БОГД ХААНЫ СҮҮЛЧИЙН БОДРОЛ
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойд зориулан бичив.
-Уран сайхны түүхэн өгүүллэг-
1924 он. Монголд цөвүүн цаг нүүрлээд удаагүй байлаа. Богд хаан урьд өмнө нь хэн ч мэдэхгүй байсан “ардын намын” гэх долоохон монгол хүн олон мянган улаан орос цэрэг дагуулан нийслэл Хүрээг түрэмгийлэн эзэлж, монгол төрөө хэрхэн устгаж, улаантны харгис засаг тогтоогоод “Нийслэл Хүрээг чөлөөллөө, ардын засаг тогтоолоо, шинэ цаг ирлээ” хэмээн хөөрцөглөж, маргаашнаас нь эхэлж өөр хоорондоо зөрчилдөн бие биенээн цаазлан хөнөөж, ард түмнээ лам хар, баян, ядуугаар нь ялгаварлан гадуурхаж, ямар ч гэм зэмгүй монгол хүмүүсийг хэрхэн хөнөөж эхлэхийг хараад ихэд халаглаж байлаа. Богд хаан гурван жилийн өмнө гамин цэргээр бүслүүлэн цагдуулж байснаа ч эргэн саналаа, эдүгээ улаан орос цэргээр цагдуулж байгаагаа ч мэдэрч байлаа. Ардын засаг ард түмнээ хамгаалах биз хэмээн бодож байтал ард түмнээ хөнөөж байгааг нь хараад гүнээ харуусаж байлаа. Ардын засаг тогтоод хоёр гуравхан жилийн дотор Богд хааны ойр дотны бүх монгол хүнийг хар, шаргүй хөнөөжээ. Богд хаан Богд хатанаа алдаад ихэд гашуудаж байлаа. Богд хаан өөрөө удахгүй улаантнуудын гарт хөнөөгдөх цаг нь дөхөж байгаагаа ч мэдэрч байлаа. Богд хаан ордоноо нэг тойруулж харснаа ийн бодолхийллээ.
“Өчүүхэн миний бие таван настайгаасаа эхлэн өдгөө хүртэл Халхын наймдугаар Богдоор өргөмжлөгдөж манай түвдийн ард түмэнтэй шашин, соёл, ёс заншил нь ихэр хүүхэд мэт адилхан энэ сайхан монгол түмэнтэйгээ хувь заяа хийгээд номын барилдлагаараа холбогдсон нь юутай их завшаан. Анх Халх Монгол руу намайг авч явахад ээж минь уйлж билээ. Аав минь ээжид хандан: “Уйлахаа болиоч. Муу ёр гэдэг нь. Миний хүү Халх Монголын буянг хүртэхээр явж байна. Бүү уйл” гээд надад хандан: “Миний хүү Халх Монголынхоо төлөө, Хамаг амьтны тусын тулд эрдэм ном сурч хамаг чадлаа зориулаарай” хэмээн захиж билээ. Хар нялхаараа Халх Монгол руу явсан миний бие Түвд нутаг, гэр орноо дөнгөж л бүдэг бадаг санах юм. Манайх Түвдийн Лхас хотын орчим нэгэн үзэсгэлэнт өндөр уулын бэлд олон сарлагтай айл байсан даа. Аавын минь нэр Гончигцэрэн, ээжийн минь нэр Ойдовдулам гэдэг байсан. Тэд нар маань их сүсэг бишрэлтэй жирийн малчин түвд хүмүүс байсан. Ээж минь намайг Халхын нийслэл Хүрээнд байхад ганц хоёр л удаа Түвдээс ирж намайг эргэсэн дээ. Ээж минь удалгүй намайг 17 настай байхад ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн. Аав, ээж минь айл саахалтынхаа хүн бүрийг гэртээ урьж зочилдог, түмэн олондоо найрсаг сайхан ханддаг, сүжиг ихтэй, жирийн малчин хүмүүс байсан даа. Аав минь надтай дахин уулзаж чадалгүй Түвдэд нас эцэслэсэн дээ. Өчүүхэн бяцхан хүү намайг дагаж Халх Монгол руу манай ах дүү садан нийлээд долоон хүн дагаж ирсэн. Ууган ах Балдан маань лам болж монгол бүсгүйг гэргийгээ болгосон. Бусад ах, дүү нар маань бүгд л лам болсон. Одоо би түвд хэлээ ч бараг мартаж монгол хэлтэй, монгол ёс заншилтай, монгол хүн болсон доо. Нийслэл Хүрээнд монгол лам багшийнхаа шавь нь болж бурханы эрдэмд суралцсан. Лам багш маань намайг эрдэм номтой лам болгосон ач буянтай хүн дээ. Багшийн ач тус юугаар ч хэмжишгүй үлэмж юм даа. Хүүхэд насандаа хамт сурч байсан монгол андууд маань их тусархуу, эв найртай хүүхдүүд байсан. Нэг л монгол хүүхэд надад ихэд дайсагнан ханддаг байлаа.Тэр хүүхдийг Лэгцэг гэдэг байсан. Их зодоонч, уур омогтой, хорон санаатай хүүхэд байсан. Нэгэн удаа Лэгцэг миний толгой руу хэд хэд дэлсэж миний шүдийг минь булга цохиж билээ. Бас нэг удаа Лэгцэг миний гуя руу хутгалж цус их гарсан тул би элдэв зүйлээр боож цусаа тогтоож байлаа. Тэр цус болсон даавуугаа би нэгэн модон хайрцагт хийж сүм хийдийн барилгын шалан доогуур нууж байлаа. Хэрэв багш мэдвэл Лэгцэгийг тэр дор нь хийдээс хөөх байсан тул би түүнийг өрөвдөж багшид хэлэлгүй тас нууж өнгөрөөж билээ. Алтан ургийн эзэн Чингис хааны удам, Халхын Түшээт хан Гомбодоржийн хөвгүүн Халхын анхдугаар Богд Занабазар, Халхын Түшээт хан аймгийн чин ван Дондовдоржийн хөвгүүн, Халхын хоёрдугаар Богд Лувсандамбийдоми нарыг залгамжилсан Халхын наймдугаар Богдын хувьд би Эзэн Богд Чингис хааны алтан ургийнхнаа хүндэлж, Халх Монголынхоо төлөө хамаг чадлаа зориулах ёстой хэмээн боддог сон.
Эдүгээ би зуугийн талыг насалжээ. Халх Монголынхоо төлөө хамаг эрдэм чадал, амьдралаа зориулаарай хэмээн ачит лам багш нар, аав, ээж минь надад захисныг би биелүүлж өдий хүрлээ дээ. Цагаагчин тахиа жил өмнөд хөрш Дундад улсад их үймээн самуун гарч Манж Чин улс мөхөж эхлэх үед монголчууд маань тусгаар улс болохоор хөдөлж, миний бие Халх ноёдын хамт нийслэл Хүрээнд мянга гаруй халх цэрэг цуглуулж манжийн ноёрхолыг эцэс болгож Монгол улс минь туурга тусгаар улс болсон билээ.Төр шашнаа сэргээн мандуулсанд түмэн олон маань ихэд баяр баясгалантай болж сайхан цаг ирлээ хэмээн бэлгэшээж байсан. Халх монголчууд маань тэр үед намайг Монгол улсын хаан болооч хэмээн олон удаа хүсэлт тавьж байсан. Би гурав хоног цагийн байдлыг тунгааж бодоод Монгол улсын хаан болохыг зөвшөөрсөн. Халх монголчууд маань намайг Монгол улсын хаан, Шашин төрийг хослон баригч Нарангэрэлт, Түмэннаст Богд хаан хэмээн өргөмжилсөн дөө. Би энэ их алдар нэр хүнд, итгэлийг дааж, түмэн олныхоо төлөө зүтгэхээ дотроо амалсан. Би нэн даруй Монгол улсын таван яамыг байгуулж монголын цэргийг хүчирхэг болгохыг зорьсон. Монгол овогтон бүгдээр нийлж нэгэн улс болж тогтнох тухай Богдын лүндэн зарлиг буулгасан. Монголын цэргийг хүчирхэг болгохын тулд би Оросын цагаан хаанд удаа дараа зэр зэвсэг, мөнгө санхүүгийн тусламж хүссэн захидал явуулсан.Оросын цагаан хаан миний илгээсэн төлөөлөгчид, захидал, бэлэг бэлтийг хүлээн авч шинээр тогтносон монгол төрд зэр зэвсгийн болон зээл мөнгөний ихээхэн тусламжийг удаа дараа үзүүлж, орос цэргийн дарга нар хүрэлцэн ирж монголчуудад орчин цагийн цэргийн эрдэм заан сургасан. Оросын цагаан хааны тусламжийг авсан монгол цэргүүд маань цэргийн эрдэмд эрс сайжирсан. Манлай ван Дамдинсүрэнгээр удирдуулсан манай монголын цэрэг Өвөр Монголыг түрэмгийлсэн хятадын гамин цэргийн эсрэг таван замын байлдаанд арав гаруй тулаан хийж Дундад улсын 80 000 гамин цэргийг Өвөр Монголд бутцохиж хятадын Цагаан хэрэмд тулж зогссон. Ийнхүү Өвөр Монголоо Халх Монголд нэгтгэх боломж тун ойрхон байсан. Монгол цэргийн амжилтанд урамшсан олон монгол аймгууд Монгол улсдаа нэгдэхээ илэрхийлж эхэлсэн. Барга монголчууд, Шинжааны Илийн хязгаарын 26 ойрад хошуу, Дээд монголын 24 хошуу, Өвөр монголын 49 хошууны 35 хошуу Богд хаант Монгол улсад нэгдэх тухай өргөх бичгээ надад ирүүлсэн. Урианхайн хязгаарыг Хатанбаатар Магсаржав манж нараас чөлөөлсөн. Харамсалтай нь Орос, Монгол, Дундад улсын Хиагтын гэрээгээр хоёр хөрш гүрэн бидэнд шахалт үзүүлж манай монголын цэргийг Цагаан хэрэмнээс нэн даруй хурдан татахыг тулгаж хэрэв цэргээ татахгүй бол зэр зэвсэг санхүүгийн тусламж зээлээ зогсооно хэмээн оросын тал биднийг дарамталж аргагүйн эрхэнд монгол цэргээ татаж билээ. Энэ гайтай гэрээгээр Өвөр Монголооо ч алдсан даа. Монголыг минь тойрон хүрээлсэн Орос, Хятад гүрэн Халх Монголыг минь Өвөр Монголтой нэгдүүлэхгүйн төлөө, Монгол улсыг минь хүчирхэг болгуулахгүйн төлөө бидэндямар их хохирол учруулж, ямар их гай татаж байгааг тэр үеэс их мэдэрч билээ. Хятадын Ерөнхийлөгч Юан Шикай Монгол улсыг минь Дундад улстай нэгтгэнэ хэмээн удаа дараа намайг ятгахад би огт зөвшөөрөөгүй. Удалгүй умар зүгт Оросын цагаан хааны төрийг улаантан буруу номтнууд устгаж, ард түмнээ гаслан зовлонд унагааж оросын цагаан хаан монголчууд бидэнд санхүүгийн болон зэр зэвсгийн тусламж үзүүлж чадахаа больсон.Энэ шалтгаанаар Монгол улс маань мөнгө зээл, цэргийн зэвсэг, сум хангамжийн асуудал хүнд болсон юм.
Зарим монгол түшмэд “Богд хаан хэт их эрх мэдэлтэй боллоо, шарын шашныхан даварч байна, бидний цалин дэндүү бага байна” хэмээн дургүйцдэг байв.Би хэдэн жилийн өмнө Сайн ноён Намнансүрэн тэргүүтэй монголын төлөөлөгчдийг Оросын Санк Петербуг хот руу явуулж Оросын хаант улстай гэрээ байгуулахаас гадна Англи, Герман, Франц, Япон улсын элчин сайд нартай уулзаж гадаад улсуудтай харилцаа тогтоохыг хүссэн. Гэтэл өрнөдийн орнуудаас ганц Герман улс Монголтой харилцахыг зөвшөөрч, бусад нь бүгд Орос улсаас айж Монголтой харилцахаас зайлсхийж байсан юм билээ. Тэхлээр дэлхий нийт манай Монгол улсын асуудлыг Орос, Хятад хоёр л мэднэ гэсэн буруу бодолтой байдаг юм билээ. Энэ хүнд байдлаас бид гарч Монгол улсыг дэлхий нийт хүлээн зөвшөөрдөг болгох ёстой. Богд хаант монгол төр маань тогтносноос хойш долоон жилийн дараа зарим монгол ноёд Дундад улсын ерөнхийлөгчид захидал бичиж гамин цэрэг ирүүлж монголын автономит төрийг минь устгахыг хүсч байсныг нь би хожим нь мэдсэн. Хаант Орос мөхөж, Монгол улс гадаадын дэмжлэггүй болсон байдлыг Дундад улс ашигласан. Хятадын Чен И хэмээх монголын асуудлыг хариуцсан хятадын зальхай түшмэл нийслэл Хүрээнд байхдаа Монгол улсын маань эсрэг элдэв арга хэрэглэж монголын төрийн зүтгэлтэн олон ноёдод нууцаар олон арван мянган лан мөнгөний шан харамж өгнө хэмээн амлаж монголын автономит төрийг устгах ажилд тэднийг татан оруулсан юм билээ. Би монгол ноёддоо итгэдэг байсан. Гэвч итгэл маань удалгүй алдарсан. Би лам хүн тул монгол төрөөсөө урвасан монгол түшмэдийг цаазалдаггүй байсан. Хатуу шийтгэл ч ногдуулдаггүй байсан . Энэ явдлаас болж монгол төрийн маань хууль цааз суларч эцэстээ монгол төрөө ч алдах болсон юм болов уу даа. Хятадууд халх монгол ноёдын шуналыг ашиглаж монгол төрийг маань унагах арга олсон юм байна лээ. Зарим халх ноёд маань “Манж Чин улсын үед авч байсан их цалин пүнлүү одоо байхгүй боллоо” хэмээн ихэд халаглан гомдоллож, их шан харамж өгнө гэсэн Чен И-гийн мэхэнд унасан юм билээ. Чен И “64 зүйлт гэрээ” гэдэгтээ Халх монголын ихэнхи ноёдыг уруу татан автономит монгол төрийг маань устгах арга сэдсэн байсан. Энэ Чен И-гийн “64 зүйлт гэрээ” гэгчийг Цэрэндорж сайд ихэд дэмжиж байхад харин Бадамдорж сайд маань ихэд эсэргүүцэж байсан юм билээ. Энэ хоёр монгол сайд маань өөр хоорондоо ихэд тэрсэлдэх болсон. Халх монгол ноёд маань жаахан л тэссэн бол мөнгө цалин нь шийдвэрлэгдэх байсан. Хаант Оросын төр мөхсөн тул манай засгийн газрын хойд хөрш улсаас авдаг бүх зээл, тусламж зогсож монгол цэргийн зардал, монгол ноёдын цалин харамж тасарсан юм. Үүнийг шийдэх арга олдох л байсан. Монголын маань энэ хүндрэлийг далимдуулан хятадын төрийн сайдууд элдэв арга сэдэж эцэстээ хятадын гамин цэргүүд нийслэл Хүрээг түрэмгийлэн эзэлж монгол төрийг маань унагаж, монгол цэргийг минь тараасан. Хятадын генерал Сүй Монголын туурга тусгаар төрийг маань цуцлах гэрээнд надаар гарын үсэг зуруулахыг шамдуулахад би огт зөвшөөрөөгүй, гарын үсэг ч зураагүй. Гамингууд монгол цэргийн минь зэвсгийг хурааж гар мухар болгосон.
Монголчууд эгэл хувраг намайг хаан болгох бус, Чингис хааны алтан ургийн ноёдоос хэн чадалтайг нь хаан болгосон бол хүчтэй төртэй улс болж чадах байсан ч юм бил үү. Чингис хаан шиг монгол төрөөсөө урвасан хүнийг цаазаар авч, хүчирхэг монгол төр, хүчирхэг монгол цэрэгтэй байсан бол хятадын гамин цэрэг, улаан орос цэрэг Монголыг минь түрэмгийлж чадахгүй байх байсан болов уу. Харин Монгол орон гамин цэрэгт эзлэгдсэн хүнд өдрүүдэд монголчууд бидний аз тохиож, “гамин цэргээс Монголыг чөлөөлж өгөөч” гэсэн миний хүсэлтийн дагуу Барон жанжин эрэлхэг цэргээ дагуулан Монголд ирж билээ. Гамин цэрэг Монголыг маань эзлээд гурван жил болсны дараа Барон жанжин бол ганц мянган цэргээ дагуулж өвлийн хүйтэн цагаар нийслэл Хүрээнд бүгсэн зэр зэвсэг сайтай арван таван мянган гамин цэргийг гурвантаа дайрч ялаад монгол төрийг маань сэргээн босгож өгсөн гавьяатан даа. Барон жанжин нийслэл Хүрээнд банк, цэргийн сургууль, эмнэлэг, цахилгаан станц, телеграф холбооны газар байгуулж Хүрээг хогноос цэвэрлэж их тус хүргэсэн дээ. Барон жанжин намайг хааны ордондоо гамин цэргээр хүрээлүүлэн хоригдож байхад тусгай цэргийн хүчээ явуулж Нийслэл Хүрээг довтлохоосоо өмнөхөн гамин цэргийн савраас намайг чөлөөлсөн ачтан даа.
Сэргээн байгуулагдсан монгол төрийн шинэ засгийн газарт миний бие Дотоод Явдлын сайдаар Жалханз хутагт Дамдинбазар, Гадаад хэргийн сайдаар шанзав Дашзэвэг, Цэргийн сайдаар Бишрэлт ван Доржцэрэн, Сангийн сайдаар Лувсанцэвээн, Шүүх яамны сайдаар Чимиддорж, Богд хаант Монгол улсын Бүх цэргийн удирдагч жанжнаар Хатанбаатар Магсаржав нарыг томилж өргөмжлөн баталж билээ.Гэвч монгол сайд нар минь итгэлийг минь дааж чадсангүй. Анх гамин цэрэг Монголд орж ирэх үед “Гамин цэргээс Монголоо чөлөөлнө, хойд хөрш улаан Орос улсаас зэр зэвсгийн тусламж авна” хэмээн явсан ардын намынхан сураг алдарсан. Хожим нь Барон жанжин гамин цэргээс монгол орныг минь бүрмөсөн чөлөөлчихөөд байхад “Гаминтай байлдана, цагаантантай байлдана, Ардын засаг байгуулна” хэмээн ардын намыхан гэнэт огт өөр юм ярьж, адаг сүүлд нь тэд үй түмэн улаан орос цэрэг дагуулан ирж монголын төр, шашныг маань устгана хэмээн хэн санах билээ. Монгол ноёд, монгол цэргийн захирагч нар маань Богд хаант монгол төрөөсөө толгой дараалан урвана гэж хэн санах билээ. Богд хаант монгол төрийн цэргийн ноён Сундуй гүн Барон жанжныг маань баривчлан улаан Орост хүргүүлэн цаазлуулав. Сүх, Чойбалсан нар улаан оросуудтай нийлж Богд хаант төрийн олон зуун монгол цэргийг минь хөнөөв.“Түүгээр явсан чөтгөрийг үүгээр дуудан ирүүлнэ” гэгчээр ардын намынхан хуурамч модон тамга үйлдэн Монгол улсын нэрийн өмнөөс элдэв бичиг цаас үйлдэн улаан Орос улстай элдэв буруу зөрүү гэрээ хэлэлцээр байгуулж үй олон улаан орос цэрэг авчирч монгол төрөө устгаж оронд нь улаантан буруу номтны харгис засаг тогтооно хэмээн хэн санах билээ. Сүх бол Богд хаант төрийн Хужирбулангийн бага дарга нарыг бэлтгэх сургуульд суралцсан манай Богд хаант төрийн цэргийн ноён хүн. Сүхийг Богд хаант төрд гавьяа байгуулсан хэмээн Богд хаант төрөөс 4 удаа хөхүүлэн шагнаж билээ. Сүх нэгэн удаа надтай ирж уулзаад “Хятадын гамин цэргээс Монгол орноо чөлөөлье. Хойд хөрш Оросоос зэвсгийн тусламж авья. Иймд зэвсэг авах мөнгө хэрэгтэй байна” гэсэн. Энэ зөв санааг би дэмжээдтүүндхааны сангаас үлэмж их мөнгө гаргаж өгсөн. Хожим дуулахад Сүх мөрийтэй тоглоод хамаг мөнгөө алдсан гэсэн. Мөнгөгүй хүн улаан Оросоос хэрхэн зэвсэг гуйх билээ. Тэгээд Сүх Орост очоод улаан орос цэрэг гуйчихсан юм биш биз. Нийслэл Хүрээнд Барон жанжны цэрэгт бутцохиулж зугтаасан хэдэн мянган гамин цэргүүд Оросоор дамжин Дундад улс руу буцаж явах замдаа Хиагтад түр байрлаж байсан. Яг тэр үед Сүх олон мянган улаан орос цэрэг дагуулан очиж Хиагтыг тэдгээр гамин цэргээс чөлөөлсөн гэсэн. Дараа нь Богд хаант цэргийн бага дарга Сүх харийн үй түмэн улаан орос цэрэг дагуулаад нийслэл Хүрээг дайрч эзлэнмонгол төрөө устгана гэж хэн санах билээ. Богд хаант шинэ засгийн газрынсайд нар минь ихэнхи нь улаан Оросын талд урвачихжээ. Харийн орос жанжин Барон Унгерн Богд хаант монгол төрийн төлөө эцсээ хүртэл үнэнчээр тэмцэж байхад монгол төрийн сайдууд минь даанч яав даа. Сүх, Магсаржав нар Богд хаант монгол төрийнхөө шагналд авсан отго жинс, монгол цэргийн дээл хувцасаа тайлж хаяад оронд нь улаан орос цэргийн хувцас өмсчээ. Тэд Богд хаант монгол төрөө устгасны төлөө улаан оросын улаан тугийн одонгоор шагнуулжээ. Хайран нэр төр.
Монголчууд минь. Та нар түвд лам надаас урваж болно, төр шашнаасаа харин урваж болохгүй шүү. Ар Халхын ноёдууд маань анх намайг хаанд өргөмжлөөд “Богд гэгээн минь, Та Монгол улсын Хаан болсон тул Хатан өргөмжлөх хэрэгтэй” хэмээгээд Сэцэн хан аймгийн Хөвчийн Жонон вангийн хошуунаас Дондогдулам гэдэг нэгэн сайхан монгол бүсгүйг Богд хатан болгон залсан билээ. Би ч монгол төрт ёсоо дагаж Лам хүний нэг сахилаа багшдаа өргөж төрийн Хатан буулган авч билээ. Хайран сайхан Хатан минь харгис улаантны гарт үрэгдлээ дээ. Удалгүй улаантнууд Богд хатан минь өнгөрөөд 49 хоног ч болоогүй байхад:“Богд хаан та дахин шинээр Хатан өргөмжлөн авах хэрэгтэй” хэмээн намайг шавдуулахад би зөвшөөрөөгүй.Тэд дахин дахин шавдуулж Сэцэн хан аймгийн Хөвчийн Жонон вангийн хошуунаас 18 настай Гэнэнпил хэмээх нэгэн сайхан залуу бүсгүйг Богд хааны хатан болгоно хэмээн авчирсан. Улаантнууд надад сайндаа биш, ямар нэгэн худал гүтгэлэг, доромжлол зохиох гэж энэ бүхнийг хийсэн биз. Гэнэнпилийн амь нас Хүрээнд байвал аюулд орох юм байна гэдгийг би болгоогоод яаравчлан 17 тэмээнд бэлэг сэлт ачуулаад түүнийг нутагт нь яаралтай буцаасан даа. Ачит багш, ариун номын шавь нар, Богд хатныг минь улаантнууд хөнөөчихөөд байхад би дахин энэ залуу хатны амь насыг улаантны гарт алдмааргүй байлаа. Гэнэнпил маань нутаг орондоо очоод хань нөхөр, үр хүүхэдтэй болоод сайхан амьдраасай билээ хэмээн залбирч байна. Харин Дондогдулам хатан бид хоёрын өргөж авсан Мөрдорж хүү маань цөвүүн цагт сайн явах юм байна.
Ай Бурхан минь, буруу номтнуудын бузар нүглийг өршөө. Би яах вэ. Тоост хорвоог орхих цаг минь ойртож байна, улаантнуудын найруулсан хорыг хүртэх цаг минь дөхөж байна. Улаан Оросоос ирсэн төлөөлөгч нар ардын намынхантай хамтарч миний бүх шавь нар, монголын Богд хаант төрийн бүх зүтгэлтнүүд ноёд түшмэдийг хөнөөж дуусгаад одоо намайг хөнөөхөөр зэхэж байгаа. Миний амь нас яах вэ. Харин ачит лам багш нар, ариун номын барилдлагатай олон шавь нар минь л хөөрхий. Улаантан буруу номтнуудад хамаг мал сүргээ хураалгаж амин зуулгаа алдаж байгаа ард түмэн минь хөөрхий. Буу зэвсэг агссан буруу номтнуудын гарт буудуулан хороогдож байгаа ард түмэн минь хөөрхий.
Ардын засаг байгуулагдаад дөнгөж ганц жил болж байхад Ардын засгийн анхны Ерөнхий сайд Бодоо, шадар сайд Чагдаржав, Дэндэв, Дотоод хэргийн сайд Да лам Пунцагдорж, Цэвээн тэргүүн, гүн Тогтох нарын хорь гаруй монгол төрийн зүтгэлтнийг улаантнууд хөнөөлөө. Улаан Оросын төлөөлөгч Элбэгдорж Ринчино буриад монгол хүн байж монгол хүнээ хөнөөгөөд ямар ч их нүгэл үйлдэх юм бэ дээ. Ямар ч гэмгүй монгол хүний амь хөнөөгдөнө гэдэг юутай эмгэнэл. Монгол орон маань ийм их аллаганд өртөж байсан түүх байхгүй. Ардын намынхан харийн харгис зөвлөхийн үгэнд ороод хамаг монгол нөхдөө хар, шар, цагаанаар нь ялган гадуурхаж амийг нь хөнөөсөөр байна.Энэ их нүгэл хэзээ дуусах юм бол доо. Манай Богд хаант төр нэг ч монгол хүнийг цаазлаагүй, нэг ч монгол хүний амь насыг нь хөнөөгөөгүй, улс үндэстнийхээ төлөө зүтгэсэн жинхэнэ монгол төр байсан юм шүү. Эрдэнэт хүний амь нохойноос дор болно гэж хэн санах билээ. Монгол улсынхаа төлөө Сайн ноён хан Намнансүрэн, Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Чагдаржав, Да лам Пунцагдорж, өвөр монголоос ирсэн Манлай ван Дамдинсүрэн, Тогтох гүн, Хайсан гүн нар амь хайргүй тэмцэж, уул мэт гавьяа байгуулсан даа. Харамсалтай нь эдгээр эрэлхэг зоригт монгол ноёд, баатрууд минь харгис дайсны гарт алтан амиа алдлаа даа. Ай халаг гэж. Хайран монгол ноёд, баатарууд минь. Эдүгээ нийслэл Хүрээгээр дүүрэн буруу номтон улаан орос цэргүүд хөлхөлдөн Халх Монголыг минь сүйтгэж байна. Таван зууны турш бүтээсэн тансаг сайхан сүм дугана минь үнс нурам болжээ.
Ардын намынхан монгол төрийг минь устгаад надтай тангарагийн гэрээ гэгчийг байгуулсан боловч түүнийгээ өчүүхэн төдий ч биелүүлсэнгүй. Төрд зүтгэсэн монгол түшмэдүүдийг бүгдийг нь хар феодал хэмээн доромжилж хамаг хөрөнгийг нь хураан авч, хайран биеийг нь буудан хөнөөлөө. Энэ буруу номтнууд алтан ургийн удам сайт ноёд, ухаант чинээлэг ардуудыг хөнөөж хөрөнгө мөнгийг нь булаан авч амар сайхандаа жаргах юм гэнэ. Бурхан шашныг минь устгаж, бузар нүгэл үйлдээд сайхан амьдрах юм гэнэ. Лам хуврагуудыг минь хөнөөж, лай хурааж нүгэл үйлдээд жаргах юм гэнэ. Алтан ургийг минь хөнөөгөөд аз жаргалыг олох юм гэнэ. Улаантнууд хүн алж, хүрээ талаад сайхан амьдралыг бүтээх юм гэнэ.
Би ганц зүйлд л их харамсах юм. Монголын ноёдууд маань арайхийж манжийн нөлөөнөөс гарсан туурга тусгаар монгол төрөө хятадаас гамин цэрэг дуудаад устгачих юм. Барон жанжин гамин цэргээс монголыг маань бүрэн чөлөөлж монгол төрийг маань арайхийж дахин сэргээн тогтоогоод байхад монголчууд минь “түүгээр явсан чөтгөрийг үүгээр дуудан ирүүлэв” гэгчээр улаан орос цэрэг дуудан ирүүлээд монгол төрөө устгачих юм. Монголчууд минь ийнхүү монгол төрөө хоёронтоо устгахыг нүдээр үзлээ. Миний итгэж найдаж явсан монголчууд минь даан ч яав даа.Толгой дараалан л монгол төрөөсөө урвах юм. Улаантнууд монгол төрийн ноёд, алтан ургийн удам тайж язгууртнууд, лам хуврагуудыг минь толгой дараалан хөнөөлөө. Удам сайт хаан язгуурт ноёдоо хөнөөсөн улс дахин гурав дахь удаагаа монгол төрөө сэргээхэд хэцүү л болох байх даа.
Цаг улам цөвүүн болж байна. Би Халхын сүүлчийн хаан, Халхын сүүлчийн Богд болох гэж үү? Алтан ургийн хаант төр, Авралт Бурханы ариун шажин ингээд Ар Халхад дуусах гэж үү? Уг нь улаантан орос ирэхээс өмнө Халхын мэргэн түшмэл Гомбо- Идшин цагийн байдлыг үзээд “Өмнө зүгийн хятадын гамин цэргийг Ар Халхад ганцыг ч бүү оруулахтун, Хойд зүгийн харгис улаан орос цэргийг Ар Халхад ганцыг ч бүү оруулахтун” хэмээн надад айлтгаж байсан билээ. Би даанч өмнө зүгийн гамин цэргээс монголоо чөлөөлөхөд хамаг хүчээ дайчлаад хойд зүгийн улаантан оросыг хайхарсангүй ихэд алдлаа. Хойд зүгт улаан Орос руу гаминтай тэмцэхэд зориулж зэвсэг авчрахаар явсан Данзан, Сүх, Чойбалсан нарт найдаад улаантан оросын үнэн нүүр царайг танисангүй ихэд алдлаа. Энэ улаантан орос Халх Монголыг минь залгиад зогсохгүй, Хятад,Түвдийг залгих санаатай даг. Харин би амжиж: “Халх Монгол минь улаан оросын хөлд талхлагдаж хамаг сүм хийдээ шатаалгаж бурханы олон шавь нараа хөнөөлгөж дууслаа. Монгол төр минь устгагдаж, Бурханы шашин минь үнс нурам боллоо. Далай лам багш минь. Энэ улаантан буруу номтнуудыг ариун шажны Түвд оронд минь бүү оруулаарай” хэмээн Түвдийн Далай лам багшид захидал явуулсан нь оносон. Түвд орон минь улаантануудаас ангид амар амгалан байгаасай.
Анх 1911 онд Монгол улсын минь тусгаар тогтнолыг шашин нэгтэй ах, дүү Түвд улс маань хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрч билээ. Харин эдүгээ улаан Орос, Дундад улс хоёр Монголын минь тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй, элдэв төвөг учруулсан даа. Эдүгээ шинээр гарч ирсэн улаан Орос, гоминданы Дундад улс хоёр ирээдүйд Монголд минь их төвөг удаж саад болох юм байна даа.
Монгол лам багш нарын минь айлдсан: “Сайн лам олон ч Богд Зонхабаг багшид шүт, Сайн номлол олон ч Ламрим судрыг унш, Санаа бодол олон ч Үйлийн үрийг сана. Энэ насны хань нөхөр сайн ч эцэстээ магад хуурах. Элбэг идээ, эдлэл хөрөнгө бүрдэвч эцэстээ хоосрох. Хуурамч сүжиггүй нөхрийг эм мангасын мишээл мэт тэвч, Хуудуугүй номын сайн нөхрийг сүүдэр мэт дага. Хэзээд хойтын Буян, Номыг сайтар хураахтун” гэсэн сургаал юутай үнэн.
Одоо би бүхий л чадлаараа Монголынхоо төлөө ном тарниа уншиж байна. Гэвч цөвүүн муу цаг Монголд маань нэгэнт тохиочихсон тул яах ч арга алга. Зарим монгол лам хувраг, монгол түшмэд нар маань гурван жилийн өмнө надад: “Буруу номтон улаан оросын үй түмэн цэргийг дагуулан ардын намынхан Нийслэл Хүрээ рүү ирж явна. Тэр буруу номтнууд монгол төр, бурханы шажныг лавтайяа устгана. Та Түвд нутаг руугаа яаралтай буцаж явах нь зүйтэй” хэмээн айлтгаж байсан. Би “Монголын түмэн олон намайг Монгол улсын хаан болгон амь насаа даатгаж өргөмжилсөн. Би өөрийн өчүүхэн амиа бодож өргөн олон түмэн, үй олон шавь нараа хэрхэн орхиж явах билээ” хэмээн бодож Монголдоо үлдсэн. Энэ ардын намынхны дотор арай тулхтай, мэдлэгтэй, шашин шүтлэгтэй нь Бодоо, Данзан, Сүх нар юм болов уу хэмээн бодож монгол төрийн хаш тамгаа тэдэнд гардуулж өгсөн. Ардын намынханд монгол төрийн хаш тамгаа гардуулахдаа би тэдэнд ганц зүйл захисан. “Харь хүний буруу үгэнд орж монгол хүнээ бүү хөнөөгөөрэй” хэмээн хэлсэн. Гэвч ардын намынхан харийн хүний үгэнд орж миний лам багш, шавь нар, Богд хаант монгол төрийн түшмэдүүдийг минь хөнөөж эхэллээ. Буу зэвсэг агссан буруу номтнууд Эзэн Богд Чингис хааны төрт ёсыг устгаж, Авралт Бурханы шажныг маань бузарлаж, ард олны хамаг хөрөнгө, мал сүргийг нь хурааж, хайран амьдралыг нь үрэгдүүлж байгаа нь юутай эмгэнэл.
Монголд нүүрлэсэн энэ цөвүүн цагт монголчууд минь яах ёстой вэ, энэ цөвүүн цаг хэзээ дуусах вэ гэдгийг бясалгаж болгоолоо.
Бүтэн жаран өнгөрсний сүүлчээр цагаан Морин жилд энэ улаантны цөвүүн цаг эргэх юм байна. Бүтэн жарны хойно монгол төр эргэн ирэх юм байна. Тэр болтол Халх Монголын ард түмэн маань харийн гүрний харгис нөлөөгөөр их л зовж зүдрэх юм байна. Бурханы сүм хийдийг балгас болгож, ариун ном судрыг шатааж, хэрүүл тэмцэл, дайн самуун дэгдэж, сахил санваартай нэг ч лам хувраг үгүй болж, арван хар нүглийг үйлдэгч муу хүмүүсээр Монгол дүүрэх юм байна. Монголын эргэн тойронд Орос, Хятадад их дайн дэгдэж, олон сая хүн үхэж үрэгдэх юм байна. Цөвүүн цагийн төр нь чөтгөрийн шинжтэй болж, түмэн олон нь боолын шинжтэй болж зовж зүдрэх юм байна. Бурханы ариун номыг буруу тэрсүү номоор солих юм байна. Шагжаамуни бурханы оронд Сахалтай чөтгөрийн хөргийг шүтэх юм байна. Харгис зальхай хүмүүн төр барьж хамаг олон хэлмэгдэх юм байна. Шударга, төлөв, эрдэмт хүмүүн ад үзэгдэж, шунахай, харгис хүмүүн ноён болж дээдлэгдэх юм байна. Боди сэтгэлтэй хүмүүн хомс болж, буу зэвсэгтэй хүмүүн элбэгших юм байна. Бурхан шашингүй болсон, монгол ёс заншилгүй болсон ард түмэн маань төөрөгдлийн зовлонд унаж, нүглийн далайд живэх юм байна. Ямар ч буруугүй олон мянган хүний алтан амь сүйдэж, олон мянган хүн шоронд зовох юм байна. Хулгай дээрэм газар авч, өвчин тахал нүүрлэх юм байна. Өмнө нь гарч байгаагүй аюулт өвчин дэгдэж, эмчлэгдэхгүй элдэв өвчин гарах юм байна. Энд тэндгүй шорон барьж, хүүхэд, бүсгүйчүүдээ хүртэл шоронд хорих юм байна. Хүн амины хэрэг гардаггүй, хүүхэд бүсгүйчүүдээ хорьдогүй улс маань хүн амины хэрэг гардаг, хүүхэд хөгшидгүй шоронд ордог харгис улс болох юм байна. Халх монголчууд маань амин зуулга болсон эрдэнэт мал сүргээ хуурамч төрд хуу дээрэмдүүлж, улаантан буруу номтнуудын боол болох юм байна. Малын сүү, ноосыг нь хүртэл хуурамч төр хуу хаман авах юм байна. Ард иргэд нь сүү цагаан идэээгээ ч зооглож чадахаа болиод харийн орны хачин жигтэй муу хоол идэж, хар цай ууж амь зогоох юм байна. Сүүны оронд архи уух юм байна. Ард түмнээрээ архинд орж, согтуу солиотой хүнээр улс орон нь дүүрэх юм байна. Шунал, атаархалд автсан монголчууд бие биенээн гүтгэж хөнөөх юм байна. Хүүхэд хөгшидгүй хараалын үг хэлж, хүмүүс атаач сэтгэлдээ автах юм байна.Ан амьтанаа хөнөөж, алт эрдэнэсийн төлөө ариун газар нутгаа ухаж төнхөж, хангай дэлхий, уул ус, гол мөрнөө бузарлах юм байна. Тад нутгаа сүйтгэх юм байна. Тарвага, зээрийг хүртэл үй олноор нь хөнөөх юм байна. Эрдэм номтой ухаант мэргэн хүмүүсээ хөнөөж, эх орноо сүйтгэж, ёс заншлаа умартах юм байна. “Гутлын түрүйний бөөс толгойд гарна” гэгчээр төрийн толгойд эрдэм номгүй, энэрэх сэтгэлгүй, харийн хүний үгээр явдаг харгис шунахай хүмүүс гарах юм байна.
Эмс охид нь хүрээний завхай дуу аялж, үс гэзгээ сэгсийлгэж, гоёж гоодохоос өөрийг үл мэдэж, монгол дээл хувцасаа огтлон тайрч, бие хаагаа ил гарган гайхуулж, ичих нүүрээ илгэндээ наах юм байна. Эрчүүд хөвгүүд нь ан гөрөө хийж, алт мөнгө цуглуулж, албан тушаал, архи дарс, авгай хүүхэн, алиа марзан ярианд дурлах юм байна. Эр нь эм хүн шиг болж, эм нь эр хүн шиг болох аж.
Төр засаг нь худал амалж, түмэн олон нь ядуурах аж. Босоо монгол бичгээ хориглож, Бурханы судраа устгаж, харийн үсгээр бичсэн хачин жигтэй буруу номонд орж, буруу үзлээр оюунаа хордуулж, бузар нүгэл үйлдэх юм байна.
Бурханаа шүтэж мэдэхгүй, буянаа хурааж мэдэхгүй, нүглээ наманчилж мэдэхгүй, харанхуй, бүдүүлэг, нүгэлт хүмүүс болох юм байна.
Цөвүүн цаг иржээ. Үйлийн үр боловсорчээ. Алтан ургаа хөнөөсөн, Авралт шажинаа устгасан Монгол минь надаас хойш бүтэн жарны турш нүглийн далайд живж, оюуны хоосролд орох юм байна. Улаантан буруу номтнууд миний дараагийн дүрийг Ар Халхад дахин төрөхийг хориглох юм байна. Миний зарлиг лүндэнг устгаж, Богд гэгээнийхээ нэр хүндийг гүтгэж, доромжлох юм байна. Улаантнууд миний шавь нарыг элдвээр худал гүтгэн доромжилж, арван хар нүглийг цээрлэдэг, арван цагаан буян үйлддэг хуврагуудын минь алтан амийг нь хөнөөж, уул овоо мэт хар нүгэл үйлдэх юм байна.
“Золбин нохой зоолдог, Зовсон хүн жаргадаг” гэгчээр надаас хойш жаран зургаан жилийн дараа цагаан морин жилд Халхад сайн цаг ирж, монгол төр, шажин сэргэж, түмэн олны минь зовлон нимгэрэх юм байна.
Ар Халхын Та нар минь. Өглөө эрт бостугай. Өдөр бүр Буян, Номыг үйлдэгтүн. Орой бүр ерөөл тавьтугай. Арван хар нүглийг тэвчиж, Арван цагаан буяныг үйлдтүгэй. Хятад, Орос улсын архи, тамхийг гурван зоос болж хямдарсан ч бүү ав. Архи, тамхийг цээрлэ. Хараал хэлэхийн оронд ерөөл хэлж сур. Газар бүү ух. Гол, булаг рашааныг бүү бохирдуул. Хайрлаж хамгаал. Монгол эхнэрүүд үсээ өндөр болгон бүү овоол, үсээ тайрч бүү богиносго. Монгол бүсгүйчүүд минь, үсээ хуучин төрийн ёсоор сүлжиж самнаж бай. Толгойгоо алаг эрээн алчуураар бүү боо. Монгол эрчүүд минь бууны хонгио мэт дүрстэй малгай бүү өмс. Хэрэв өмсвөл бууны суманд өртөхийн дохио. Монголчууд минь улаан хувцас, улаан гутал бүү өмс. Хэрэв өмсвөл цусан зам татуулахын дохио. Бүсээ чангалж, дээлнийхээ энгэр товчийг бүрэн товчилж, бурхан сахиусаа зүүж бай. Зуны халуунд ч гэсэн бүү нүцгэн яв. Монгол хувцас, малгайгаа бүрэн өмсөж яв.
Монголчууд минь, Буруу номтон орос, хятадыг бүү дагахтун. Хэрэв дагаваас доройтож хөнөөгдөхийн шинж. Монголчууд минь, оймс гутлаа гаднаа бүү овоолохтун. Гахай, тахиа, загасны махтай, тахианы өндөгтэй хоол бүү идэхтүн. Хятад, орос газрын элдэв муу идээ, ундаа, архийгбүү амс. Монгол идээ, ундаагаа хэрхэмжээтэй зооглохтун. Монголчууд минь, Ариун шажинаа шүтэж, агуу монгол төрөө дээдлэхтүн. Энэхүү цөвүүн цагт Богд ламын Ламрим судар, Алтангэрэл, Намсрайг унш. Дарь эхийн жинлов, Самбалхүндүвийн сүнг унш. Маань, мэгзэмийг өдөр шөнөгүй уншиж, амны уншлага болго. Оточ, Цагаан Шүхэртийг өвчин, аюулын хариулга болгон унш. Лам гурван эрдэнэд сайтар залбирагтун. Бурханы судар ном уншиж, эргэл мөргөлөө тасралтгүй хийхтүн. Бурханаа шүт. Буянаа хураа. Халхын олон шавь нар минь. Энхжингийн орноо эргэн уулзахын ерөөл тавья. Ум Майдрией Соха.”
2014.12.29
Улаанбаатар хот
Хасар
Horwajackie
Зочин
зочин
зочин
Зочин
Цэ.Цэрэн
Ц. Эрдэнэбат
Зочин
Зочин
mng