз дээ гэж чамлангуй бодож байсан олон хүнд өөр өнцгөөс харах боломжийг өгч байна. Үнэхээр Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй 800 орчим хууль тэр дундаа өргөн хэрэглэдэг 318 хуулийн 11900 орчим заалт нэг бүрт дүгнэлт хийж, хүний эрхэд нийцэж байгаа эсэхийг судалж дүгнэнэ гэж хэлж байсан ажлаа эхлүүлсэн юм байна гэж бодогдлоо. Үүнийг дагаад олон өөрчлөлт, шинэчлэлийг хийх нь, шударга ёсны салхи хүчээ авч хуйларч чадах нь гэж ч найдвар төрж байна. Манай Үндсэн хуулийг хүний эрх, хүйсийн тэгш байдлыг сайн хангасан хууль, гэхдээ дагалдах хууль тогтоомж нь бүрэн дагаж, бүхий л утгаараа хоорондоо авцалдаатай байж чаддаггүй талаар судлаачид онцолдог.
Тэгвэл өчигдөр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн мэдэгдсэн жагсаалтыг эмэгтэй, эрэгтэй гэж хүйсээр эн тэнцүү сөөлжүүлэх Засгийн газрын санал үнэхээр хүний эрхийг дээдэлсэн цараатай мэдэгдэл байлаа.
Дэлхийн томоохон улс орнууд энэ зарчмаар төр засгаа байгуулаад удаж байна. Бид араас нь явдаг биш зэрэгцэж явдаг гэдгээ Сонгуулийн тухай хуулиараа харуулах боломж гарч байна. Гэхдээ үүнийг зөвхөн эмэгтэйчүүдэд боломж өгч байгаа гэж харах нь өрөөсгөл юм. Эрэгтэй, эмэгтэй хүйсийн харьцааг жагсаалтад аль нэг хүйст нь давуу тал олгохгүйгээр 50:50 хувьтай оруулж байгаа нь хүний эрхийн мэдрэмж, үндэс сууриасаа тэгшилж байгаа тухай яриа болно. Өнөөдрийн тухайтад эмэгтэй хүйсийн оролцоо цөөн байгаа нь эмэгтэйчүүдэд боломж нээж өгч байгаа харагдаж байгаа ч үнэндээ бүх талуудад тэгш боломж, ижил гарааг хуульчилж өгч байгаагаараа агуулга нь том.
Франц бол сонгуульд нэг, нэг гэсэн зарчмыг нэвтрүүлсэн орон. Гэхдээ анхнаасаа тэгш оролцоог хангасан байсан гэвэл үгүй. Бүр эмэгтэйчүүд нь анх 1945 онд саналаа өгч үзэж, 1993 он гэхэд парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоо 6 хувиас давж үзээгүй гэдэг.Хүйсийн тэнцвэр хангасан улс төр гэдэг улс орны хөгжлийн том асуудал гэдгийг Ерөнхийлөгч Франсуа Миттераны үеэс хүчтэй ярьснаар квотыг гаргаж ирж, санхүүтэй уяхаас эхлээд нэлээд хатуу арга хэмжээг авч чадсанаар өнөөдрийн амжилтыг бий болгож чадсан юм. Хүмүүс эхлээд том зургаар асуудлыг харахаас илүүтэй аар саархантай зууралдах нь бий. Тэр эмэгтэй гишүүн дахин сонгогдох нь, тэр сургаар баахан эмэгтэй орж ирэх нь гээд тархины хэмжээгээрээ цуурах гээд байдаг. Үнэндээ таны хүү, таны охин хүйсээрээ тэгш бусын шүүлтэнд орохгүй, ижил гараанаас өрсөлдөж, ажиллаж амьдрах нөхцлийн талаар ярьж байна гэж бодвол илүү ойр бууж болох юм.
Франц улс хүйсийн зөрүүг 2 хувиас хэтрүүлэхгүй байх бодлогыг намуудын санхжүүжилттэй холбож шийдэж чадсанаар богино хугацаанд үсрэлтийн бодлогыг хийж чадсан улс юм. Намууд нь өөрсдөө тэгж эрмэлзэхээс аргагүй болгож хуульчилж чадсан. Харин манайд МАН-ын дүрэмд намын бүх шатны сонгуульт байгууллагад 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна гэж заасан бол АН-ын хувьд нийт нэр дэвшигчдийн 20-иос доошгүй хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл байна. Намын анхан шатны байгууллагын тэргүүлэгчдийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл байна хэмээсэн байдаг юм. Гэхдээ яг аваад үзэхээр үүндээ хүрсэн нь ховор явж ирсээн.
БНСУ-д Үндэсний ассамблейн 56 мандатын хувьд улс төрийн нам нэр дэвшигчдийнхээ жагсаалтын 50 хувьд эмэгтэйчүүдийг оруулах ёстой гэж Сонгуулийн тухай хуульдаа тусгасан. Хэрэгжүүлээгүй тохиолдолд тухайн намын нийт нэр дэвшигчдийн бүртгэлийг хүчингүй болгодог. Пропорцианаль тогтолцооны хувьд жагсаалт бүрийн сондгой тоон дээр эмэгтэй нэр дэвшигч байхаар улс төрийн намаас зохицуулалт хийх ёстой гээд 30-аас дээш хувийн эмэгтэй нэр дэвшигчийг дэвшүүлсэн тохиолдолд нэмэлт санхүүжилт олгодог.
Шведийн парламентын 349 суудлын 164 буюу 47 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Социал демократ нам нь Цахилгаан товчны систем хэрэгжүүлдэг буюу нэр дэвшигчийг сөөлжүүлэн байршуулах жагсаалтыг бүр 1978 оноос хойш хэрэгжүүлж ирсэн юм билээ. Харин 1993 оноос намын жагсаалтад 50 хувиас доошгүй эмэгтэй байхаар журамласан гэж байгаа.
Ер нь хүйсийн тэгш төлөөллийг хангах дээр улс төрийн санхүүжилтээр намуудыг идэвхжүүлж, бас хянадаг дэлхийн арга байна. Үүнийг бид Улс төрийн намын тухай хуулийг ярих үедээ заавал бодолцох ёстой. Сууриас нь хөшүүргийг нь суулгаж өгөхгүй бол энэ сонгуулийн дэвшилтэт үзэж санаа дараагийн сонгууль дээр нэг хөлдүү даргын саналаар уначихдагийг бид харсаар ирсэн. Нэр дэвшигчдийн 30 хувийн квотын тухайтад шинэ зүйл бол биш. Өмнө бид энэ квотыг хоёронтоо батлаад бас хоёронтоо унагаж байсан. Дэвшил биш ч бас ингэж дуугарч байгаа эр зориг сайхан байна. Одоо үүнийгээ батлуулах бүр хувь хэмжээг нэмэх нь дэлхийд урд алхаж байгаагаа харуулах боломж юм даа.
Тэгэхээр жагсаалтаар орж ирэх 38 нэрийн 19 нь эмэгтэй байна гэдэг, мажоритороор явах тойргуудын 30 хувь нь эмэгтэй нэр дэвшигчид байна гэж үзвэл 76 гишүүний 20 орчим эмэгтэй гишүүн байхаар дүр зураг харагдаж байна.
Өмнө холимог сонгуулийн жагсаалтыг ашиглаж байсан 2012 оны сонгуульд АН-ын жагсаалтын долдугаар Р.Бурмаа, есдүгээрт М.Батчимэг гишүүн орж ирж, МАН анхны эмэгтэйгээ аравдугаарт жагсаасан нь сонгуулийн дүнгээр хамраараа таслуулж байлаа. Аравт жагссан Д.Сарангэрэл гишүүний хувьд хоёрдугаарт нэр бичигдэж УИХ-д орж ирсэн У.Хүрэлсүх гэр бүлийн хүнээ асарна хэмээн үүрэгт ажлаасаа чөлөө хүссэнээр гишүүн болж байсан билээ.
Тэр үед МАН-ын хувьд жагсаалтын 28 хүний 10 нь эмэгтэй, АН-ын хувьд 19 нь эрэгтэй, 9 нь эмэгтэй нэр дэвшигч байлаа. Харин 12 жилийн дараахь УИХ-ын сонгуулийн жагсаалтад эрэгтэй, эмэгтэй сөөлжилж орно гэдэг үнэхээр том дэвшил болж чадах нь. Намынхаа даргын тэргүүлдэг Засгийн газраас оруулж ирсэн энэ саналыг үнэмлэхүй олонхи МАН-ын гишүүнтэй УИХ хүлээн авч батлах нь тодорхой биз. Тэр дундаа парламентын дарга Г.Занданшатарын хувьд улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог дэмжин ажилладаг байхад. Гэхдээ энэ бол эмэгтэйчүүдийн эрх ямбын асуудал биш, эмэгтэй гишүүдийг ч олон болгох асуудал биш, эрхийг нь эдлүүлж, хүйсийн тэгш оролцоотой чадавхитай, хүчтэй парламенттай болох асуудал билээ. Бүгд хамтарч ажиллая.