БУД ЭМГЭН БА ТҮҮНИЙ СҮРХИЙ ХҮҮ ХОЁР
Буд эмгэн уруулаа жимийсэн нь нэлээн хичээж байгаагийнх ажээ. Тэгснээ хүү нь өөрийг нь харж байна уу үгүй юу гэдгийг нүднийхээ булангаар эргэж харав. Тавь руу дөхөж яваа учиргүй мундаг хүү нь түрүүн баахан загнасан юм.
-Та чинь ухаан санаа зүгээр үү? Иймхэн юм мэдэхгүй! За алив ахиад нэг үз. Тэгээд чадахгүй бол ер нь боль боль яршиг, нэмэр алга!
Эмгэн зурагт өөрөө асааж сурахыг хүсэж, хүүдээ хэлжээ. Гэтэл зурагт асаагаад нэлээн хэдэн тохиргоо хийж байж дамжуулах төхөөрөмжтэй холбогдож гардгийг санаад хүүд эхийнх нь хүсэл бүтэшгүй санагдав.
-Ээж би зүгээр өглөө асаагаад явчихаж байя. Та үзэхдээ үзээд, болихдоо болиод...
-Юу гэж тэхийм бэ! Тэгж тог үрээд....
-Тог үрээд байхым байхгүй ээ, ганц чийдэнгийн дайны л юм шүү дээ, та ч яаж мэдэхэв дээ хэхэ.
-Гүэ гү, нүдэнд дандаа юм гялтайгаад яаж олиг байхын, надад зүгээр яаж асаахыг л заагаад аль
Амихандаа тогийг нь үрэхгүй гээд байгаа санааг нь ойлгосон ч сүрхий хүү “дуугай л үгэнд орчиход яадаг байнаа” гэж ундууцан санаа алдаад зааж эхлэв.
-За энэ том удирдлага нь тэр Ддишийн төхөөрөмжнийх шүү. Тэрийгээ эхлээд асаана. Тэр асаад байгаа улаан гэрлийг ногоон болгоно. Дараа нь энэ жижиг удирдлагаа авна...
Ингээд л бөөн шуугианы эх тавигджээ. Жижиг удирдлагаар зурагт асаагаад, дээд талаар гарч буй юмнуудаас меню гэснийг дараад, тэрэн дотроосоо source-ыг сонгоод, тэрнээсээ hdmi3-ыг тохируулаад... Энэ бүхэн Буд эмгэнд үнэхээр хүнд байлаа. Нэлээн удаан заалгасны дараа хүү рүү гээ итгэл муутайхан харж, “одоо энийг дарах билүү?” гэнэ. “Ёоооё!” хэмээн янгууч хүү тэсгэл алдана.
-Таны зорилго бол энд байгаа цэнхэрийг энд авчрах. Наад цэнхэр чинь курсор хаана байгааг харуулж бaйна!!!
-Юүгнээ хүү минь?
Хүү тэсэлгүй босон харайж, тэнгэрийн дуугаар хашгирав: “та наашаа харжий даа, хүн урагшаа явна гэвэл урагшаа гишгэдэг, хойшоо гэвэл хойшоо гишгэдэг. Та энэ талд байгаа кнопыг дарахын тулд энэ талынхаа л сумыг дарж явуулна шдээ!!!”. Эмгэн нурмайж, “за мэджийнаа мэджийнэ” гэж ундууцан бувтнана. Гэхдээ л мэдэхгүй байна хөөрхий. Ядаж байхад хүүгийн дуу орилоо, сүржин гэж. Хоолойных нь децибель өгсөх тусам эмгэний даралт дагаж ихэснэ. Хагас цаг ноцолдсоны дараа цөхөрсөн хүү эх рүүгээ “монголчууд яаж хөгжнөө!” гэсэн царайгаар харж байгаад гэнэтхэн нэг ухаан олов.
-Заза та бол хэзээ ч бүтэхгүй юм байна. Зүгээр зураад өгий!
Ингээд дугуй дүрс зурж дээд талд нь цэг тавин ард нь 3 удаа гэж бичив. Доор нь дахин нэг дугуй зураад баруун талд нь цэг тавин 4 удаа гэж бичлээ. Гэхчлэнгээр 10 гаран удаа дарсны дараа зурагтны тохиргоо таарахаар болгов. Эмгэн цаас руу нүдээ онийлгон тоог нь сайн харж аваад, удирдлага руу дахин онийж болгоомжтойхон “нэг, хоёр...” гэж тоолон дарж гарлаа. Гэнэт л Гүрбазар гуай юм яриад гараад ирэх нь тэр. Эмгэн баясан инээв.
-Түрүүний л ингээд зураад өгөхгүй чи!
-Гүэ гэхдээ та үндсэн юмыг нь ойлго л доо. Хүн урагшаа гишгэхийн тулд....
-Ингээд ээж нь сурчлаа. Энэ удирдлага нь хэрэггүй юм шив дээ.
-Та энүүгээрээ сувгаа солино л доо.
Хэмээн өөрөөсөө их л дорд оюунтай, ялихгүй амьтныг мад тавьсан мэт өнгөөр хэлээд хүү гэнэтхэн босоход салхинд нь хөдлөөд үлдсэн өөдөс шиг эмгэн сурсан эрдмээ өөрийн болгохоор ийнхүү хичээж суугаа нь тэр билээ. Багадаа хоолоо зажлуулж, бөгсөө арчуулж байсан хүүгээ дахин өөрийг нь загнах вий гэж хулчийхдаа нүднийхээ булангаар хааяа эргэн харна.
DR. DITYA
SMM Panel Pakistan
SMM Panel Pakistan
SMM Panel Pakistan
Зочин
Зочин